Wednesday, March 14, 2012

Өөрчлөлт

Нугас нь хаанаа ч юм эвдэрчихсэн үргэлж хяхнаж дуугарах энэ зүдэргээт хаалгаар би орж гарсаар 3 жилийн нүүр үзэж байна. Өдрийн цагаар ийш хэн зүглэхгүй. Хааяа нэг архи, шар айраг хүргэж ирэх хүмүүс л энэ хаалгыг онголзуудаг. Харин оройн цагаар хөөрхий хаалганы зовлонт амьдрал утгаараа эхэлдэг. Цаг минутгүй байнга орж гарах өсгийтэй, өсгийгүй, түрийтэй түрийгүй гутлын эзэд. Хаалгаар орохдоо элдэв нялуун усны үнэр хайр найргүй сэнгэнүүлсээр орох ч гарахдаа хөөрхий хаалгыг дугтчин архи тамхины эхүүн үнэр тархаасаар харанхуйд шингэн одно. Анх сонинд гарсан зарын дагуу энд ирэхэд энэ хаалга цоо шинээрээ гялтганаасаар угтаж байсансан. Элэгдэж муудсан хаалгыг харах бүрдээ би бас бусдад яг ингэж харагдаж байгаа болов уу гэхээс үргэлж эмээнэ. Хаалгыг зөөлөн хаагаад мөнөөх танил шатаар дээш өгсөн дотогш ороход хамгийн түрүүн ирсэн бололтой хувцас солих өрөөнд хэн ч алга байлаа. Будгийн толины өмнө хувцастайгаа лаглайн суугаад толинд өөрийгөө сайтар сонжин харлаа. Би 3 жилийн өмнөх БИ-гээс хэр өөрчлөгдсөн юм бэ? Нүүрний энгэсэг илт зузаарч, уруулын будаг улам тодорчээ. "Ширээний охин авна. Цалин өндөр 500,000-с дээш " гэсэн зарыг анх хараад 2-р курсын жаалхан охин ээж аавын гар харахгүй харин ч бүр тэдэндээ дэм болно. 500000-аасаа сар болгон 100000-г нь цааш нь хийж өөртөө машин байр авна гээд байж болох бүх сайн сайхныг мөрөөдөн энд ирэхдээ ширээний охин гэж хэн болох юу хийх ёстойг хумсын толионы дайтай ч төсөөлөөгүй. Өдий 3 жилийн дараа хийж бүтээснээ эргээд харахад түүнд хурааж хуримтлуулсан мөнгө байхгүй, хичээл сургуулиа тасалж явсаар одоо болтол төгсөж чадаагүйн дээр ээж ааваасаа авдаг татаасны мөнгөө авсаар л байгаа шүү дээ гэж бодохоор хааяа нэг ичих ч сүүлдээ ичих нь ч цөөрөөд байх шиг. Ээж аавын бодож байгаагаар бол би аль хэдийн сургуулиа төгсөөд ажилчих ангийн эгнээнд шилжчихсэн. Гэтэл бодит байдал дээр дэвшдэг ч үгүй халагддаг ч үгүй мөнөөх л ажил болох ширээний охин хэвээр. Тамхийг гарамгай татдаг болны дээр спиртний төрлийн эдээ умдааг ярвайхгүйгээр хүртэх болсон нь 3 жилд сурсан түүний эрдэм. Харин түүнд таалагдсан эсвэл түүний хүссэн мөнгийг өгч чадах хөгшин залуу хамаагүй эрчүүдийн дор дээр гарч нилээн олон хоногийг үдсний шанд мэдээж ор хөнжлийн ажилд шаггүй болсон нь дамжиггүй. Өнгөрсөн баларсан явдал өөрийн хийсэн зүйлсийг бодож хэсэг тольдож суугаад босч саяхан үнэ цохин худалдаж авсан тачаангуй даашинзаа мөрөндөө углахад өчигдөрийн согтуу солонгосын хүзүүнд нь тавьсан уруулын тамга хальт харагдахад ярвайгаад крем түрхэн далдаллаа. Ажилдаа гарах бэлтгэлээ хийн зогсож зуур хамт ажилладаг хүүхнүүд нь бөөнөөрөө шуугилдан орж ирээд Сараашка төрсөн өдрийн мэнд хүргэе гээд лаа асаасан бялуу өргөн нүүрэнд нь тулгахад Сараа баярын том том нулимс мэлтэрүүллээ. Хүүхнүүдтэйгээ нийлж жоорлож байсан ганц Bailey-ээ тойруулчихаад бараг анх удаа гэмээр эрч хүч аз жаргал дүүрэн ажилдаа гарлаа. Сараагийн ажил нь хотын төвийн томоохон диско баар бөгөөд 2 давхарт нь нилээд мөнгө хаяж тохижуулсан VIP танхимд мөнгө төгрөгөндөө хахаж цацсан гадаад дотоодын баячуудыг хүлээж авна. VIP танхимд үйлчлүүлэгчид байхгүй байсан болохоор халсан хүүхнүүд DJ залуудаа дуртай дуугаа захиалаад хүсснээрээ бүжиглэж байлаа. Зөөгч бүсгүйд Сараад нэг зүйл ирж шивнэхэд тэр толгой дохиод араас нь дагалаа. Сараагийн хуучны үйлчлүүлэгч нь иржээ. Хэдий дандаа баячууд ирэх ч хүүхнүүдийн дунд нэр муутай голоо цохьсон нөхдүүд ирэх нь бий. Өнөөдөр төрсөн өдөр минь болохоор бурхан зориуд харж үзээд түүнд өгөөмөр үйлчлүүлэгчийг нь илгээжээ хэмээн алгаа үрчин бодоод 2 дугаарын хаалгыг түлхэн орлоо. Анх уулзаж байгаа хүмүүс биш болохоор хэзээний хосууд шиг хошуу амаа нийлүүлэн эрхлэлдэх хоёрыг хэн буруутгах билээ.

-Манай нэг сайн найз хөдөөнөөс ирсэн. Чи бодож байгаад найзууд дундаасаа нэг сайхныг нь сонгоод ирээч. Манай найз одоо бараг ирж байгаа байх гэхэд Сараа

-Өнөөдөр миний төрсөн өдөр шүү. Бэлэг авчирсан биз дээ хэмээн хошуугаа унжуулахад бүдүүн эр маг маг инээгээд

-Бэлэг нь би байна хэмээн тарган гэдсээ цохилоо.

Сараа найз бүсгүйдээ үйлчлүүлэгчээ магтан коридороор алхана.

-Мөнгийг ёстой хайр гамгүй цацна ш дээ. Надад төрсөн өдрийн бэлэг хэдийг өгөх болоо хэмээн нүдээ ирмэн жоготой инээнэ. Түрүүхэн бурхны өгөөмөр сэтгэлд талархан бодож байсан Сараа хаалга түлхэн орохдоо бурхан ямар харгис юм бэ хэмээн бараг уулга алдлаа. Үйлчлүүлэгчийх нь сайн найз төрсөн ах нь байна гэж хэн санах билээ. Нилээн халамцуу суух ах нь коридороор дүүгээ орилуулан үснээс нь чирч явахдаа аав руугаа залгаад -Охин чинь янхан болчихсон байна ш дээ ааваа хэмээн тэнхээ мэдэн хашгирч байлаа.



0 comments:

Post a Comment