Tuesday, January 31, 2012

Ээж

Ээж аав хоёр салснаас хойш ээж биднийг аавын талын хамаатан садангийх руу явуулах бүү хэл уулзаж, ярилцахыг ч тас хорьсон юм. Аавд тэртэй тэргүй голдоо ортол гомдсон ээжийхээ сэтгэлийг шархлуулахгүйн тулд хэдий нас бага ч дүү бид хоёр маш их хичээж байлаа. Хичээлийн амралт таараад гэртээ унтах идэхээс өөрийг хийхгүй байсан дүү бид хоёрыг нэг өглөө ээж эртлэн сэрээгээд ус цасанд оруулан байнга өмсүүлээд байдаггүй цайны хэдэн хувцасыг минь ээлжлэн өмсүүлж үзсээр сая нэг сонгов бололтой

-Өнөөдөр өвөөгийндөө очиж золгоноо. Аав нь ирчихсэн байгаа гэсэн. Тийм болохоор аавдаа, эмээ, өвөөдөө очиж золгоод ир гэхэд нь дүү бид хоёр нүд бүлтийн гайхаж билээ.

-Та явахгүй юм уу?

-Үгүй дээ, миний хоёр хүү очиж золгоод ир. Битгий их оройтоорой гээд дулаахан хувцасыг маань өмсүүлж өгч байхдаа нэг гунигтай байх шиг санагдсан юм. Дүү нус шурхийтэр татснаа

-Ээжээ та ганцаараа яах юм бэ? Бид хоёр аавтай уулзахгүй байсан ч болно ш дээ гэхэд ээж толгойг нь илээд

-Миний хүү аавыгаа тэгдэггүй юм. Очиж золгоод ир дээ гээд цааш нүүр бурууллаа.

Үнэндээ өвөөгийх манайхаас тийм ч хол биш л дээ. Ээжийг маань эмээ загнахдаа

-Тугалын зэлний газар байж ганц ч царайгаа харуулахгүй юм гэдэг байсан. Тэгэхээр маш ойрхон гэсэн үг. Би дүүгээ хөтлөөд дуртай дургүй хөлөө чирэн алхлаа. Аавтайгаа уулзана гэдэг бид хоёрын хэн хэнд маань сайхан санагдана. Гэвч ээжийгээ гомдоож байгаадаа гэж бодохоор хамрын уг руу шархираад байлаа. Би дүүдээ зориг оруулан гараас нь хөтлөөд өвөөгийх рүү алхлаа. Өнөөх танил хашаа ойртох бүр өвөө, эмээ, аавтайгаа уулзана гэсэн баяр хэмжээгүй ихээр дэвэрнэ. Ээжийн өгсөн дөрвөн 500тын дэвсгэртээс дүүдээ хоёр нь өгөөд өвөө эмээтэй золгохдоо барьж золгох юм шүү гэдгийг зааж өглөө. Би хаалганы завсраар гараар сурмаг оруулан дотогш ортол Банхар урдаас сүртэй хуцан гүйж ирснээ биднийг танив бололтой сүүлээ шарвагануулан хөлөө тэрийлгээд уначихав. Нохой хуцах чимээнээр хаалга онгойн хүн гарч ирэхэд гэнэт буцаад гүйчихмээр санагдсан дүүгийхээ гараас чанга атгаад өвөөгийн хаалгаар орж явчихав. Гэрт байсан хүмүүс биднийг ирнэ гэж төсөөлөөчгүй бололтой. Хүүе хаая миний хоёр хүү дээшээ суу хоол цай гээд сүйд байлаа. Би дүүгийхээ өмнө орж эхлээд өвөөдөө 500 төгрөгөө барьж золгоод үнсүүлтэл өвөө архи үнэртсэн хошуугаараа үнсээд нүднээсээ нулимс дуслуулан.

-Нэг ингэмээрсэн дээ миний хоёр хүү. За сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Мөрий тоглоом их тоглож байна уу? гээд дүү бид хоёртой тамхиллаа. Эмээ цай цүү болон хөл алдана. Энэ үед аав гаднаас нэг танихгүй эгч орж ирэхэд аавыгаа хичнээн их санасан гэдгээ тэр үед л мэдэж билээ.

-Хүүе миний хоёр хүү хэзээ ирээ вэ? Алив аавтайгаа золгоорой. Ямар том болчихоо вэ гээд үнсээд дээш өргөхөд аавын царай гэрэлтэн хөөрч байлаа.

-Миний хоёр хүүгийн хичээл ном нь сайн уу? Сурлага өндөр биз дээ? Аавыгаа санаад муу аваагүй биз гэхэд дүү нусаа шудраад

-Хааяа... гэхэд нь би нудраад

-Үгүй дээ. Бид 3 их сайн байгаа. Бид 2 хичээлээ байнга хийгээд дандаа онц авч байгаа. Би бүр шинэ жилээр сургуулиас онц сурлагатны бэлэг авч ээжийгээ баярлуулсан гээд аль болох цовоо хэлэхийг хичээлээ. Дүүгийн муу авч байгааг эмээ сонсчихвол муу ээжийг минь л харааж зүхнэ.

-Сайн байна. Миний хоёр хүү танилц. Энэ аавых нь шинэ эхнэр. Та хоёрын өөр нэг ээж гээд эмээгийн орон дээр цомбойн суух бүсгүйг заахад миний нулимс бараг гараад ирлээ. Би чинь эр хүн шүү дээ хэмээн хөмхийгээ тас зуун нулимсаа залгиад

-Сайн байна уу та. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? гээд золгоход танихгүй эгчээс хачин сайхан үнэр ханхалж байлаа.

-Яасан хэрсүү жаал вэ. Яг манай хүнийг өвчөөд төрчихөж... гээд хоёр хацрыг минь базахад миний эгдүү хүрч

-Би жаал бишээ эгчээ. Би өрх гэрийн эзэн том эр байна гээд өвөөгийн хажууд очиж суухад өвөө миний өмнө буруу зүйл хийсэн мэт харцаа буруулж байсан юм. Дүү намайг сүүдэр мэт даган босч сууж харин би хурдхан буузаа идэж бэлгээ аваад иждээ очиж хань болохсон гэхээс байж ядаж байлаа. Эмээ бууз сэвэх зуур

-Миний хоёр хүү орой болтол байж байгаад явна биз дээ? Нэг ирснийх...Өвөө чинь та хоёрыг их санах юм. Цаад ааштай хүүхэн чинь та хоёрыг хэзээ ч явуулаа билээ? гэхэд өвөө хоолой засаж харин балчир миний дотор хүн одоо яв гэж хашгирч байсан юм.

-Миний ээж ааштай биш за юу гээд дүүг хашгирахад эмээ цочсондоо тогооны тагаа золтой л унагачихсангүй.

-Яадаг хүүхэд вэ гэж уулга алдахад би гадуур хувцасаа аваад аль болох том хүн шиг

-За бид хоёр ч явъя даа. Бид хичнээн явахгүй гэсэн ч ээж маань л өвөө, эмээ, аавдаа очиж золго гээд байсан юм. Аав өөр эхнэр аваад ээж хэрэггүй болчихсон. Удахгүй шинэ эхнэр нь хүүхэд гаргаад бид ч хэрэггүй болох байлгүй дээ гээд дүүгээ чирэн гарлаа. Аав хойноос гүйж ирээд

-Өвөө эмээдээ шинийн нэгэнд юу хэлж байгаа чинь энэ вэ. 10-хан настай юм байж ямар том юм ярьдаг юм гээд намайг алгадахад би шарандаа уйлахгүйг хичээн юм хэлэлгүй дүүгээ чирсээр хашаанаас гарсан юм. Өвөөгийн хашаанаас холдох тусам би хэнгэнэтэл уйлж байлаа. Алгадуулж өвдсөндөө биш эмээгийн хэлсэн үг, аавын шинэ эхнэрийг бодох тусам гомдоно. Хашааныхаа үүдэнд ойртож ирээд өвөөгийнд болсон явдлыг ээжид ам алдахгүй байх талаар дүүдээ сануулаад цасны захаас самардаж нүүрээ сайтар арчаад инээмсэглэл тодруулсаар гэртээ орлоо.





0 comments:

Post a Comment