Түүнд л...

Сэтгэл харгүй өгүүлсэн хатуу үгс бүрийг

Сэвших салхинд дайгаад дандаа өнгөрүүлж байдаг

Санаа харамгүй чиний хайранд

Сүлэгдэж уярч би яг чинийх болохдоо


Үр цацаж эхэлсэн хайр цэцэгсийн баглаагаа

Үгүйлэхийн жаргалаар би чинь өдөр бүр услаад

Удахгүй наддаа ирэх баярын тэр өдөр

Учралын ариухан цэцэгсийг өлмийд чинь дэвсээд угтнаа



Read More

Дайгаад илгээсээн...

Яагаад чи явсан юм бэ гэж би чамаас асуусан

Явсан шалтгааныг хамгийн ихээр мэддэг хэрнээ

Яг одоо би өөрөөсөө гуниг нэхэн нулимсаа эгшээж

Янагийн нандин үгсийг чинь санан санан мэгшинэ


Чи хүрэхэд дэндүү хол зүрхний минь гуниг байж

Чи хүлээхэд дэндүү урт сэтгэлийн уяа байж

Чиний явсан замаар хайрын үгсийг санан алхаж

Чиний ирэхгүй замаар чамайг асуун би алхана


Хайрын төлөө урсгасан нулимсан дусал бүр минь

Хаялж чам дээр цас болон будраад

Хайртын чинь гарт уусаж аз жаргалыг бэлэглэг

Халуухан уруулд чинь хайлж өнгөрснийг мартуулаг


Дэлгээд өгсөн сарнайтай чинь адил чиний хайр үгүй болсон ч

Дэндүү их хайрласан чамайгаа би хэзээ ч мартахгүй

Дэвэрч буцалж өнгөрсөн тэр их аз жаргал

Дахиад хэзээ ч надад ирэхгүй ч би харамсахгүй




Read More

Би тэгвэл...

Хайрлаад асгасан нулимс минь чамд хүрэлгүй

Хаяад явсан чиний зүрх чулуу юм бол

Хэзээд чамайг илбэн урсах гол би болоод

Хагацаж холдолгүй чамайг зөөллөж би амьдаръя


Гамнаж хэлсэн хайрын үгс чамд бөхийж

Гээгдэж үлдсэн би чинийх болохгүй юм бол

Гэрэл гаргаж замыг чинь ивээх нар би болоод

Гунигийг чинь үргээн жаргал би бэлэглэж явъя



Read More

Би заавал сайн хүн болноо

Сонор хүү толгойн гудайн алхана. Өнөөдөр гэрт хариад бас л хоол ундгүй өлсөж цангасан хоёр дүү нь бүлтийгээд угтана гэж бодохоос байж ядна. Ядаж байхад бүрэнхий болчихсон байдаг. Гэр рүүгээ алхаж байгаа шүү дээ гэж бодохоор цүнх нь улам хүндрэн гутлаа даахгүй болсон мэт чимээтэй чирэн алхана. Өмнө нь алхаж буй хоёр охин ямар нэг хөгжилтэй зүйлийн талаар ам хуурагүй ярин тас тас хөхөрөлдөж байв. Эдний гэрт хоол унд элбэг дэлбэг ээж аав эрүүл аз жаргалтай сайхан амьдардаг байх даа гэж бодсоор бяцхан атаархлын харцаар тэднийг харвал нэг охиных нь түрийвч хэзээ язаагүй унахад бэлэн халааснаас нь дүүжигнэж харагдлаа. Сонор амттай зүйл харсан мэт шүлсээ залгиад "Унахыг нь хүлээвэл ч мөдгүй дээ. Аваад зугтчихвал энэ хоёр өндөр өсгийтэй гуталтай араас хөөгөөд гүйцнэ гэж байх ч үгүй. Өөр хүнд баригдчихвал бас яахуу" гэж эргэлзэн ийш тийш хулмалзан харна. Хоол нэхсэн дүү нарынх нь царай нүдэнд нь дахин тодроход Сонорын эргэлзээ даруй үгүй болж юу л болвол болог гээд охидын хойноос сэмхэн гэтсээр түрийвчийг нь шүүрээд шурхийн гүйлээ. Сонорын хувьд энэ явдал анхных. Айж сандарсандаа зүрх нь амаараа гарах нь холгүй дэлсэж зогсолтгүй гүйсээр байлаа. Охид хойноос нь хашгирсаар хоцорсон ч Сонорын аз уу эз үү түүнийг барих гэж хэн ч хөөсөнгүй. Хаа хүртэл гүйснээ мэдэлгүй нэгэн байшингийн харанхуй булан руу орж амьсгаагаа даран түр зогсохдоо ч айдас нь дарагдахгүй ийш тийш сэртэлзэн эгээ л анчин байгааг мэдсэн туулай гэлтэй л хярна. Гартаа түрийвч байгааг гэнэт санан их л нандин зүйлд хүрч байгаа мэт чичирхийлсэн гараар эргүүлж тойруулан харсан ч нээж зүрхэлсэнгүй. Хойноос нь дагаж хөөж байгаа хүн үгүйг лавтай мэдсэн хойноо Сонор харанхуйгаас гэтэн гарч явган хүний зам даган алхах гэсэн ч хэрэг хийсэн хүн хойно ийм тийш сэрвэлзсээр явлаа. Айдас нь бага багаар намдаж дүүдээ хоол авах мөнгөтэй болсон хүн шүү дээ би гэж бодохоор цээжинд баярын оч түгнэ. Замд нь харагдсан томоохон сүпермаркет руу шийдмэг гэгч нь ороод тэргийг нь түрэн лангуун дундуур алхана. Түрийвчэнд хэдэн төгрөг байгаа бол, түрүүний хоёр охинд их хэрэгтэй мөнгө байсан болов уу, хэрвээ мөнгө байхгүй бол яана гэсэн түмэн тарчлаант бодлоо даран дүү нарынхаа хоол нэхсэн царайг санаад хөмхий зуун хүнсний лангуунаас амттай гэсэн болгоныг тэрэг рүү хийж байлаа. Түүний амттай гэж тэрэг дүүрэн авсан зүйл нь хэдэн талх, будаа, гурил, мах л байлаа. Сонорын хувьд өдөр болгон идээд байдаггүй энэ бүхэн хамгийн амттай санагдана. Эдгээрийг цуглуулж байхдаа өөрөө өлөө арай ядан дарж шүлсээ залгин байлаа.

Кассны дэргэд хүмүүсийн бяцхан дараалал үүсчээ. Ээлжээ хүлээн зогсож байгаа Сонорыг энд тэндээс нь зэмлэсэн буруушсан хүмүүс хараад байгаа мэт санагдаж хүү байн байн хөлсөө шудрана. Сонорын ээлж иржээ.

-Жаалаа ганцаараа яваа юм уу? Яаж бүгдийг нь даана?

-Зүгээрээ эгчээ би сурчихсан юм гээд нусаа татах жаалхан хүүг кассчин бүсгүй өхөөрдөн харна.

-За миний дүү нийт 30000 төгрөг болж байна гэхэд Сонор халаасаа ухан хүмүүсийн харцнаас нуун мөнөөх түрийвчээ гаргаж ирээд нээлээ. Түрийвчэнд 1000төгрөгнөөс өөр юу ч байсангүй. Сонорын нулимс өөрийн эрхгүй мэлмэрч хоёр дүүгээ бодохоос гол харлан дэмий л ханцуйгаараа нулимсаа арчина.

-Эгчээ би мөнгөө гээчихжээ. Эднийг буцаагаад тавьчих уу?

-Ээ халагаа. Их мөнгө байсан юм уу? Эднийг өөр хүн хураачихна. Миний дүү ирсэн замаараа хайгаад үзэх юм уу?

-За гээд дахиад л хүнд санагдах гутлаа чирсээр үүд алхлаа.

-Миний охин саяын хүүгийн тооцоо нь хэд болсон гэлээ? Эмээ нь өгчихье. Өнөөдөр эмээ нь 21000-ээ авсан юмаа гэх ядруухан хоолойг сонсоод Сонор хүү горьдлого дүүрэн харцаар эргэж харан зогслоо.

-Жаахан амьтан болсон хойно мөнгөө хаа нэгтээ хаяж гээсэн байж таараа. Хариад ээж аавдаа хангинуулна. Эмээ нь аваад өгье нааш ир миний хүү

Сонор зогсолтгүй уйлсаар байлаа. Хүний юм шүүрч муухай юм хийсэн байтал ингээд надад хүн тусалж байна гэж бяцхан ухаандаа бодох бүр тэр гэмшин гэмшин уйлна. Өнөө эмээ торонд юмыг нь хийлгэж аваад хүүг чиглэн ирлээ.

-За миний хүү битгий уйл. Эмээ нь авчихлаа гээд духан дээр нь үнэрлэх тэр буурай Сонорын хувьд эгээ л бурхан гэлтэй санагдана.

-Эмээ би таны ачийг заавал хариулнаа гээд нулимсаа арчин арчин хэлэхэд эмээ түүн рүү эвийлэн хараад

-Миний хүү эмээ шигээ хүнд тусалж байвал ачийг минь хариуллаа гэсэн үг. Сайн хүн болоорой гээд гарч одлоо. Сонор зогссон газраа зоогдсон мэт хэсэг нулимсаа арчин зогссноо эмээгийн араас гүйн гарсан ч аль хэдийн бараа сураг тасарчээ.

Маргааш өглөө нь Сонор хаягдсан гээгдсэн бичиг баримтын төвд түрийвчийг аваачиж өгөөд эзнийг нь заавал олж өгөхийг тус газрын ажилтнаас хичээнгүйлэн гуйжээ. Хүү гарч явахдаа хэрэг хийгээд зугтаж явахдаа хичнээн их гэмшил тээж байснаа харин одоо тэр бүгдээ залруулсны дараа хичнээн сайхан сэтгэл тэнүүн байгаагаа тэнцүүлэн бодож зогссноо "Би заавал сайн хүн болноо" гэж амандаа шивнэлээ.



Read More