Friday, November 25, 2011

Аав

Өглөө уйлж сэрсэн Долгор шөнийн зүүдээ бодох бүр нулимс нь цэлэлзэнэ. Долгорын аав нь мөнх бусыг үзүүлээд өдгөө хоёр жилийн нүүр үзэж байгаа. Аавтайгаа сүрхий дотно юмаа ярилцдаггүй ч эрх охин нь байлаа. Хааяахан бор дарс балгачих дуртай занд нь Долгор хар багаасаа дургүй байсан. Аав нь зүгээр нэг архи балгачихгүй уух бүрдээ хөөрхий ээжид нь хамаг бяраа гаргаж орон гэрээ дайны талбар болгочихдог байлаа. Эрүүл байхад нь ээжтэйгээ нийлээд уйлж байгаад л дахиж уухгүй ам өчгийг нь авдаг ч хамгийн ихдээ л сар уухгүй байж хэлсэн амандаа хүрнэ. Хүний хүүхдүүд Аав өчигдөр архи уугаад гээд инээгээд ярихад нь Долгор бүр чин сэтгэлээсээ гайхна. Сүүлд нь ухаарахнээ хүмүүсийн аав өөрийх нь аав шиг тэгж тавьтаргүй уудаггүй л байсан юм билээ л дээ. Долгорт архи гэдэг үг айдас гэдэг үгтэй утга адил сонсогддог.

Хөдөөнөөс охиноо эргэнэ гэж ирээд Долгор дээр ч ирэлгүй мөнөөх л дарсны найзуудтайгаа нийлээд орой болтол аав нь таг л байлаа. Долгор аавынхаа занг мэдэх болохоор согтуу хөлчүү оюутны байранд нь ирж түмэн оюутны нүдэн дээр шившгийг нь хутгах вий хэмээн сэрэмжлэн гарч орон гүйсээр... Тэр өдөр аав нь холбоо барьсангүй, ирсэн ч үгүй. Ээжтэйгээ утсаар ярьтал найзындаа тасарчихсан унтаж байгаа сураг сонсоод санаа амар нь унтжээ. Маргааш нь хичээлээ тараад байр руугаа орох гэж явтал -Миний охион гэх сөөнгө хоолой сонсогдлоо. Инээмсэглэн алхаж байсан Долгорын царай хоромхон зуур хувираад түргэн зуур ийш тийш сэрвэлзэн хартал оюутны байрны өмнөх хашлаган дээр аав нь сууж харагдлаа. Долгор оюутнуудаас бушуухан салж аавыгаа даллаад хүмүүсийн нүднээс далд орсон хойноо амьсгаагаа даран аавыгаа хүлээн зогслоо.

-Та чинь ямар сонин хүн бэ? Над дээр ирнэ гэчихээд архи уугаад явчихдаг...

-Харин тиймээ. Нөгөө Энхээ тосч ирчихээд уулзаагүй удсан найз гээд гэртээ аваачаад дайлчихлаа.

-Та нээрээ өөдгүй ш дээ. Ирчихлээ барилаа гээд утсаар ганц ярьчихгүй. Утас чинь байнга холбогдохгүй. Хөдөө таныг ууж идээд явж байсан бол жижигхэн газраас ээж таныг хайгаад олчихно. Энэ том хотод алга болчихвол би таныг хаанаас олох юм бэ гээд эхэр татан уйлтал аав нь баахан гэмшингүй

-За миний охин битгий уйл. Аавыгаа уучлаарай.

-Та хоол унд идсэн юм уу?

-Идсээн миний охин. Ээж чинь намайг архи уучихна гээд мөнгө өгч явуулаагүй. Чам руу банкаар шилжүүлэх юм гэсэн. Чи аавдаа хэдэн төгрөг өгөх үү? Дотор их муу байнаа.

-Та нээрээ арай ч дээ. Оюутан надад юуны мөнгө байх вэ дээ. Би таныг л надад мөнгө өгөх байх гэж бодож байлаа. Тэгээд хүн булай болгох гэж байгаа юм шиг бөөн архи дарс нэвширтэл үнэртүүлчихээд байраар ирээд байх хэрэггүй. Маргааш буцах билэтийг аваад хүлээж байя гээд эргэхэд

-Миний охин хичээлээ сайн хийгээрэй гээд цаашаа бээвийгээд алхаж байсансан. Тэр өдөр Долгор кармандаа байсан 10000 төгрөгөө гаргаад өгчихмөөр байсан ч архи л ууна шүү дээ гэж бодохоос харам төрж тэр мөнгийг өгч тэвчээгүй юм. Тэр явдлыг аав нь дахиж яриагүй, бас дахиж архи уугаагүй. Харин Долгорын хувьд аавыхаа дэргэд суухдаа ч, аавых нь суудал эзгүйрэхэд тэр өдрийг байнга дурсаж харамсдаг. Хэтэрхий их гомдоод л аав минь дуртай зүйлээ уухаа больчихсон байх даа гээд ээжийхээ өвөр дээр уйлахад ээж нь толгойг нь чимээгүй л илж байсан.

Урд шөнийн зүүдэнд аав нь яг л тэр өдөр Долгор дээр ирсэн шигээ хувцастай, царайтай иржээ.

-Алив аав нь охиноо үнэрлэе гээд духан дээр нь үнсэхэд сахал нь ирвэгнүүлэх шиг болж Долгорын нулимс сул асгарчээ.

-Аавдаа хэдэн төгрөг өгөөч гээд Долгор руу харахад Долгор эгээ л тэр өдөр оччихсон мэт санагдана. Халаасаа ухтал 10000 төгрөг байлаа.

-Ааваа, би таныг яаж ганцааранг тань явуулах вэ дээ. Хоёулаа хамт явъя гээд гараас нь хөтлөхөд аав нь

-Хүн амьтан харчихна. Нэг архичинтай явж байна гэж охиныг минь муу хэлэх вий гээд цааш болоход Долгор аавыгаа сугадаад

-Ааваа, охиноо уучлаарай гээд мөрийг нь дэрлэтэл өглөөний сэрүүлэг Долгорыг сэрээжээ. Толинд хартал нүд нь бүр хавдчихсан байлаа. Аавыгаа санаж баахан уйлсны эцэст хүйтэн усаар нүүрээ шавшаад

-Аав минь надаас буян нэхэж байгаа юм байна даа гэж дотроо бодоод гандан орохоор гарлаа.





0 comments:

Post a Comment