Хулгайч



Наадмын өдөр. Хөдөө сумыхан хамаг гоё ганган дээлээ өмсөөд бүгд л наадмын талбайд ирчээ юу гэлтэй. Би ч юу дутах билээ хамаг сайхнаа өмсөөд ээжийхээ ажилд туслах санаатай нэг ачааны тэрэгний хойно элдэв янзын наймаа дэлгэн сууна. Бусад хүмүүсийн бараа их л зарагдаад байх шиг. Харин миний бараа л нэг явцгүй шүү. Ээждээ их мөнгө үзүүлж баярлуулахсан гэхээс бөөн урам зориг буцалж байсан зүрх ер нь шалчийгаад ирлээ. Ашгүй тэндээс хамаатны хоёр үе тэнгийн хөвгүүд ирж яваа харагдлаа. Өнөө хоёр чинь машин дээр гарч ирээд цааш харан сууснаа нааш ир хэмээн сэм дохив. Сонин содон юу байгаа юм бол гэхээс хорхой гозогонон очтол баахан чихэр жимс ундаа харагдана.
-Хөөх, алив надаа
-Өгнө ш дээ. Наашаа суу. Хүмүүсээс нууж уу гэхэд нь л би тэдний юу хийснийг ойлгосон юм.
Ээжийн ахынх манайхтай саахалт. Тэднийх олон тэрсхэн хүүхэдтэй болохоор би тэднийд хонохоос бусад цагт нь байна. Энэ хоёр хүү бол тэдний хүүхдүүд бөгөөд нэр нь Жирмээ, Алдар. Хааяа дэлгүүр хоршоо хамт орохоор нэг нь худалдагчийг саатуулж өнөөх нь дээлийхээ энгэр рүү гарт таарснаа өвөртлөхийг нэг биш удаа харж билээ. Тэр бүрд нь би тэдний өмнөөс салганан чичирч айдаг байсан ч яваандаа тэдэн шиг болж ээжийгээ тэжээдэг ч юм билүү гэсэн бодол гэнэ гэнэхэн төрөх болсон юм. Алдар биднээс 2, 3 насны ахмад болохоор тамхи татна. Гэхдээ дүү нараа татаж болохгүй гэдгийг байнга сануулдаг. Бид түүнд тамхины акурк буюу хүмүүсийн татаж байгаад хаясан тамхины ишийг цуглуулж өгөх үүрэгтэй. Заримдаа тамхины иш ч олдохоо байхаар хүн арай их цугладаг гэх газар бид бор шувуу шиг л тонголзоно доо. Онгироо Гармаа ахыг хаагуур явдаг, хаашаа явахыг мэдвэл ч Алдарт тамхи олж өгөх асуудал биш. Онгироо Гармаа ах тамхиныхаа яг талыг нь татаад л хаядаг юм.
Бид цааш харан өнөөх амттай чихэр жимснээс хэдийг хам хум идлээ. Нэг л түгшүүртэй. 30 машины тэвшний хажуугаар юм зарж байгаа болохоор талбай ихтэй хоёр хүн юмаа зарахад хангалттай зайтай гээд  хамар Цэдэв ахыхтай ээж зэрэгцэн юм зарахаар болсон юм. Хамар Цэдэв ах гэж их том хамартай, үүндээ түүртдэг болов уу гэмээр хэцүү гуншиж ярьдаг ах бий. Наймаа сонирхох хүн амьтан байхгүй байсан болохоор хамар Цэдэв ах зүүрмэглэж эхэлжээ. Тэвшин дээр Жирмээ, Алдар хоёрыг гарч ирснийг ч мэдсэнгүй. Үе үе том хамраа дуугаргах нь бөх унтсны шинж гэлтэй. Алдар гэнэт намайг нудран
-Цаад хамар чинь унтчихсан юм биш үү гээд Жирмээ рүү жуумалзахад би юу сэтгэж байгааг гадарлан
-Сэрчихвэл яах юм бэ? гэхэд Жирмээ шийдсэн байртай нусаа чимээгүй арчаад нүдээ хурцлан хамар Цэдэв ахын барааны хамгийн наад захын хайрцагнаас нэг цамц энгэр рүүгээ аваад хийчихлээ. Би бүр хөдөлж ч чадахгүй хөшчихөв. Алдар ч ээлжээ хүлээлгүй өөр нэг цамц шурхийн аваад цааш эргэн хэр болохыг нь ажиглан дэлгэх нь баригдчихна гэж айсан шинж өчүүхэн ч байсангүй. Жирмээ намайг нудрахад би сая сэхээ авч "Хүний хүүхдүүд ингэж болоод байхад би яагаад болохгүй гэж" бодлоо. Энэ үед бяцхан зүрх минь амаар гарах шахан цохилж байсан ч гүнзгий амьсгаа аваад мөнөөх хайрцаг руу бараг нүдээ анин гараа зүтгүүллээ. Гарт хамгийн түрүүнд таарснаа авч пудволкныхоо дотуур чихээд эргэхэд миний зүрх тэр хавийн бүх хүнд сонсогдтол цохилж байсан гэдэгт итгэлтэй байна. Би хамар Цэдэв ах руу ч харсангүй Алдар, Жирмээ хоёр руу ч харсангүй. Хөлөө тэвшнээс унжуулан суугаад хамаг чангаараа
-Бараа сонирхоорой. Хямд бараа байна шүү гэж орилов. Алдар, Жирмээ хоёр ч тэвшнээс үсрэн бууцгааж хамар Цэдэв ах ч сэрж над руу энэ гэнэт юу болчихоо вэ, хүн тайван унтуулахгүй гэсэн байртай янз муутай харлаа. Би хоолойгоо сөөтөл хашгирсны хүчинд хэдэн хүнд бараа зарж ээжийхээ өмнө нүүр улайхааргүй болсон юм. Оройхон тийш гэртээ иртэл ээж намайг наймааа хийж ээждээ тус болсон сайн хүү гэж магтаад сонин хачин ярихаар ахых руугаа орлоо. Би ч юу дутах вэ ээжийгээ дагаад л айл хэслээ. Ортол Алдар, Жирмээ хоёр баахан юм хоймортоо баахан юм дэлгэчихсэн дүү нар нь тойроод идэхээс нь идэж өмсөхөөс нь өмсөж буй харагдана. Ээж нь толины өмнө бас нэг юм өмсчихсөн эргэлдэж байснаа манай ээжийг харав уу үгүй юу гүйн ирж
-Ашгүй чамайг дуудах гэж байлаа. Хар даа хүүхдүүдийнхээ буянаар сайхан плажтай боллоо. Ямар байна.
-Гоё юм аа. Ямар мундаг хүүхдүүд вэ.
-Алдар Жирмээ хоёр наадмын талбайгаас овоо хэдэн юм шомбодоод ... гээд тас тас инээхэд ээж тэдэн рүү дөхөж очоод
-Зөндөө юм байна ш дээ. Яаж баригдчихаагүй юм бэ.
-Наадуул чинь тэрэндээ авьяастай шүү дээ гэхэд би бас магтуулмаар санагдаад өнөө олзоо гарган
-Би энийг шомбодчихсон.
-Хөөх миний хүү бас уу гээд ээжийн хувирсан царай яав ч намайг магтсан царай биш байлаа. Түрүүхэн гэртээ магтахдаа огт өөр байсан. Ээж надад өөр юу ч хэлээгүй. Тэдний дунд бид хоёр олзыг нь сонирхож дуу шуутай байсаар гэртээ орлоо. Тэр явдлаас хойш ээжийн царайнаас хувирлаас болсон уу өөрийн өдийг хүртэл хүмүүжсэн хүмүүжлээс болсон уу надад хулгай хийх сэдэл огт төрөөгүй юм. Хожмоо би ээжийгээ тун сайн ойлгож билээ. Миний ээж намайг битгий гэж аливааг хийхэд хориглож байгаагүй ч хулгайч болоосой гэж хэзээ ч хүсээгүй. Бас ээжид минь тус дэм, хань болдог ганц ахыхаа хүүхдүүдийг та нар хулгайч гэж зэмлэж ч чадаагүй. Хэрвээ тэр үед тэгээд хэлчихсэн бол манай ааштай бэр эгч биднийг нэг насаараа харахгүй хараах байсан нь лавтай. Ээж минь зүгээр л миний ухаанд итгэсэн юм болов уу гэж би боддог.


Read More

4хөн мөртэй


Хөндүүр зүрхний шархан дээр
Хүчээр давс цацалж чиний зургийг хараад
Хэзээ над руу эргэхгүй тэр бардамд
Хэнхэгээ сэмлэх шахан санаа алдалт л илгээлээ

Read More

Ээлж



-Ааваа, би өдөржин сургууль дээр байх уу? Та намайг яг хэзээ ирж авах уу? Танихгүй хүүхдүүд намайг дээрэлхвэл би яах уу? Ээж намайг амттай юм идэж болохгүй гэдэг хэрнээ чихэр авч идээрэй гээд мөнгө өгсөн. Би бүгдэнгээр нь чихэр авч идэж болох юм болов уу? Ааваа, би гэнэт таныг санавал яах вэ? гэхчилэн элдэв түмэн асуултаар булан суугаа хүүгийхээ амыг дагуулан хариулж явсаар Сайхнаа хүүгийхээ сургуулийн гадаа ирлээ. Саяхан л Сайхнаа хүүгээ анх тэврэх гээд сандарч салганаж байсансан. Өнөөх улаан нялзрай амьтан нь одоо сургуульд орох болчихож. Сайхнаа хүүгээ машинаас буулгаад
-Аав нь анги руу нь оруулж өгөөд ажил руугаа явалгүй горьгүй. Миний хүү одоо ингээд том эр боллоо. Тэгэхээр ээж, аавыгаа санаж уйлна гэж ярихгүй шүү. Дүү нь шоолно. Орой хичээл нь тарахад аав нь хүрээд л ирнэ гэж хэлэхдээ Сайхнаа хоолойгоо сөөнгөтөн чичирхийлэхийг мэдрээд хүүгээ хөтлөн сургууль руу нь алхлаа.
-Ааваа, багш нь аймаар болов уу?
-Яалаа гэж дээ. Миний хүүг айлгавал аав нь айлгаад өгнө гайгүй гэхэд хүүгийх нь санаа амарсан байртай мишээнэ.
Сайхнаа сургуулиас гаран алхах зуур тээр нэг жилийн зураг нүдэнд нь кино зургийн хальс мэт жирэлзлээ. Сайхнаа арван жилдээ хүү шигээ дуулгавартай сайн хүү байгаагүй. Анх сургуульд орсон цагаасаа 10-р ангиа төгсөн төгстөлөө эцэг эхийхээ чихнээсээ байнга хонх зүүсэн. Сайхнаагийн аав гэж хар залуугаасаа жижгээс том хүртэл даргын суудлаасаа буугаагүй нэгэн. Хэн хүнийг тархийг нь эргэтэл загнадаг хэрнээ хүүдээ л ганц үг хэлж үзээгүй. Ээж нь Сайхнааг болохгүй бүтэхгүй зүйл хийх бүрд уйлан дуулан загнах ч тэрхэн үедээ ойлгосон мэт царайлж байгаад ээж нь үглэхээ болимогц өнгөрснийг хумхын тоос шиг мартана. Үнэндээ Сайхнааг айлгаж ичээгээд байх хүн гэрт нь сургуульд нь байгаагүй. Эхний үед багш нар нь эцэг эхийг нь байнга дуудаж төвөг уддаг байсан ч сүүлдээ Сайхнаагийн байгаа байдалтай бүрэн эвлэрчээ. Аав нь захирлын найз тулдаа Сайхнааг хөөлгөлгүй тэгж ингэс гээд сургуулийг нь төгсгөхөөр улаан нүүрээ улалзуулан гуйсны хүчинд тэр шүү дээ. Ингээд Сайхнаад төгсөхгүй байх вий, хөөгдчих вий гэж санаа зовох юм үнэндээ байсангүй.
Хар багаасаа үй зайгүй найзалсан Доржоо найзыхаа төрсөн өдрийг сунжруулан тэмдэглэсээр 7дох хоног дээрээ ууж идэн найрлаж явсан Сайхнаагийн дэргэд Доржын дүү нь маргааш 10 төгсөх хүүхдүүд улсын шалгалтаа өгөх гээд завгүй бэлдэж байхад та хэдийн байж байгааг хэмээн үглэнэ. Дэн дун ухаантай амьтан босоод цагаа харвал шөнийн 11 цаг болж байлаа. Энэ үед гаднаас Дорж нэг шил юм барьсаар шараа тайлцгаанаа гэхэд дүү охин нь хялалзсаар өрөөндөө орлоо. Сайхнаа ч цаашаа гэж чадсангүй нөгөөхөөс нь татсаар тас үсэрчээ. Өглөө нь хэн нэгэн түүнийг татаж чангааж цохиж хашгична. Сайхнаагийн бухимдал төрөн
-Ална шүү. Зүгээр унтуулаарай гэхэд
-Сайхнаа ахаа та явж шалгалтаа өгөөчөө. Ээж чинь ирж байна гэсэн. Ядаж наад нүүр амаа угаа гэхэд дуртай дургүй амандаа хараал урсгасаар босч ирлээ. Угаалгын өрөөнд байх зуур ээж нь үглэж нэг уйлж нэг үзээд эцэст нь тамираа барсан бололтой жолоочоо дуудаад хүүгээ сургууль руу хүргэхийг хүсч
-Аав чинь хүлээж байгаа. Ангийханд нь сайн захисан байгаа чамайг шалгалтан дээр аваад гарна гэсэн. Суу гэсэн газар нь л суугаарай гээд цааш алхлаа. Сайхнаа сургууль руу явах зуур машин дотор байсан цэвэр уснаас хэд балгатал бүр манарад согтоод иржээ.
-За ирчихлээ буугаарай гэхэд Сайхнаа машинаас буун дөнгөж хөлд орж буй хүүхэд шиг алхална. Шалгалтын сүр сургуулийг тэр чигт нь дарж гадуур дотуур ямар ч хүүхэд харагдахгүй. Харин сургуулийн үүдэнд ганцхан хүн торойн харагдана. Сайхнаа аавыхаа ийм байхыг хэзээ ч хараагүй. Сайхнаагийн нүдэнд аав нь дандаа л гялгар толигор хар цүнхтэй, цэвэр цэмцгэр костьюмтай дарга л харагддаг байсан. Гэтэл түүнийг хүлээн зогсоо энэ хүн ааваас нь хэд дахин өтөлж хөгширсөн ядруухан царайтай эр байлаа.
-Миний хүү хувцасаа хурдхан өмсөөд шалгалтандаа ор. Амжилт хүсье гээд үнсэхэд Сайхнаа утга учиргүй зорилгогүй амьдарч байсан амьдралдаа баяртай гэж хэлсэн. Эцгийхээ залуу сайхан насны санчгийг будант саарлаар хайр найргүй будснаа Сайхнаа тэгэхэд л анзаарчээ.
Сайхнаа энэ бүхнийг эргэн санаж хэсэг зогссноо өнөөдөр гэдэг энэ өдөр хүүгийх нь хувьд мартагдашгүй байнга дурсагдах нэгэн сайхан өдөр нь шүү дээ гээж цээж дүүрэн амьсгаллаа.




Read More