Monday, February 13, 2012

Сүүлчийн гомдол

Би чиний царайг хаа нэгтэйгээс олж харах мэт болохоороо байгаа бүх анхаарлын цэгүүд маань тэр зүгт төвлөрөх мэт санагддаг. Гэхдээ биш гэдгийг нь лавлан харж мэдээд баярлахаасаа илүү урам хугарсан мэт болдогоо би өөрөө ч гайхаад олдоггүй юм. Таарах бүрд чи миний дотоод сэтгэлийг уудлаад харчихсан мэт тохуутай хандахад чинь ч би ихэрхэж бардамнаж чадалгүй чиний өмнө толгой бөхийдөг. Би ийм хүн биш гэж өөрийгөө хичнээн удаа зоригжуулаад ч нэмэр бололгүй яг л өөр нэгэн болчихсон мэт чинийхээр болчихдог. Аль эрт дээрийн өрөө нэхэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг нь магад бид урд хэзээний ч юм төрөлдөө учирч би чамайг тоймгүй их зовоож байсан ч байж болох.

Эхлээд зүрхээ эмтлэн уйлж унждаг байсан ч би хувь тавилантайгаа эвлэрсэн. Хэн ч намайг ятгаад гуйгаад харааж загнаад ч би чамайг үгүйсгэж холдож чадахаасаа өнгөрсөн. Найз маань намайг алгадаад чи энэ биш байна гээд өөрөө уйлан аргадаж байхад би чамайг л санаж байсан. Чи намайг гээд зориод ирэх өдрөөс чинь би зугтаж амьдрах ч хүрээд ирэхэд чинь явуулж чадахгүй. Орхиод явахад чинь хичнээн үзэн ядаж өшсөн ч эргээд ирэхийг чинь хүлээн дэрээ тэврэх тийм л ихээр чамайг хайрласан. Би өөрийгөө хориод ойлгож чадахгүй байгаа энэ бүхнийг чи ойлгохгүй нь мэдээж.

Би тэнэгхэн хайрандаа нэг л өдөр томоожоод чи минийх болохоор ирнэ гэж шатдаг байлаа. Гэтэл би зүгээр л чамайг хэн нэгэнд гомдоход сэтгэлийг чинь засаж, хаягдахад явсныг чинь орлож, дутуу хайрлуулахад чинь би гүйцээн хайрладаг дуусашгүй цэгэн цуваа л байж. Миний хайрыг хүлээж явдаггүй юмаа гэхэд ядаж хүндэлж явдаг байх гэсэн бодлоор би тэжээгдэж явтал

-Чи бол сэтгэл хөдлөл байхгүй мөс шиг хүйтэн хүүхэн гэж хэлэхэд чинь цаг хугацаа, итгэл найдвар, хайр хүлээсэн сүүлчийн найдвар маань мөсөн цамхаг шиг л нуран унасан. Өөр хэн нэгэн намайг ингэж хэлсэн бол би инээд алдаад өнгөрөх байсан ч чиний л дэргэд би эрхэлж хайлж нялхардаг байтал ийм хөндлөнгөөр боддогт чинь би эмтрээд үлдсэн. Эргээд харахад тэр миний чамд гомдсон сүүлчийн гомдол байсым билээ...





0 comments:

Post a Comment