Wednesday, November 23, 2011

Монита

Ажлаараа шинэ жилийн угтаж монита зарлах болсон гэсэн мэдээ албан газрын хэдэн ажилчдад хоромхон зуур тарлаа. Ганц бие татлаа түтлээгүй нь өөртөө таалагддаг нэгнээ сонгочих юмсан гэсэн нууцхан бодол өвөрлөн баярлаж байхад ар гэр амьдрал үр хүүхэдтэй нь эхнэр хүүхдээ баярлуулах мөнгөгүй байхад бас юун илүү зардал вэ гэсэн янз муутайхан хүлээж авч байлаа. Гэвч энэ тухай сонсоод хамгийн их гунигласан хүмүүс ажлын байрны хамгийн доод давхар буюу подволд сууцгаана.

-Орохгүй байж болдоггүй юм байх даа.

-Хүчээр л оруулах байлгүй дээ.

-...

Удсангүй ч үгүй зохион байгуулагчид хүмүүсийн нэрс хийсэн хайрцаг барин өрөө өрөөгөөр орон сугалуулсаар тэдэн дээр ирлээ.

-Бид ормооргүй байнаа.

-Юу гэсэн үгийн компаниас зохиож байгаа нийтийн арга хамжээнд оролцохгүй байж яаж болдог юм бэ. За битгий маяглаад бай.

-...

Ажлын газрын залуус бөөгнөрөлдөн хэнийг сугалсан хэнийг сугалсан хэмээн бие биенийхэ хэл амыг сугалчих шахан зогсож байтал Аюур ирж яваа харагдлаа. Хэн хэнийхээ сугалсан хүмүүсийг мэдсэн болохоор бүгд Аюурыг амдан очоод

-За хэнийг сугалсан?

-Монита чинь нууц байдаг биз дээ.

-За сүртэй ш дээ.

-Цэвэрлэгч Туяа эгчийгээ... гээд сугалсан сугалаандаа сэтгэл дундуур байгаа нь илт мэдэгдэхүйц урвайлаа. Залуус ч чимээгүй болж дор бүрнээ монитадаа юу авч өгөх талаар ярилцан цааш одоход Аюур усны автомат машинаас ус авч зогсох зуур

-Би ямар азгүй юм бэ. Шинэ охидууд их л байсан тэднээс нэгийг нь сугалчихсан бол... Гэрлээ одоо маяглачихын. Түрүүн сугалаагаа сольчих л байсан юм ш дээ. Нэг сугалсан бол сугалсан ч гэх шиг. Тэр хэзээ тийм шударга болчихсон юм гэсэн бодолд дарагдаж байснаа халуун ус халин гар руу нь асгарахад цочин гараа огцом татлаа.

Хоёр цэвэрлэгч цайгаа уун сууна. Шатаар бууж ирж явсан өөр нэг ажилтан

-Та хоёр монитагаа сугалаа юу? хэмээн хөгжилтэй инээсээр бууж ирэхэд дээрх хоёрын царайд хувирал гарсангүй.

-Уг нь бид оролцохгүй байвал дээр юм дөө. Хэнийг сугалж хичнээн сайхан бэлэг өгөөд ч нэмэргүй. Бид нарыг цэвэрлэгч гэсэн шиг л бэлэг өгдөг юм шүү дээ гээд санаа алдахад охины инээд санаа зовнилоор солигдож

-Өө ямар баларсан юм бэ. Тийм юм болдог юм уу гэж өөрөө гэм хийсэн мэт хэлснээ Уянга шурхийн өгсөж одлоо.

-Хүүхдийг эвгүй байдалд оруулсан эвгүй юм ярьж байх юм. Бидэнтэй үг тоож сольдог хэдийн маань л нэг шүү дээ. Бусад нь тэглээ гээд энэ охины буруу биш хэмээн арай ахимаг нь нөгөөхөө зэмлэлээ.

Монита эд дундаа орж энд тэндгүй л бэлэг барьсан, амттан идсэн, баярласан хүмүүс ажлаар дүүрчээ. Доод давхрын мөнөөх өрөөнд өнөөдөр тэс өөр уур амьсгал өрнөнө.

-Хөөх, ийм их юм өгсөн юм уу? Яанаа эргүүлж юу өгнөө? Ямар гоё гоё юм харагдаж байнаа? Чинийхд юу байна?

-Бараг ижилхэн юм байна. Бид хоёрыг нэг хүн сугална гэж баймааргүй юм аа. Өнөөдөр ч манай хүүхдүүдийн харин нэг нар нь гарчээ хэмээн ам амандаа үглэнэ. Түрүү 2 жилийн монита энэ хоёрт "Та хоёр бол цэвэрлэгч шүү дээ" гэдгийг л маш сайн сануулж өгснөөс өөр дурсамжгүй өнгөрсөн. Гэтэл энэ жил тэд өнжөөд л ийм том бэлгүүдэд даруулах болжээ.

Өнөөдөр монита задлах өдөр. Бэлэг өгч байсан хүмүүсээ баярлуулах ёстой гэсэн хүмүүс гадуур дотуур гүйн дор бүрдээ авч байсан бэлгүүдээсээ муутгачихгүй хэр таарсан юм хайна. Хоёр цэвэрлэгч юу дутах вэ мөнөөх том бэлгийн хариу болгож дор бүрдээ бэлтгэлээ хангаад оройг тэсэн ядан хүлээлээ. Монитагаа хэн болохыг мэдсэн нэг нь би чамд тийм бэлэг авсан шүү гэж тоглоом, үнэний хооронд хэлэлцэж, мэдээгүй нэг нь хэн юм бол гэсэн таамагт төөрөлдсөөр оройг угтлаа.

Тохилог уушын зассан тайзан дээр хөтлөгчид гарч ирэн хүмүүсийн нэрийг дуудаж тухайн хүмүүс гаран монитатайгаа танилцан бэлгээ солилцож байлаа. Аюур дотроо санаа зовинол айдас дүүрэн сууна. Хүмүүсийн бэлгийг харж өөрийхөө бэлгийг нэг харж улалзсаар нэр дуудагдахад цочих нь холгүй бослоо. Үнэндээ Аюур цэвэрлэгч Туяад эхний өдөр иштэй чихэр өгснөөс өөр зүйл өгөөгүй. Өрөөний залуус нь компаний хамаг аятайхан охидуудыг сугалчихсан өдөр бүр л үнэтэй биш ч сэтгэл шингээсэн бэлгээ зөөж байгааг хараад надтай таарсан юм гэж бодохоос ямар ч буруугүй хөөрхий Туяаг харахаас үзэн ядна. Гэтэл өнөөдөр ийм юм болно гэж хэн санах вэ дээ. Надад ч гэсэн миний монита бэлэг өгсөн биш гэж өөрийгөө өмөөрч бодсоор цааш харан зогстол

-За Аюурын монита хэн байсан бэ? За ирээд ард нь зогсчих. Одоо Аюур эргээд хараарай гэхэд түүний өмнө компаний хамгийн сайхан ааштай гэгддэг Уянга зогсож байлаа. Аюур том хайрцагтай хөнгөхөн бэлгээ Уянгаад өгөхөд цаадах нь инээмсэглэн аваад би чиний өмнөөс монитаг чинь баярлуулчихсан болохоор Туяа эгчийн өгөх бэлгийг миний өнгөрсөн удаад өгөөгүй бэлгүүд гээд бодчихоорой гээд тайзнаас буулаа. Аюурт хэлэх үг олдохгүй ичиж бантсандаа хэсэг эргэлдэж байснаа арай ядан буун Уянгаас нүүр бурууллаа. Удалгүй Туяа эгчийн ээлж болоход Аюур монита нь байсныг мэдээд баярласан сэтгэлийн угаас

-Цэвэрлэгч ч гэсэн хүн юм гэж биднийг хүндэлж сайхан бэлэг өгч байсан дүүдээ баярлалаа. Дүүгээ буруугаар бодож явдаг байжээ. Тэр их бэлгийн хариуд энэ хаана ч хүрэхгүй байж магадгүй гэхдээ дүүдээ өгнө гэж эгч нь сэтгэлээсээ хатгасан юм шүү гээд том жаазанд хийсэн үзэсгэлэнт хос хунгийн хатгамалыг гардууллаа. Үнэндээ энэ бол тэр оройн хамгийн үнэтэй хамгийн нандин бэлэг байсан нь бүхнээ ил. Аюур хөлсөө байн байн арчин талархаад өмнөө зогсоо эгчийг анх удаа өөр шигээ хүн юм гэдгийг олж харлаа.

0 comments:

Post a Comment