БЭХЭРЭ "Намайг хайрлаагүй зүрх"

Намайг хайрлаагүй сэтгэл жиндүү

Тэврэлт нь жаргалын төлөөх, хоосон

Үнсэлт нь янагийн шагнал, хөндий

Нүд нь хүсээгүй уулзалтын залхаалт

Зүрх нь мэдэхгүй алс хягаарт, хүнийх

Амлах үгс нь цуурай, хуурамч

Алслаад одох хөлийн чимээ л ганцхан үнэн

Намайг хайрлаагүй зүрх...


Read More

"Ээдрээ" үргэлжлэл 5

Охиныг дээш өргөөд өөр рүүгээ ямар хүчтэй татсанаа ч анзаарахааргүй согтуу байлаа. Цацралын хувьд бүх зүйл санаснаар нь болж байгаад сэтгэл хангалуун энхрийхнээр татагдан унав. Тайлаад байх хувцасгүй охин хэдхэн мөчийн дараа эхээс төрсөн гуа биеэ гайхуулан өмнө нь зогсох бөгөөд шунаг тачаалд шатсан хархүү түүн рүү араатан адил дайрч байлаа. Жижигхэн хоёр хөх нь тэрүүхэндээ сэрийгээд олон эрийн хүсэл хангаагүйг гэрчлэх онгон танхил бие нь өмнөх аймшигт дурсамжаа мартаж ядах мэт чичирхийлнэ. Уруулыг нь идэх шахан үмхэлж бяцхан хөхийг нь хайр гамгүй базлах согтуу эрээс охин өөрийгөө харамласангүй. -Чи ямар гоё юм бэ? Чи ямар гоё юм бэ хэмээн аахилан үглэх залуу охины хамаг биеийг үнсэн илж таалсаар ширээ түшүүлэн зогсоогоод хойноос нь зэвсгээ шургууллаа. Охин хэдий энэ бүхнийг өөрөө хүсэж өнөө орой бүхнийг урьдчилан төлөвлөж унтлагын нимгэн хувцас хүртэл сонгосон хэрнээ яг энэ мөчид тэсэхүй бэрх өвдөж нүднийх нь нулимс урсан гарлаа. Шүд зуун орилохгүйг хичээвч согтуу эрийн хайр гамгүй хөдлөх нь тарчлаантай. Хэдэн зуун жил болсон мэт санагдах зовлон дуусч Зоригоо -Чи ямар гоё юм бэ гэж бувтнасаар л байлаа. Зоригоо нүцгэн чигээр хөргөгч ухан шар айраг гаргаж ирснээ уйлснаа нуун нүдээ арчих охины нулимсыг ч анзааралгүй хөтлөн унтлагын өрөө руу гуйвлан алхав. Хоёул хэзээний хосууд шиг аяглан нэг нэгнийхээ ам руу асгаж тоглосоор шар айраг дуусахын хирд залуу охиныг дахин ноолж эхлэхэд энэ удаад охин шал өөр мэдрэмж авч байлаа.

Толгой нь задрах шахан өвдөж ам цангасан Зоригоо үд дундын алдад сэрээд ус уухаар салгалан босов. Дотроо онгойтол хүйтэн ус год год хийтэл залгитал дахин согтож буй мэт санагдана. Ёолж ёхлосоор ор руугаа шургатал хэн нэгний нүцгэн бие тэмтрэгдэхэд цочсондоо огцом татаж авлаа. Хөнжлөө сөхөн лавлан хартал яах аргагүй хуурай дүү дотуур нь хувцас ч үгүй унтаж байв. Шартах дотор муухайрахаа тас мартаад олго харайн босч урд шөнө юу хийснээ санах гэж оролдовч ой тоймтой юм бодолд нь нэг ч орсонгүй. Өмнө нь нэг удаа согтуу ирж авгайгаа алгадсан гээд салах сарних дээрээ тулж байсан ч Зоригоо одоогийх шигээ юу ч санахгүй байсан. Толгойгоо барин гал тогооны өрөөгөө хэмжих мэт ийш тийш хэдэн удаа алхлаа. Олигтой санаа орж ирсэнгүй. Юутай ч Цацрлалыг сэрэхийг хүлээхээр шийдэв. Түмпэн шанага түчигнэх чимээгээр охин сэрсэн ч Зоригоотой яаж ярьж эхлэх яаж царайг нь харах вэ гэж тээнэглэзэн хэвтсээр... Давсаг нь чинэхийн хэрээр аргагүйн эрхэнд босч 00 ороод гарч иртэл -Цацаа миний дүү хоол ид гэх дуу гарлаа. -Чи өөрөө л ийм юм хүссэн юм чинь одоо юундаа ингэнэ вэ гэж өөрийгөө зэмлээд хөнгөхөн хөнгөхөн гишгэлсээр галын өрөө ороод цааш харан хоол аягалах Зоригоог хойноос нь тэврэн авав. Энэ гэнэтийн үйлдэлд цочсон хархүү аягатай хоолоо тогоо руугаа буцаагаад алдчихав. -Сайхан амарсан уу дүү минь цаанаа сууж бай. Би хоол аягалаад өгье гэж түгдчин хэлээд гарыг нь тавиуллаа. Бүгдийг огт өөрөөр төсөөлж байсан Цацрал урамгүйхэн хөлөө чирэн ширээ рүү явав. Хоол цай авчирч өгөөд охины царайг харж чадахгүй доош харан сууснаа Цацрал руу хартал өнөөх нь хоолоо ч идсэнгүй түүн рүү асуулт дүүрэн харцаар харж байлаа.-Ах нь өчигдөр хэтрүүлээд уучихжээ. Ах нь тасарчихаараа юу хийснээ яаснаа санадаггүй будилуу тархи байгаамаа. Миний дүү ахыгаа уучлаарай. Ах нь эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ хэмээн ах гэдгээ сануулах мэт үг бүхнийхээ араас ах гэсэн үг хэлсээр дуусгав. Цацралд хэлэх үг олдсонгүй. Өөртэй нь унтсанаа ч санахгүй байгаа хүнд тэвчин тэвчин биеэ өглөө гэж үү. Зөрүүд нулимс нь хичнээн хориод ч нэмэргүй сул асгарлаа. -Зоогий ахаа би онгон байсан ш дээ. Та Оюунаа эгчтэй арай суугаагүй л байгаа биз дээ. Өчигдөр та огт өөр юм ярьсан даа гээд эхэр татан уйлав. Сандарсан Зоригоо байх суух газраа олж ядан байснаа өмнө нь өвдөглөн суугаад -За миний дүү битгий уйл, ахыгаа ёстой уучлаарай. Оюунаа эгч бид хоёр нь удахгүй хүүхэдтэй болно. Сална гэж юу байх вэ. Ах нь юу ч санахгүй байна. Ёстой уучлаарай. Дүүдээ бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна хэмээн арга нь барагдсан янзтай үглэнэ.

Тэр орой Цацрал хамаг хувцсаа цүнхэлж аваад Зоригоотой хар цагаан дуугүй гэр рүүгээ яваад өглөө. Харин Зоригоо Оюунааг иртэл нэг ч шөнө бүтэн нойртой хонож чадсангүй. Цацрал лав шууд хэлэх байх даа, Оюунаагийхаа нүүрийг яаж харнаа гэж элдэв юм бодсоор яс арьс болтлоо туржээ. Байнга залгаж эсвэл зурвас бичиж -Ахын дүү ахынхаа амьдралыг битгий нураагаарай гэж үглэх Зоригоогоос Цацрал бүр залхаж орхив. Зоригоогоос өөр сайхан залуу үгүй мэт түүнийг Оюунаагаас салгахдаа л нэг салгана гэж самуурч явсан охин түүнээс холхон байхыг л хүсэж байлаа. Омголон бардам сайхан залуу шиг байснаа юун арчаагүй юм билээ дээ гэхээс дотор нь арзаганана.

Инээд алдан онгоцноос буусан Оюунаа Зоригоог хараад хирдхийн цочив. Тураад бүр нүднээс гарчихсан олон шөнө нойргүй хоносныг нь гэрчлэх хөх зураас нүдэн доогуур нь гарчихсан байх юм. Сайн уу гэхээсээ түрүүлээд -Чи чинь ямар их турчихаа вэ? Хоол ундаа сайн идэхгүй яасын? гэсээр ирэхэд Зоригоо өрөвдөлтэй нь аргагүй зүгээр л инээлээ.

Оюунааг ирсэн сургаар Цацрал юу ч болоогүй мэт дуу шуу болсоор орж ирэв. Хүүхнүүд болсон хойно хавийн сонин хачин ярьж хошуу холбоод салахгүй суухад өмнө нь баярладаг байсан Зоригоо энэ удаа тоглоомондоо орж чадахгүй тэднийг юу ярьж байгаа бол гэхээс байж сууж ядаж байлаа. Цацрал явж Оюунаа Зоригоогийн хоолыг барьсаар орж ирснээ чи чинь яадаг гэнээ гээд нүдээ хурцлан цоо ширтэв.


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...




Read More

БЭХЭРЭ "Инээмсэглэсэн хэвээр..."


Инээмсэглэн авхуулсан бидний зураг

Одоо тусдаа инээж байгаа

Хаа хамаагүй хогийн саванд нэг нь

Хайгаад олохгүй үнсэн дунд нөгөө нь

Жаргалтай мишээсэн төрх нь хэвээр

Хайрын харц нь илхэн чигээр

Давтагдашгүй тэр төрхөөрөө

Дахиад хэзээ ч нийлэхгүй

Тэр газруудад инээмсэглэн хэвтээ...




Read More

БЭХЭРЭ "Бурханы бэлэг"

Тунгаа эмнэлэг рүү орж байхдаа огт сандарсангүй. Харин ч шийдэмгий түргэн алхсаар хүлээн авах дээр очиж хэдэн юм бөглөж эмчид нь өгчихөөд дээшээ гараад хувцасаа сольж бай гэсэн үгийг сонссоноо заагаад байгаа зүгт нь явмааргүй санагдаад хөл нь хүндрээд ирэв. Хувцасаа сольчихоод хүлээлгийн өрөөнд сууж байтал нэг бөглүү ёолох уйлагнах чимээ гарахад Тунгаагийн чих сэртэс хийгээд зүрх нь урагдаад явчихав. Хамаг амьсгал нь давчдаад нүдний аяганд нь нулимс дүүрээд ирэхийг харсан найз нь яасан чи зүгээр үү наад царай чинь гэхээр жаахан ухаан орж нулимсаа шудраад юу ч хэлсэнгүй бодолд дарагдав.

Даваа тэр хоёр учраад худлаа үнэн жил болчихож тэр хооронд хэд салж хэд нийлснийг өөрсдөө ч мэддэггүй байх. Тунгаа тэвчээргүй өөрийхөөрөө зөрүүд зангаа мэддэг мөртлөө дарж чадахгүй Даваад муухай зан гаргачихаад бууж өгөхгүй гуйлгаж байж эвлэрнэ. Даваад зүйрлэшгүй их хайртай гэдгээ хэлж мэдрүүлж байсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Гэтэл валентинаар жирэмсэн гэдгээ мэдээд баярлахаасаа илүү балмагдсан билээ. Өчигдөрхөн яг юунд уурласан нь тодорхойгүй нөгөөхөө баахан загнаад хэлэх хэлэхгүй үгээр дайрчихсан. Даваа сүүлдээ гараа савчаад юу ч хэлэлгүй яваад өгөхөд нь бухимдсандаа хамаг чангаараа уйлаад л үлдсэн. Гэтэл одоо яаж би жирэмсэн гэж хэлнээ. Хэлэхгүй ч гээд яахав дээ. Удахгүй япон явах гэж байгаа явахаас нь өмнө хэлье гэж зориг шулуудад залгалаа. Утас дуудах тусам зүрх нь амаараа гарчих гээд утсаа авахгүй нь гэхээс өөрийн мэдэлгүй өмөлзөөд ирлээ. Утсаа үнэхээр авсангүй ээ. Өөрийнх нь буруу байсан гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа болохоор юутай ч уучлал гуйсан мессеж бичээд орой уулзъя гэчихлээ. Утсаа хонхон дээр нь тавьсан мөртлөө л байн байн харсаар оройг барав. Ямар ч хариу байдаггүй шүү. Одоо яанаа би одоо ганцаараа хүүхэдтэй яанаа... Ээждээ хэлээд үздэг юм билүү яаж дээ дэмий санааг нь л зовоохын нэмэр. Хүүхдээ гаргавал уг нь хөөрхөн юм аа. Бид хоёрын хэнийг дуурайх бол гэж дэмий юм бодсоор цурам ч хийсэнгүй үүр цайлгалаа. 9 дөнгөж болмогц ямартаа найзуудтайгаа уулзаж зөвлөе юу гэх нь үү гээд цүнхээ шүүрэн гарлаа. Оройхон тийш гэртээ ядарч унах шахсан амьтан орж ирлээ. Жирэмсэн гэдгээ мэдсэнээс хойш санаа дагаад ч юм уу амархан ядраад байх шиг... Эмэгтэй хүн гэж совингоороо юм даа. Өөрийн мэдэлгүй гэдсээ илэн тэнд нь нэг хүн бойжиж байгаа гэж бодохоор хайр нь хүрэн ганцаараа ярина. Үсэрч харайхаа болиод улам ч намба суугаад байх шиг... Гэтэл Даваа сураггүй л байна. Залгахаар утсаа авахгүй мессеж бичихээр хариу байхгүй. Аргаа бараад ганц сайн найз руу залгалаа. Сайхнаа хэзээний хөгжилтэй зангаараа утсаа авлаа. За алтан бэрээр маань юу байна? Ойрд уулзсангүй. Надад хэзээ авгайг маань танилцуулах гэж байнаа гээд л үгээ ар араас нь угсруулчихлаа. Тунгаагийн ч сэтгэл овоо сэргээд хэсэг ойр зуурын сонин ярьснаа эцэст нь Даваагийн тухай яриа руу орлоо. Даваа найздаа муудалцсан гэдгээ яриагүй бололтой. Хамгийн сүүлд шал согтуу нэг газар байхад нь гэрт нь хүргэж өгсөн гэнэ. Бодвол муудалцдаг өдрөө л архи ууж л дээ. Өнөө орой ганц нэг шар айраг уухаар болсон ш дээ. Та 2 бас яагаа вэ? Чи муу найзыг минь арай дэндүүлээд байдаг шүү. Уг нь чамд хайртай ш дээ цаадах чинь гэхэд нь Тунгаа орой найзыгаа ирээд аваад яваарай гээд утсаа тасаллаа.

Орой 8 цагийн үед Сайхнаатай хамт Мах-ийн үүдэнд ирээд Даваа руу залгатал аль хэдийн ирчихсэн байна гэнэ. Даваад хамт яваагаа битгий хэлээрэй гэсэн болохоор Сайхнаа ч хоёр найзаа эвлэрүүлчих санаатай зөвшөөрсөн нь энэ. Тэр хоёрыг дотогш ороход чанга хөгжим нүргэлээд хаана хэн байгаа нь мэдэгдэхгүй гэрэл анивчина. Сайхнаа Тунгааг дагуулан мухар тийшээ зүглэхийг бодоход хаана байгааг нь мэдэж байгаа бололтой. Сайхнааг зогтусахад Тунгаа яг ард нь явж байсан болохоор мөргөөд золтой л ойччихсонгүй. Гайхан хартал өнөөх хайртай Даваагийх нь өвөр дээр бөгс хасаа гаргасан нэг хүүхэн учиргүй наалинхайтай суух юм. Даваа ч эхлээд Тунгааг гэж анзаарсангүй Сайхнааг өө хөгшөөн хэнтэй яваан гэхэд Тунгаа бушуухан эргээд гүйчихлээ. Хойноос нь Даваа Тунгаа Тунгаа гэж орилсоор ирэхэд нь байдаг чадлаарай алгадаж орхиод салганан машинаа асаагаад хаашаа явж байгаагаа мэдэхгүй хар хурдаараа давхилаа. Өөрийн ухаангүй шахам дээр нь нулимс бүрхээд замаа харахгүй яаж хотын захад ирсэн юм. Тамхи татдаггүй мөртлөө дандаа авч явдагаасаа нэгийг гаргаад салганан асаагаад шуналтай хэд сорсноо чадахгүй болохоор хахаж цацаад цонхоороо чулуудчихав. Утас нь чичрэн дуугарахаар нь хартал Хайр гэсэн дуудлага... Тэгж дотночилж бичсэн нэрээ хараад хүйтнээр инээвхийлэн утсаа унтраагаад машинаа гэрийн зүг залахдаа ер бусын тайван болчихсон байлаа. Ийм үедээ Тунгаа өөрөө өөрөөсөө айдаг. Хэн ч ятгаад нэмэргүй нэг л шийд гаргаад тэрэндээ хүрч байж санаа амрана.

Хариад багын найз Хандаа руугаа яриад хамт эмнэлэг яваач гэхэд дургүйцсэнгүй. Найзууд дундаас нь хүүхдээ авхуул гэж ятгаж байсан хүн нь ганц Хандаа болохоор өөр гуйх хүн байсангүй.

Гэтэл хаалганы түгжээ торхийх чимээ бодлыг нь үргээчихэв. За миний дүү ороорой гэж дотночилон дуудахад нь баярлахын оронд харин нь айн ухаан нь балартана. Яаж эмнэлэгийн орон дээр гарсан юм бүү мэд. Эмч нарынх нь яриа бүүр түүрхэн сонсогдоно. Бас нэг хүн хажууд нь хашгираад загнаад ч байх шиг. Тунгаа дахиад ухаан алдчихлаа.

Нэг сэрвэл шал танихгүй айлд байх юм. Өндийх гэтэл толгой нь ангалзаад зүрхний эмний гашуун амт мэдрэгдэв. Тунгаа зүрх муутай болохоор айж сандарахаараа дандаа ингээд ухаан алдчихна. Нүдээ хэсэг аньж хэвтэснээ өрөөн доторхыг ажиглалаа. Таних хүний зураг хөрөг ил харагдсангүйд бүр их гайхав. Гэнэт сүүлд хаана байснаа санаад гэдсээ даран цурхиртал уйлав. Хүн заяаг олон надад ирсэн бурханы бэлгийг буцаагаад явуулчихлаа шүү дээ би... Даваа өөр хүүхэнтэй байсанд миний үр ямар буруутай юм бэ. Би хэнээс юуны өшөө авч байгаа юм бэ. Эг мэггүй уйлан халаасаа тэмтрэн утсаа хайлаа. Утас нь байсангүйд бүр бухимдан чадлаараа ориллоо. Хэн нэгний гүйж ирэх чимээ сонсогдсонсоо хаалга онгойн Даваа ороод ирэв. Тунгаа түүнийг хараад галзуурах шахан гартаа ойрхон таарсан бүхнээ нүүлгэж орилж байлаа. Даваа арай гэж тэврээд орон дээр дарахад духнаас нь гарсан цус Тунгаагийн нүүр рүү нь дусаж сая сэхээ авав. Миний буруу миний буруу бүгд миний буруу гэхдээ хайраа чи хэзээ ухаан орох юм бэ. Миний тэнэг алдаанаас болж чи хүүхдээ үгүй хийх гэж яаж боддог байнаа. Чи минь ямар тэнэгхэн юм бэ хайраа гээд уйлж байгаа нь Тунгаад сонин байсангүй. Үгүй хийх гэж гэнээ тэгэхээр тэгэхээр тэгэхээр... Миний үр надад байгаа байхнээ. Эвий миний үр.

Даваа Мах-ийн гадаа Тунгаад алгадуулаад уусан жаахан юм нь гарч юу болсныг эргэцүүлэхтэйгээ болсноо сандран утсаа гаргаад Хайр гээд залгалаа. Дуудаж дуудаж таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэхэд нь Тунгаагийн занг мэдэх болохоор хаа нэгтэй болчимгүй юм хийчих вий гэхээс байх суух газраа олж ядна. Хамаг уураа Сайхнаад гарган хамт яваагаа хэлчихэж болсонгүй юу яах гэж дагуулж ирсэн юм гэж бухимдан жаал хашгирав. Гэрийн гадаа нь ирэхийг нь хүлээж байгаад хальт дэлгүүр орох хооронд ирчихсэн гэдгийг мэдэлгүй шөнөжин гадаа нь харуулдаж өчнөөн мессеж бичээд залгаад утас нь холбогдохгүй л байсаар... Үүрээр харьж хувцасаа солиод найзууд руу нь залгалаа. Сараатай ярьтал цаад чинь чамд жирэмсэн гэдгээ хэлсэн үү, чамтай муудалчихсан яаж хэлнээ гээд урвайгаад явж байсан гэдгийг нь сонсоод өмнө нь бичдэггүй байсан аргадаж гуйсан мессежүүдийг нь саналаа. Хамгийн сүүлд Хандаа руу залгатал утсаа авахгүй байж байснаа арай гэж аваад чи бушуун эмнэлэг дээр ир цаадах чинь гэснийг нь сонсоод цааш нь сонссонгүй утсаа таслаад эмнэлэг рүү машинаа эргүүлэхдээ амандаа битгий оройтчихсон байгаасай битгий оройтчихсон байгаасай гэж зогсоо зайгүй үглэсээр байлаа. Эмнэлэгийн хаалгыг угзран ороход Хандаагийн дуу гарсан зүг рүү ухаан жолоогүй гүйж байхдаа ч битгий оройтчихсон байгаасай гэж үглэсээр... Гадны хүн орохыг хориглоно гэсэн бичгийг ойшоолгүй сандран ороход хайр нь аль хэдийн орон дээр гарчихсан байлаа. Тунгаагаар эр юм байж амархан уйлдаг гэж дандаа зэмлүүлдэг нөгөө нулимс нь урсаад ирэв. Оройтчихож... Уурандаа эмч нарыг нь түлхэн Тунгааг сэгсрэн хашгичихад өнөөх нь өмнөөс нь туниа муутайхан хараад бие нь сулраад явчихав. Эмч хажуугаас нь юу ч болоогүй ээ орж ирээд л ухаан алдчихлаа хэмээн инээмсэглэхэд Даваа хайрыгаа энгэртээ наагаад энэ хүнээс дахиж алхам ч холдохгүй гэж зүрхэндээ амлаад мэгшин уйллаа.

Read More

БЭХЭРЭ "Уучлаарай хайрт минь"

Дөлгөөн нүдээ бүлцийтэл уйлчихсан мөртлөө л тайвширч чадахгүй цурхиртал уйлан орчин тойрон хүмүүс ер нь юуг ч үл анзааран хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй урагшилсаар.

- Яаж чаддаг байнаа. 2 жилийн хугацаанд би энэ хүнийг огт таниагүй байжээ. Зүгээр сайхан найзууд байя гэнэ үү? Яаж ийм үг амнаас нь гардаг байнаа. Ядаж байхад оюутны байранд хамт шахуу байдгийг хэлэх үү. Намайг ер нь яа гэж байгаам болоо. Даанч дээ. Ингэх байсан юм бол яах тэгтлээ их дасгадаг байнаа гэж бодохоор л Дөлгөөн нулимсаа барьж чадахгүй байлаа.

Орчин тойрноо нэг анзаархуй ардын эрхийн буудал дээр сууж байх юм. Хүмүүсийн гайхсан харцнаас санаа зовон за ямар ч байсан байрандаа очъё хэмээн боссоноо хамгийн сүүлд Санаа руу ямар аймаар мессеж бичиж орхисноо гэнэт саналаа.

-Чамд ингэтлээ хайртай болсон намайг уучлаарай. Чамгүйгээр би амьдарч чадахгүй нь энэ миний магадгүй сүүлийн мессеж байх гэчихсэн шүү дээ гэж бодсоноо шүүрс алдаад өөрийн мэдэлгүй -Нээрээ би чамгүйгээр амьдарч чадахгүй нь гээд чанга хэлчихэв.

Дөлгөөн оюутны байр руу орохдоо хүнд муугаа харуулчихгүй юмсан гэсэндээ аль болох нүүрээ нуун бушуухан өрөөндөө орлоо. Санаагийн өрөөнд ортол өрөөнийх нь залуугаас өөр хүн байсангүй. Дөлгөөн Санаагийн ор руу очоод хэвтэхэд нөгөө л нэг танил дотно үнэр. Нулимс нь цийлэгнээд ирэхэд гэнэт шийдсэн янзтай огцом босоод урагдаж муудсан дэрнийх нь уутыг мулталж тавьчихаад өрөөндөө орж хальт нүүрнийхээ будгийг сэргээгээд цүнхээ шүүрч аваад яаран гарлаа.

Байрнаас нь холгүйхэн байдаг барааны дэлгүүр рүү орж өрөөд тавьчихсан олон янзын дэрний уутан дундаас нэг даруухан бор уут сонгоод хэн нэгнээс зугтах мэт яаран байрандаа орж Санаагийн дэрний уутыг сольчихоод санаа амран өрөөндөө ороод унтахаар хэвтлээ.

Нойрон дунд нь нэг хүн түүнийг сэгсчин нүүрэн дээр нь бүлээн зүйл дусалахад Дөлгөөн цочин сэрлээ. Санаа өмнө нь суучихсан - Хайрт минь уучил. Тэнэг намайгаа уучил. Надад ийм их хайртайг чинь мэдсэнгүй явжээ. Одоо би яанаа. Чи минь юу хийчихвээ хэмээн охин хүүхэд шиг цурхирна.

Дөлгөөн сэрчихсэн мөртлөө хөдөлгөөнгүй бүгдийг сонсон хэвтсээр байлаа.

Read More

БЭХЭРЭ "Ээдрээ" үргэлжлэл 3

Сургуулийн хэдэн хөвгүүдийн эргүүлдсэн харцнаас салж хилийн дээсийг анх алхаж байгаа Цацрал охинд юм бүхэн сонихон байлаа. Аавыгаа өөр хүнтэй хамт байгаа харахад хичнээн эвгүй ч гэлээ түүнд дасахаас өөр сонголт байсангүй. Үл таних хар элгийн бүсгүй түүнд хамаг сайхан халамжаа гаргавч ээжтэйгээ харьцуулан өөрийн эрхгүй цухалдах үе зөндөө. Гэртээ байх нэг их хүсэлгүй болохоор хичээлдээ явчихаад бусад үед нь Оюунаатай найзархан тэднийхээр байна. Зоригоо ах ийм царайлаг залуу байж яаж Оюунаа эгчийг тоодог байнаа гэсэн бяцхан атаархал байдаг байсан ч байнга тоглон дургүйгээ хүрвэл хичээлдээ ч явахгүй улайран суугааг Зоригоог хараад юу ч хэлэхгүй харин ч үүнийг нь дэмжих мэт дуугүйхэн хоолыг нь бэлдэн дөхүүлж тавьчихаад өөрийн ажлаа хийн байдаг Оюунаагийн тэвчээрийг бахдах болжээ. Гэртээ харих дургүй гэдгийг нь ойлгодог болохоор Зоригоо Оюунаа хоёр элдэв юм асууж шалгаах нь үгүй.

10 сарын эхэн болж намрын налгар өдрүүд өнгөрсөөр... Оюунаа бие давхар болж улам намба суун мариалсан мэт эгдүүтэй харагдана. Танилцаад 4 сар л болж байгаа хэрнээ хүүхэдтэй болчихдог би мөн сэтгэл амар хүнээ гэж хааяа санаа зовиновч хүүхдээ гаргана гэсэн бодлоосоо хазайсан тохиолдол үгүй. Гэрээний хугацаа нь дуусч байгаа болохоор Зоригоотой ярилцаад солонгост үргэлжлүүлэн сурахаар шийдээд байлаа. Үүний тулд заавал Монгол явж визагаа солиулах ёстой гэсэн болохоор удаан хариагүй гэртээ харьж буурал ээждээ нэг золгоод авна гэхээс сэтгэл өег.

Нутаг буцаад ирсэн Оюунаагийн бие нэг л ядрангуй харагдана. Цөөхөн хоногоор яаруу давчуу явсандаа тэр байх гэж өөрийгөө тайвшруулах ч доошоо ойр ойрхон цус гарах нь сэтгэл зүснэ. Зоригоог шавдуулсаар эмнэлэг орж үзүүлтэл харамсалтай байна, хүүхэд тань зулбасан байна эелдэг харь бүсгүй хичнээн сэтгэл засмаар хэлээд нэмэр байсангүй. Толгой нь дүйрэн, сул асгарах нулимс нь хэндээ ч гомдох вэ дээ гэсэн харууслаар л дүүрэн...Үнэхээр хэндээ ч гомдох билээ дээ. Тойлдох ёстой байсан эмзэг сарууддаа гам хийлгүй гүйсэн өөрийгөө л буруутгана. Хажууд нь байх хүн нь халамжгүй мэт, хойшид ханилна гэж бодох ч тоглоомноос өөрийг боддоггүй мэт. Уйлж туньж сэтгэлийг нь зовооё гэж бодсонгүй чимээгүйхэн гомдоод л өнгөрсөн.

Энэ бүхэн мартагдаж сэтгэл цэлийтэл цэлмэж байлаа. Удахгүй он гарна. Харьд байдаг ч оюутан залуус нийлж үдэшлэг зохиохоор болжээ. Цацралыг ганцаараа уйдаад гүйгээд байхаар нь Зоригоогийн аль нэг найзтай танилцуулна гэж хэрэг болгон авч очив. Олуулаа биш ч сэтгэл дүүрэн сайхан үдэшлэг болж байлаа. Баяраа Цацралтай танилцсан мөчөөсөө л алхам ч холдсонгүй. Хүүхдээрээ гэнэ цайлган инээд нь түүнийг соронзон адил татаж байлаа. Дуу шуугиант нэгэн орой өнгөрч нэгэн сайхан хос төрлөө. Гэвч хойшдын болох гайг Цацрал охин л нууцлана.


Үргэлжлэл бий


Read More

БЭХЭРЭ "Ээдрээ" үргэлжлэл 2

Оюунаа Зоригоо хоёр танилцаад төдий удаагүй ч хүний нутагт ижлээ хайж явсан хүсэл биесээ олсон хойно удаж төдөлгүй нэг гэрт орцгоожээ. Хэзээний сэргэлэн зантай суусан газраас шороо атгаж явдаг Зоригоо сурахын хажуугаар монголоос хүүхэд зуучлан оруулж ирж дундаас нь хэд гурван төгрөг унагаасаар үүгээрээ гаршсан нэгэн. Харахад солонгос хүмүүсээс ялгарахааргүй царайтай болохоор хүмүүс солонгос гэж андуурах нь элбэг. Анх танилцаад ярихад их зантай мэт боловч хүүхэд зангаа гээгээгүй гэдгийг нь илтгэх томоогүй ааш нь хааяа хааяа цухалзана. Аав ээж нь энд ажиллаж амьдардаг болохоор монгол руу тэмүүлээд байх хүсэл тун бага. Харин Оюунаа их сургуулиа дөнгөж төгсөөд байхад нь монголоос солонгос руу гаргах гучин мянган хүний шуурганд дайрагдан ирээд ажилласнаас хойш аль хэдийн 3 жил болчихжээ. Ажлыг хэцүү бэрх гэж голж шилж байсан тохиолдол Оюунаад нэгээхэн ч үгүй. Хаа ч очсон хэн хүнтэй дуу шуутай инээж хөөрч явдаг нүдэнд дулаахан бондгор бор бүсгүй. Хоёр жилийн турш хайрлаж харамлаж байсан хархүү нь нэг л өдөр эхнэртэй гэдгээ хэлээд монгол яваад өгснөөс хойш сэтгэлээр унан уруу царайлан явах болсныг нь хамт ажилладаг эгч нь л ойлгож зовлонг нь хуваалцдаг байлаа. Гэнэн цайлган занг нь мэдэх болохоор өөрийн дүүгээс ялгалгүй хайрлан зөвлөж өгдөг эгч нь дүүгээ найр тавин танилцуулсан нь Зоригоо байсан юм.

Залуус өдөр шөнөгүй мэсэнжэрдэж утсаар ярьж зурвас шидэлцсээр нэг өдөр уулзлаа. Хэн хэнээ өмнө нь камэраар харчихсан байсан болохоор тэдэнд бишүүрхэж хэн нэгнээсээ ичээд байх зүйл байсангүй. Хэзээ язааны уулзаагүй удсан хоёр хос уулзаж байгаа аятай эрхлэн уулзаад амттай нэгэн шөнийг хамт өнгөрүүлснээс хойш өдийг хүрчихээд байгаа нь энэ.

Ууганаа хүний нутагт ирээд 7 жил болсон болохоор харь орны жаргал зовлон гээд яаж амьдрах ухаанаа олчихсон бүсгүй байлаа. Үеийн нэгэн залуутай дэр нэгтгэсэн нь монголд эхнэр хүүхэдтэй ч солонгост ирээд удсан болохоор эхнэрээ гэхээсээ илүү үр хүүхдээ гэсэн холбоо л тэдний хооронд үлджээ. Нэг хүүхдээ ч болтугай өөр дээрээ татаж сайн боловсрол эзэмшүүлье гэж Ууганаатай зөвшилцөөд Цацралыг авчирч сургуульд оруулсан юм.



Үргэлжлэл бий

Read More

БЭХЭРЭ "Ээдрээ"

Хачин санаа гэнэн хүсээл

Хааяа намайг илүү уяраана... гээд шингэн хоолойгоор эвлэгхэн уянгалуулах бүсгүйн нүдэнд нулимс цийлэгнээд юу юугүй унахад бэлэн болчихсон харагдана. Хүмүүсийн нүд хариулж нулимсаа алчууранд хальт шингээгээд микрофонооо өөр нэгэнд шилжүүлэв. Ариун цэврийн өрөө орж хүйтэн усаар нүүрээ шавшаад том толь руу хартал гуниг сүүмэлзэх хөөрхөн нүд өмнөөс нь цоо ширтэхийг хармагц дахиад л нулимс нь цийлэгнээд ирэв. Сэтгэлээ тайтгаруулна гэж хэдэн найзаа уруу татан караокэд ирсэн ч шар айрагны халуун гунигт дууны үгс сэтгэлийн гунигт нэрмээс болж нулимсаа барьж ядсан нь энэ. Найзууддаа сэтгэлээ онгойтол ярьчихмаар байдаг гэтэл дараа нь Зоригоог хэн ч хүндлэхээ больчихно шүү дээ гэсэн бодол тээг болоод байлаа.

Өчигдөр оройхон л хайрттайгаа юу ч бодолгүй аз жаргалтай байсансан. Дуртай тоглоомдоо ухаангүй байгаа ханьдаа хоолыг нь дөхүүлж духан дээр нь урамшуулан үнсэж, сонирхон үздэг олон ангит нь эхэлчихсэн байсанд орондоо тухтайхан байрлал олоод тааваараа хэвтэж байтал тэр гайт дуудлага ирсэн. Зоригоо саад болон дуугарах утсаа дургүй аваад байна уу? Яасан гэж уцаарлангуй дуугарах нь аль нэг найз нь болох нь илт.

-Гэртээ л байхгүй юу. Өөр хаана байдын.

-Хажууд байна. Тэгвэл утсаа барьж бай. Одоохон гээд яах ийхийн зуургүй гараад явчихсан Зоригоог Оюунаа гайхан харсаар хоцорлоо. Бараг 20иод минут хэн нэгэнтэй утсаар ярьж байгаад орж ирсэн Зоригоогийн царай хүн аймаар. Хувхай цайгаад ямар нэг юмнаас айсан, удахгүй ирэх гайг түрүүлж харсан юм шиг харагдах тэр утсаа ширээн дээр чимээтэй тавихад салганасан гараас нь бараг сул мултраад ойччихсон гэхэд хилсдэхгүй байлаа.

Сандарсан Оюунаа -Хайраа яасан бэ? Гэрийнхэн чинь зүгээр үү? Юу болсон яасан ийсэн гэсээр очиход Зоригоо юу ч хэлэхгүй түүнийг тэврэхэд бүх бие нь чичирч байлаа. -Хоёулаа цэцэрлэг оръё гэж түүнийх гэхийн аргагүй цахиртсан сөөнгө хоолойгоор хэлээд түрүүлэн гарч алхав. Оюунаа хайрдаа юу тохиолдсныг мэдэхгүй ч хайрыг нь шалгах хүнд сорилт ирж байгаа бүсгүйн совингоор ухааран юу гэж хэлэх бол доо гэхээс яс нь хавталзан хоцорчихгүйхэн хойноос нь гүйх шахуу явна.

Цэцэрлэгт очоод Оюунаа юу ч болоогүй мэт царайлах гэж хоёр савлуурын нэг дээр суусан хайрыгаа аргадан миний хайр яасын бэ? Ярь л даа гээд аргадангуй дуугарлаа. Зоригоо өмнө нь өвдөглөн суугаад -Хайраа надад бусад хүмүүсийн юу гэж ярих яах нь ерөөсөө сонин биш байна. Би чамайгаа алдчих вий л гэхээс үнэхээр их айж байна. Чи намайг юу ч болж байсан орхихгүй хамтдаа байх уу гээд өрөвдмөөр аргагүй асуухад Оюунаа -Яалаа гэж орхихын бэ. Чи юу яриад байгаан? Алив юу болсын ярь л даа гэж шавдуулав.

-Цацрал жирэмсэн болсон гэнээ гэсэн үгс Оюунаад бүх юмны учгийг тайлаад өгчихөв. -Чиний хүүхэд үү? гэж асуугаад хариултыг нь мэдэж байсан болохоор гомдлын нулимс хичнээн хориод ч нэмэргүй урсан мэлмэрлээ.


Үргэлжлэл бий...

Read More

БЭХЭРЭ "Одоо алга"

Байгаагүй өдрүүдэд чинь гунигаар гоёж

Байсан өдрүүдэд чинь ганцаардлаар дулаацдаг байж дээ би

Гэсгээж амжаагүй зүрхний чинь мөс хайлж эхлэснийг мэдэлгүй

Гэрэлт орчлонгоос уйдаж шувуун төрлийг олохоор одсоон, одоо алга


Read More

БЭХЭРЭ "Уучлаарай..."

Энхрий эмзэг хайрын цэцгээ
Энэ гараараа тасдаж аваад
Эгц хадан халил руу шидчихлээ
Буруутгаж өөрийгөө зэмлэсэндээ хайрт минь
Болчимгүй зан гаргаж хүслээ хориогүйдээ амраг минь
Балгахан дарсанд самуураад чинийх биш болчихсондоо хонгор минь
Ариухан гэгээхэн хайрыг чинь
Аминчлаад гамнаж чадаагүйдээ
Андгай болгож өгсөн хайрын цэцгэндээ
Авралгүй гэж би өөрөө цаазын зарлиг уншлаа



Read More