Sunday, September 25, 2011
Намар бид хоёр
Хөл дор навчис хөглөрсөн хүн бүхний хэлдэг гунигтай намар. Гэртээ шигдсэн хүмүүс гадагш гарахаас залхуурч гэр рүү минь сунайх зам эзэнгүй. Яг л ийм сайхан намрын тогтуухан өдрийг яаж хайрлахгүй байх билээ. Ганцаардалд дуртай намар бид хоёр адилхан ч юм шиг. Иймдээ бид биесээ дэндүү сайн ойлгоод байгаа бололтой. Намар гишгэх замыг минь салхиар цэвэрлэж гэгэлзэх үгсээ навчаар шивнэж байлаа.
-Дахиад л ганцаараа юу?
-Тиймээ. Дахиад л...
-Би бол дандаа л ганцаараа байдаг
-Өвөл, хавар зуныг юу гэх болж байна?
-Өстнөөс өөрцгүй шүү ээ. Бие биенээ шил даран хөөгөөл хамт байх өдөр цөөхөн ч хэрэлдэхээс цаашгүй.
-Би чамаас бусдыг нь сайхан зантай гэж боддог байлаа
-Арай ч дээ гээд санаа алдахад хүчтэй салхи гарч золтой л малгай хийсгэчихсэнгүй.
-Гомдомхой гэдэг нь. Шүхэргүй байхад уйлж л болохгүй шүү.
-Би ямар хавар биш. Тийм амархан уйлахгүй шүү.
-Энэ удаагийн ганцаардал амтгүй байна. Түүнтэй л хамт баймаар байна
-Яагаад салчихсан хэрэг вэ?
-Салаа зам таарчихлаа. Тэгээд би чамтай хөтөлцөөд тэр өөр нэгэнтэй хөтөлцөөд явчихлаа гээд нулимс нь бөмбөрөхөд намрын тэнгэр харанхуйлан юу юугүй борооших янзтай болов.
-Шүхэргүй явахад саяхан янзлуулсан үсийг минь муухай болгох гээ юу гээд дээш нүдээ онийлгоход гэнэтхэн үүлэн завсраар намрын илчгүй нар гарч нүдийг нь гялбуулж тохуурхлаа. Намрын зүггүйтэл зөв газраа онож өөрийн мэдэлгүй чанга инээчихлээ. Намар бид хоёр үнэхээр сайн найзууд юм.
0 comments:
Post a Comment