Sunday, September 25, 2011

"Түлхүүр" өгүүллэг 13

Шүүх хурлын өдөр иржээ. Яллагч өмгөөлөгч 2 асуултаа тавьж эхэллээ. Бүсгүй бүх хэргээ хүлээсэн байсан болохоор Баяраа сэтгэл амар ажиглан сууна. Урнаа гэнэтхэн учир зүггүй уйлж эхэллээ.

-Би хийгээгүй хэргээ хүлээсэн. Мөрдөн байцаагч нь надад хэргийг хүчээр тулгаж бүр зоддог байсан гээд хувцсаа дээш болгоход хөх эрээн болсон бие нь бүх хүмүүст ил харагдлаа. Баяраа олго харайн босч хэлэх үг нь олдохгүй дэмий л гараа занган хий хашгирч байв. Энэ шүүх хурлаар бүх юм орвонгоороо эргэн бүсгүйг ямар ч нотлох баримтгүй гэрчийн мэдүүлэггүйгээр байхад хүчээр хэрэг тулгасан болж Баяраа өөрөө эргээд хэрэгт унажээ. Урнаагийн өмгөөлөгч гэх цэвэрхэн хувцасласан зузаан харааны шил зүүсэн залуу ялалтандаа тун сэтгэл хангалуун байгаа харагдана. Харин Урнаагийн хувьд баярлаж хөөрсөн шинж огтхон ч байсангүй. Мөнөөх л сэтгэлийн хөдөлгөөн харагддаггүй царай. Тэр өдөр бүсгүй суллагдаж Баяраа даргадаа бангадуулан хэргийг өөр мөрдөн байцаагчид шилжүүлэх тушаал аваад сууж байлаа. Бүх хэргийн учрыг олчихсон гээд хичнээн сэтгэл тэнэгэр бүтэн нойртой хоносон билээ дээ. Урнаатай андуурагдаад байсан нууцлаг бүсгүйтэй ч хэд хэд уулзаад нилээн дотносчихсон одоо л амьдрал хэвийн гольдролдоо орлоо гэж сэтгэл хангалуун бодож байсан нь нэг өдрийн дотор хумхын тоос шиг хийсчихлээ. Оргил ширээнийх нь урд суугаад яах ийх учраа олохгүй даргыхаа аяыг харж гараа базлан сууна. Баярааг ингээд орхичихгүй нь тодорхой. Сэжигтэнд хүчээр хэрэг хүлээлгэсэн гэсэн хэрэг заавал гарч ирэх ёстой. Дарга нь өрөөндөө дуудаж өмнөөс нь хэрэгтэй хэрэггүй баахан цаас шидлээд хэд хоног миний нүдэнд битгий харагдаарай. Ер нь ажлаа хүлээлгэж өгөх бэлтгэлтэй бай. Ажлаас нь халаад өнгөрвөл их юм гэсэн бухимдалтай царай нь Баяраагийн нүдэнд байн байн харагдана. Одоо яая гэхэв ингэж далаараа тавиулсан хойно Оргилыгоо л чирэхгүй шиг өөрөө бүгдийг нь үүрээд л алга болох минь. Энэ ажил надад зохихгүй бололтой гэсэн бодолдоо улам лавшран суугааг нь Оргил яахан мэдэх билээ. Хэд хоногийн дараа Баяраа халагдах өргөдлөө өгөөд өөрийн буруу ажиллагааны улмаас байгууллага хамт олныхоо нэрийг хугалсандаа гэмшиж буйгаа товчхон бичсэн өргөдлийг даргыхаа ширээн дээр тавиад бүх зүйлээ хүлээлгэж өгчээ. Оргил ахлагчаа ийм амархан буугаад өгчихнө гэж үнэндээ санаагүй байжээ. Өнчин ишиг шиг болж байгаа мэт санагдан Баяраагүй бол ажил нь утгагүй мэт бодогдож нялцгар амьтан биш ч хамрынх нь уг руу шархираад байлаа. Сүүлийн хэдэн сарын турш өрнөсөн амьдралын олон эргэлтүүд Баярааг бүр мохоожээ. Тэр хаа нэг тийшээ Соёлмааг аваад нүдэн балай чихэн дүлий амрахыг л хүсэж байв. Шөнийн нууцлаг хатагтай байсан Соёлмаа Баяраагийн ганц түшиг л байлаа.

-Би ажлаа хүлээлгээд өгчихлөө. Хаа нэг тийшээ амрахаар явмаар байна. Чи жаахан судлаадахаач хө

-Яасан огцом шийдээ вэ? За би хэдэн таньдаг мэддэг хүмүүсээсээ асууя гээд утас тасарлаа.

Анх Соёлмаатай өдрийн цагаар уулзахад Баяраад их эвгүй байж билээ. Баяраагаас нилээд хэд эгч болох нь шууд харахад л илт байсан. Тэр ч утгаараа нэг удаагийн нүүр хагарч уулзалдсны дараагаас түүнд эгчмэд бүсгүй халамжийг үзүүлж өгчээ. Баяраа ийм халамж хайрыг мэдрэлгүй удсан байсан болохоор бүсгүйг хайрлах гэхээсээ илүү түшигт нь найджээ. Багахан компани толгойлдог Соёлмаагийн хань нь өөд болоод хэдэн жил болж байгаа. Үр хүүхдүүд нь том болоод тусдаа гарчихсан болохоор ганцаардсан Соёлмаа гэрийнхээ ойролцоох баранд хааяа орж 100 татдаг байсан нь Баяраа тэр хоёрын уулзах шалтгаан болжээ гэдгийг бид бэлхнээ мэдэх болсон билээ.

Ингээд Баяраа ажлыхаа хаалгыг дуртай дургүй хаагаад хэдэн жил энэ л босгыг элээж орж гарч байсан даа гээд үүдний шалыг дотночлон хараад шийдэмгий гарч одлоо. Би энэ байгууллагад бүх л бие сэтгэл амьдралаа зориулсан. Хэрвээ намайг чи тэнцэхээ больжээ гэвэл би дуртай явах болно гэж дотроо шивнэсээр эргээд харчихвал буцаад орчих мэт санагдсан ажлын байрнаасаа зугтах мэт холдлоо. Оргилын дугаараас түүнд дуудлага ирсээр л байв.

Аялалын өдөр болж тээшээ чирсээр шатаар дээш гарч ирвэл тасалбар шалгах хэсэгт танил царай харагдсан нь Урнаа дүрээрээ байв. Баярааг харсан Урнаагийн царай өчүүхэн төдий ч татганасангүй хэзээний танилтайгаа мэндэлж байгаа мэт толгой дохиод цааш явахад хойноос нь цүнх барьж хүүхэд хөтөлсөн нэг эр явлаа. Царай нь хальт харагдсан ч түүний таних царай биш байлаа. Тэд нэг онгоцонд суусан нь аз эз болохын нь алиныг мэдэхгүй ч Баяраа түүн рүү байн байн хяламхийсээр явлаа. Солонгосын Инчеоны нисэх онгоцны буудлаас өөр онгоцонд суухыг нь яриан дундаас нь мэдээд авав. Хаашаа явах гэж байгаа юм бол? Арай бас нэг газар руу явах юм биш байгаа гэж бодохыг дотрыг нь нэг юм зураад ирлээ. Инчеоны онгоцны буудал дээр нэг хонох юм чинь түүнийг анзаарах болом олдох байх гээд ажлаа орхичихсон хэрнээ дадал болчихсон мөрдөгч зан нь сэдрээд байгааг анзаарах сөхөө байсангүй.

Тамхи татах өрөөнд Баяраа ганцаар утаа баагиулсаар суулаа. Шөнийн 3 цаг өнгөрч байсан болохоор тамхи татах гээд түүнтэй ханьсах хэн ч байх билээ. Бүгд дугжирч байв. Хойно нь хөлийн чимээ гарахад Баяраа цочих шахуу эргэж харав. Хайгаад хайгаад харагдахгүй байсан Урнаа нь түүний хажууд ирээд нүдээ сүүмийлгэн тамхиныхаа утааг үлээх нь яасан танил зураг вэ. Хэн хэн нь юм дуугарсангүй хэсэг хугацаа өнгөрлөө.

-Ажлаасаа гарсан гэлүү? Надаас болсон юм биш биз дээ?

-Тодорхой юм асууж байгаа юм биш үү?

-Харамсалтай л юм. Та хэргийн гогцоог тэгж лав атгачихсан байсан хэрнээ зүгээр л ингээд сүүлээ хавчаад зугтаж байгаа хэрэг үү?

-Би зугтаагүй.

-Өөрийгөө л хуурч байна даа гээд тас тас хөхрөх нь эгээ л чөтгөр мэт санагдана.

-Надаас сайн мөрдөгчид зөндөө байгаа. Чи удахгүй баригднаа гайгүй.

-Тэр ч юу л бол. Хятад эмч хүний наймаа гэж хайсаар хэрэг хаагдах байлгүй

-Тийм хүн байхгүй хэрэг үү?

-Тэр жаалуудад угаасаа амьдрал аль хэдийн утгагүй болчихсон байсан шүү дээ. Зугаацах юмсаа гүйцээчихсэн эцэг эхээ шар махтай нь хатаасан үхлээ гээд хэн ч хойноос нь сарвайхгүй амьтад байгаа биз дээ? Үсрээд л шоу цэнгээнд дааж байсан найз нар нь хэсэг үгүйлнэ биз. Та монголд янхны газар байдгийг мэдэх үү? Зөвхөн дээдсийхэн үйлчлүүлдэг. Дандаа онгон охид байдаг гээд бод доо. Гэмгүй залуусыг аллаа гээд бүгд намайг буруутгаж байсан. Яс юман дээрээ би охидын зовлонгоор зугаа болгогчдын үүр уурхайнуудаас л цөөлсөн төдий шүү дээ. Тэдний үхэл миний хорхойд хоргүй бяцхан хүүд амьдрал бэлэглэсэн. Нөхөр маань намайг яагаад тэгтлээ үзэн яддагийг та мэдэх үү? Яагаад гэвэл би сургалтын төлбөрөө олох гэж анх тэр анхны газар онгоноо алдаж байсан юм. Намайг тэгж зовоож тамлаж хүүхэн болгож байсан новш дараа нь надтай учрахдаа танихгүй байсан шүү. Ямартаа ч та харсан байх. Тэр 3 гурвуулаа их жаргалтай байхдаа хорвоогоос хальсан. Тэдний хувьд ингэж үхэх нь нэг төрийн хэрэг. Тэгж хөдөө авч очихдоо би 3уулангаас нь маш их хэмжээний бэлэн мөнгө авчрахыг гуйсан юм. Надад унаж тустлаа дурлачихсан байсан болохоор тэдний хувьд энэ мөнгө далайгаас дусал авахтай л ижилхэн байсан. Харин хордуулсан эрхтний байрыг сольсон зэргийн асуудал бол зүгээр л хятад эмч гэдэг үгийг үнэмшилтэй болгох гэсэн шалтгаан. Та надтай хамт яваа залууг танихгүй байна уу? Миний өмгөөлөгч шүү дээ. Би таныг их гярхай гэж бодсон үгүй бололтой. Тэр миний хийсэн хэргийг өчүүхэн төдий ч мэдэхгүй миний жүжигт итгээд надад үхтэлээ дурлачихсан хөөрхий залуу. Гэхдээ та санаа зоволтгүй ээ. Энэ залуу хүү бид хоёрын ирээдүйн амьдралын баталгаа цаашлаад хорхойд хоргүй амьтан болохоор алах тухай ерөөсөө бодоогүй гээд өөрийн хийсэн хэргийг нэг амьсгаагаар ярьсны дараа тамхи гүнзгий сорон таашаал авч байгаа харагдлаа.

-Чи яагаад надаас айхгүй байгаа юм бэ?

-Та ч гэсэн надтай адилхан алуурчин шүү дээ гээд нүдээ жоотойлгоход Баяраа золтой л олго харайгаад босчихсонгүй.

-Чи юу яриад байна? Би цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч хүн шүү

-Надтай ингэж ярихаа больж үз. Эхнэрээ яасныг чинь би бүгдийг нь харсан. Та явалддаг байсан хоёр залууг нь буруутан болгохоор бүгдийг нь хийгээд орхио биз дээ? Та ч гэсэн муугүй алуурчин юм билээ гээд түрүүчийн чөтгөрийн инээдээрээ тас тас хөхрөхөд Баяраа лагхийтэл суугаад хамаг хөлс нь цутгаж эхэллээ.

-Та өөрийгөө миний хэргээс болоод ажлаасаа гарч байгаа мэтээр харуулж байгаа ч үнэндээ та энэ бүхнээс үугтаж байгаа шүү дээ.

-Одоо болно. Одоо ингээд болно. Намайг тайван орхиж үз. Би ч чамд гай болохгүй.

-Миний хар дарсан зүүд шиг зовлонт амьдралд тавтай морил. Ийм юм хийсэн хүн тайван хонох нь ховор доо Баяраа минь гээд дотночлон дуудах нь Баяраагийн хувьд хүйтэн мэсээр зүрхийг нь хэсэгчлэн хуваах шиг санагджээ.



ТҮЛХҮҮР ӨГҮҮЛЛЭГИЙГ ИНГЭЭД ДУУСГАЛАА. ЗАРИМД НЬ ТӨГСГӨЛ ТААЛАГДАЖ ЗАРИМД НЬ ТААЛАГДАХГҮЙ Л БАЙХ. МИНИЙ ХУВЬД ДАХИЖ ИЙМ ОНЦГҮЙ ЭНЕРГИТЭЙ ЗҮЙЛ БИЧИХЭЭС ТАТГАЛЗАХ НЬ ЗӨВ ЮМ УУ ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ЯМАРТАА ЭНЭ БҮХНИЙГ ДУУСТАЛ НАДТАЙ ХАМТ БАЙЖ БИЧИХГҮЙ УДАХ БҮРД НЭХЭЖ ТЭР БҮРДЭЭ НАДАД ЭЛДЭВ ЯНЗААР БИЧИХ УРАМ ХАЙРЛАЖ БАЙСАН ТА БҮХЭНД ГЯЛАЙЛАА.




0 comments:

Post a Comment