Tuesday, April 24, 2012

Үр



Гончиг гэрийхээ хаалганд түлхүүр зоогоод эргүүлэх гэсэн боловч нэг л зүрх алдаад хэсэг зогслоо. Эхнэр нь түүний царайнаас бүгдийг уншчих шиг л түүнд санагддаг болохоор бүгдийг мэдчихээд өнөөх л гомдол дүүрэн зэмлэнгүй харцаараа харах байх даа. За тэр дүүрч гэхэд хүүтэйгээ яаж ярилцдаг юм билээ хэмээн бодолд дарагдан зогссноо хүндээр санаа алдаад хаалгаа зориг муутайхан онгойлголоо. Галын өрөөнөөс хоолны сайхан үнэр үнэртэн сэтгэл нь түр уужрах зуур эхнэр нь гарч ирээд
-Өө миний хань ирчихээ юу? Яг сайхан хоолон дээр ирлээ гэснээ нүүр рүү нь нэг сүрхий хараад гадуур хувцасыг нь авч өлгөлөө. Гараа угаагаад ирэх хооронд халуун цай, эхнэрийх нь асуулт дүүрэн харц 2 Гончигийг хүлээж байв.
-За ажил хэр байв? Чи минь яагаад царай дарчихав?
-Дажгүй дээ гээд халуун цайнаас оочиллоо. Эхнэр нь түүнийг өөрөө ярихыг нь хүлээхээр шийдсэн бололтой хоол аягалж өгөөд өдрийн тайлангаа тавина. Гончиг юу гэж эхлэхээ мэдэхгүй эхнэрийхээ яриаг ч ойлгосон юм байхгүй дэмий л -Аанхаа гэж толгой дохихоос цаашгүй бодол нь агаарт хөвнө.
-Ханиа ...ханиа ... ханиа ... гэхэд Гончиг гэнэт сонсоод цочсондоо золтой л халуун хоол өөр рүүгээ асгачихсангүй.
-Өсөхөөгийн багш маргааш ирж уулзаарай гэж байсан. Чи нэг зав гаргаад очно уу?
-Харин л дээ... зав гарах юм болов уу гэж хамар дороо гуншганаснаа
-Чи нэг тайван хоол идүүлээдэхээч гэж бухимдлаа. Эхнэр нь гайхан харснаа чимээгүйхэн цаад өрөө рүү явж одов.
Гончиг эхнэртэйгээ ханилаад 15 жил болж байна. Суух гэж гүйж байхаасаа эхлээд л Гончиг нэг зүйл дээр эхнэртээ байнга худлаа хэлдэг байсан нь Би тамхинаас гарч чадна гэдэг үг байжээ. Эхнэр нь амласан амлалтандаа хүрсэнгүй хэмээн гомдол дүүрэн нулимс унгадаг байсан ч Гончигийг энэ зуршлаас нь салгаж чадаагүй. Ер нь татахаа үнэхээр больё гэж бодож байсан нь түр зуурых л байсан байх. Ханилснаас эхлээд эхнэр нь тамхи татсныг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж Гончиг ч эхнэртээ мэдэгдэхгүй байна гэж өөрийгөө хуурсаар энэ олон жилийг үдсэн. Гэтэл өнгөрсөн жилүүдийн аль ч өдөр Гончиг өнөөдрийх шиг гэмшиж харуусаж байсан удаагүй. Гончигийн бахархал болон өсөж байгаа ганц хүү Өсөхөө нь өнөөдөр тамхи татаад зогсож байгааг тэр санамсаргүй харчихжээ. Гончиг эхнэрээ байхгүй үед хүүгээ дуудан ганц нэг тамхинд гүйлгэн татдаг байснаа санахаар хар толгойгоо хага шаамаар санагдана. 14 настай хүүдээ одоо юу гэж хэлж сургамжлах болж байнаа би? Аав нь тамхи татдаг ч чи татаж болохгүй гэж үү? Гончиг бодож бодож эцэст нь эхнэртэйгээ зөвлөлдөх нь зөв юм гэдэг дээр тогтлоо.
-Ханиа ... Би тамхинаас гарч чадаагүйг чи мэддэг үү?
-Мэднээ.
-Яагаад надад уурлахаа больчихсон юм бэ?
-Би л хөгшрөхөөс цаашгүй болохоор нь...
-Одоо харин хүүгээ яаж тамхинаас гаргах уу? гээд Гончиг хоолой чичигнүүлэн хэлэхэд эхнэр нь зурагтаас нүд салгалгүй гайхмаар тайван хоолойгоор
-Чи л мэддэг байх даа гэхэд Гончигт хэлэх үг олдсонгүй. Ийм тайван байгаад нь адгаад хэрэлдмээр боловч энэ хүнд ямар буруу байгаа билээ гэж бодохоос улам бачимдан өөрийгөө буруутгана.
Хаалганы хонх дуугарч Гончиг очлоо.
-Хэн бэ?
-Ааваа би байнаа гэх сул дуу гарлаа. Гончиг хаалгаа хурдхан нээтэл царай нь цонхийчихсон хүү нь цүнхээ арай ядан даах мэт зогсоно.
-Миний хүү яав? Алив аав нь өргөөд өрөөнд нь оруулъя гэх дуунаар эхнэр нь цаанаас гарч ирэхэд Гончиг бачимдан -Хурдан хүйтэн ус аваад ир гэж хашгирлаа. Аавдаа тэврүүлсэн хүү муухан инээмсэглээд
-Ааваа би зүгээрээ, таныг ээжээс нуугдан нуугдан тамхи татаад байхаар гоё юм байдаг юм болов уу гэж бодоод өнөөдөр нэг татаж үзсэн юм. Ёстой муухай юм байна лээ. Та юунд нь дурладаг байнаа. Манай найзууд анх татахаар угаасаа ингэж бие хямардаг гэсэн. Та дахиж битгий тамхи татаарай гэхэд Гончиг толгой дохин нүүр бурууллаа. Ус авчирчихаад ард нь зогссон эхнэр нь
-Миний ухаантай хүү. Ээж нь хүүдээ итгэж байсан юм аа гэхэд Гончиг бүр ч ичих мэт болжээ.



0 comments:

Post a Comment