Жаргал



Сэтгэлээ би жаргал нуурын усаар дүүргэчихээд
Сайхан чинийхээ хун хайраар нуураа гоёдгийм
Дурлалаа би дулаахан итгэлд чинь өлгийдүүлчихээд
Дуу алдам хорвоогийн гоо үзэсгэлэнт согтдогийм

Read More

Хар



Би тэр охиныг хар өнгөтэй л зүйрлэж хардаг юм. Яагаад ч хар өнгө л тэр хүнийг төгс илэрхийлэх өнгө. Дотроосоо ч гаднаасаа ч... Гэхдээ энэ нь түүнийг муу муухай гэсэн үг огт биш юм. Тэр тас хар үстэй цав цагаан царайгаа чимсэн гүн хар хөмсөгтэй. Нүүрний бусад эрхтнүүдийг нь түүний царайд зохицуулж шигтгэх гэж бурхан ихээхэн хичээсэн болов уу гэмээр харагддаг. Анх би түүнийг харахад их эмэгтэйлэг зөөлөн ааштай байж таарна гэж таамаглаж байсан юм. Бүгд эсрэгээрээ... Тэр яг эр хүн шиг түс тас зантай. Өөрт нь хэтэрхий зохисон шантгар хамраа ойшоодоггүй болов уу гэмээр байнга шантайлгаж байгаад маажина. Хүүхдийн гэмээр булцгар гартаа огт зохихгүй тамхин гоёлыг өдөр шөнөгүй бариастай.
Нэг зун тэр ажлын хаалгаар орж ирэхэд нь би түүний юу өөр болсныг гайхаад олохгүй байлаа. Харахад тэс өөр хүн харагдаад байсымдаг. Би ахин дахин харлаа. Нэг л бишээ... Тэр хөмсгөө хусчихсан байсан. Хүүхнүүдийн хүсээд ч заяадаггүй өтгөн сайхан хөмсгөө мэлцийтэл хусчихсан байсан. Эмэгтэй хүн тэгчихээр ямар олигтой харагдах вэ дээ. Хүн бүр шогшрох ч мань хүн өөрөө өчүүхэн төдий ч тоогоогүй. Халууцуулаад байсымаа. Одоо сайхан байна гээд инээх зуур хамраа шантайлгаад маажиж зогссонсон.
Халхгар хэлхгэр хувцас байнга өмсдөг болохоор түүний биеийн галбир ямархуу болохыг харсан хүн ховор. Хөлдөө кет жийчихээд үднэ гэж огт байхгүй. Түүнийг хойноос нь харвал хүмүүс гудамжны хүнтэй андуурч хармаар...Ажил дээр түүнийг гүйцэх мэргэжилтэн үгүй болохоор бүх хүн түүнтэй найрсаг сайхан харьцана. Хааяа захиралтай там түм болтлоо хэрэлдээд хаалгыг нь саваад гарч байгаа харагдах ч удаа ч үгүй тас тас инээгээд хоёул тамхи татаж зогсоно.
Чи эмэгтэй хүн шиг юбка плаж өмсөөч гэсэн нэгний урдаас Тэгвэл харчууд амар заяа үзүүлэхээ болино ш дээ гээд хавийн хүнийг хөгжөөж байсан нь үнэндээ голыг нь олоод хэлчихсэн үнэн байсан юм.
Хар өнгөтэй хамгийн зохилддог өнгийг би цагаан гэж боддог. Манай "хар" охин би заяаны ханиа өөрөө сонгоно гэдэг нь ч үүнийг батлаад өгдөг юм. Нэг л өдөр "хар" охины "цагаан" залуу дэгээдчихсэн гүйж байна байх даа.

Read More

Дутуу



- Эд яагаад намайг хамт явъя гэсэн юм бол? Ингээд ганцааранг минь орхих л байсан юм бол ширээний сахиураар намайг авчирсан юм байх даа гэсэн хүнд бодолд автсан Номин хундагалж тавьсан градус өндөртэй архийг нэг амьсгаагаар хөнтөрлөө. Эргэн тойрноо нэг ширвэн харлаа. Бүгд түүн рүү хараад ч байгаа юм шиг. Харах харахдаа бүр өрөвдсөн байдалтай хараад байх шиг.
- Ямар бачимдмаар орой вэ? Бүгд баярлан цэнгэж бүжиглэж байхад би тэдэнд атаархаад сууж байх ч гэж дээ... Аймшгийн баяр гэнэ шүү. Би жинхэнэ энэ оройн аймшгийн хатан байх шив... тамхиа авч хүчтэй сороод утааг нь үлээх зуур нэг найз нь бүжгийн талбай орхин түүн рүү ирлээ.
-Миний найз уйдаагүй биз дээ?
-Зүгээрээ их сайхан байна.
- Гомдчихсон юм уу даа?
-Хөлгүй намайг дагаж та хэд урвайж сууна гэж юу байх вэ дээ
- За миний найз битгий ийм юм ярь л даа гэхэд
Номин уусан архины халуундаа хөдөлж босч явж чадахгүй байгаа хамаг бухимдлаа өөрийг нь ойлгохыг хичээн суугаа найздаа гаргачихмаар санагдсан ч амаа таглах нь холгүй тэвчээд ахин нэг хундаг архи татлаа.
- Найз нь энд дэмий иржээ. Хөдөлж явж байгаа хүмүүсийг харахаар атаархсандаа үхэхээс наахнуур болох юм
- Найз нь ойлгож байнаа. Гэхдээ чамайг гэртээ ганцаараа байгаад байхаар уйддаг байх гэж бодоод л найзууд нь ...
-Ширээний сахиур болгосон гэж үү гээд өгүүлбэрийг нь гүйцээчихмээр санагдсан ч ... Үнэндээ Номингийн хөлгүй хүний тэргэнцэр дээр суучихаад хүний гар харах болсон эдний буруу гэж үнэндээ юу байгаа юм бэ?
Барны ая улам чангарч гоё сайхан охин хүүхнүүд эрчүүдийн харааг булаан бүжгийн талбайг эзэрхэж харагдана. Найз нь ч удаан сууж тэссэнгүй бололтой бүжгийн талбай рүү өгзгөө сэгсчин одлоо. Тамхиа татан бодолд дарагдан суусан түүн рүү нэг эр ирээд хажууд нь суух зөвшөөрөл асуусанд Номинд ямар ч ялгаагүй байсан учраас толгой дохилоо. Сайхь эрийг хараад Номинд ямар ч сэтгэгдэл төрсөнгүй. Уг нь эрчүүдэд эргүүлэгдээгүй удсан болохоор баярлаж догдолмоор... Сэтгэлийн хөдөлгөөнгүй гөлийсөн нүдээ хөдөлгөхөөс ч залхуу нь хүрээд байгаа юм уу гэлтэй.
- Би чамайг удаан ажиглалаа. Тэгээд танилцах санаатай. Чи их хөөрхөн юмаа.
- Хөлгүй гэдгийг маань анзаараагүй юу? гэхэд нөгөө эр Номин руу сандлаа дөхүүлээд нилээн архи үнэртсэн хошуугаа бараг чихэнд нь наах нь холгүй
- Анзаарсаан. Чи үүнээсээ битгий санаа зов. Чиний бүх юм надад таалагдаж байна. Номин энэ удаа харин жинхнээсээ гайхсан харцаар сонжин харлаа. Нүдэнд хүйтэндүү гөлөгнөсөн сахал үсээ сүүлийн үед хусаагүй бололтой нилээд согтсон үеийн залуу.
-Хачин л юм гээд Номин өмнөх архиа дахин нэг хөнтрөхөд залуу хундагыг нь дүүргээд мөн өөртөө хундагалж аваад
- Намайг Ачаа гэдэг. Хөөрхөн гүнжийн нэр хэн билээ?
- Номин гээд залуугийн царай руу ч харсангүй дахин хөнтөрлөө.
-Гүнжид таарсан сайхан нэр байна. Найз нь их шударга л даа. Ойлгоорой гэснээ дахин нойтон хошуугаа чихэнд нь наан Хоёулаа хамт хонох уу гэхэд Номингийн дургүй гэхээсээ илүү инээд нь хүрлээ.
- Чамайг надаас бусад нь тоохгүй байна уу?
- Намайг хамт хоноё гэсэн охидууд зөндөө л байна л даа гээд худлаа согтуурхан түүнийг тэвэрч авахыг оролдоход Номин зөөгчийг дуудан мөнөөх залууг өөрөөсөө холдуулахыг хүслээ. Залуу хэлсний зоргоор холдсонгүй хэрүүл шуугиан тарин нилээн юм болсноо эцэст нь Номинг чичлэн
- Тахир дутуу чам шиг гичийд надаас сайхан залуу олдохгүй за. Их зантай гичий вэ хэмээн шүлсээ үсчүүлэн бараг зодох нь холгүй давшилж эхлэхэд хамгаалагч нар залууг авч одлоо. Номин гомдох биш уурлах биш багтран хэсэг чимээгүй байснаа найзуудаа нүдээрээ хайтал тэд сая болсон явдлыг мэдэх нь байтугай анзаарсан ч шинжгүй нэг нэг залуу хүзүүдчихсэн харагдана. Номин зөөгчийг дуудан туслуулаад энэ газрыг бушуу орхихын түүс болжээ. Зөөгч тэргэнцэрийг нь түрэн гадагш гаргахад сэрүүн агаар Номингийн нүүрийг илбэж түрүүнээс хойш гаргаж чадахгүй байсан бүх сэтгэлийн хөдөлгөөн нь холилдон асгартал уйллаа. Зөөгч учраа олохгүй эргэлдэж байснаа захын таксинд Номинг суулгаад зугтах нь холгүй оров. Такси хөдлөөд хэсэг явсны дараа жолооч хойш харан хаашаа явах вэ гэсэн байртай харлаа.
- Төмөр замын 72-р байр гэж арайхийн хэлсэн Номин тайвширч чадахгүй уйлсаар...
Жолооч иймэрхүү зүйлд дөжирсөн бололтой түүнийг уйлахад саад болохгүй таг дуугүй замаа ширтэн явна. Номин халтайсан царайтай гэртээ орохыг хүсээгүй учир жолоочийг жаахан удаан яваасай гэж бодож байсан ч санаснаас нь хурдан гэрийх нь гадаа хүрээд ирэв.
- Ахаа би таны машинд сууж жаахан тайвшраад оръё тэгэх үү? гээд горьдлого дүүрэн харахад жолооч толгой дохиод ФМ-ээ тааруулан уянгын ая тавихад Номин
-Нэг ч гэсэн хүн намайг ойлгох гэж хэмээн бодоод уртаар санаа алдлаа. Ая дэндүү тансаг ажээ. Номинд дахиж уйлах хүсэл төрсөнгүй. Харин ч бүр тайвшран тэрхүү аянд автан өмнө амсаж байгаагүй сэтгэлийн таашаалыг мэдэрнэ. Бүтэн 30 минут огт юм ярихгүй ая сонссны эцэст Номин гэнэт сэхээ орон жолоочид ингэж их төвөг удаж байгаадаа санаа нь зовон
- Ахаа энэ таксины мөнгө. Хариулт хэрэггүй. Та намайг гэрт ороход туслаад өгөөч гэхэд жолооч мөнгийг нь авахгүй гэж дохиход Номин сая л түүнийг хэлгүй болохыг нь ойлгожээ. Яагаад Номинг тэгтлээ сайн ойлгоод байсныг ч ойлголоо. Жолооч цаасан дээр гаргацтай сайхнаар
"Миний утасны дугаар 9989634.. Чи над руу мэссэж бичиж байгаарай" гэж бичээд Номинд өглөө. Гэрийх нь үүднээс буцахынхаа өмнө жолооч Номин руу инээмсэглээд баяртай гэж даллаа. Номин гэр рүүгээ орохдоо сэтгэл дүүрэн орлоо. Дахин тэр хөлгүй гэдэгтээ эмзэглэх шаардлагагүй ч юм шиг... бас түүний зүрх эзэнтэй ч болчихож байгаа юм шиг... алин болохыг мэдэхгүй ч Номин охин энэ орой дэндүү жаргалтай орондоо орлоо.



Read More