Wednesday, May 23, 2012
Хурим
-Хадамууд хэзээ л сайхан ааштай хүмүүс байлаа даа. Миний мэдэх өчнөөн
л хүмүүс хадмаасаа болж салсандаг хэмээн аманцар Жаргалыг дур мэдэн
ярихад Сайнаа бодлогошрон байснаа
-Хүн болгон адилхан байна гэж юу байх вэ. Гэхдээ Сугар ээж ааваасаа
их эмээдэг гээ биз дээ? Тэгэхээр айхтар л хүмүүс байгаа даа. Оюунаа
хэдэн найзыхаа яриаг чимээгүй чагнан сууснаа
-Очдог л байх даа хэмээн хамар дороо дуугарлаа.
Сугар Оюунааг ээж аавтайгаа танилцуулъя гэж нилээн удаан гуйж байгаа ч
Оюунаа хойшлуулж явсаар хэдэн жил тойрчихжээ. Гэрлэлт, үр хүүхэд
яригдаад эхлэх үеэс яах аргагүй хадам болох хүмүүстэйгээ танилцах
асуудал урган гарч ирэв. Цаг тохирон уулзах газраа болзсон хойноо
тайвшрах санаатай хоёр найзтайгаа уулзсан нь нэмэр болохоосоо нэрмээс
болоод буй нь энэ.
Хуучны 9 давхар байрны 2 давхарт байрлах Сугарын төрж өссөн гэрийн
үүдэнд зүрх алдан хэсэг зогссноо дотогш явж орлоо. Хаалга тайлж өгсөн
эмэгтэй
-Сайн байна уу. Би Сугарын ээж байна хэмээн сүрхий албан ёсны
мэндлэхэд бүр ч биеэ барьчихав. Аав нь аль хэдийн ширээний ард түүнийг
хүлээн сууна. Цаг руугаа хальт харах нь хоцорлоо гэдгийг нь сануулж
байгаа бололтой. Гэр бүлийн уур амьсгал ямархуу байдгийг Оюунаа төдийлэн
сайн мэдэхгүй ч Сугарын ээж аавын энэ албархуу байдал дэндүү дарамттай
санагдана. Арга буюу худлаа инээмсэглэн ширээний ард суулаа.
-Сайн байна уу? Би Сугарын аав Мягмар гэдэг хүн байна. Өөрийн чинь
тухай их сонссон. Ингэж нэг уулздаг байжээ хэмээн гараа сунгалаа. Энэ
уулзалтаас хойш хааяа нэг баярын өдрөөр ёс болгон Сугарын аавынд очих нь
Оюунаад шийтгэл шиг санагддаг байв.
Хуримын ордны хувцас солих өрөөнөөс хэсэг хүүхнүүд чимээ аниргүй
цувран гарч ирснээ цонхны ойролцоо бөөгнөрөн амандаа жиг жуг хийлдэн
зогслоо. Үе үе хаалга руу хялам хялам хийх нь тэнд хүн үлдснийг
гэрчилнэ.
-Цаг нь болоод байдаг. Цаад чинь нэг л гунигтай харагдаад байх юм.
-Арай гэнэт сэтгэл нь өөрчлөгдсөн юм биш байгаа даа
-Балайраад бай хэмээн шивнэлдэж байх зуур цаад өрөөнд хуримын гоёмсог
даашинзтай бүсгүй өөрийгөө хүчлэн инээхийг хичээвч чадахгүй нүдэнд нь
нулимс цэлэлзэн суух ажээ. Хэдий ойрын найзууд ч баярынхаа өдөр хэдэн
найзыхаа санааг зовоож нулимсаа харуулахгүй гэсэндээ ганцаар нулимсаа
тэвчин суугаа нь энэ. Оюунаа ээж ааваа алдаад өчнөөн жил өнгөрч байгаа.
Хүнд хэцүү үед тэднийхээ нөмөр нөөлөгийг үгүйлж уйлж суусан өдрүүд
цөөнгүй ч яг өнөөдөр түүний энэ жаргалтай мөчид дэргэд нь ээж аавыгаа
байгаасай гэж хачин ихээр үгүйлж байлаа. Түрийвчээ уудлан хуучирч
үзүүрээсээ шаргалтсан хар зураг гаргаж ирэн харснаа тэвчилгүй мэгшин
уйлж эхэллээ.
Энэ үед хаалга аниргүй онгойн хадам ээж болох ихэмсэг хатагтайг орж ирэхэд Оюунаа золтой л босоод харайчихсангүй.
-Би харин... гээд бүр ихэр татан уйлахад Сувд Оюунаа руу дөхөн ирээд гараас нь зөөлөн атгаснаа
-Миний охин...хэтэрхий их уйлвал нүд нь бүлцийчихнэ гэхэд халдаж
боломгүй сэтгэлийн хөдөлгөөнгүй мэт санагдах энэ хатагтайгаас ийм дотно
үг гарсанд нь итгэж чадахгүй Оюунаа Сувд руу харвал
-Ийм үед эмэгтэй хүнд ээж хамгийн их үгүйлэгддэг юм гэснээ духан дээр
нь үнэрлээд хачин дотно инээмсэглэхэд Оюунаад ээжийх нь мартагдаж
байсан төрх дахин сэргэх мэт боллоо
0 comments:
Post a Comment