Tuesday, March 13, 2012

Харц

Хүний нутгийн хачин сониныг гайхан хачирхах Намуунаа бүгд л соньхон. Өнгө нь алагласан гудамжаар ороход шилэн хоргоны цаана суух маникан хүүхнүүд яг л амьд юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хажууд яваа хүнээ нудраад эднийг хараач гээд эргээд шилэн хорго руу хартал маникан бүсгүй тэдэн рүү нүдээ ирмэн инээмсэглэхэд Намуунаа золтой л ухаан алдчихсангүй. Дэргэдэх хүн нь түүнийг шоолон эг маггүй инээхэд цээжээ нэвтлээд гараад ирэх шахан цохилох зүрхээ даран урт амьсгаа аваад

-Эртхэн хэлэхгүй дээ гээд нөгөөхөө нударлаа.

-Ягааны гудамжаар явна гэж хэлээ биз дээ? Сонсож байгаагүй юм уу? Биеэ үнэлэгчид байдгийн ш дээ гээд инээдээ барьж ядна. Намуунаагийн хөөрөн догдолж байсан сэтгэл яагаад ч юм уналтанд орчихлоо. Хамт явсан хүн нь түүнийг сэргээх гээд чадсангүй. Намуунаа өөрөө ч үүнийгээ тайлбарлаж чадсангүй. Шөнө орондоо ороод унтахаар хэвтсэн ч дэмий л ороо шажигнуулахаас цаашгүй тул өлмий дээрээ гэтсээр босч галын өрөөнд орж ус балгалаа. Намуунаа урьд нь хэзээ ч тийм гал цоггүй нүд харж байгаагүй. Мэдээж нас нь тэгтлээ явчихаагүй л байлтай. Гэтэл яагаад тийм ажил хийж болоогүй амьдрах хүсэл зорилго шатаж байх ёстой нүд нь тэгтлээ сүүмийчихдэг байнаа гэхээс өмнөөс нь бачимдана. Намуунааг дэмий юманд шаналдаг гэж олон найзууд нь зэмлэдэг ч тэр энэ зангаасаа яагаад ч салж чаддаггүй нь муу зуршил гэлтэй.

Дэлгүүрийн лангуун дээрх өнгө өнгийн таримал цэцэгсийг хараад ихэнх хүмүүс уулга алдан гоё сайхныг нь магтаж, аль нэг баяраар хэдхэн хоногийн настай тасдсан цэцэгсийг нэгэндээ бэлэглэж авсан хүн нь хязгааргүй баярлаад байгааг нь Намуунаа огт ойлгож чаддаггүй. Жам ёсоороо зун цэцэглэх ёстой цэцэгсийг өвлийн дунд сард элдэв янзын хүчтэй тэжээлээр бордож хүчээр цэцэглүүлж хүмүүсийн нүдийг хуурах хэрэг хэнд байнаа гэхээс Намуунаа бачимдан уурлана.

Мэдээж царай зүс өмссөн зүүснийг нь харахад хоргоны цаана суух бүсгүй үнэхээр сайхан эмэгтэй байсан. Цагтаа түүний галгүй тэр харцанд өсч том болоод эмч эсвэл багш болно доо гэсэн эрхэм ариухан хүсэл гялалзаж байсан даа. Нэг шөнийн мунаг хүслээ гүйцээх гэсэн хэдэн арван харчуудын тачаал түүний бүх хүслийг баллуурдчихснаас зайлахгүй гэж бодохоос эрчүүдийг мөнөөх бүсгүйн өмнөөс үзэн ядах...

Намуунаад хоргоны цаана суусан бүсгүй, хүний нүдийг хуурах тэжээлдээ хордсон таримал цэцэг хоёр дэндүү адилхан санагдлаа. Цэцгэнд нь хууртаж хүмүүс худалдаж авах ч хүчтэй бордоогоо нэхэх цэцэгс төд удалгүй мөнх бусыг үзүүлчихнэ. Харин хэтэрхий амархан аргаар мөнгө олоод сурчихсан дээрээс нь нүдний гал нь тэгтлээ бөхчихсөн бүсгүй буруу замаасаа хэзээ ч салж чадахгүй дээ гэхээс Намуунаа тогтож сууж чадахгүй галын өрөөг метрлэн алхана. Харамсалтай нь Намуунаа хэтэрхий их зүйлд санаа зовж байгаа шигээ тэдний төлөө юу ч хийж чадахгүй дэмий л НҮГЭЛТ ХОРВОО гээд нүдээ анин зөрөхтэйгөө эвлэрнэ.



0 comments:

Post a Comment