Нэг л өдөр

Намайг огтхон ч мэдэхгүй хэрнээ хайрлан дурлах чамайг

Нэг л өдөр өөрийн амьдралаар амьдруулахсан

Магадгүй тэр өдөр чи надаас үүрд урваж ч мэднэ

Мэлтэгнэсэн нулимс бүхэнд минь сөхөрч бүр хайрлаж ч мэднэ


Эсвэл ганцхан өдөр чамаар амьдарч үзчихвэл

Эгцэлж амалсан үгс бүрийг чинь жинлэж байгаад харахсан

Ээдүүлж гомдоосон сэтгэл чинь зуурдых байсанд бат итгээд

Эндүүрээгүй гэсэн магтаалыг зүрхэндээ харамгүй хайрлахсан






Read More

Би ийм

Худал үгс чихэнд гоёл болон гялалзахуйд

Хуурмаг сэтгэл зүрхэнд уй болон үерлэхүйд

Хэний ч чамайг гээгүй миний сэтгэл бөхөж

Хэлхээстэй хайрын үгс тасарсан хойно

Хэзээ ч эргэхгүй тэр нэгэн өдрүүдийг

Хээнцэр ганган аргамжаар тогтоох гэж бүү хичээгээрэй





Read More

Там

Өнөөдөр маргааш үгүй ээ
Өчигдөр уржигдар
Эрлийн мананд төөрч
Энд тэндгүй өлгөсөн
Бүсгүйчүүдийн зурагнаас эмээсээр
Эгээрч би чиний өнгөрсөнд аялаад ирлээ
Нулимсан далайд живэх шахан бэдэрч
Нуугдсан хорслын жаднуудад сүлбүүлэх дөхөн сүрдэж
Нэг биш хоёр ч биш үрсийн цангинаан гомдолтой сонсдож
Нэвчих зовлон ханхалсан чиний тамаас ирлээ
Хаяахан нэг гийх жаргалын очин дунд
Харь хамаагүй бүсгүйн хормойн жаргал сийгэж
Хатсан газраас оргилох сархадын булаг ундарч
Хашгираан орилоон дэндсэн шөнийн бужигнаан л байна
Зовлонгийн ихээс чинь хугаслах гэсэн
Зүдрүүхэн ээжийн чинь чинь маанийн уншлага
Зам зааж намайг тамаас гаргаж байхад
Заналтай нүдэс над рүү өширхөн харсаар үлдсээн...




Read More

Адилхан

Хэлбэргүй уруул
Галбиргүй бие
Хээнцэргүй төрх
Хэврэгхэн сэтгэл
Яг чамд дурласан шигээ
Ямар ихээр үзэн ядна вэ



Read More

Гунигтайяа

Сүлэлдэж унасан нүгэлс ангижрахуйн тэртээ
Сүүдэрт эрээн амьдралын жинхэнэд хагацахуй харуусалтай
Сэмээр гэтэж сайхны төлөөсөнд үнэнийг мохоогоод
Саргүй шөнө шуналт хариултыг хайх хүмүүн дэндүү өчүүхэн

Дэнлүүн гэрэлд сэвт сэтгэл бүдгэрч нүцгэнд шунах ч
Дэрийг зовоон өнгөрсөнд төөрөх харын сэтгэл гачилантай
Дэндүү сайханд мөргөж харанхуйн эдлэндээ нэгтгэчихээд
Дэвийн сэтгэл өвөрлөн зовлонгоо нэхэх хар хүн дэндүү өчүүхэн

Амьдрахуйн амтанд шунасан өнөө маргаашийн биетэн
Атга чимх бүхнээр хойчийг хоосолохоо ёс хэмээх нь харуусалтай
Аврагч хэмээн өөрийгөө өргөмжилж хувхайгаар биеэ хучаад
Авах хураахад ухаанаа өргөсөн анагаахуйн хүмүүн өчүүхэн



Read More

Дэндүү ойрхон

Чи дэндүү ойрхон
Анхил ялдам үнэр чинь хүслийг зангилааг суллаж
Аядуу шударга зан чинь сандарлын түймрийг дарж
Анхааралгүй ярих уруул тэсвэрийн хүлээс задалж
Айдаа чи намайг танихгүй болтол өөрчиллөө
Яг одоо би чамайг боол мэт захирмаар
Ялтан адил хөлд чинь сөхөрч хатан мэт хүндэлмээр





Read More

Хайрлаарай

Дурлаж хайрлаж байгаа энэ л өдрүүдэд минь


Гунигийг бүү нэхээч


Дураараа сэхүүн зан минь чиний л хайранд сөхөрчихөөд


Дуу шиг уянга шиг чамд хөглөгдөж явахад минь


Дундуур сэтгэлийн үгсээр эгшгийг бүү ээдүүлээч


Хээнцэрт шүтлэггүй би чиний хайранд согтчихоод


Хэзээ хэзээнээс илүү өнгө ялган зурсан зурагсыг минь


Хэсэгхэн зуурын бухимдлаар баллуурдаж бүү арилгаач




Read More

Дурласан

Дэндүү том хар шил нулимсан дуслыг халхалж
Дэвүүр алаг нүдний гуниг цааш эгшихүйд л
Дэргэдүүр өнгөрөх хүмүүстэй инээд алдан мэндэлж
Дулдуй хуурамч хорвоод шунаж улам дурласаан



Read More

Хуурамчид

Харахгүйн харанхуй хязгаарт зүрхийг чамаас нууж
Харахын жаргалын мөчдөд чиний энгэрт эрхэлнэ
Хэлэхгүйн торонд хоригдсон янагийн халуун үгс
Хэлэхийн төдийд зуурдын зугаа чиний хуурамч зан





Read More

Нуруунд чинь хайртай

Энхрийлээд хайрлаад байхад зугтах зөрүүд сэтгэл
Эвдлэх гэж баллах гэж бүгдийг буруу хийнэ
Эвлээд аргадаад баралгүй эргээд алхахад чинь л
Энгүй их хайрладгаа нуруунаас л анх мэдэрлээ



Read More

Үүрд хайрлана

Бүсгүй компьютерийн ард суух бүрдээ болохгүй хэрэггүй дэмий гэж өөрийгөө хичнээн хориод ч барьж дийлэлгүй нэг л хүний цахим хуудсыг нээчихсэн шимтэн үзнэ. Сарын өмнө бүсгүй учиргүй баяртай байлаа. Залуу ганц бие гэсэн тодотголтой болж найз бүсгүйтэйгээ авахуулсан зургуудаа бүгдийг нь устгачихсан байжээ.Хичнээн баярлаж хөөрхөн ч бүсгүй ямар ч үйлдэл хийсэнгүй. Өдөр алгасалгүй шимтэх үзэх зургийн эзэн бол бүсгүйн хуучин найз залуу. Салаад 3 жил болчихсон хэрнээ энэ хүнийг мартаж чадахгүй энгэрт нь дулаацаж байгаа дүүмэдхэнд өдөр бүр атаархан суугаа нь энэ. Хаяад явсан гэх үү хаягдаад үлдсэн гэх үү үл ойлголцол дунд харилцаагаа үгүй хийчихсэндээ үргэжл харамсах ч хүний хүнийг дагаад гүйж чадахгүй харсаар сууна. Өнөөдөр дасал болсон мөнөөхөн цахим хуудас руу ортол жаргалтай инээмсэглэн тэврэлдсэн хосын зураг нүдэнд нь торолзож гэрлэсэн гэсэн үг зурайн харагдлаа. Үүлгүй тэнгэрээс аянга буух гээчийн мөн утгыг танилгүй явж гэмээр гэнэтийн энэ бүхэнд цочирдсон бүсгүй сандалын түшлэгтээ наалдан биеэ хураажээ. Бүтэхгүй гэдэгтэй эвлэрсэн мэт байсан бүсгүйд найдварын оч бүү хэл бүр гал байсан бололтой. Одоо харин тэр бүхэн юу ч үгүй болчихлоо. "Тэр бүр хүнийх болчихож. Хэзээ ч эргэж ирэхгүй" гэсэн харуусалт үгс тархи толгойг нь бөмбөр адил нүдэж нулимс нь урсаад ирэв. 3 жилийн өмнөх тэр нэг өдөр ч бүсгүй нулимсаа тэвчээд ингэж уйлаагүй тэссэн. Элдэв охидтой үерхэн буй сургийг сонссоор залхсан бүсгүй нэг л өдөр томоожоод чи надад л хайртайгаа мэдрэнээ гайгүй гэсэн бодлоор өдий хүртэл хайраа тэжээж байсан.

Цүнхээ ухан түрийвчээ гаргаж ирлээ. Залуутайгаа дотно тэврэлдэн авахуулсан зурагных нь буланд үүрд хайрлана гэж жижигхээн үсэг шивжээ. Үүнийг хэн нь санаачилж бичүүлснээ бүсгүй одоо санахгүй. Өнгөрсөн дурсамжинд хөглөгдөж суусаар нэг мэдэхэд 6 цагийн хонх цохиход сая нэг сэхээ аван компьютерээ унтраагаад цүнхээ чирэн гарахад нөгөө л нэг танил машин гадаа зогсож байлаа. Машинаас ажил хэрэгч хувцасласан дэгжин залуу буун түүнийг тосч ирээд үнссэнээ.

-Миний хайр уйлчихсан юм уу? Өвдөөгүй биз дээ? гээд царайд нь санаа зовсон байдал бий болоход бүсгүй түрүүчийн бодлоосоо салж чадахгүй толгой дохьсон болоод хажуугаар нь зөрж машинд суулаа. Машины шилэнд тогтоосон бяцхан жаазанд саях залуу бүсгүй хоёрын аз жаргалтай инээмсэглэсэн зураг харагдахад харцаа буруулж түрийвчнээсээ түрүүчийн зургийг гаргаж залууг орж ирэхээс өмнө шалмаг хөдөлгөөнөөс дундуур нь хоёр хуваан нэг хэсгийг нь цонхоор хаяхад "Үүрд хайрлана" гэсэн бичээстэй залуугийн зураг газар унаж хэдэн хормын дараа машин дээгүүр нь зугуйхан гарч одлоо.




Read More

Намар бид хоёр

Хөл дор навчис хөглөрсөн хүн бүхний хэлдэг гунигтай намар. Гэртээ шигдсэн хүмүүс гадагш гарахаас залхуурч гэр рүү минь сунайх зам эзэнгүй. Яг л ийм сайхан намрын тогтуухан өдрийг яаж хайрлахгүй байх билээ. Ганцаардалд дуртай намар бид хоёр адилхан ч юм шиг. Иймдээ бид биесээ дэндүү сайн ойлгоод байгаа бололтой. Намар гишгэх замыг минь салхиар цэвэрлэж гэгэлзэх үгсээ навчаар шивнэж байлаа.

-Дахиад л ганцаараа юу?

-Тиймээ. Дахиад л...

-Би бол дандаа л ганцаараа байдаг

-Өвөл, хавар зуныг юу гэх болж байна?

-Өстнөөс өөрцгүй шүү ээ. Бие биенээ шил даран хөөгөөл хамт байх өдөр цөөхөн ч хэрэлдэхээс цаашгүй.

-Би чамаас бусдыг нь сайхан зантай гэж боддог байлаа

-Арай ч дээ гээд санаа алдахад хүчтэй салхи гарч золтой л малгай хийсгэчихсэнгүй.

-Гомдомхой гэдэг нь. Шүхэргүй байхад уйлж л болохгүй шүү.

-Би ямар хавар биш. Тийм амархан уйлахгүй шүү.

-Энэ удаагийн ганцаардал амтгүй байна. Түүнтэй л хамт баймаар байна

-Яагаад салчихсан хэрэг вэ?

-Салаа зам таарчихлаа. Тэгээд би чамтай хөтөлцөөд тэр өөр нэгэнтэй хөтөлцөөд явчихлаа гээд нулимс нь бөмбөрөхөд намрын тэнгэр харанхуйлан юу юугүй борооших янзтай болов.

-Шүхэргүй явахад саяхан янзлуулсан үсийг минь муухай болгох гээ юу гээд дээш нүдээ онийлгоход гэнэтхэн үүлэн завсраар намрын илчгүй нар гарч нүдийг нь гялбуулж тохуурхлаа. Намрын зүггүйтэл зөв газраа онож өөрийн мэдэлгүй чанга инээчихлээ. Намар бид хоёр үнэхээр сайн найзууд юм.





Read More

Найз

Өчигдөр Долгор ирээд явсан гэх гэргийнхээ аядуухан хоолойноос цочсон Санчир халуун цайнд амаа түлэх шахан хахаж цацлаа. Уянга нэг том харснаа

-Цаадхын чинь ажил төрөл баахан бүтэмжгүй байгаа юм байхаа. Бүтэлтэй юм нэг ч ярьсангүй.

-Өө тийм үү? Хөдөөгүүр яваа сураг дуулдсан ирчихээ юу?

-Ирээд сар болж байгаа гэнэ. Чамаас ажил төрөл байна уу асуугаад өгөөч л гээд байна лээ.

-Чи ямар цаадхыгаа мэдэхгүй биш дээ. Хүн амьтнаас нүүрээ түлэн түлэн гуйгаад ажил олоод л өгдөг. Орхиод явчихдаг биз дээ? Чи хашрахгүй байна уу?

-Тэгээд би хаширлаа гээд зовж яваа найзыхаа дэргэдүүр нүдээ аниад өнгөрөх болж байна уу?

-Чи л тэр хүнийг найзаа гээд байдаг чамайг ер нь тэгж боддог ч юм уу үгүй ч юм уу гээд Санчир цаад өрөө рүү явж одлоо. Дөнгөж ажлаасаа ирээд байхад нь дэмий юм яриад би нээрээ гэж... Уянга өөрийгөө зэмлэнгүй бодсоор амттай хоол хийхээр юмаа бэлдэж эхэллээ. Санчир хувцасаа солих зуур "Энэ Долгор яасан нойтон хамуу шиг хүүхэн бэ. Ашгүй нэг хол явж гэхээр л хүрээд ирэх юм. Ингэж байгаад өнгөрсөн баларсан явдлыг Уянгад хэлчих вий дээ. Энэ хүүхнээс хэзээ нэг салж амрах юм бол? Над дээр бас ирэх л байх даа" гэсэн бодолд дарагдана.

Амьдралын хатуу хүтүүд нухагдаж элдвийн юманд цочрохоо больсон Долгор найз Уянгадаа найз залуу танилцуулахаар хамаг байдгаар нь гоёсон ч Уянга толинд харах бүр л будганд шавуулсан хүүхэлдэй шиг харагдана. Урьд өмнө огт өмсөж байгаагүй оготор даашинз өмсүүлээд ёстой гоё байна гэж эрхий хуруугаа байн байн гозойлгох ч толины өмнө хичнээн эргэлдээд Уянгад өөрийх нь энэ төрх нэг л дасал болохгүй байв. Ингээд хүчээр шахуу таксинд суугаад явах замд Долгор ирэх залуугийн сайн сайхныг зогсоо зайгүй чалчсаар явлаа. Тамхины утаа сүлэлдэж архины үнэр хамар цоргисон паб руу тэр хоёрыг явж ороход болзоот залуу нь хараахан ирээгүй л байлаа.

-Өө одоо болтол ирэхгүй баас чинь эмэгтэй хүн хүлээлгэх гээд байгаа юм байх даа гээд Долгор хамаг хараалаа урсган утсаа гаргалаа. Уянга томоотой суугаад эргэн тойрны хүмүүсээ тойруулан харна. Сониучирхан харж байснаа нэг зүгт гайхшран тогтов. Дөрөв, таван залуу суусан ширээний хамгийн цаана суух ажил хэрэгч хувцастай мариалаг цагаан залуу түүнийг тас ширтэн сууна. Уянга сандран -Нүүр амны энэ будагнаас л болж байгаа юм. Хүн амьтан цочирдуулаад энэ Долгорыг яая даа байз гэж дотроо үглэн тэр дороо гараад зугтчихмаар байлаа. Долгор хажууд нь хэн нэгэнтэй хашгичан утсаар ярих ч Уянга түрүүчийн залуугийн зүг байн байн хяламхийнэ. Залуу түүнээс нэг ч хором харцаа салгасангүй. Долгорын ханцуйнаас чангаан

-Явъяа хүмүүс намайг эвэртэй туулай үзсэн юм шиг л хараад байна. Гаръя гэхэд өнөөх нь гараа сэгсрээд

-Үгүй шүү. Муу баас чинь найз охин олоод өг өг гэчихээд ажилтай болчихлоо ч гэх шиг тэнэгтдэг байна ш дээ. Ядаж ганц ганц пяав уучихаад гаръя л даа. Яаж зүгээр гарах юм бэ?

Ингээд ямар ч аргагүй болсон Уянга Долгорын үгэнд орж пяав захиаллаа. Шар айргаа уух зуур мөнөөх залууг харсаар байгаа эсэхийг лавлаж харсаар... Эцэст Долгорын чихэнд

-Тэр нэг залуу над руу таг гөлрөөд байх юм. Би эндээс хурдан явмаар байнаа

-Аль ...аль... аан тэр үү? Эгдүүтэй л залуу байна ш дээ. Чи таалагдаад байгаа юм байлгүй

-За үгүй байлгүй дээ. Ингэтлээ будчихсан болохоор намайг буруугаар бодоод байх шиг байна гэхэд Долгор тас тас хөхрөөд

-Охин минь сэрж үз. Хэддүгээр зуун бэ чи гээд улам чанга инээлээ.

Охидуудын нэг гэсэн нь гурав болж элдэв дээдийг чалчиж суутал таг гөлрөгч залуу Уянга руу дөхөж ирээд

-Уучлаарай. Өөртэй чинь танилцаж болох уу? гэхэд нь Уянга ууж байсан шар айргаа золтой л тургичихсангүй. Уянга, Санчир хоёрын танилцсан түүх гэвэл энэ. Энэ 5 жилийг тэд хэрэлдэж хэлэлцэж сайндаж муудаж жаргаж зовж бүтээсэн ч Санчирын зүрхийг өдий болтол зовоодог зүйл нь Долгортой дотно харьцаанд орсон явдал байлаа. Уянга Долгорыг ажилд авчихаач гээд шалаад байхаар нь нарийн бичгээсээ бараг өө харж байж халчихаад Долгорыг оронд нь авахад эхнэрийх нь баярлаж хөөрч байсан тоймгүй. Тэр нэг гайтай орой ажлын хамрагчидтай гэрээ хэлэлцээр амжилттай болснооо тэмдэглэж нилээн балгажээ. Долгор ч тэнд байжээ. Хүн бүртэй тулгаж уусаар нилээд согтсон Санчир Долгороор дэмнүүлэн таксинд сууснаа бүүр түүрхэн санана. Түүн рүү наалдан суусан бүсгүйн зөөлөн үнэр хамар цоргиж гар нь түүнийг тэвэрч байхад Санчир удаан тэсч чадалгүй Долгорын уруулыг өөрийн өмч мэт үнсэж энгэр цээжийг нь хамаагүй базалж байснаа бодохоор тэр өөрийгөө хичнээн тасарсан байсан гэж итгүүлэх гээд чадалгүй шаналж явдаг. Буудлын өрөөнд Долгорыг орхиод сүүлээ хавчин эхнэр рүүгээ зугтахдаа өнөө маргаашийг бодохоос дотор нь харанхуйлж байсан нь саяхан. Харин Долгор тэр бүхнийг огт болоогүй мэт өмнө Санчиртай яаж харьцаж байсан яг тэр маягаараа харьцаж байлаа. Тэр сарыг дуусгаад Долгор хөдөө ажиллах боллоо гээд ажлаасаа гарахад Санчир баярласандаа гуяа алгадах нь холгүй байв. Гэтэл мартагдах шахсан хар дарсан зүүд нь тэднийхээр зочлоод явжээ. Санчир эхнэртээ хэдий их хайртай ч ингээд нуугаад сэтгэлдээ бул чулуу тээгээд явах түүнд хэцүү байлаа. Гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг тэр орой Долгор өөрийн биеэр инээд алдсаар ороод ирэв. Санчир инээх ярвайх хоёрын хооронд мэнд мэдээд эхнэрээ найзтайгаа ярилц гээд гал тогооны өрөө орж идэж уух юм бэлдэж зогстол Уянга орж ирээд

-Цаадах чинь чамаас ажил л асуух гэж байгаа байлгүй дээ. Чи орж бай би жаахан хоол хийгээдэхье. Юм идээгүй яваа гэнэ гээд Санчирыг түлхэхэд Санчир яаж ч чадалгүй хөл чирсээр гарлаа. Долгор хэзээний л зангаараа дотно инээмсэглэн

-За хөгшөөн юу байна? Төрөл сайн уу? гээд түмэн асуултаар булсаар угтлаа. Нилээн ярилцаж суусны эцэст Долгор галын өрөө рүү хяламхийснээ

-Найз нь чамайг өнгөрсөн явдалд шаналж явдгийг мэднэ. Найзад нь ч гэсэн үхэхээс наахнуур явсан өдрүүд бий. Чамайг Уянгад тэр тухай хэлчих вий гэхээс тайван сууж чадахгүй байсаар наашаа ирлээ. Найзад гэр бүл гээд байх хүн байх биш дээ. Уянга шиг хаа явсан газар өөрийн дүү шигээ загнаж халамжилж хайрлаж байдаг хүн өөр байхгүй. Хэрвээ тэр нууц задарчихвал би хэн ч үгүй болно. Чиний хувьд энэ сүржин яриа мэт байж болох ч би Уянгаагаа алдмааргүй байна. Тэр бүхэн гайтай архинаас л болж байгаа юм. Баллуурдаад арилгачихдаг бол би тэр өдрийг ой тойноосоо юу ч үгүй арилгаад хаячихаж болох ч цаг хугацаа өнгөрөх бүр зурайгаад тодроод байх шиг л санагдах юм. Энэ нууц үхтэл бид хоёрын дунд л үлдэг тэгэх үү гээд нулимс дүүрэн нүдээр өөдөөс нь дүрлийх бүсгүйд хэлэх үг олдсонгүй дэмий л толгой дохижээ. Долгор нулимсаа дээш харж шингээгээд хөдөө гадаа үзсэн харсан ажил төрлөө ярьж эхлэх нь энэ яриаг дахиж хэзээ ч яримааргүй байна гэсний тэмдэг байлаа. Уянга ч таваг дүүрэн хоол хамар сэнгэнэтэл сайхан үнэртүүлсээр орж ирээд

-За хоолоо идээрэй. Хөдөө гадаа бас ингээд хоолгүй яваад байдаг юм биш биз дээ гээд аашлах аргадахын хооронд хэлэхэд Долгор нууж байсан нулимсаа арайхийн барьж байгаа нь Санчирт тод харагдана. Санчирт ингээд Долгортой ний нуугүй ярьчихсан нь сэтгэлийн буртагийг өчүүхэн төдий нимгэлсэн ч бурхан нүглийн төлөөсийг заавал нэхдэг болохоор Санчир, Долгор хоёрт үйлдсэн нүглийнх нь хариу болгож Уянгыг харах бүрдээ насаараа гэмших ял үүрүүлсэн мэт.





Read More

"Түлхүүр" өгүүллэг 13

Шүүх хурлын өдөр иржээ. Яллагч өмгөөлөгч 2 асуултаа тавьж эхэллээ. Бүсгүй бүх хэргээ хүлээсэн байсан болохоор Баяраа сэтгэл амар ажиглан сууна. Урнаа гэнэтхэн учир зүггүй уйлж эхэллээ.

-Би хийгээгүй хэргээ хүлээсэн. Мөрдөн байцаагч нь надад хэргийг хүчээр тулгаж бүр зоддог байсан гээд хувцсаа дээш болгоход хөх эрээн болсон бие нь бүх хүмүүст ил харагдлаа. Баяраа олго харайн босч хэлэх үг нь олдохгүй дэмий л гараа занган хий хашгирч байв. Энэ шүүх хурлаар бүх юм орвонгоороо эргэн бүсгүйг ямар ч нотлох баримтгүй гэрчийн мэдүүлэггүйгээр байхад хүчээр хэрэг тулгасан болж Баяраа өөрөө эргээд хэрэгт унажээ. Урнаагийн өмгөөлөгч гэх цэвэрхэн хувцасласан зузаан харааны шил зүүсэн залуу ялалтандаа тун сэтгэл хангалуун байгаа харагдана. Харин Урнаагийн хувьд баярлаж хөөрсөн шинж огтхон ч байсангүй. Мөнөөх л сэтгэлийн хөдөлгөөн харагддаггүй царай. Тэр өдөр бүсгүй суллагдаж Баяраа даргадаа бангадуулан хэргийг өөр мөрдөн байцаагчид шилжүүлэх тушаал аваад сууж байлаа. Бүх хэргийн учрыг олчихсон гээд хичнээн сэтгэл тэнэгэр бүтэн нойртой хоносон билээ дээ. Урнаатай андуурагдаад байсан нууцлаг бүсгүйтэй ч хэд хэд уулзаад нилээн дотносчихсон одоо л амьдрал хэвийн гольдролдоо орлоо гэж сэтгэл хангалуун бодож байсан нь нэг өдрийн дотор хумхын тоос шиг хийсчихлээ. Оргил ширээнийх нь урд суугаад яах ийх учраа олохгүй даргыхаа аяыг харж гараа базлан сууна. Баярааг ингээд орхичихгүй нь тодорхой. Сэжигтэнд хүчээр хэрэг хүлээлгэсэн гэсэн хэрэг заавал гарч ирэх ёстой. Дарга нь өрөөндөө дуудаж өмнөөс нь хэрэгтэй хэрэггүй баахан цаас шидлээд хэд хоног миний нүдэнд битгий харагдаарай. Ер нь ажлаа хүлээлгэж өгөх бэлтгэлтэй бай. Ажлаас нь халаад өнгөрвөл их юм гэсэн бухимдалтай царай нь Баяраагийн нүдэнд байн байн харагдана. Одоо яая гэхэв ингэж далаараа тавиулсан хойно Оргилыгоо л чирэхгүй шиг өөрөө бүгдийг нь үүрээд л алга болох минь. Энэ ажил надад зохихгүй бололтой гэсэн бодолдоо улам лавшран суугааг нь Оргил яахан мэдэх билээ. Хэд хоногийн дараа Баяраа халагдах өргөдлөө өгөөд өөрийн буруу ажиллагааны улмаас байгууллага хамт олныхоо нэрийг хугалсандаа гэмшиж буйгаа товчхон бичсэн өргөдлийг даргыхаа ширээн дээр тавиад бүх зүйлээ хүлээлгэж өгчээ. Оргил ахлагчаа ийм амархан буугаад өгчихнө гэж үнэндээ санаагүй байжээ. Өнчин ишиг шиг болж байгаа мэт санагдан Баяраагүй бол ажил нь утгагүй мэт бодогдож нялцгар амьтан биш ч хамрынх нь уг руу шархираад байлаа. Сүүлийн хэдэн сарын турш өрнөсөн амьдралын олон эргэлтүүд Баярааг бүр мохоожээ. Тэр хаа нэг тийшээ Соёлмааг аваад нүдэн балай чихэн дүлий амрахыг л хүсэж байв. Шөнийн нууцлаг хатагтай байсан Соёлмаа Баяраагийн ганц түшиг л байлаа.

-Би ажлаа хүлээлгээд өгчихлөө. Хаа нэг тийшээ амрахаар явмаар байна. Чи жаахан судлаадахаач хө

-Яасан огцом шийдээ вэ? За би хэдэн таньдаг мэддэг хүмүүсээсээ асууя гээд утас тасарлаа.

Анх Соёлмаатай өдрийн цагаар уулзахад Баяраад их эвгүй байж билээ. Баяраагаас нилээд хэд эгч болох нь шууд харахад л илт байсан. Тэр ч утгаараа нэг удаагийн нүүр хагарч уулзалдсны дараагаас түүнд эгчмэд бүсгүй халамжийг үзүүлж өгчээ. Баяраа ийм халамж хайрыг мэдрэлгүй удсан байсан болохоор бүсгүйг хайрлах гэхээсээ илүү түшигт нь найджээ. Багахан компани толгойлдог Соёлмаагийн хань нь өөд болоод хэдэн жил болж байгаа. Үр хүүхдүүд нь том болоод тусдаа гарчихсан болохоор ганцаардсан Соёлмаа гэрийнхээ ойролцоох баранд хааяа орж 100 татдаг байсан нь Баяраа тэр хоёрын уулзах шалтгаан болжээ гэдгийг бид бэлхнээ мэдэх болсон билээ.

Ингээд Баяраа ажлыхаа хаалгыг дуртай дургүй хаагаад хэдэн жил энэ л босгыг элээж орж гарч байсан даа гээд үүдний шалыг дотночлон хараад шийдэмгий гарч одлоо. Би энэ байгууллагад бүх л бие сэтгэл амьдралаа зориулсан. Хэрвээ намайг чи тэнцэхээ больжээ гэвэл би дуртай явах болно гэж дотроо шивнэсээр эргээд харчихвал буцаад орчих мэт санагдсан ажлын байрнаасаа зугтах мэт холдлоо. Оргилын дугаараас түүнд дуудлага ирсээр л байв.

Аялалын өдөр болж тээшээ чирсээр шатаар дээш гарч ирвэл тасалбар шалгах хэсэгт танил царай харагдсан нь Урнаа дүрээрээ байв. Баярааг харсан Урнаагийн царай өчүүхэн төдий ч татганасангүй хэзээний танилтайгаа мэндэлж байгаа мэт толгой дохиод цааш явахад хойноос нь цүнх барьж хүүхэд хөтөлсөн нэг эр явлаа. Царай нь хальт харагдсан ч түүний таних царай биш байлаа. Тэд нэг онгоцонд суусан нь аз эз болохын нь алиныг мэдэхгүй ч Баяраа түүн рүү байн байн хяламхийсээр явлаа. Солонгосын Инчеоны нисэх онгоцны буудлаас өөр онгоцонд суухыг нь яриан дундаас нь мэдээд авав. Хаашаа явах гэж байгаа юм бол? Арай бас нэг газар руу явах юм биш байгаа гэж бодохыг дотрыг нь нэг юм зураад ирлээ. Инчеоны онгоцны буудал дээр нэг хонох юм чинь түүнийг анзаарах болом олдох байх гээд ажлаа орхичихсон хэрнээ дадал болчихсон мөрдөгч зан нь сэдрээд байгааг анзаарах сөхөө байсангүй.

Тамхи татах өрөөнд Баяраа ганцаар утаа баагиулсаар суулаа. Шөнийн 3 цаг өнгөрч байсан болохоор тамхи татах гээд түүнтэй ханьсах хэн ч байх билээ. Бүгд дугжирч байв. Хойно нь хөлийн чимээ гарахад Баяраа цочих шахуу эргэж харав. Хайгаад хайгаад харагдахгүй байсан Урнаа нь түүний хажууд ирээд нүдээ сүүмийлгэн тамхиныхаа утааг үлээх нь яасан танил зураг вэ. Хэн хэн нь юм дуугарсангүй хэсэг хугацаа өнгөрлөө.

-Ажлаасаа гарсан гэлүү? Надаас болсон юм биш биз дээ?

-Тодорхой юм асууж байгаа юм биш үү?

-Харамсалтай л юм. Та хэргийн гогцоог тэгж лав атгачихсан байсан хэрнээ зүгээр л ингээд сүүлээ хавчаад зугтаж байгаа хэрэг үү?

-Би зугтаагүй.

-Өөрийгөө л хуурч байна даа гээд тас тас хөхрөх нь эгээ л чөтгөр мэт санагдана.

-Надаас сайн мөрдөгчид зөндөө байгаа. Чи удахгүй баригднаа гайгүй.

-Тэр ч юу л бол. Хятад эмч хүний наймаа гэж хайсаар хэрэг хаагдах байлгүй

-Тийм хүн байхгүй хэрэг үү?

-Тэр жаалуудад угаасаа амьдрал аль хэдийн утгагүй болчихсон байсан шүү дээ. Зугаацах юмсаа гүйцээчихсэн эцэг эхээ шар махтай нь хатаасан үхлээ гээд хэн ч хойноос нь сарвайхгүй амьтад байгаа биз дээ? Үсрээд л шоу цэнгээнд дааж байсан найз нар нь хэсэг үгүйлнэ биз. Та монголд янхны газар байдгийг мэдэх үү? Зөвхөн дээдсийхэн үйлчлүүлдэг. Дандаа онгон охид байдаг гээд бод доо. Гэмгүй залуусыг аллаа гээд бүгд намайг буруутгаж байсан. Яс юман дээрээ би охидын зовлонгоор зугаа болгогчдын үүр уурхайнуудаас л цөөлсөн төдий шүү дээ. Тэдний үхэл миний хорхойд хоргүй бяцхан хүүд амьдрал бэлэглэсэн. Нөхөр маань намайг яагаад тэгтлээ үзэн яддагийг та мэдэх үү? Яагаад гэвэл би сургалтын төлбөрөө олох гэж анх тэр анхны газар онгоноо алдаж байсан юм. Намайг тэгж зовоож тамлаж хүүхэн болгож байсан новш дараа нь надтай учрахдаа танихгүй байсан шүү. Ямартаа ч та харсан байх. Тэр 3 гурвуулаа их жаргалтай байхдаа хорвоогоос хальсан. Тэдний хувьд ингэж үхэх нь нэг төрийн хэрэг. Тэгж хөдөө авч очихдоо би 3уулангаас нь маш их хэмжээний бэлэн мөнгө авчрахыг гуйсан юм. Надад унаж тустлаа дурлачихсан байсан болохоор тэдний хувьд энэ мөнгө далайгаас дусал авахтай л ижилхэн байсан. Харин хордуулсан эрхтний байрыг сольсон зэргийн асуудал бол зүгээр л хятад эмч гэдэг үгийг үнэмшилтэй болгох гэсэн шалтгаан. Та надтай хамт яваа залууг танихгүй байна уу? Миний өмгөөлөгч шүү дээ. Би таныг их гярхай гэж бодсон үгүй бололтой. Тэр миний хийсэн хэргийг өчүүхэн төдий ч мэдэхгүй миний жүжигт итгээд надад үхтэлээ дурлачихсан хөөрхий залуу. Гэхдээ та санаа зоволтгүй ээ. Энэ залуу хүү бид хоёрын ирээдүйн амьдралын баталгаа цаашлаад хорхойд хоргүй амьтан болохоор алах тухай ерөөсөө бодоогүй гээд өөрийн хийсэн хэргийг нэг амьсгаагаар ярьсны дараа тамхи гүнзгий сорон таашаал авч байгаа харагдлаа.

-Чи яагаад надаас айхгүй байгаа юм бэ?

-Та ч гэсэн надтай адилхан алуурчин шүү дээ гээд нүдээ жоотойлгоход Баяраа золтой л олго харайгаад босчихсонгүй.

-Чи юу яриад байна? Би цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч хүн шүү

-Надтай ингэж ярихаа больж үз. Эхнэрээ яасныг чинь би бүгдийг нь харсан. Та явалддаг байсан хоёр залууг нь буруутан болгохоор бүгдийг нь хийгээд орхио биз дээ? Та ч гэсэн муугүй алуурчин юм билээ гээд түрүүчийн чөтгөрийн инээдээрээ тас тас хөхрөхөд Баяраа лагхийтэл суугаад хамаг хөлс нь цутгаж эхэллээ.

-Та өөрийгөө миний хэргээс болоод ажлаасаа гарч байгаа мэтээр харуулж байгаа ч үнэндээ та энэ бүхнээс үугтаж байгаа шүү дээ.

-Одоо болно. Одоо ингээд болно. Намайг тайван орхиж үз. Би ч чамд гай болохгүй.

-Миний хар дарсан зүүд шиг зовлонт амьдралд тавтай морил. Ийм юм хийсэн хүн тайван хонох нь ховор доо Баяраа минь гээд дотночлон дуудах нь Баяраагийн хувьд хүйтэн мэсээр зүрхийг нь хэсэгчлэн хуваах шиг санагджээ.



ТҮЛХҮҮР ӨГҮҮЛЛЭГИЙГ ИНГЭЭД ДУУСГАЛАА. ЗАРИМД НЬ ТӨГСГӨЛ ТААЛАГДАЖ ЗАРИМД НЬ ТААЛАГДАХГҮЙ Л БАЙХ. МИНИЙ ХУВЬД ДАХИЖ ИЙМ ОНЦГҮЙ ЭНЕРГИТЭЙ ЗҮЙЛ БИЧИХЭЭС ТАТГАЛЗАХ НЬ ЗӨВ ЮМ УУ ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ЯМАРТАА ЭНЭ БҮХНИЙГ ДУУСТАЛ НАДТАЙ ХАМТ БАЙЖ БИЧИХГҮЙ УДАХ БҮРД НЭХЭЖ ТЭР БҮРДЭЭ НАДАД ЭЛДЭВ ЯНЗААР БИЧИХ УРАМ ХАЙРЛАЖ БАЙСАН ТА БҮХЭНД ГЯЛАЙЛАА.




Read More

Түүнд л

Сэтгэл харгүй өгүүлсэн хатуу үгс бүрийг

Сэвших салхинд дайгаад дандаа өнгөрүүлж байдаг

Санаа харамгүй чиний хайранд

Сүлэгдэж уярч би яг чинийх болохдоо


Үр цацаж эхэлсэн хайр цэцэгсийн баглаагаа

Үгүйлэхийн жаргалаар би чинь өдөр бүр услаад

Удахгүй наддаа ирэх баярын тэр өдөр

Учралын ариухан цэцэгсийг өлмийд чинь дэвсээд угтнаа



Read More