Tuesday, January 15, 2013

Хар



Би тэр охиныг хар өнгөтэй л зүйрлэж хардаг юм. Яагаад ч хар өнгө л тэр хүнийг төгс илэрхийлэх өнгө. Дотроосоо ч гаднаасаа ч... Гэхдээ энэ нь түүнийг муу муухай гэсэн үг огт биш юм. Тэр тас хар үстэй цав цагаан царайгаа чимсэн гүн хар хөмсөгтэй. Нүүрний бусад эрхтнүүдийг нь түүний царайд зохицуулж шигтгэх гэж бурхан ихээхэн хичээсэн болов уу гэмээр харагддаг. Анх би түүнийг харахад их эмэгтэйлэг зөөлөн ааштай байж таарна гэж таамаглаж байсан юм. Бүгд эсрэгээрээ... Тэр яг эр хүн шиг түс тас зантай. Өөрт нь хэтэрхий зохисон шантгар хамраа ойшоодоггүй болов уу гэмээр байнга шантайлгаж байгаад маажина. Хүүхдийн гэмээр булцгар гартаа огт зохихгүй тамхин гоёлыг өдөр шөнөгүй бариастай.
Нэг зун тэр ажлын хаалгаар орж ирэхэд нь би түүний юу өөр болсныг гайхаад олохгүй байлаа. Харахад тэс өөр хүн харагдаад байсымдаг. Би ахин дахин харлаа. Нэг л бишээ... Тэр хөмсгөө хусчихсан байсан. Хүүхнүүдийн хүсээд ч заяадаггүй өтгөн сайхан хөмсгөө мэлцийтэл хусчихсан байсан. Эмэгтэй хүн тэгчихээр ямар олигтой харагдах вэ дээ. Хүн бүр шогшрох ч мань хүн өөрөө өчүүхэн төдий ч тоогоогүй. Халууцуулаад байсымаа. Одоо сайхан байна гээд инээх зуур хамраа шантайлгаад маажиж зогссонсон.
Халхгар хэлхгэр хувцас байнга өмсдөг болохоор түүний биеийн галбир ямархуу болохыг харсан хүн ховор. Хөлдөө кет жийчихээд үднэ гэж огт байхгүй. Түүнийг хойноос нь харвал хүмүүс гудамжны хүнтэй андуурч хармаар...Ажил дээр түүнийг гүйцэх мэргэжилтэн үгүй болохоор бүх хүн түүнтэй найрсаг сайхан харьцана. Хааяа захиралтай там түм болтлоо хэрэлдээд хаалгыг нь саваад гарч байгаа харагдах ч удаа ч үгүй тас тас инээгээд хоёул тамхи татаж зогсоно.
Чи эмэгтэй хүн шиг юбка плаж өмсөөч гэсэн нэгний урдаас Тэгвэл харчууд амар заяа үзүүлэхээ болино ш дээ гээд хавийн хүнийг хөгжөөж байсан нь үнэндээ голыг нь олоод хэлчихсэн үнэн байсан юм.
Хар өнгөтэй хамгийн зохилддог өнгийг би цагаан гэж боддог. Манай "хар" охин би заяаны ханиа өөрөө сонгоно гэдэг нь ч үүнийг батлаад өгдөг юм. Нэг л өдөр "хар" охины "цагаан" залуу дэгээдчихсэн гүйж байна байх даа.

1 comments:

ollie said...

Намайг байгаагаас маань хамаагүй гоёор биччихжээ :Р

May 5, 2014 at 6:19 AM

Post a Comment