Wednesday, January 4, 2012

Үйлийн үр

Санчигт нь цагаан үс хараасаа олон харагдах ч залуу насандаа олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулж явсан болов уу гэмээр хижээл насны эр болкон дээрээ тамхи татан бодолд дарагдана. Шанааны судас нь үе үехэн гүрэлзэн, нүд нь хилэнтэй сэргэн ирэх ч төд удалгүй гал нь унтраагүй цогон дээр ус асгасан мэт сүүмийн алга болох ажээ. Нэг хүн ирж яваа бараанаар ухасхийн тамхиа унтраагаад таягаа тулан цойцгоносоор цааш орлоо. Хаалганы түлхүүр дуугарах агшинтай зэрэгцэн тэргэнцэртээ яаран суугаад юу ч болоогүй мэт зурагтын суваг сольж эхлэв. Гаднаас орж ирсэн хүн шуухитнан нусаа чимээтэй татан үүдэнд гутлаа тайлж замбараагүй хаяснаа том өрөөнд орж хижээл эрийн өвдгийг тэврэн уналаа.

-Ааваа, Зоригт надад хайргүй болсон гэнээ. Надтай дахиж уулзмааргүй байна гээд байна ш дээ би яах юм бэ гээд эхэр татан уйлахад Гончиг дэмий л толгойг нь илэн дотроо мэгшинэ. Охиныхоо шаналаад явааг, хайр нь нэг л бүтэмжгүй байгаад байгааг Гончиг аль хэдийн мэдэрсэн. Охин нь түүнээс юмаа нуудаггүй болохоор хэлнэ байх гээд хүлээсэн ч охин нь өнөөдрийг болтол тэвчээд чимээгүй л байжээ. Хүн шиг хөлтэй байсан бол муу золигийг очоод нам цохихсон гэж хичнээн хүсэвч 00-ын өрөө, болкон хоёроос хэтрэхээ больсон өөртөө л дэмий ундууцна. Гончигт охиноос нь өөр санаж сарвайх хүн үгүй. Тэр нэг жилийн гайтай автын ослоос болж хайртай хань нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, өөрөө өрөөл дутуу болчихоод охиндоо бараа болохоос цаашгүй. Хурааж хуримтлуулсан хэдийхээ ачаар хэн хүний гар харахгүй болгоод амьдарч байгаа ч угийн хөдөлгөөнтэй байсан хүн гэнэт ингээд гэрийн мухар сахичихаар үхснээс өөрцгүй мэт түүнд санагдана.

Охин нь хар багаасаа ээж гэхээсээ илүү Гончигт илүү амь байсан болохоор өөрт юу тохиолдсон, өдөр юу болсон, хэнтэй үерхэж байгаагаа, хэнд хайртай болсноо үг үсэггүй ярьж дуу шуугүй ханхай гэрт баяр баяслыг бэлэглэгч нь гэхэд болно. Сүүлийн үед охин нь эрс өөрчлөгдөн уур уцаартай болж, аавтайгаа үг солих нь цөөрөөд, байн байн хэнгэнэтэл санаа алдан утас нь дуугарахаар ухасхийн очиж хараад урамгүйхэн цааш болгож байгаа харагдсан. Ганц баяр баясал нь болдог охин нь ингэчихээр Гончигт бүр байж суух газар олдохгүй хоногийн тамхины хэрэгцээгээ өдөрт нь барж суугаа нь тэр. Охиноо жаахан байхад нь ширүүхэн хэдэн үг хэлчихээр нүднээсээ том том нулимс унаган аргадахаар бүр гомдолтой уйлдаг байсныг нь санан шимширч

-Миний охин аавдаа эхнээс нь ярь даа. Зоригт нь гайгүй л хүүхэд шиг байсан. Яг юу болсон юм? Аавдаа утсыг нь өгнө үү? Аав нь яриадахъя

-Одоо бүх юм өнгөрсөн. Хуучин найз охиноо мартаж чадахгүй байгаа юм байхаа. Нөгөөхтэйгөө эргээд нийлж байгаа намайг битгий гай болоорой гэсэн гэхэд Гончигийн тархин дундуур тасхийтэл татаад авсанд ижил болж гар нь сулран ирлээ.

-Ааваа та зүгээр үү? Таны царай яачихваа? Ааваа намайг уучлаарай. Охин нь зүгээр ээ. Охин нь Зоригтыг мартаж чадна хэмээн сандран шулганахад

-Аавдаа аяга хүйтэн ус хийгээд ир гээд өнгөрсөнд болсон нэгэн явдлыг нэхэн саналаа.

***

Өвлийн цас бударсан орой залуухан Гончиг гэр хорооллын нэгэн айлын хаалганд машинаа тулгах нь холгүй зогсоогоод хаалгыг ууртай түлхэн орлоо. Гэрэлмаа галын урд мах хөшиглөн суух агаад Гончигийг хараад царайнд нь баярын мишээл тодорч

-Миний хайр хүрээд ирэв үү? Ашгүй эрт ирлээ. Хайр нь дуртай хоолыг нь хийх гэж байлаа.

-Чи юундаа худлаа налиганаад байгаа юм бэ? Хүний амьдралд гай болох гэж байгаа юм шиг Сүрэнтэй үхснээ хийж уулзсан юм бэ? Чи миний амьдралаар тоглочихлоо за. Би чамтай зүгээр л хамт амьдарч байгаа болохоос хэзээ чамтай ханилна сууна гэж хэлсэн юм бэ? гэж шүлсээ үсчүүлэн орилсноо хамаг хувцсаа цуглуулан чемодандаа чихээд

-Би энэ газрын мухарт чамтай хамт амьдралыг барна гэж бодоо юу? Чи битгий мөрөөд. Дахиж миний амьдралд орж ирж гай болоод үзээрэй

-Гончигоо чи байз л даа. Би тэр хүүхэнтэй чинь уулзаагүй. Над дээр өөрөө ирсэн. Би хамт амьдардаг гэж үнэнээ л хэлсэн шүү дээ. Миний хайр уучихсан юм уу?

-Мөн тэгнэ байх даа.

-Хайраа би өнөөдөр эмнэлэгт үзүүлсэн. Хоёулаа удахгүй хөөрхөн хүүхэдтэй болно гэсэн.

-Наадах чинь миний хүүхэд биш. Битгий дэмийрээд бай. Би хэлсэн шүү. Миний нүдэнд битгий үзэгдээрэй гээд хаалга саван гарахдаа Гончигийн санаа зовж байсан гол асуудал баян айлын хүргэн болох замд нь гай болсон Гэрэлмааг яс махандаа шингэтэл үзэн ядснаас хүүхдийн тухай, хэдэн сар түүнийг халамжилж, аргадаж амьдарсан бүсгүйн амьдралын хумсын төдий ч бодоогүй.

***

Тэвчиж барьсан нулимс нь үрчлээ суусан хацрыг нь даган урсахад Гончиг дэмий л охиноосоо нуун арчаад авчирсан усыг нь чичигнэсэн гараар авлаа.

-Охиноо сандаргачихав уу даа? Аав нь зүгээр ээ. Дэмий юм бодогдоод...

-Ааваа би жирэмсэн... гээд охин нь эмээсэн байртай хулмалзан зогсоход энэ удаад Гончиг өчүүхэн төдий ч цочирдсонгүй харин болох юм болдгоороо болж гэсэн байртай нүүр дүүрэн инээгээд

-Хүн бүл муу бид хоёрт аштай юу даа. Алив аав нь охиноо үнсье гээд духан дээр нь зөөлөн үнэрлэлээ.




Тунгаагийн үг санаанаас гарахгүй явсаар байгаад нэг

ийм үргэлжилсэн үг болгочихлоо.

2 comments:

Мармелад said...

Над ийм гоё блогны толгой хийгээд өгөөч ккккк

January 5, 2012 at 11:57 PM
Бэхэрэ said...

энэ толгойг би хийгээгүй угаасаа байсан загвал ш дээ ккк

February 27, 2012 at 3:50 AM

Post a Comment