Sunday, September 25, 2011

Үүрд хайрлана

Бүсгүй компьютерийн ард суух бүрдээ болохгүй хэрэггүй дэмий гэж өөрийгөө хичнээн хориод ч барьж дийлэлгүй нэг л хүний цахим хуудсыг нээчихсэн шимтэн үзнэ. Сарын өмнө бүсгүй учиргүй баяртай байлаа. Залуу ганц бие гэсэн тодотголтой болж найз бүсгүйтэйгээ авахуулсан зургуудаа бүгдийг нь устгачихсан байжээ.Хичнээн баярлаж хөөрхөн ч бүсгүй ямар ч үйлдэл хийсэнгүй. Өдөр алгасалгүй шимтэх үзэх зургийн эзэн бол бүсгүйн хуучин найз залуу. Салаад 3 жил болчихсон хэрнээ энэ хүнийг мартаж чадахгүй энгэрт нь дулаацаж байгаа дүүмэдхэнд өдөр бүр атаархан суугаа нь энэ. Хаяад явсан гэх үү хаягдаад үлдсэн гэх үү үл ойлголцол дунд харилцаагаа үгүй хийчихсэндээ үргэжл харамсах ч хүний хүнийг дагаад гүйж чадахгүй харсаар сууна. Өнөөдөр дасал болсон мөнөөхөн цахим хуудас руу ортол жаргалтай инээмсэглэн тэврэлдсэн хосын зураг нүдэнд нь торолзож гэрлэсэн гэсэн үг зурайн харагдлаа. Үүлгүй тэнгэрээс аянга буух гээчийн мөн утгыг танилгүй явж гэмээр гэнэтийн энэ бүхэнд цочирдсон бүсгүй сандалын түшлэгтээ наалдан биеэ хураажээ. Бүтэхгүй гэдэгтэй эвлэрсэн мэт байсан бүсгүйд найдварын оч бүү хэл бүр гал байсан бололтой. Одоо харин тэр бүхэн юу ч үгүй болчихлоо. "Тэр бүр хүнийх болчихож. Хэзээ ч эргэж ирэхгүй" гэсэн харуусалт үгс тархи толгойг нь бөмбөр адил нүдэж нулимс нь урсаад ирэв. 3 жилийн өмнөх тэр нэг өдөр ч бүсгүй нулимсаа тэвчээд ингэж уйлаагүй тэссэн. Элдэв охидтой үерхэн буй сургийг сонссоор залхсан бүсгүй нэг л өдөр томоожоод чи надад л хайртайгаа мэдрэнээ гайгүй гэсэн бодлоор өдий хүртэл хайраа тэжээж байсан.

Цүнхээ ухан түрийвчээ гаргаж ирлээ. Залуутайгаа дотно тэврэлдэн авахуулсан зурагных нь буланд үүрд хайрлана гэж жижигхээн үсэг шивжээ. Үүнийг хэн нь санаачилж бичүүлснээ бүсгүй одоо санахгүй. Өнгөрсөн дурсамжинд хөглөгдөж суусаар нэг мэдэхэд 6 цагийн хонх цохиход сая нэг сэхээ аван компьютерээ унтраагаад цүнхээ чирэн гарахад нөгөө л нэг танил машин гадаа зогсож байлаа. Машинаас ажил хэрэгч хувцасласан дэгжин залуу буун түүнийг тосч ирээд үнссэнээ.

-Миний хайр уйлчихсан юм уу? Өвдөөгүй биз дээ? гээд царайд нь санаа зовсон байдал бий болоход бүсгүй түрүүчийн бодлоосоо салж чадахгүй толгой дохьсон болоод хажуугаар нь зөрж машинд суулаа. Машины шилэнд тогтоосон бяцхан жаазанд саях залуу бүсгүй хоёрын аз жаргалтай инээмсэглэсэн зураг харагдахад харцаа буруулж түрийвчнээсээ түрүүчийн зургийг гаргаж залууг орж ирэхээс өмнө шалмаг хөдөлгөөнөөс дундуур нь хоёр хуваан нэг хэсгийг нь цонхоор хаяхад "Үүрд хайрлана" гэсэн бичээстэй залуугийн зураг газар унаж хэдэн хормын дараа машин дээгүүр нь зугуйхан гарч одлоо.




0 comments:

Post a Comment