Wednesday, November 16, 2011

Хайр-үгүй

Миний өмнө толгой гудайн суугаа энэ хархүүг би өмнө нь өөрөөсөө ч илүү их хайрладаг байлаа. Тэр бардам байхдаа миний хайрыг илүү татдаг ч байсан юм шиг. Ингээд суугааг нь харахаар огт танихгүй хүн шиг санагдах юм. Олон ч удаа энэ хүнийг аргадаж өөрийн бардам зангаа хайр найргүй гишгэчиж байж билээ. Би хэзээ ч ийм төгсгөлийг хүсэж байгаагүй. Гэтэл эмэгтэй хүний бага багаар хураагдсан гомдол ямар ч их хайрыг үгүй хийх хүчтэй байдаг гэж би өөрөө ч төсөөлөөгүй. Дэндүү их хайрандаа шатаж явах үед минь өчүүхэн төдий ийм сэжим гарсан бол би чамд аль болох гомдохгүйг хичээх байсан нь гарцаагүй. Буцааж болдоггүй ганцхан зүйлийг цаг хугацаа гэж нэг хүн хэлсэн байдаг. Гэхдээ хөрчихсөн хайрыг буцаах бүр хэцүү юм гэдгийг ухаарч сууна. Намайг аргадах хамаг үгээ барчихаад чи намайг хэзээ ч хайрлаж байгаагүй юм байна, ганцаардсан үеийн чинь сэтгэлийн зугаа би байсан уу гэж хатуу үгээр хариу нэхэн суугаа чамайг өрөвдөхөөс өөр сэтгэл надад үгүй болчихож... Хэрвээ би чамайг таньж мэдсэн бол хэн нэгний өмнө дүр үзүүлж жүжиг тавьж суух өчүүхэн ч чадваргүйг бас нэгэнт зүрх буруулсан бол эргэх зангүйг мэдэх учиртайсан.

Чиний хатуу үгсийг тэвчин суугаагийн гол шалтгаан нь би чамаас холдох шийдвэр гаргасандаа өөрийгөө гол буруутан болгож байгаа хэрэг юм. Үнэндээ чиний шаналсан сэтгэл дээр чамаас болж би энэ шийдвэрийг гаргаж байгаа юм гээд хэлчихвэл чамд хэтэрхий харгис хандсан болох биз.

Хамт байхдаа чи яагаад намайг ингэж аргадаж байгаагүй юм бэ гээд цээжин дотроос өнгөрсөн үе гомдолтой хашгичиж байсан. Хичнээн уйлахгүйг хичээж байсан ч би чадаагүй. Өнгөрсөн бүхнийг буцааж болдоггүй гэсэн хүн болгоны мэддэг теоромыг чи л мэддэггүй байсан гэж үү? Би чамтай байсан хором бүхнийг хайрлаж байсан байтал чи бүгдийг өнгөрсөн хойно намайг өөртөө үлдээх гэж хэзээ ч гаргаж байгаагүй энэ бүх занг гаргаж байдаг. Яагаад ч юм миний хувьд чамтай байсан мөчүүд хайран санагдах шиг. Гэхдээ бүхний мэддэг бас нэг теором бий. Энэ бол өнгөрсний хойноос харамсах хэрэггүй. Залуу нас дэндүү богинохон.



0 comments:

Post a Comment