Sunday, December 13, 2009

БЭХЭРЭ "Ээдрээ" үргэлжлэл 3

Сургуулийн хэдэн хөвгүүдийн эргүүлдсэн харцнаас салж хилийн дээсийг анх алхаж байгаа Цацрал охинд юм бүхэн сонихон байлаа. Аавыгаа өөр хүнтэй хамт байгаа харахад хичнээн эвгүй ч гэлээ түүнд дасахаас өөр сонголт байсангүй. Үл таних хар элгийн бүсгүй түүнд хамаг сайхан халамжаа гаргавч ээжтэйгээ харьцуулан өөрийн эрхгүй цухалдах үе зөндөө. Гэртээ байх нэг их хүсэлгүй болохоор хичээлдээ явчихаад бусад үед нь Оюунаатай найзархан тэднийхээр байна. Зоригоо ах ийм царайлаг залуу байж яаж Оюунаа эгчийг тоодог байнаа гэсэн бяцхан атаархал байдаг байсан ч байнга тоглон дургүйгээ хүрвэл хичээлдээ ч явахгүй улайран суугааг Зоригоог хараад юу ч хэлэхгүй харин ч үүнийг нь дэмжих мэт дуугүйхэн хоолыг нь бэлдэн дөхүүлж тавьчихаад өөрийн ажлаа хийн байдаг Оюунаагийн тэвчээрийг бахдах болжээ. Гэртээ харих дургүй гэдгийг нь ойлгодог болохоор Зоригоо Оюунаа хоёр элдэв юм асууж шалгаах нь үгүй.

10 сарын эхэн болж намрын налгар өдрүүд өнгөрсөөр... Оюунаа бие давхар болж улам намба суун мариалсан мэт эгдүүтэй харагдана. Танилцаад 4 сар л болж байгаа хэрнээ хүүхэдтэй болчихдог би мөн сэтгэл амар хүнээ гэж хааяа санаа зовиновч хүүхдээ гаргана гэсэн бодлоосоо хазайсан тохиолдол үгүй. Гэрээний хугацаа нь дуусч байгаа болохоор Зоригоотой ярилцаад солонгост үргэлжлүүлэн сурахаар шийдээд байлаа. Үүний тулд заавал Монгол явж визагаа солиулах ёстой гэсэн болохоор удаан хариагүй гэртээ харьж буурал ээждээ нэг золгоод авна гэхээс сэтгэл өег.

Нутаг буцаад ирсэн Оюунаагийн бие нэг л ядрангуй харагдана. Цөөхөн хоногоор яаруу давчуу явсандаа тэр байх гэж өөрийгөө тайвшруулах ч доошоо ойр ойрхон цус гарах нь сэтгэл зүснэ. Зоригоог шавдуулсаар эмнэлэг орж үзүүлтэл харамсалтай байна, хүүхэд тань зулбасан байна эелдэг харь бүсгүй хичнээн сэтгэл засмаар хэлээд нэмэр байсангүй. Толгой нь дүйрэн, сул асгарах нулимс нь хэндээ ч гомдох вэ дээ гэсэн харууслаар л дүүрэн...Үнэхээр хэндээ ч гомдох билээ дээ. Тойлдох ёстой байсан эмзэг сарууддаа гам хийлгүй гүйсэн өөрийгөө л буруутгана. Хажууд нь байх хүн нь халамжгүй мэт, хойшид ханилна гэж бодох ч тоглоомноос өөрийг боддоггүй мэт. Уйлж туньж сэтгэлийг нь зовооё гэж бодсонгүй чимээгүйхэн гомдоод л өнгөрсөн.

Энэ бүхэн мартагдаж сэтгэл цэлийтэл цэлмэж байлаа. Удахгүй он гарна. Харьд байдаг ч оюутан залуус нийлж үдэшлэг зохиохоор болжээ. Цацралыг ганцаараа уйдаад гүйгээд байхаар нь Зоригоогийн аль нэг найзтай танилцуулна гэж хэрэг болгон авч очив. Олуулаа биш ч сэтгэл дүүрэн сайхан үдэшлэг болж байлаа. Баяраа Цацралтай танилцсан мөчөөсөө л алхам ч холдсонгүй. Хүүхдээрээ гэнэ цайлган инээд нь түүнийг соронзон адил татаж байлаа. Дуу шуугиант нэгэн орой өнгөрч нэгэн сайхан хос төрлөө. Гэвч хойшдын болох гайг Цацрал охин л нууцлана.


Үргэлжлэл бий


0 comments:

Post a Comment