Wednesday, September 19, 2012
Ээлж
-Ааваа, би өдөржин сургууль дээр байх уу? Та намайг яг хэзээ ирж авах
уу? Танихгүй хүүхдүүд намайг дээрэлхвэл би яах уу? Ээж намайг амттай юм
идэж болохгүй гэдэг хэрнээ чихэр авч идээрэй гээд мөнгө өгсөн. Би
бүгдэнгээр нь чихэр авч идэж болох юм болов уу? Ааваа, би гэнэт таныг
санавал яах вэ? гэхчилэн элдэв түмэн асуултаар булан суугаа хүүгийхээ
амыг дагуулан хариулж явсаар Сайхнаа хүүгийхээ сургуулийн гадаа ирлээ.
Саяхан л Сайхнаа хүүгээ анх тэврэх гээд сандарч салганаж байсансан.
Өнөөх улаан нялзрай амьтан нь одоо сургуульд орох болчихож. Сайхнаа
хүүгээ машинаас буулгаад
-Аав нь анги руу нь оруулж өгөөд ажил руугаа явалгүй горьгүй. Миний
хүү одоо ингээд том эр боллоо. Тэгэхээр ээж, аавыгаа санаж уйлна гэж
ярихгүй шүү. Дүү нь шоолно. Орой хичээл нь тарахад аав нь хүрээд л ирнэ
гэж хэлэхдээ Сайхнаа хоолойгоо сөөнгөтөн чичирхийлэхийг мэдрээд хүүгээ
хөтлөн сургууль руу нь алхлаа.
-Ааваа, багш нь аймаар болов уу?
-Яалаа гэж дээ. Миний хүүг айлгавал аав нь айлгаад өгнө гайгүй гэхэд хүүгийх нь санаа амарсан байртай мишээнэ.
Сайхнаа сургуулиас гаран алхах зуур тээр нэг жилийн зураг нүдэнд нь
кино зургийн хальс мэт жирэлзлээ. Сайхнаа арван жилдээ хүү шигээ
дуулгавартай сайн хүү байгаагүй. Анх сургуульд орсон цагаасаа 10-р ангиа
төгсөн төгстөлөө эцэг эхийхээ чихнээсээ байнга хонх зүүсэн. Сайхнаагийн
аав гэж хар залуугаасаа жижгээс том хүртэл даргын суудлаасаа буугаагүй
нэгэн. Хэн хүнийг тархийг нь эргэтэл загнадаг хэрнээ хүүдээ л ганц үг
хэлж үзээгүй. Ээж нь Сайхнааг болохгүй бүтэхгүй зүйл хийх бүрд уйлан
дуулан загнах ч тэрхэн үедээ ойлгосон мэт царайлж байгаад ээж нь үглэхээ
болимогц өнгөрснийг хумхын тоос шиг мартана. Үнэндээ Сайхнааг айлгаж
ичээгээд байх хүн гэрт нь сургуульд нь байгаагүй. Эхний үед багш нар нь
эцэг эхийг нь байнга дуудаж төвөг уддаг байсан ч сүүлдээ Сайхнаагийн
байгаа байдалтай бүрэн эвлэрчээ. Аав нь захирлын найз тулдаа Сайхнааг
хөөлгөлгүй тэгж ингэс гээд сургуулийг нь төгсгөхөөр улаан нүүрээ
улалзуулан гуйсны хүчинд тэр шүү дээ. Ингээд Сайхнаад төгсөхгүй байх
вий, хөөгдчих вий гэж санаа зовох юм үнэндээ байсангүй.
Хар багаасаа үй зайгүй найзалсан Доржоо найзыхаа төрсөн өдрийг
сунжруулан тэмдэглэсээр 7дох хоног дээрээ ууж идэн найрлаж явсан
Сайхнаагийн дэргэд Доржын дүү нь маргааш 10 төгсөх хүүхдүүд улсын
шалгалтаа өгөх гээд завгүй бэлдэж байхад та хэдийн байж байгааг хэмээн
үглэнэ. Дэн дун ухаантай амьтан босоод цагаа харвал шөнийн 11 цаг болж
байлаа. Энэ үед гаднаас Дорж нэг шил юм барьсаар шараа тайлцгаанаа гэхэд
дүү охин нь хялалзсаар өрөөндөө орлоо. Сайхнаа ч цаашаа гэж чадсангүй
нөгөөхөөс нь татсаар тас үсэрчээ. Өглөө нь хэн нэгэн түүнийг татаж
чангааж цохиж хашгична. Сайхнаагийн бухимдал төрөн
-Ална шүү. Зүгээр унтуулаарай гэхэд
-Сайхнаа ахаа та явж шалгалтаа өгөөчөө. Ээж чинь ирж байна гэсэн.
Ядаж наад нүүр амаа угаа гэхэд дуртай дургүй амандаа хараал урсгасаар
босч ирлээ. Угаалгын өрөөнд байх зуур ээж нь үглэж нэг уйлж нэг үзээд
эцэст нь тамираа барсан бололтой жолоочоо дуудаад хүүгээ сургууль руу
хүргэхийг хүсч
-Аав чинь хүлээж байгаа. Ангийханд нь сайн захисан байгаа чамайг
шалгалтан дээр аваад гарна гэсэн. Суу гэсэн газар нь л суугаарай гээд
цааш алхлаа. Сайхнаа сургууль руу явах зуур машин дотор байсан цэвэр
уснаас хэд балгатал бүр манарад согтоод иржээ.
-За ирчихлээ буугаарай гэхэд Сайхнаа машинаас буун дөнгөж хөлд орж
буй хүүхэд шиг алхална. Шалгалтын сүр сургуулийг тэр чигт нь дарж гадуур
дотуур ямар ч хүүхэд харагдахгүй. Харин сургуулийн үүдэнд ганцхан хүн
торойн харагдана. Сайхнаа аавыхаа ийм байхыг хэзээ ч хараагүй.
Сайхнаагийн нүдэнд аав нь дандаа л гялгар толигор хар цүнхтэй, цэвэр
цэмцгэр костьюмтай дарга л харагддаг байсан. Гэтэл түүнийг хүлээн зогсоо
энэ хүн ааваас нь хэд дахин өтөлж хөгширсөн ядруухан царайтай эр
байлаа.
-Миний хүү хувцасаа хурдхан өмсөөд шалгалтандаа ор. Амжилт хүсье гээд
үнсэхэд Сайхнаа утга учиргүй зорилгогүй амьдарч байсан амьдралдаа
баяртай гэж хэлсэн. Эцгийхээ залуу сайхан насны санчгийг будант саарлаар
хайр найргүй будснаа Сайхнаа тэгэхэд л анзаарчээ.
Сайхнаа энэ бүхнийг эргэн санаж хэсэг зогссноо өнөөдөр гэдэг энэ өдөр
хүүгийх нь хувьд мартагдашгүй байнга дурсагдах нэгэн сайхан өдөр нь шүү
дээ гээж цээж дүүрэн амьсгаллаа.
0 comments:
Post a Comment