Wednesday, March 14, 2012
Болохгүй
Бороо дэндүү хүчтэй шаагисан намрын жихүүн орой. Төмрөөр дээвэрлэсэн байшингийн дээврийг ширүүн бороо нүдэхэд эгээ л бөмбөрийн цохиураар дэлсэж байгаа мэт. Гэрт тог тасарчихсан лааны ёлтгор гэрэл өрөөг тэр чигээр нь гэрэлтүүлж чадахгүй ч бүх зүйл тодхон харагдана. Өрөөний зүүн хана дагуулан тавьсан хавчиг орон дээр энгэрээ тэвэрч, хөлөө ачин суугаад цэхэлзэх нь нилээн авир муу байгаа бололтой. Өрөөг голлуулан тавьсан жижиг модон ширээн дээр гараа ачаад эрүүгээ тулсан залуу айхтар царайчилсан биш ч өөрийн бурууг мэдэрсэн байртай харагдана. Хаалганы ойролцоо хувцас хунар нь асгарах шахан арай гэж түгжсэн бололтой шинэвтэр чемодан ундуй сундуй хэвтэнэ.
-Хайраа иймхэн юмнаас болж хоёулаа салах байсан юм уу?
-Иймхэн... иймхэн ... иймхэн... гэж бүсгүй урам хугарсан байртай амандаа давтаж байснаа гэнэт босч ирээд залууг толгой түрийгүй хайр найргүй балбаж эхэллээ. Залуу нилээн удаан тэвчиж суусан сүүлдээ тэвчээр нь дууссан бололтой босч ирээд бүсгүйг сэгсчин
-Ямар ч хамаагүй хүн гээд байхад яагаад намайг зовоогоод байгаа юм бэ? хэмээн аймшигтай хилэн дүүрэн орилгоод бүсгүйг алгадаад унагаачихав. Түрүүхэн уур аашаа барьж дийлэхгүй байсан бүсгүй өмнөө зогсоо уур омгоо барьж ядан зогсоо танихгүй хүн шиг санагдах залуугаас айсандаа сая цохиулсан хацраа даран ор руу тэмүүллээ. Гомдож айсандаа нулимс нь өөрийн мэдэлгүй хацар даган сул асгарч хахаж цацна. Бүсгүйн нүд амьдралдаа анх удаа мангаж харж байгаа бяцхан хүүхэд адил айдас дүүрэн залууг ширтэх аж. Залуу гэнэтийн үйлдэлдээ өөрөө ч самгардан газар сөхрөн унаад мэгшиж эхэллээ. Харин бүсгүй энэ мангаж хэзээ над руу дахиад дайрах бол гэсэн айдаст нүдээр залууг тасралтгүй харж орон дээрээ өвдгөө тэврэн сууна. Яг ийм нүдийг Чинбаа өмнө нь харж байсан.
Чинбаа тэр үед 6хан настай байсан. Гэхдээ хар дарсан зүүд шиг тэр амьдралыг насан туршдаа хэзээ ч мартахааргүйгээр тод санадаг ч мартахын тулд зүрхнийхээ хамгийн далд байх цоожит авдарт хийгээд хав даржээ. Гэтэл өөрөөсөө ч нуусан зүүдээ тэр дөнгөж сая амьдрал дээрээ өөрийн гараар ил гаргачихлаа.
Чинбаагийн ээж ааваас нь үхтэлээ айна. Айх шалтгаан нь тодорхой. Уусан архи, мөрий тоглож алдсан мөнгөний буруутан хөөрхий ээж нь байсан. Ээжийх нь бүх биеийг хөх няц болтол нь зодож хүн харахын эрхгүй болгодог хэрнээ аав нь хэзээ ч Чинбаад гар хүрч байсангүй. Цэцэрлэгт орж элдэв янзын үлгэр сонсохын зэрэгцээ Чинбаа хүү ээжийгээ аав хэмээх 15-н толгойт аймшигт мангасаас элдэв янзаар аварч байгаа үлгэрийг өөрийн зүүдэнд зохиож түүндээ урамшдаг байлаа. Аав нь Чинбааг ээжтэй нь үг дуугүй орхиод явсан тэр намар хүү анх удаа бүтэн нойртой хонож сэтгэл амар байхын жаргалыг эдэлж билээ. Гэтэл энэ жаргал нь ганцхан сарын л настай байсан. Унтаж байсан Чинбааг сэрээхэд ээжийх нь царай ямар байсныг тэр хэзээ ч мартахгүй. Ээжийх нь царай үнсэн саарал болоод гар нь салгалан байсан.
-Аав чинь ... аав чинь ирлээ гэхэд ээжийх нь нүд яг өмнө нь бөнжигнөөд сууж буй эхнэрийх нь харц шиг байсансан. Хүү тэр үед ухасхийн босоод хувцсаа дөнгөж өмсөж амжаад байтал аав нь гаднаас хаалга сэвхийтэл нээн орж ирээд
-Намайг гэрээсээ явуулчихаад та хоёр сайхан байсан уу? гээд үгийн солиогүй ээжийг нь балбаж эхлэхэд 6хан настай Чинбаад аавыхаа цамцнаас татах л тэнхэл байсан.
-Ааваа битгий ээжийг зодооч дээ ааваа гэхэд улангассан араатан шиг эцэг нь эргэж хараад Чинбааг хөөхөд хүү айгаагүй харин ч ээжийхээ зовлонг түр ч атугай хөнгөвчилсөндөө баярлаж байсансан. Аав нь тэр жилийн өвөл согтуу гадаа хонож хоёр хөлөө хөлдөөгөөд тайруулахад тэднийд нэгмөсөн амар амгалан амьдрал иржээ. Аавыг нь Чинбаа, ээж хоёроос нь өөр хандах хүн байгаагүй. Бурхан Чинбаад тусалж 15 толгойт атигар хар мангасыг номхтгож өгсөн гэж тэр дандаа боддог байжээ.
Өнгөрсний харанхуйд хэсэг төөрч суусан Чинбаа үүлгэртэн босч ирээд эхнэр рүүгээ тэмүүлэхэд цаадах нь айсандаа орны толгой руу хярлаа. Чинбаа эхнэртээ ойртоод энгэртээ чанга тэврэхэд эхнэрийх нь зүрхний цохилт аажим аажмаар тайвширч байгаа нь мэдрэгдэнэ.
-Хайртаа намайг уучлаарай. Үгүй ээ надад уучлаарай гэх ч эрх алга гээд эхэр татах Чинбаа одоо л эхнэрийхээ нүдэнд түүний хайрыг татаж байсан түүний таних Чинбаа болон харагдаж байлаа.
-Хайрд нь чамаас өөр эмэгтэй хүн байхгүй. Чи надад итгэ л дээ. Дугаар андуурч ирсэн зурвасаас болоод чи амьдралаа сүйтгэх гээд байна. Харин саяын саяын хийсэн үйлдэлд надад зөвтгөх шалтгаан үнэхээр алга. Энэ үйлдлээс болж надаас сална гэвэл би татгалзаж чадахгүй. Одоо ингээд явж чадна гээд өндийхөд бүсгүй гараас нь бариад
-Хайртаа тэвчээргүй зан гаргасан намайг уучлаарай гэсэн тэр үг тэднийг дахин нэгэн зүрхэнд нэгтгэж тэр шөнө Чинбаахар дарсан зүүд мэт хүүхэд насныхаа тухай эхнэртээ анх удаа ярьснаар тэр хосын хайр улам батажжээ.
0 comments:
Post a Comment