Чи юу ч мэдэхгүй

Чи санадаг уу?

Чамайг зүрхэнд минь ирэхэд

Тасхийсэн 12 сарын жавар тачигнаж байсан ч

Танхил зүрхэнд минь хаврын яргуй дэлбээлж байсан


Чи мэддэг үү?

Чамайг намайг гомдоох үед

Нялх балчирхан тэр яргуйс хагдарч эхэлсэн ч

Нулимсаараа би сэтгэлээ аргадан байсан юм шүү


Чи анзаардаг уу?

Чиний хоосолчихсон итгэлийг

Чихэр шиг үгсээр чинь орлуулах гээд чадахгүйдээ

Чимх чимхээр дотогшоо эмтэрч үгүй хийж байна би


Чи ойлгодог уу?

Чамаас авч чадахгүй шударга хариултыг

Чин үнэнч гэсэн нэгнээсээ хайж чиний мэдэхгүй холын холд

Чимээгүйхэн алсалсаар бүгд худалд дэндүү гүн автаж байна



Read More

Яагаад???

Бусдын энгэрт эрхэлсэн жаргалтай өдрүүдэд чинь

Буруутган өөрийгөө би хичнээн зүхлээ

Сэтгэлийн сайхныг чинь ээдүүлж байна гэж

Сэмэрч хэдэн шөнө нойргүй хонолоо


Ингэж хайрласан би биш байтал

Тэгж хайрласан чи яагаад

Тэгтлээ үнэтэй гэж итгүүлсэн хайраа

Тэвчилгүй уландаа гишгэчихсэн юм бэ???


Ядруухан зүрх минь шүүр шанага шиг гомдолтой ч

Янагийн халуун хайранд чинь бүтэн болно гэж итгэтэл

Яагаад бас яг л "бусад" шиг

Ялын тогтоол зүрхэнд минь уншчихваа???




Read More

Сүүлчийн гомдол

Би чиний царайг хаа нэгтэйгээс олж харах мэт болохоороо байгаа бүх анхаарлын цэгүүд маань тэр зүгт төвлөрөх мэт санагддаг. Гэхдээ биш гэдгийг нь лавлан харж мэдээд баярлахаасаа илүү урам хугарсан мэт болдогоо би өөрөө ч гайхаад олдоггүй юм. Таарах бүрд чи миний дотоод сэтгэлийг уудлаад харчихсан мэт тохуутай хандахад чинь ч би ихэрхэж бардамнаж чадалгүй чиний өмнө толгой бөхийдөг. Би ийм хүн биш гэж өөрийгөө хичнээн удаа зоригжуулаад ч нэмэр бололгүй яг л өөр нэгэн болчихсон мэт чинийхээр болчихдог. Аль эрт дээрийн өрөө нэхэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг нь магад бид урд хэзээний ч юм төрөлдөө учирч би чамайг тоймгүй их зовоож байсан ч байж болох.

Эхлээд зүрхээ эмтлэн уйлж унждаг байсан ч би хувь тавилантайгаа эвлэрсэн. Хэн ч намайг ятгаад гуйгаад харааж загнаад ч би чамайг үгүйсгэж холдож чадахаасаа өнгөрсөн. Найз маань намайг алгадаад чи энэ биш байна гээд өөрөө уйлан аргадаж байхад би чамайг л санаж байсан. Чи намайг гээд зориод ирэх өдрөөс чинь би зугтаж амьдрах ч хүрээд ирэхэд чинь явуулж чадахгүй. Орхиод явахад чинь хичнээн үзэн ядаж өшсөн ч эргээд ирэхийг чинь хүлээн дэрээ тэврэх тийм л ихээр чамайг хайрласан. Би өөрийгөө хориод ойлгож чадахгүй байгаа энэ бүхнийг чи ойлгохгүй нь мэдээж.

Би тэнэгхэн хайрандаа нэг л өдөр томоожоод чи минийх болохоор ирнэ гэж шатдаг байлаа. Гэтэл би зүгээр л чамайг хэн нэгэнд гомдоход сэтгэлийг чинь засаж, хаягдахад явсныг чинь орлож, дутуу хайрлуулахад чинь би гүйцээн хайрладаг дуусашгүй цэгэн цуваа л байж. Миний хайрыг хүлээж явдаггүй юмаа гэхэд ядаж хүндэлж явдаг байх гэсэн бодлоор би тэжээгдэж явтал

-Чи бол сэтгэл хөдлөл байхгүй мөс шиг хүйтэн хүүхэн гэж хэлэхэд чинь цаг хугацаа, итгэл найдвар, хайр хүлээсэн сүүлчийн найдвар маань мөсөн цамхаг шиг л нуран унасан. Өөр хэн нэгэн намайг ингэж хэлсэн бол би инээд алдаад өнгөрөх байсан ч чиний л дэргэд би эрхэлж хайлж нялхардаг байтал ийм хөндлөнгөөр боддогт чинь би эмтрээд үлдсэн. Эргээд харахад тэр миний чамд гомдсон сүүлчийн гомдол байсым билээ...





Read More

Нулимс үнэтэй

Тэр бүсгүйг уйлахад нүднээс нь сувдан нулимс унадаг тухай анх сонсоод миний нүдэнд шууд бөөн мөнгө харагдаж билээ. Үнэн худлыг нь лавлаж нилээн асууж сураглатал хүн бүр ижил зүйл ярих аж. Түүнд хүрэх зам тийм ч бардам байсангүй. Би зорьсондоо хүрэхийн тулд өөрийн хийж чадах бүх зүйлийг хийсэн. Түүний төлөө магадгүй түүний үнэтэй нулимсны төлөө тэмцсэн олон залуус дундаас би ялж гарч чадсан. Гэхдээ миний ялалт дөнгөж түүний гэрийн хаалгач болохоос л эхэлсэн. Бүсгүйн том шилтгээнд эрчүүд цөөхөн байсан учраас би тэнд ажилд орсон нь яах аргагүй амжилт байлаа. Бүсгүйг харчих юмсан гэсэн хүсэл маань биелэхгүй нилээн хэд хонолоо. Би үнэхээр зөв газраа ирсэн билүү ч гэж бодоход хүрсэн юмдаг. Гэтэл нэг өглөө шилтгээнийхэн бүгд бужигнаж байсан. Би дөнгөж босоод байсан болохоор учрыг нь олоогүй байтал хаа нэгтээгээс тийм гэхийн аргагүй сайхан үнэр гарч ухаан бодол мансуурууллаа. Ийш тийш хартал ялдамхан инээмсэглэсэн жирийн нэг бүсгүй над руу хараад зогсож байлаа. Хажууд нь бяцхан хүүдий барьсан үйлчлэгч бүсгүй зогсох нь үнэт нулимсны манаач болох нь илт. Би хариу инээмсэглэхгүй байж чадсангүй. Бүсгүйн байдлыг ажвал миний бодсон шиг их уйлдаггүй бололтой.

-Шинэ хаалгач гэж сонссон. Би энэ байшингийн эзэгтэй гээд гараа өгөхөд нь би хүндэтгэлтэйгээр уруулаа хүргэсэн юм. Тийм царайлаг биш ч түүний байгаа байдал нь газраас бага зэрэг хөндийрч хөөрч яваа мэт хөнгөн зөөлөн цаанаа л сэтгэл татагдмаар...

Түүнийг өөртөө татах нь энд ирснээс хэцүү байж би санасангүй. Би царай муутай нэгэн биш гэдгээ хүүхнүүдийн хандлагаас хэтэрхий сайн мэдэрдэг. Гэвч бусад дээр хэрэглэдэг арга эзэгтэй өчүүхэн ч нөлөөлөл үзүүлэхгүй байсан учраас би яг үнэнийг хэлэхэд гацчихаад байтал шөнийг далимдуулан хулгай хийхээр орсон нэг этгээдийг барьснаар эзэгтэй надад илт сайн хандах болсон юм. Би ч энүүхнээр дуусгахыг хүсээгүй болохоор аль болох хурдан түүнд ойртож зүрхнийх нь эзэн боллоо. Би зорилгоо хурдан эхлэхийг урьтал болгосонгүй ганц нэг сарыг тэсэн ядан хүлээлээ. Энэ өдрүүдэд эзэгтэй уйлах битгий хэл бүр их инээмсэглэх болсон гэж шилтгээнийхэн шивэр авир хийж байлаа. Эцэст нь би нэг үдэш эзэгтэйтэй хамт хоёулахнаа суух зуур элдэв жижиг шалтаг гарган муухай аашилсаар санасандаа хүрч эзэгтэйн нүднээс том том нулимс гарч газар унахаасаа өмнө сувд болон унаж байлаа. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Надад эзэгтэйн гомдол би энэ сувд илүү сонин. Гомдол их байх тусмаа том сувдтай болохоо мэдсэн би өдөр бүр аяг шалтаг олж санаснаа гүйцээгээд дуртай дургүй аргадана. Эцэст нь хүн чанар бага боловч зулгааж хүн ингэж зовоож байхаар сувдаа аваад далд оръя гэж бодоод шөнө хагаслан орголоо. Замаасаа унаанд дайгдаж хот орохоор явах зуур түр дугхийчихжээ. Нүүрэн дээр нойтон зүйл дуслахад цочих сэрвэл би үл таних хонхор газар хэвтэх агаад тэнгэр цэлмэг байтал усан бороо орох ажээ. Удалгүй бороо бүр ширүүн орж ам руу орох нь илт шорвог байсан нь гайхмаар... Хүүдийтэй сувдаа тэмтэрвэл бүгд үгүй болжээ. Хонхороос гарахаар дээш авиртал эргэж гулгаад санахын хазгай аз. Харин борооны ус улам их болж ойрхон хүмүүсийн хашгираан аймшигтай сонсогдож эхэллээ. Шорвог бороон ус миний хүзүүнээс дээш даван хоолой амаар нь ус урж хахаж цацан ухаан алдан живлээ. Маргааш өглөө нь дахин сэртэл би мөнөөх газраа шорвог бороо орсоор сэрэхэд зүүд байж хэмээн баярласан ч өчигдөр болсон бүхэн давтагдаж даарч өлсөж хоолой хатна...

Эзэгтэй хайртай хүнээ ойн захад хүнд хорлогдсон байхыг олоод орь дуу тавин уйлж хашгирч байхад сувдын манаач түүний дэргэдээс холдолгүй тосон зогсоно. Харин түүний сувдан нулимс тамд хайртай хүнийг өдөр болгон живүүлж буйг хэрхэн мэдэх билээ...

Read More