Monday, February 13, 2012
Нулимс үнэтэй
Тэр бүсгүйг уйлахад нүднээс нь сувдан нулимс унадаг тухай анх сонсоод миний нүдэнд шууд бөөн мөнгө харагдаж билээ. Үнэн худлыг нь лавлаж нилээн асууж сураглатал хүн бүр ижил зүйл ярих аж. Түүнд хүрэх зам тийм ч бардам байсангүй. Би зорьсондоо хүрэхийн тулд өөрийн хийж чадах бүх зүйлийг хийсэн. Түүний төлөө магадгүй түүний үнэтэй нулимсны төлөө тэмцсэн олон залуус дундаас би ялж гарч чадсан. Гэхдээ миний ялалт дөнгөж түүний гэрийн хаалгач болохоос л эхэлсэн. Бүсгүйн том шилтгээнд эрчүүд цөөхөн байсан учраас би тэнд ажилд орсон нь яах аргагүй амжилт байлаа. Бүсгүйг харчих юмсан гэсэн хүсэл маань биелэхгүй нилээн хэд хонолоо. Би үнэхээр зөв газраа ирсэн билүү ч гэж бодоход хүрсэн юмдаг. Гэтэл нэг өглөө шилтгээнийхэн бүгд бужигнаж байсан. Би дөнгөж босоод байсан болохоор учрыг нь олоогүй байтал хаа нэгтээгээс тийм гэхийн аргагүй сайхан үнэр гарч ухаан бодол мансуурууллаа. Ийш тийш хартал ялдамхан инээмсэглэсэн жирийн нэг бүсгүй над руу хараад зогсож байлаа. Хажууд нь бяцхан хүүдий барьсан үйлчлэгч бүсгүй зогсох нь үнэт нулимсны манаач болох нь илт. Би хариу инээмсэглэхгүй байж чадсангүй. Бүсгүйн байдлыг ажвал миний бодсон шиг их уйлдаггүй бололтой.
-Шинэ хаалгач гэж сонссон. Би энэ байшингийн эзэгтэй гээд гараа өгөхөд нь би хүндэтгэлтэйгээр уруулаа хүргэсэн юм. Тийм царайлаг биш ч түүний байгаа байдал нь газраас бага зэрэг хөндийрч хөөрч яваа мэт хөнгөн зөөлөн цаанаа л сэтгэл татагдмаар...
Түүнийг өөртөө татах нь энд ирснээс хэцүү байж би санасангүй. Би царай муутай нэгэн биш гэдгээ хүүхнүүдийн хандлагаас хэтэрхий сайн мэдэрдэг. Гэвч бусад дээр хэрэглэдэг арга эзэгтэй өчүүхэн ч нөлөөлөл үзүүлэхгүй байсан учраас би яг үнэнийг хэлэхэд гацчихаад байтал шөнийг далимдуулан хулгай хийхээр орсон нэг этгээдийг барьснаар эзэгтэй надад илт сайн хандах болсон юм. Би ч энүүхнээр дуусгахыг хүсээгүй болохоор аль болох хурдан түүнд ойртож зүрхнийх нь эзэн боллоо. Би зорилгоо хурдан эхлэхийг урьтал болгосонгүй ганц нэг сарыг тэсэн ядан хүлээлээ. Энэ өдрүүдэд эзэгтэй уйлах битгий хэл бүр их инээмсэглэх болсон гэж шилтгээнийхэн шивэр авир хийж байлаа. Эцэст нь би нэг үдэш эзэгтэйтэй хамт хоёулахнаа суух зуур элдэв жижиг шалтаг гарган муухай аашилсаар санасандаа хүрч эзэгтэйн нүднээс том том нулимс гарч газар унахаасаа өмнө сувд болон унаж байлаа. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Надад эзэгтэйн гомдол би энэ сувд илүү сонин. Гомдол их байх тусмаа том сувдтай болохоо мэдсэн би өдөр бүр аяг шалтаг олж санаснаа гүйцээгээд дуртай дургүй аргадана. Эцэст нь хүн чанар бага боловч зулгааж хүн ингэж зовоож байхаар сувдаа аваад далд оръя гэж бодоод шөнө хагаслан орголоо. Замаасаа унаанд дайгдаж хот орохоор явах зуур түр дугхийчихжээ. Нүүрэн дээр нойтон зүйл дуслахад цочих сэрвэл би үл таних хонхор газар хэвтэх агаад тэнгэр цэлмэг байтал усан бороо орох ажээ. Удалгүй бороо бүр ширүүн орж ам руу орох нь илт шорвог байсан нь гайхмаар... Хүүдийтэй сувдаа тэмтэрвэл бүгд үгүй болжээ. Хонхороос гарахаар дээш авиртал эргэж гулгаад санахын хазгай аз. Харин борооны ус улам их болж ойрхон хүмүүсийн хашгираан аймшигтай сонсогдож эхэллээ. Шорвог бороон ус миний хүзүүнээс дээш даван хоолой амаар нь ус урж хахаж цацан ухаан алдан живлээ. Маргааш өглөө нь дахин сэртэл би мөнөөх газраа шорвог бороо орсоор сэрэхэд зүүд байж хэмээн баярласан ч өчигдөр болсон бүхэн давтагдаж даарч өлсөж хоолой хатна...
Эзэгтэй хайртай хүнээ ойн захад хүнд хорлогдсон байхыг олоод орь дуу тавин уйлж хашгирч байхад сувдын манаач түүний дэргэдээс холдолгүй тосон зогсоно. Харин түүний сувдан нулимс тамд хайртай хүнийг өдөр болгон живүүлж буйг хэрхэн мэдэх билээ...
0 comments:
Post a Comment