Tuesday, March 6, 2012

Би илүү хайртай

-Ханиа цайгаа уу гэх намуухан дуу, үнсэлтийн хамт Уянгыг сэрээлээ. Уянга өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай бүсгүй гэдгээ үргэлж мэдэрдэг. Бурхнаас заяасан амраг гэдэг шиг түүний хүсэж хүлээдэг байсан тийм л хүнийг бурхан түүнд илгээсэн гэдэгт Уянга бүрэн итгэлтэй. Өөрөө ч сайхан бүсгүй учраас энд тэнд залуусын сээтэгнэсэн үг ярианд гэм зэмгүй хариу сээтэгнээд өнгөрдөг байснаас үйлдсэн нүгэл үгүй ч өөрийгөө л ханийхаа сэтгэлд хар толбо суулгаж мэдэх аальгүй хүүхэн гэсэн бодлоор элдэв зангаа хязгаарлана.

-Чамдаа хайртай шүү, орой болтол баяртай гээд анх удаа Уянгыг үнсэж буй мэт шуналтай үнсэх ханиа хайрлан хараад наасан уруулын будгаа бүдэглэн арчлаа. Тамир машинд суусан хойноо хань руугаа алсаас үнсэлт илгээгээд машинаа асаан хурд нэмэн одлоо.

-Өө миний хонгор хаана байна? Өө, за би яваад очъё. Удахгүй дээ, би ч гэсэн санаж байна. Үнсье гээд утсаа салгасан хойноо Тамир толинд наалттай байдаг эхнэрийхээ зургийг эвлэгхэн салгаж цааш хийгээд толинд харж уруулаа сайтар арчлаа. Төд удалгүй нэгэн байрны гадаа ирэхэд цэвэрхэн хувцасласан залуухан бүсгүй инээд алдан хүлээж буй харагдана. Тамир машинаас яаран бууж бүсгүйг очиж үнсээд хаалга онгойлгон суулгалаа.

-Танай эхнэр хэтэрхий их үнэртэй ус цацах юмаа. Бүр хамар сэтрэх нь гэхэд Тамир гэм хийсэн мэт хулганаад

-За миний хонгор битгий ингэж бай л даа. Юу хийж яамаар байна? Гоё хоол идэх үү гээд эрхлэн хэлэхэд бүсгүй зөөлөрч Тамирыг энхрийлэн үнсэж эхэллээ.

Ажлыхаа бүсгүйчүүдтэй амралтын өрөөнд гангар гунгар ярих зуур аяга цай шимэн суусан Уянга

-Нээрээ Гэрлээгийн нөхөр арай хэтэрхий юмаа. Эхнэр нь төрөөд удаагүй байхад бас нэг өөр хүүхэн машиндаа суулгачихсан давхиж явна гэсэн. Зарим эрчүүд нээрээ хэтэрхий зэвүүн байх юмаа. Ямар азаар надад сайн хань заяасан юм болоо. Би Тамираадаа аймаар итгэдэг ш дээ. Угаасаа надад хэтэрхий хайртайг нь мэддэг болохоор хардах завсар гардаггүй юм гээд итгэл дүүрэн цайгаа оочин харцаа буулгасан тул тэнд суусан бүсгүйчүүдийн жоготой харц солилцоод авсныг анзаарсангүй. Харин галзуу зантайгаараа алдартай Дэлгэрмаа гэнэт ам нээн

-Гэрлээгийн нөхөр ч гэлтгүй бүх эрчүүдийг хүүхэмсэг, хэт хүүхэмсэг гэж хоёр хуваадаг гээ биз дээ гээд тас тас инээхэд Уянгаа дургүйлхэн

-За хаанаас бүх эрчүүд адилхан байдгийн гээд ширэв татан гарахад бүсгүйчүүд түүнийг Яана даа гэсэн байртай өрөвдсөн харцаар үдлээ.




0 comments:

Post a Comment