Sunday, December 13, 2009

БЭХЭРЭ "Уучлаарай хайрт минь"

Дөлгөөн нүдээ бүлцийтэл уйлчихсан мөртлөө л тайвширч чадахгүй цурхиртал уйлан орчин тойрон хүмүүс ер нь юуг ч үл анзааран хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй урагшилсаар.

- Яаж чаддаг байнаа. 2 жилийн хугацаанд би энэ хүнийг огт таниагүй байжээ. Зүгээр сайхан найзууд байя гэнэ үү? Яаж ийм үг амнаас нь гардаг байнаа. Ядаж байхад оюутны байранд хамт шахуу байдгийг хэлэх үү. Намайг ер нь яа гэж байгаам болоо. Даанч дээ. Ингэх байсан юм бол яах тэгтлээ их дасгадаг байнаа гэж бодохоор л Дөлгөөн нулимсаа барьж чадахгүй байлаа.

Орчин тойрноо нэг анзаархуй ардын эрхийн буудал дээр сууж байх юм. Хүмүүсийн гайхсан харцнаас санаа зовон за ямар ч байсан байрандаа очъё хэмээн боссоноо хамгийн сүүлд Санаа руу ямар аймаар мессеж бичиж орхисноо гэнэт саналаа.

-Чамд ингэтлээ хайртай болсон намайг уучлаарай. Чамгүйгээр би амьдарч чадахгүй нь энэ миний магадгүй сүүлийн мессеж байх гэчихсэн шүү дээ гэж бодсоноо шүүрс алдаад өөрийн мэдэлгүй -Нээрээ би чамгүйгээр амьдарч чадахгүй нь гээд чанга хэлчихэв.

Дөлгөөн оюутны байр руу орохдоо хүнд муугаа харуулчихгүй юмсан гэсэндээ аль болох нүүрээ нуун бушуухан өрөөндөө орлоо. Санаагийн өрөөнд ортол өрөөнийх нь залуугаас өөр хүн байсангүй. Дөлгөөн Санаагийн ор руу очоод хэвтэхэд нөгөө л нэг танил дотно үнэр. Нулимс нь цийлэгнээд ирэхэд гэнэт шийдсэн янзтай огцом босоод урагдаж муудсан дэрнийх нь уутыг мулталж тавьчихаад өрөөндөө орж хальт нүүрнийхээ будгийг сэргээгээд цүнхээ шүүрч аваад яаран гарлаа.

Байрнаас нь холгүйхэн байдаг барааны дэлгүүр рүү орж өрөөд тавьчихсан олон янзын дэрний уутан дундаас нэг даруухан бор уут сонгоод хэн нэгнээс зугтах мэт яаран байрандаа орж Санаагийн дэрний уутыг сольчихоод санаа амран өрөөндөө ороод унтахаар хэвтлээ.

Нойрон дунд нь нэг хүн түүнийг сэгсчин нүүрэн дээр нь бүлээн зүйл дусалахад Дөлгөөн цочин сэрлээ. Санаа өмнө нь суучихсан - Хайрт минь уучил. Тэнэг намайгаа уучил. Надад ийм их хайртайг чинь мэдсэнгүй явжээ. Одоо би яанаа. Чи минь юу хийчихвээ хэмээн охин хүүхэд шиг цурхирна.

Дөлгөөн сэрчихсэн мөртлөө хөдөлгөөнгүй бүгдийг сонсон хэвтсээр байлаа.

0 comments:

Post a Comment