Sunday, September 25, 2011

Найз

Өчигдөр Долгор ирээд явсан гэх гэргийнхээ аядуухан хоолойноос цочсон Санчир халуун цайнд амаа түлэх шахан хахаж цацлаа. Уянга нэг том харснаа

-Цаадхын чинь ажил төрөл баахан бүтэмжгүй байгаа юм байхаа. Бүтэлтэй юм нэг ч ярьсангүй.

-Өө тийм үү? Хөдөөгүүр яваа сураг дуулдсан ирчихээ юу?

-Ирээд сар болж байгаа гэнэ. Чамаас ажил төрөл байна уу асуугаад өгөөч л гээд байна лээ.

-Чи ямар цаадхыгаа мэдэхгүй биш дээ. Хүн амьтнаас нүүрээ түлэн түлэн гуйгаад ажил олоод л өгдөг. Орхиод явчихдаг биз дээ? Чи хашрахгүй байна уу?

-Тэгээд би хаширлаа гээд зовж яваа найзыхаа дэргэдүүр нүдээ аниад өнгөрөх болж байна уу?

-Чи л тэр хүнийг найзаа гээд байдаг чамайг ер нь тэгж боддог ч юм уу үгүй ч юм уу гээд Санчир цаад өрөө рүү явж одлоо. Дөнгөж ажлаасаа ирээд байхад нь дэмий юм яриад би нээрээ гэж... Уянга өөрийгөө зэмлэнгүй бодсоор амттай хоол хийхээр юмаа бэлдэж эхэллээ. Санчир хувцасаа солих зуур "Энэ Долгор яасан нойтон хамуу шиг хүүхэн бэ. Ашгүй нэг хол явж гэхээр л хүрээд ирэх юм. Ингэж байгаад өнгөрсөн баларсан явдлыг Уянгад хэлчих вий дээ. Энэ хүүхнээс хэзээ нэг салж амрах юм бол? Над дээр бас ирэх л байх даа" гэсэн бодолд дарагдана.

Амьдралын хатуу хүтүүд нухагдаж элдвийн юманд цочрохоо больсон Долгор найз Уянгадаа найз залуу танилцуулахаар хамаг байдгаар нь гоёсон ч Уянга толинд харах бүр л будганд шавуулсан хүүхэлдэй шиг харагдана. Урьд өмнө огт өмсөж байгаагүй оготор даашинз өмсүүлээд ёстой гоё байна гэж эрхий хуруугаа байн байн гозойлгох ч толины өмнө хичнээн эргэлдээд Уянгад өөрийх нь энэ төрх нэг л дасал болохгүй байв. Ингээд хүчээр шахуу таксинд суугаад явах замд Долгор ирэх залуугийн сайн сайхныг зогсоо зайгүй чалчсаар явлаа. Тамхины утаа сүлэлдэж архины үнэр хамар цоргисон паб руу тэр хоёрыг явж ороход болзоот залуу нь хараахан ирээгүй л байлаа.

-Өө одоо болтол ирэхгүй баас чинь эмэгтэй хүн хүлээлгэх гээд байгаа юм байх даа гээд Долгор хамаг хараалаа урсган утсаа гаргалаа. Уянга томоотой суугаад эргэн тойрны хүмүүсээ тойруулан харна. Сониучирхан харж байснаа нэг зүгт гайхшран тогтов. Дөрөв, таван залуу суусан ширээний хамгийн цаана суух ажил хэрэгч хувцастай мариалаг цагаан залуу түүнийг тас ширтэн сууна. Уянга сандран -Нүүр амны энэ будагнаас л болж байгаа юм. Хүн амьтан цочирдуулаад энэ Долгорыг яая даа байз гэж дотроо үглэн тэр дороо гараад зугтчихмаар байлаа. Долгор хажууд нь хэн нэгэнтэй хашгичан утсаар ярих ч Уянга түрүүчийн залуугийн зүг байн байн хяламхийнэ. Залуу түүнээс нэг ч хором харцаа салгасангүй. Долгорын ханцуйнаас чангаан

-Явъяа хүмүүс намайг эвэртэй туулай үзсэн юм шиг л хараад байна. Гаръя гэхэд өнөөх нь гараа сэгсрээд

-Үгүй шүү. Муу баас чинь найз охин олоод өг өг гэчихээд ажилтай болчихлоо ч гэх шиг тэнэгтдэг байна ш дээ. Ядаж ганц ганц пяав уучихаад гаръя л даа. Яаж зүгээр гарах юм бэ?

Ингээд ямар ч аргагүй болсон Уянга Долгорын үгэнд орж пяав захиаллаа. Шар айргаа уух зуур мөнөөх залууг харсаар байгаа эсэхийг лавлаж харсаар... Эцэст Долгорын чихэнд

-Тэр нэг залуу над руу таг гөлрөөд байх юм. Би эндээс хурдан явмаар байнаа

-Аль ...аль... аан тэр үү? Эгдүүтэй л залуу байна ш дээ. Чи таалагдаад байгаа юм байлгүй

-За үгүй байлгүй дээ. Ингэтлээ будчихсан болохоор намайг буруугаар бодоод байх шиг байна гэхэд Долгор тас тас хөхрөөд

-Охин минь сэрж үз. Хэддүгээр зуун бэ чи гээд улам чанга инээлээ.

Охидуудын нэг гэсэн нь гурав болж элдэв дээдийг чалчиж суутал таг гөлрөгч залуу Уянга руу дөхөж ирээд

-Уучлаарай. Өөртэй чинь танилцаж болох уу? гэхэд нь Уянга ууж байсан шар айргаа золтой л тургичихсангүй. Уянга, Санчир хоёрын танилцсан түүх гэвэл энэ. Энэ 5 жилийг тэд хэрэлдэж хэлэлцэж сайндаж муудаж жаргаж зовж бүтээсэн ч Санчирын зүрхийг өдий болтол зовоодог зүйл нь Долгортой дотно харьцаанд орсон явдал байлаа. Уянга Долгорыг ажилд авчихаач гээд шалаад байхаар нь нарийн бичгээсээ бараг өө харж байж халчихаад Долгорыг оронд нь авахад эхнэрийх нь баярлаж хөөрч байсан тоймгүй. Тэр нэг гайтай орой ажлын хамрагчидтай гэрээ хэлэлцээр амжилттай болснооо тэмдэглэж нилээн балгажээ. Долгор ч тэнд байжээ. Хүн бүртэй тулгаж уусаар нилээд согтсон Санчир Долгороор дэмнүүлэн таксинд сууснаа бүүр түүрхэн санана. Түүн рүү наалдан суусан бүсгүйн зөөлөн үнэр хамар цоргиж гар нь түүнийг тэвэрч байхад Санчир удаан тэсч чадалгүй Долгорын уруулыг өөрийн өмч мэт үнсэж энгэр цээжийг нь хамаагүй базалж байснаа бодохоор тэр өөрийгөө хичнээн тасарсан байсан гэж итгүүлэх гээд чадалгүй шаналж явдаг. Буудлын өрөөнд Долгорыг орхиод сүүлээ хавчин эхнэр рүүгээ зугтахдаа өнөө маргаашийг бодохоос дотор нь харанхуйлж байсан нь саяхан. Харин Долгор тэр бүхнийг огт болоогүй мэт өмнө Санчиртай яаж харьцаж байсан яг тэр маягаараа харьцаж байлаа. Тэр сарыг дуусгаад Долгор хөдөө ажиллах боллоо гээд ажлаасаа гарахад Санчир баярласандаа гуяа алгадах нь холгүй байв. Гэтэл мартагдах шахсан хар дарсан зүүд нь тэднийхээр зочлоод явжээ. Санчир эхнэртээ хэдий их хайртай ч ингээд нуугаад сэтгэлдээ бул чулуу тээгээд явах түүнд хэцүү байлаа. Гай газар доороос гахай модон дотроос гэдэг шиг тэр орой Долгор өөрийн биеэр инээд алдсаар ороод ирэв. Санчир инээх ярвайх хоёрын хооронд мэнд мэдээд эхнэрээ найзтайгаа ярилц гээд гал тогооны өрөө орж идэж уух юм бэлдэж зогстол Уянга орж ирээд

-Цаадах чинь чамаас ажил л асуух гэж байгаа байлгүй дээ. Чи орж бай би жаахан хоол хийгээдэхье. Юм идээгүй яваа гэнэ гээд Санчирыг түлхэхэд Санчир яаж ч чадалгүй хөл чирсээр гарлаа. Долгор хэзээний л зангаараа дотно инээмсэглэн

-За хөгшөөн юу байна? Төрөл сайн уу? гээд түмэн асуултаар булсаар угтлаа. Нилээн ярилцаж суусны эцэст Долгор галын өрөө рүү хяламхийснээ

-Найз нь чамайг өнгөрсөн явдалд шаналж явдгийг мэднэ. Найзад нь ч гэсэн үхэхээс наахнуур явсан өдрүүд бий. Чамайг Уянгад тэр тухай хэлчих вий гэхээс тайван сууж чадахгүй байсаар наашаа ирлээ. Найзад гэр бүл гээд байх хүн байх биш дээ. Уянга шиг хаа явсан газар өөрийн дүү шигээ загнаж халамжилж хайрлаж байдаг хүн өөр байхгүй. Хэрвээ тэр нууц задарчихвал би хэн ч үгүй болно. Чиний хувьд энэ сүржин яриа мэт байж болох ч би Уянгаагаа алдмааргүй байна. Тэр бүхэн гайтай архинаас л болж байгаа юм. Баллуурдаад арилгачихдаг бол би тэр өдрийг ой тойноосоо юу ч үгүй арилгаад хаячихаж болох ч цаг хугацаа өнгөрөх бүр зурайгаад тодроод байх шиг л санагдах юм. Энэ нууц үхтэл бид хоёрын дунд л үлдэг тэгэх үү гээд нулимс дүүрэн нүдээр өөдөөс нь дүрлийх бүсгүйд хэлэх үг олдсонгүй дэмий л толгой дохижээ. Долгор нулимсаа дээш харж шингээгээд хөдөө гадаа үзсэн харсан ажил төрлөө ярьж эхлэх нь энэ яриаг дахиж хэзээ ч яримааргүй байна гэсний тэмдэг байлаа. Уянга ч таваг дүүрэн хоол хамар сэнгэнэтэл сайхан үнэртүүлсээр орж ирээд

-За хоолоо идээрэй. Хөдөө гадаа бас ингээд хоолгүй яваад байдаг юм биш биз дээ гээд аашлах аргадахын хооронд хэлэхэд Долгор нууж байсан нулимсаа арайхийн барьж байгаа нь Санчирт тод харагдана. Санчирт ингээд Долгортой ний нуугүй ярьчихсан нь сэтгэлийн буртагийг өчүүхэн төдий нимгэлсэн ч бурхан нүглийн төлөөсийг заавал нэхдэг болохоор Санчир, Долгор хоёрт үйлдсэн нүглийнх нь хариу болгож Уянгыг харах бүрдээ насаараа гэмших ял үүрүүлсэн мэт.





0 comments:

Post a Comment