Sunday, December 13, 2009

БЭХЭРЭ "Ээдрээ" үргэлжлэл 2

Оюунаа Зоригоо хоёр танилцаад төдий удаагүй ч хүний нутагт ижлээ хайж явсан хүсэл биесээ олсон хойно удаж төдөлгүй нэг гэрт орцгоожээ. Хэзээний сэргэлэн зантай суусан газраас шороо атгаж явдаг Зоригоо сурахын хажуугаар монголоос хүүхэд зуучлан оруулж ирж дундаас нь хэд гурван төгрөг унагаасаар үүгээрээ гаршсан нэгэн. Харахад солонгос хүмүүсээс ялгарахааргүй царайтай болохоор хүмүүс солонгос гэж андуурах нь элбэг. Анх танилцаад ярихад их зантай мэт боловч хүүхэд зангаа гээгээгүй гэдгийг нь илтгэх томоогүй ааш нь хааяа хааяа цухалзана. Аав ээж нь энд ажиллаж амьдардаг болохоор монгол руу тэмүүлээд байх хүсэл тун бага. Харин Оюунаа их сургуулиа дөнгөж төгсөөд байхад нь монголоос солонгос руу гаргах гучин мянган хүний шуурганд дайрагдан ирээд ажилласнаас хойш аль хэдийн 3 жил болчихжээ. Ажлыг хэцүү бэрх гэж голж шилж байсан тохиолдол Оюунаад нэгээхэн ч үгүй. Хаа ч очсон хэн хүнтэй дуу шуутай инээж хөөрч явдаг нүдэнд дулаахан бондгор бор бүсгүй. Хоёр жилийн турш хайрлаж харамлаж байсан хархүү нь нэг л өдөр эхнэртэй гэдгээ хэлээд монгол яваад өгснөөс хойш сэтгэлээр унан уруу царайлан явах болсныг нь хамт ажилладаг эгч нь л ойлгож зовлонг нь хуваалцдаг байлаа. Гэнэн цайлган занг нь мэдэх болохоор өөрийн дүүгээс ялгалгүй хайрлан зөвлөж өгдөг эгч нь дүүгээ найр тавин танилцуулсан нь Зоригоо байсан юм.

Залуус өдөр шөнөгүй мэсэнжэрдэж утсаар ярьж зурвас шидэлцсээр нэг өдөр уулзлаа. Хэн хэнээ өмнө нь камэраар харчихсан байсан болохоор тэдэнд бишүүрхэж хэн нэгнээсээ ичээд байх зүйл байсангүй. Хэзээ язааны уулзаагүй удсан хоёр хос уулзаж байгаа аятай эрхлэн уулзаад амттай нэгэн шөнийг хамт өнгөрүүлснээс хойш өдийг хүрчихээд байгаа нь энэ.

Ууганаа хүний нутагт ирээд 7 жил болсон болохоор харь орны жаргал зовлон гээд яаж амьдрах ухаанаа олчихсон бүсгүй байлаа. Үеийн нэгэн залуутай дэр нэгтгэсэн нь монголд эхнэр хүүхэдтэй ч солонгост ирээд удсан болохоор эхнэрээ гэхээсээ илүү үр хүүхдээ гэсэн холбоо л тэдний хооронд үлджээ. Нэг хүүхдээ ч болтугай өөр дээрээ татаж сайн боловсрол эзэмшүүлье гэж Ууганаатай зөвшилцөөд Цацралыг авчирч сургуульд оруулсан юм.



Үргэлжлэл бий

0 comments:

Post a Comment