Tuesday, December 13, 2011

Шинэ жил

Төмөр, Саран хоёр уулздаг болоод сар гарангийн нүүр үзэж байна. Гилүүртэй зам дээр хоёр машинаа "үнсэлцүүлчихээд" хэрэлдэж танилцаж байсан гэхэд тэдний харилцаа тун удалгүй гал халуун дурлал болж өрнөсөн. Төмөрийн найзууд тэр хоёрыг явуулан хэрэлдэж танилцсан хүмүүс суудаг юм гэсэн гэхэд Төмөр жигтэйхэн хөөрцөглөнө. Замын голд хар хүйтэнд хацрыг нь хорстол алгадаж байсан бүсгүйтэй дотно танилцаад ирэхнээ тэр их ааш хаанаас нь гарсан байна гэж гайхмаар... Харин ч эрх нялуун зан, хайр халамж нь Төмөрийн сэтгэлийг улам бүр соронздож байлаа. Сүүлийн хэд хоног Саран утасных нь дуудлаганд хариулахаа болиод утас нь байнга салгаастай байх болжээ. Сарангийн тунирхуу занг мэдэх болохоор Төмөр яаж аргадах учраа олохгүй л байлаа.

Сүүлд уулзахадаа Саран ямар нэг юманд сэтгэл нь шаналсан юм уу гэмээр нэг зүйл хэлэх гээд болиод байгааг нь Төмөр анзаарсан ч яагаад ч юм муу совин татаад байсан болохоор чимээгүйхэн аясаар нь байжээ. Гэтэл огт уурлах шаардлагагүй зүйл дээр Саран гэнэт омогдон найзуудых нь дэргэд анх уулзсан шиг аашлан учир зүггүй хашгичиж байснаа гараад явчихсан. Төмөр яг юу болоод өнгөрсөн, Сарангийн уурыг юу тэгтэл уурлуулсныг гайхаад учрыг нь олохгүй үлджээ. Саранг хаалга саван гарах үед Төмөрийн найзууд гайхаш тасарсан харцаар Төмөр рүү нэг хаалга руу нэг харж байснаа нэгнийх нь найз охин хойноос нь явахгүй юм уу гэхэд найзуудых нь өмнө ингэтэл өрөвдөлтэй байдалд оруулсанд нь шаралхан

-Явж л байна биз. Халхын охид хаданд авирсан биш гээд тоогоогүй царай гарган суусан ч зүрх сэтгэл нь Сарангийн хойноос гүйж очоод түүнтэй учраа олон аргадаад авчрахсан гэхээс байж ядан байсан. Саран огцом ууртай ч өөрийхөө бурууг ойлгож эргээд заавал уучлал гуйдаг болохоор Төмөр тэвчээртэй хүлээж байлаа. Он гарахад хэдхэн хоног үлдчихсэн байдаг. Сарангийн гэрийг нь мэдэх ч ээж аав нь гадаадаас ирнэ гэж байсан хугацаа нь болчихсон байсан болохоор эмээгээд шууд яваад оччихож бас чадахгүй л байлаа.

Төмөр зүгээр хүлээгээд суугаад байх тэвчээр нь тасарчээ. Өнөөдөр чинь он гарах гэж байна. Хайртайгаа хамт гаргах гэж байгаа анхны шинэ жилийн баяр шүү дээ. Уучлал гуйж чадахгүй эмээгээд л явж байгаа гэж дотроо эвийлэн бодсон Төмөр Саранд бас Сарангийн гэрийхэнд жаал жуул бэлэг аваад -Хайртай л юм чинь гэрийхнээс нь одоо алийн болгон зугтах вэ дээ гэж өөрийгөө зоригжуулан гэрээсээ гарлаа. Замаасаа зориг мохон хазайчихгүйн тулд Сарантай өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаа, хайрын ялдам үгсийг нь санан санан алхана. Хайрыхаа тухай бодоод өөрийн мэдэлгүй ганцаараа инээмсэглэн алхаж байгаагаа ч анзаарсангүй. Гэнэт хэн нэгэн далан дээр нь цохиход цочсондоо золтой л халтираад уначихсангүй.

-Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн аав нь өхөөрдөм хүү Төмөрдөө ... гээд хоолойгоо шахан дуржигануулах өвлийн өвгөний хувцастай хүн зогсож байлаа.

- Хэн бэ?

-Чи нээрээ муу найзыгаа сахал зүүчихэнгүүт танихгүй өнгөрчих бололтой юмаа гээд өөрийн хоолойгоор дуугарах нь хар багын найз Сайхнаагийнх нь хоолой яах аргагүй мөөн.

-Чи яахаараа ийм хувцас өмсчихсөн явж байдаг байнаа?

-Дарга л чи сайхан хэлэмгий доломгой гэж хошгоруулж байгаад ийм юм өмсгөөд хоёр хүүхэддээ бэлэг хүргүүлчихлээ ш дээ гэхэд Төмөрт нэг сайхан санаа төрж

-Алив хөгшөөн. Чи даргаа баярлуулчихсан юм чинь, хайр багын найзаа гомдоохгүй юм байгаа биз дээ гээд мөрөөр нь тэврэн цааш одлоо.

---

Хаалганы хонх зогсолтгүй дуугарна.

-Хэн бэ?

-,,,

-Хэн бэ?

-Өвлийн өвгөн байна.

-Сараан, манайх өвлийн өвгөн захиалсан юм уу? Миний охион нааш ирээ... гээд хаалга тайлтал

-Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн аав нь... гээд ээрээд таг болчихов. Сарангийн мөрөөр нь нэг залуу тэвэрчихсэн

-Ааваа өвлийн өвгөн гэсэн үү? Ашгүй дээ. Би хайрдаа гэнэтийн бэлэг барих гээд өвлийн өвгөн захиалчихсан юм аа гээд Саранг өөр рүүгээ харуулан хацарнаас нь энхрийлэн гарт нь хуримын бөгж гялалзлаа.

Төмөрийн нүд нь харанхуйлан нулимс нь цийлэгнэн ирсэн ч нэгэнт зорьж ирсэн хэргээ биелүүлж эцсийн удаа ч болов хайрыгаа баярлуулаад явъя даа гэсэн бодлоор тэнхээ авч

-Цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар өвлийн өвгөн аав нь.... гээд сааралтсан хоолойгоор нэг ч амьсгаа авалгүй хэлсний дараа авчирсан бэлгээ бүгдийг нь Сарангийн гарт бариулаад нүд рүү нь хартал Саран Төмөрийг таньсан бололтой балмагдан царай нь хувхай цайжээ. Төмөрт энэнээс илүү тэсэх тэнхэл байсангүй. 3 давхраас тэр яаж бууж ирээд машинд сууснаа санахгүй байлаа. Сайхнаа гайхан

-Яасан бэ? Саранд гэнэтийн бэлэг болж чадсан уу? Цаад чинь юу гэж байна?

-Дуугай наад машинаа хурдан асаа л даа. Эндээс хурдан явмаар байна гээд Сайхнаа руу хашгичихад Төмөрийн нулимс сул асгарч байлаа.

-Сайхнаа найз нь эмэгтэй хүнд дахиж хэзээ ч итгэхгүй ээ гээд жаахан хүүхэд шиг эхэр татан уйлах Төмөрийг ийм байхыг хэзээ ч хараагүй найз нь дэмий хоолой засан явлаа.





Хүний захиасаар нэг иймэрхүүм оруулчихлаа. Уучилж ажаамуу хэхэ

0 comments:

Post a Comment