Гомдох эрхгүй

Сэвжид 4 настай хөөрхөн хүүтэй. Хийсвэрийн аргаар төрсөн мөн дээр нь эрүүл мэндийн байдлыг нь харгалзан эмч нар түүнийг дөрвөн жилийн турш хүүхэдтэй болохыг хатуу хоригложээ. Тэрхэн үедээ Сэвжид хөөрхөн хүүтэй болчихсон болохоор 4 жилийн турш хүлээнэ гэдэг түүний хувьд асуудалгүй мэт санагджээ. Гэтэл хүү нь өсөхийн хэрээр дүү нэхэх болж өөрөө ч далдхан охин хүүхэдтэй болохыг хүсэмжлэх болжээ. Сунайтал хүлээсэн 4 дуусч ерөндөгөө авахуулаад л бараг бие давхар болсон гэдгээ мэдсэн Сэвжид хувцасаа зузаалж, тэжээлэг чанартай хүнс хэрэглэхийг эрхэмлэнэ. Дэндүү завгүй нөхөр нь шинэ хүнтэй болсон тухай дуулаад хөл нь газар хүрэхгүй байсан ч тэр болгон тус нэмэр болох нь ховор.

Энэ үеэр нас дарсан аавых нь бие чилээрхэн охиноо бараадан ирэхэд Сэвжидээс өөр гадуур дотуур гүйж эмнэлэгээр нь орж, эмч нартай нь уулзах хэн байх билээ. Өглөө хар эртлэн босож ханьдаа халуун цай хоол бэлдээд, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж, аавдаа цай дөхүүлээд ажил руугаа яаравчилна. Халтиргаа гулгаа ихэссэн явган хүний замаар ойччихгүйг хичээн алхахдаа Сэвжид гэдсэнд нь бүрэлдэж байгаа нэгэн баяр баяслыг мартаж үл чадан инээмсэглэн алхана. Гэдсээ томортол ажлыхандаа бие давхар болсон тухайгаа хэлэхгүй байя хэмээн нууж байсан ч гярхай нэг нь өндөр өсгийт өмсөхөө больсон, биеэ гамнах болсныг нь аль хэдийн ажиж мэдээд жиг жуг гэлцэж байлаа.

Хүний гар хараад байх дургүй Сэвжидийн хувьд гам барих бэрхшээлтэй байлаа. Нөхөр нь өглөөнөөс орой хүртэл завгүй учир түлээгээ хагалаад, өглөөд галаа өрдчихдөг байсан хэрнээ гэдсэн дэх үрээ хайрлан тэр болгонд хүрээд байхыг бодохгүй ч гэр нь хөрч, нөхрийх нь ажлын тарахын алдад арга буюу хөлдүү мах хөшиглөж эхэлнэ. Түүнийг биеэ гамнаж эхэлсэн энэ ганц сарын хугацаанд түүний төрөл төрөгсөд ах дүүс хадам гээд Сэвжидээс хамааралтай гэх бүх хүмүүс Сэвжидийн гарыг харах болсон мэт санагдан заримдаа бухимдах ч халамжгүй ажлаар түрий барьсан ийм ханьтайдаа өөртөө л гомдон хааяа нулимсаа нуун арчина.

Дахиад л ганцаараа эмнэлэг орохоор Сэвжид бухимдангуй алхана. Сүүлийн хэд хоног ядарч сульдаад, хачин ая тух муутай байлаа. Энэ тухайгаа нөхөртөө хэлэхэд биеэ чагнаад байлгүй үзүүлэх ёстой газар нь үзүүл гээд буруу хараад унтаад өгчээ. Цайны цагаар хамт эмнэлэг явъя гээд нөхөр рүүгээ залгатал завгүй байна гээд шууд утсаа салгажээ. Өмнө нь нөхрийхөө ийм халамжгүй, хэнэггүйг анзаардаггүй байж. Гэтэл өөрийгөө биш гэдсэн дэх үрээ хайрласан сүүлийн 2 сар нөхөр нь түүний хүүхэд шиг Сэвждээс зөвхөн шаардаж амьдардаг шимэгч юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ.

Эмнэлэгийн хаалгаар ортол эм тарианы холилдсон үнэрт дотор нь муухайрч огихоос наахнуур эмчийхээ өрөөнд орлоо. Эмч нөгөө л сайхан зангаараа...

-Яасан миний дүү юу болов? Царай чинь сайнгүй харагдаж байна?

Сэвжид өөрийн мэдэлгүй уйлж эхлэв. Түүнд ингэж санаа тавьдаг хүн байдаггүй юм байна. Сэвжид л байнга хүмүүсээс ингэж асууж халамжилдаг. Тэднээс хариу нэхэж уурлаж байсан ч удаагүй. Гэтэл одоо бол өөр тохиолдол шүү дээ гэж бодохоос сайхан инээмсэглэдэг эмчид зовлонгоо тооччихмоор... Арай гэж тайвширлаа.

-Алив миний дүү, оройн дээр гараад хэвтчих. Та хоёр минь ямархуу байна? Би нэг хараадахъя гэхэд Сэвжид дуулгавартайяа бослоо. Эмч үзлэгийн явцад чимээгүй л байгаад байлаа. Урд нь үзүүлж байхад байнга ямар нэг юм ярьж инээж байдаг эмчийх нь царай барайгаад улам түгшүүртэй харагдана.

-За миний дүү, боллоо. наашаа ирээд суу даа.

Эмч нүүр рүү нь харж хэсэг сууснаа

-Чамайг энэ хүүхдийг хичнээн хүсэж байсныг эмч нь сайн ойлгож байна. Гэхдээ миний дүү сэтгэлээ бариарай. Ураг амьгүй болсон байна. Чи залуу байна. Биеэ сайхан тэнхрүүлээд зөндөө хүүхэдтэй болно шүү дээ гэхэд Сэвжидийн чих шуугиад зарим үгсийх нь учрыг ойлгосонгүй. Эмч сандран түүнийг ор руу түшиж аваачин хэсэг хэвтүүлж баахан зөвлөгөө өгөөд явуулжээ. Сэвжид ажил руугаа ч очсонгүй. Шууд гэртээ очоод орондоо орлоо. Нөхөртөө хүүдээ хоол унд ч гэж санаа зовсонгүй. Тэр хүн бүхний төлөө санаа тавьсаар байгаад бүр ядарчихаж...

Хүйт даасан харанхуй гэрт нөхөр нь хүүгээ хөтөлсөөр орж ирээд гэрлээ асаалаа. Сэвжид орон дээр тайван унтана. Нөхөр нь дөхөж очоод

-Хүүгээ эрт тарсан юм бол авахгүй яасан юм бэ? Ганцаархнаа үлдчихсэн байна ш дээ гээд чанга хэлэхэд Сэвжид цочин сэрснээ

-...

-Бие чинь зүгээр үү? Ядаж галаа түлчихгүй

-...

-Ээжээ таны дух яагаад ийм халуун байгаа юм бэ? Ээжээ, би шинэ дуу сурсан. Дүүгээ гарахаар зааж өгнөө гэхэд Сэвжид эг маггүй уйлан

-Миний хүү дараагийн дүүгээ л хүлээх болох нь дээ гэхэд хүү нь ээжийгээ уйлсан гайхан харж байснаа даган уйлж эхлэд нөхөр нь Сэвжидийн хэлсэн үгийн утгыг сая л ойлгосон бололтой

-Юу гэнээ? Яасан юм бэ? гээд хашгирах загнахын наагуур асуулаа.

-Ураг амьгүй болсон байна гэнээ гээд нулимсандаа хахаж цацан хүүгээ элгэндээ тэврэх Сэвжидийг хэлэхэд нөхөр нь

-Чи л ажил ажил гэж гавьсан мөнгө олохгүй байж хоёр талд гүйсээр байгаад хүүхдийг минь алчихлаа гэж цахиртсан хоолойгоор сөөнгөтөн орилоход тэр хүйтэн гэрт аймшигт нам гүм ноёрхлоо.




Read More

Шинэ жил

Төмөр, Саран хоёр уулздаг болоод сар гарангийн нүүр үзэж байна. Гилүүртэй зам дээр хоёр машинаа "үнсэлцүүлчихээд" хэрэлдэж танилцаж байсан гэхэд тэдний харилцаа тун удалгүй гал халуун дурлал болж өрнөсөн. Төмөрийн найзууд тэр хоёрыг явуулан хэрэлдэж танилцсан хүмүүс суудаг юм гэсэн гэхэд Төмөр жигтэйхэн хөөрцөглөнө. Замын голд хар хүйтэнд хацрыг нь хорстол алгадаж байсан бүсгүйтэй дотно танилцаад ирэхнээ тэр их ааш хаанаас нь гарсан байна гэж гайхмаар... Харин ч эрх нялуун зан, хайр халамж нь Төмөрийн сэтгэлийг улам бүр соронздож байлаа. Сүүлийн хэд хоног Саран утасных нь дуудлаганд хариулахаа болиод утас нь байнга салгаастай байх болжээ. Сарангийн тунирхуу занг мэдэх болохоор Төмөр яаж аргадах учраа олохгүй л байлаа.

Сүүлд уулзахадаа Саран ямар нэг юманд сэтгэл нь шаналсан юм уу гэмээр нэг зүйл хэлэх гээд болиод байгааг нь Төмөр анзаарсан ч яагаад ч юм муу совин татаад байсан болохоор чимээгүйхэн аясаар нь байжээ. Гэтэл огт уурлах шаардлагагүй зүйл дээр Саран гэнэт омогдон найзуудых нь дэргэд анх уулзсан шиг аашлан учир зүггүй хашгичиж байснаа гараад явчихсан. Төмөр яг юу болоод өнгөрсөн, Сарангийн уурыг юу тэгтэл уурлуулсныг гайхаад учрыг нь олохгүй үлджээ. Саранг хаалга саван гарах үед Төмөрийн найзууд гайхаш тасарсан харцаар Төмөр рүү нэг хаалга руу нэг харж байснаа нэгнийх нь найз охин хойноос нь явахгүй юм уу гэхэд найзуудых нь өмнө ингэтэл өрөвдөлтэй байдалд оруулсанд нь шаралхан

-Явж л байна биз. Халхын охид хаданд авирсан биш гээд тоогоогүй царай гарган суусан ч зүрх сэтгэл нь Сарангийн хойноос гүйж очоод түүнтэй учраа олон аргадаад авчрахсан гэхээс байж ядан байсан. Саран огцом ууртай ч өөрийхөө бурууг ойлгож эргээд заавал уучлал гуйдаг болохоор Төмөр тэвчээртэй хүлээж байлаа. Он гарахад хэдхэн хоног үлдчихсэн байдаг. Сарангийн гэрийг нь мэдэх ч ээж аав нь гадаадаас ирнэ гэж байсан хугацаа нь болчихсон байсан болохоор эмээгээд шууд яваад оччихож бас чадахгүй л байлаа.

Төмөр зүгээр хүлээгээд суугаад байх тэвчээр нь тасарчээ. Өнөөдөр чинь он гарах гэж байна. Хайртайгаа хамт гаргах гэж байгаа анхны шинэ жилийн баяр шүү дээ. Уучлал гуйж чадахгүй эмээгээд л явж байгаа гэж дотроо эвийлэн бодсон Төмөр Саранд бас Сарангийн гэрийхэнд жаал жуул бэлэг аваад -Хайртай л юм чинь гэрийхнээс нь одоо алийн болгон зугтах вэ дээ гэж өөрийгөө зоригжуулан гэрээсээ гарлаа. Замаасаа зориг мохон хазайчихгүйн тулд Сарантай өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа, хайрын ялдам үгсийг нь санан санан алхана. Хайрыхаа тухай бодоод өөрийн мэдэлгүй ганцаараа инээмсэглэн алхаж байгаагаа ч анзаарсангүй. Гэнэт хэн нэгэн далан дээр нь цохиход цочсондоо золтой л халтираад уначихсангүй.

-Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн аав нь өхөөрдөм хүү Төмөрдөө ... гээд хоолойгоо шахан дуржигануулах өвлийн өвгөний хувцастай хүн зогсож байлаа.

- Хэн бэ?

-Чи нээрээ муу найзыгаа сахал зүүчихэнгүүт танихгүй өнгөрчих бололтой юмаа гээд өөрийн хоолойгоор дуугарах нь хар багын найз Сайхнаагийнх нь хоолой яах аргагүй мөөн.

-Чи яахаараа ийм хувцас өмсчихсөн явж байдаг байнаа?

-Дарга л чи сайхан хэлэмгий доломгой гэж хошгоруулж байгаад ийм юм өмсгөөд хоёр хүүхэддээ бэлэг хүргүүлчихлээ ш дээ гэхэд Төмөрт нэг сайхан санаа төрж

-Алив хөгшөөн. Чи даргаа баярлуулчихсан юм чинь, хайр багын найзаа гомдоохгүй юм байгаа биз дээ гээд мөрөөр нь тэврэн цааш одлоо.

---

Хаалганы хонх зогсолтгүй дуугарна.

-Хэн бэ?

-,,,

-Хэн бэ?

-Өвлийн өвгөн байна.

-Сараан, манайх өвлийн өвгөн захиалсан юм уу? Миний охион нааш ирээ... гээд хаалга тайлтал

-Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн аав нь... гээд ээрээд таг болчихов. Сарангийн мөрөөр нь нэг залуу тэвэрчихсэн

-Ааваа өвлийн өвгөн гэсэн үү? Ашгүй дээ. Би хайрдаа гэнэтийн бэлэг барих гээд өвлийн өвгөн захиалчихсан юм аа гээд Саранг өөр рүүгээ харуулан хацарнаас нь энхрийлэн гарт нь хуримын бөгж гялалзлаа.

Төмөрийн нүд нь харанхуйлан нулимс нь цийлэгнэн ирсэн ч нэгэнт зорьж ирсэн хэргээ биелүүлж эцсийн удаа ч болов хайрыгаа баярлуулаад явъя даа гэсэн бодлоор тэнхээ авч

-Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн аав нь.... гээд сааралтсан хоолойгоор нэг ч амьсгаа авалгүй хэлсний дараа авчирсан бэлгээ бүгдийг нь Сарангийн гарт бариулаад нүд рүү нь хартал Саран Төмөрийг таньсан бололтой балмагдан царай нь хувхай цайжээ. Төмөрт энэнээс илүү тэсэх тэнхэл байсангүй. 3 давхраас тэр яаж бууж ирээд машинд сууснаа санахгүй байлаа. Сайхнаа гайхан

-Яасан бэ? Саранд гэнэтийн бэлэг болж чадсан уу? Цаад чинь юу гэж байна?

-Дуугай наад машинаа хурдан асаа л даа. Эндээс хурдан явмаар байна гээд Сайхнаа руу хашгичихад Төмөрийн нулимс сул асгарч байлаа.

-Сайхнаа найз нь эмэгтэй хүнд дахиж хэзээ ч итгэхгүй ээ гээд жаахан хүүхэд шиг эхэр татан уйлах Төмөрийг ийм байхыг хэзээ ч хараагүй найз нь дэмий хоолой засан явлаа.





Хүний захиасаар нэг иймэрхүүм оруулчихлаа. Уучилж ажаамуу хэхэ

Read More