Sunday, December 13, 2009

БЭХЭРЭ "Бурханы бэлэг"

Тунгаа эмнэлэг рүү орж байхдаа огт сандарсангүй. Харин ч шийдэмгий түргэн алхсаар хүлээн авах дээр очиж хэдэн юм бөглөж эмчид нь өгчихөөд дээшээ гараад хувцасаа сольж бай гэсэн үгийг сонссоноо заагаад байгаа зүгт нь явмааргүй санагдаад хөл нь хүндрээд ирэв. Хувцасаа сольчихоод хүлээлгийн өрөөнд сууж байтал нэг бөглүү ёолох уйлагнах чимээ гарахад Тунгаагийн чих сэртэс хийгээд зүрх нь урагдаад явчихав. Хамаг амьсгал нь давчдаад нүдний аяганд нь нулимс дүүрээд ирэхийг харсан найз нь яасан чи зүгээр үү наад царай чинь гэхээр жаахан ухаан орж нулимсаа шудраад юу ч хэлсэнгүй бодолд дарагдав.

Даваа тэр хоёр учраад худлаа үнэн жил болчихож тэр хооронд хэд салж хэд нийлснийг өөрсдөө ч мэддэггүй байх. Тунгаа тэвчээргүй өөрийхөөрөө зөрүүд зангаа мэддэг мөртлөө дарж чадахгүй Даваад муухай зан гаргачихаад бууж өгөхгүй гуйлгаж байж эвлэрнэ. Даваад зүйрлэшгүй их хайртай гэдгээ хэлж мэдрүүлж байсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Гэтэл валентинаар жирэмсэн гэдгээ мэдээд баярлахаасаа илүү балмагдсан билээ. Өчигдөрхөн яг юунд уурласан нь тодорхойгүй нөгөөхөө баахан загнаад хэлэх хэлэхгүй үгээр дайрчихсан. Даваа сүүлдээ гараа савчаад юу ч хэлэлгүй яваад өгөхөд нь бухимдсандаа хамаг чангаараа уйлаад л үлдсэн. Гэтэл одоо яаж би жирэмсэн гэж хэлнээ. Хэлэхгүй ч гээд яахав дээ. Удахгүй япон явах гэж байгаа явахаас нь өмнө хэлье гэж зориг шулуудад залгалаа. Утас дуудах тусам зүрх нь амаараа гарчих гээд утсаа авахгүй нь гэхээс өөрийн мэдэлгүй өмөлзөөд ирлээ. Утсаа үнэхээр авсангүй ээ. Өөрийнх нь буруу байсан гэдгийг өөрөө сайн мэдэж байгаа болохоор юутай ч уучлал гуйсан мессеж бичээд орой уулзъя гэчихлээ. Утсаа хонхон дээр нь тавьсан мөртлөө л байн байн харсаар оройг барав. Ямар ч хариу байдаггүй шүү. Одоо яанаа би одоо ганцаараа хүүхэдтэй яанаа... Ээждээ хэлээд үздэг юм билүү яаж дээ дэмий санааг нь л зовоохын нэмэр. Хүүхдээ гаргавал уг нь хөөрхөн юм аа. Бид хоёрын хэнийг дуурайх бол гэж дэмий юм бодсоор цурам ч хийсэнгүй үүр цайлгалаа. 9 дөнгөж болмогц ямартаа найзуудтайгаа уулзаж зөвлөе юу гэх нь үү гээд цүнхээ шүүрэн гарлаа. Оройхон тийш гэртээ ядарч унах шахсан амьтан орж ирлээ. Жирэмсэн гэдгээ мэдсэнээс хойш санаа дагаад ч юм уу амархан ядраад байх шиг... Эмэгтэй хүн гэж совингоороо юм даа. Өөрийн мэдэлгүй гэдсээ илэн тэнд нь нэг хүн бойжиж байгаа гэж бодохоор хайр нь хүрэн ганцаараа ярина. Үсэрч харайхаа болиод улам ч намба суугаад байх шиг... Гэтэл Даваа сураггүй л байна. Залгахаар утсаа авахгүй мессеж бичихээр хариу байхгүй. Аргаа бараад ганц сайн найз руу залгалаа. Сайхнаа хэзээний хөгжилтэй зангаараа утсаа авлаа. За алтан бэрээр маань юу байна? Ойрд уулзсангүй. Надад хэзээ авгайг маань танилцуулах гэж байнаа гээд л үгээ ар араас нь угсруулчихлаа. Тунгаагийн ч сэтгэл овоо сэргээд хэсэг ойр зуурын сонин ярьснаа эцэст нь Даваагийн тухай яриа руу орлоо. Даваа найздаа муудалцсан гэдгээ яриагүй бололтой. Хамгийн сүүлд шал согтуу нэг газар байхад нь гэрт нь хүргэж өгсөн гэнэ. Бодвол муудалцдаг өдрөө л архи ууж л дээ. Өнөө орой ганц нэг шар айраг уухаар болсон ш дээ. Та 2 бас яагаа вэ? Чи муу найзыг минь арай дэндүүлээд байдаг шүү. Уг нь чамд хайртай ш дээ цаадах чинь гэхэд нь Тунгаа орой найзыгаа ирээд аваад яваарай гээд утсаа тасаллаа.

Орой 8 цагийн үед Сайхнаатай хамт Мах-ийн үүдэнд ирээд Даваа руу залгатал аль хэдийн ирчихсэн байна гэнэ. Даваад хамт яваагаа битгий хэлээрэй гэсэн болохоор Сайхнаа ч хоёр найзаа эвлэрүүлчих санаатай зөвшөөрсөн нь энэ. Тэр хоёрыг дотогш ороход чанга хөгжим нүргэлээд хаана хэн байгаа нь мэдэгдэхгүй гэрэл анивчина. Сайхнаа Тунгааг дагуулан мухар тийшээ зүглэхийг бодоход хаана байгааг нь мэдэж байгаа бололтой. Сайхнааг зогтусахад Тунгаа яг ард нь явж байсан болохоор мөргөөд золтой л ойччихсонгүй. Гайхан хартал өнөөх хайртай Даваагийх нь өвөр дээр бөгс хасаа гаргасан нэг хүүхэн учиргүй наалинхайтай суух юм. Даваа ч эхлээд Тунгааг гэж анзаарсангүй Сайхнааг өө хөгшөөн хэнтэй яваан гэхэд Тунгаа бушуухан эргээд гүйчихлээ. Хойноос нь Даваа Тунгаа Тунгаа гэж орилсоор ирэхэд нь байдаг чадлаарай алгадаж орхиод салганан машинаа асаагаад хаашаа явж байгаагаа мэдэхгүй хар хурдаараа давхилаа. Өөрийн ухаангүй шахам дээр нь нулимс бүрхээд замаа харахгүй яаж хотын захад ирсэн юм. Тамхи татдаггүй мөртлөө дандаа авч явдагаасаа нэгийг гаргаад салганан асаагаад шуналтай хэд сорсноо чадахгүй болохоор хахаж цацаад цонхоороо чулуудчихав. Утас нь чичрэн дуугарахаар нь хартал Хайр гэсэн дуудлага... Тэгж дотночилж бичсэн нэрээ хараад хүйтнээр инээвхийлэн утсаа унтраагаад машинаа гэрийн зүг залахдаа ер бусын тайван болчихсон байлаа. Ийм үедээ Тунгаа өөрөө өөрөөсөө айдаг. Хэн ч ятгаад нэмэргүй нэг л шийд гаргаад тэрэндээ хүрч байж санаа амрана.

Хариад багын найз Хандаа руугаа яриад хамт эмнэлэг яваач гэхэд дургүйцсэнгүй. Найзууд дундаас нь хүүхдээ авхуул гэж ятгаж байсан хүн нь ганц Хандаа болохоор өөр гуйх хүн байсангүй.

Гэтэл хаалганы түгжээ торхийх чимээ бодлыг нь үргээчихэв. За миний дүү ороорой гэж дотночилон дуудахад нь баярлахын оронд харин нь айн ухаан нь балартана. Яаж эмнэлэгийн орон дээр гарсан юм бүү мэд. Эмч нарынх нь яриа бүүр түүрхэн сонсогдоно. Бас нэг хүн хажууд нь хашгираад загнаад ч байх шиг. Тунгаа дахиад ухаан алдчихлаа.

Нэг сэрвэл шал танихгүй айлд байх юм. Өндийх гэтэл толгой нь ангалзаад зүрхний эмний гашуун амт мэдрэгдэв. Тунгаа зүрх муутай болохоор айж сандарахаараа дандаа ингээд ухаан алдчихна. Нүдээ хэсэг аньж хэвтэснээ өрөөн доторхыг ажиглалаа. Таних хүний зураг хөрөг ил харагдсангүйд бүр их гайхав. Гэнэт сүүлд хаана байснаа санаад гэдсээ даран цурхиртал уйлав. Хүн заяаг олон надад ирсэн бурханы бэлгийг буцаагаад явуулчихлаа шүү дээ би... Даваа өөр хүүхэнтэй байсанд миний үр ямар буруутай юм бэ. Би хэнээс юуны өшөө авч байгаа юм бэ. Эг мэггүй уйлан халаасаа тэмтрэн утсаа хайлаа. Утас нь байсангүйд бүр бухимдан чадлаараа ориллоо. Хэн нэгний гүйж ирэх чимээ сонсогдсонсоо хаалга онгойн Даваа ороод ирэв. Тунгаа түүнийг хараад галзуурах шахан гартаа ойрхон таарсан бүхнээ нүүлгэж орилж байлаа. Даваа арай гэж тэврээд орон дээр дарахад духнаас нь гарсан цус Тунгаагийн нүүр рүү нь дусаж сая сэхээ авав. Миний буруу миний буруу бүгд миний буруу гэхдээ хайраа чи хэзээ ухаан орох юм бэ. Миний тэнэг алдаанаас болж чи хүүхдээ үгүй хийх гэж яаж боддог байнаа. Чи минь ямар тэнэгхэн юм бэ хайраа гээд уйлж байгаа нь Тунгаад сонин байсангүй. Үгүй хийх гэж гэнээ тэгэхээр тэгэхээр тэгэхээр... Миний үр надад байгаа байхнээ. Эвий миний үр.

Даваа Мах-ийн гадаа Тунгаад алгадуулаад уусан жаахан юм нь гарч юу болсныг эргэцүүлэхтэйгээ болсноо сандран утсаа гаргаад Хайр гээд залгалаа. Дуудаж дуудаж таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэхэд нь Тунгаагийн занг мэдэх болохоор хаа нэгтэй болчимгүй юм хийчих вий гэхээс байх суух газраа олж ядна. Хамаг уураа Сайхнаад гарган хамт яваагаа хэлчихэж болсонгүй юу яах гэж дагуулж ирсэн юм гэж бухимдан жаал хашгирав. Гэрийн гадаа нь ирэхийг нь хүлээж байгаад хальт дэлгүүр орох хооронд ирчихсэн гэдгийг мэдэлгүй шөнөжин гадаа нь харуулдаж өчнөөн мессеж бичээд залгаад утас нь холбогдохгүй л байсаар... Үүрээр харьж хувцасаа солиод найзууд руу нь залгалаа. Сараатай ярьтал цаад чинь чамд жирэмсэн гэдгээ хэлсэн үү, чамтай муудалчихсан яаж хэлнээ гээд урвайгаад явж байсан гэдгийг нь сонсоод өмнө нь бичдэггүй байсан аргадаж гуйсан мессежүүдийг нь саналаа. Хамгийн сүүлд Хандаа руу залгатал утсаа авахгүй байж байснаа арай гэж аваад чи бушуун эмнэлэг дээр ир цаадах чинь гэснийг нь сонсоод цааш нь сонссонгүй утсаа таслаад эмнэлэг рүү машинаа эргүүлэхдээ амандаа битгий оройтчихсон байгаасай битгий оройтчихсон байгаасай гэж зогсоо зайгүй үглэсээр байлаа. Эмнэлэгийн хаалгыг угзран ороход Хандаагийн дуу гарсан зүг рүү ухаан жолоогүй гүйж байхдаа ч битгий оройтчихсон байгаасай гэж үглэсээр... Гадны хүн орохыг хориглоно гэсэн бичгийг ойшоолгүй сандран ороход хайр нь аль хэдийн орон дээр гарчихсан байлаа. Тунгаагаар эр юм байж амархан уйлдаг гэж дандаа зэмлүүлдэг нөгөө нулимс нь урсаад ирэв. Оройтчихож... Уурандаа эмч нарыг нь түлхэн Тунгааг сэгсрэн хашгичихад өнөөх нь өмнөөс нь туниа муутайхан хараад бие нь сулраад явчихав. Эмч хажуугаас нь юу ч болоогүй ээ орж ирээд л ухаан алдчихлаа хэмээн инээмсэглэхэд Даваа хайрыгаа энгэртээ наагаад энэ хүнээс дахиж алхам ч холдохгүй гэж зүрхэндээ амлаад мэгшин уйллаа.

1 comments:

Мармелад said...

ёстой гоё өгүүллэг байна

October 12, 2010 at 10:45 PM

Post a Comment