Tuesday, November 8, 2011

Цэцгийн дэлбээ

Гүүрэн дээр зогсоод доогуур нь урсах гол сарнайн дэлбээг тасдан хаяна. Хайртай хайргүй хайртай... Түүнийг надад хайртай гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин би түүнд хайртай юм болов уу? Хайртай хайргүй хайртай хайргүй... Би хайртай юм бол яагаад энэ хөөрхий сарнайн дэлбээг тасдаад байгаа юм бол? Хайргүй хайртай хайргүй хайртай...Хэрвээ хайргүй юм бол би хар шөнө ганцаараа гүүрэн дээр юу хийж зогсоо юм бэ? Хүн харвал энэ гүүрийг чөтгөртэй болчихож гэлцэх вий дээ. Ийм тийш харлаа...Азаар хүн алга. Би энэ сарнайн баглааг өнөөдөр өөртөө зориулж хэрэг болгон худалдаж авсан. Эхэндээ ингээд тасдаад зогсож байна гэж санаагүй л дээ. Зүгээр л гэрийн ойролцоо байдаг цэцгийн дэлгүүрт ортол байсан юм. Гоё ганган баглаа боодолгүй гал улаан сарнайнууд. Одоо ингээд гол чимээд урсаж байдаг. Чимэх ч гэж дээ. Би сүүлийн замд нь үдэж байгаамдаг уу даа.

Хүн гэгч дэндүү амиа бодсон амьтан юм. Хэн нэгний эсвэл өөрийн хайрыг цэгнэж цэгнэх ч гэж дээ сэтгэлээ хуурахын тулд өөр нэгэн амьд биетийг эд эрхтнээр нь салган хаяж байдаг. Би төсөөллөө л дөө. Цэцэг бидний оронд байгаад бидний гар хөлийг хайртай хайргүй гээд салган хаяж байна гээд. Аймшигтай юм.

Өнөөдөр би ингээд зогсож байхдаа нэг зүйлийг их сайн ойлголоо. Би түүнд биш хэнд ч биш өөртөө л их хайртай хүн юм.



2 comments:

ЗОРИГТ8 said...

бусдыг хайрлаж амьдраачээ

November 9, 2011 at 1:53 AM
Бэхэрэ said...

za bi kicheeye :P

November 9, 2011 at 7:42 AM

Post a Comment