Friday, October 22, 2010

"Түлхүүр" өгүүллэг 1

Эхлэл

-Баяраа чамайг дарга дуудаж байна гэх чимээ гараад утас торхийн тасарлаа.

Дарга юун талаар асуух гэж байгаа нь тодорхой. Харин түүнд хариулаад хэлэх олигтой юм байсангүй.

-Амрыг эрье хурандаа

-Болно. За хэргийн бүртгэл ямар шатандаа явж байна Баяраа?

-Шалгаж байгаа хурандаа. Мөрдлөгийн шатандаа явж байна.

-Арван хэдхэн хоногийн дотор 3 хүн амиа алдлаа. Гэтэл чи мөрдлөгийн шатандаа явж байгаа гэнэ ээ?

-Хэрэгтэн ямар ч ул мөр үлдээхгүй байгаа нь хэрэгт их хүндрэл учруулж байна.

-Наадах чинь ахлах мөрдөн байцаагч хүний хэлэх үг мөн үү? Би дахиад хүн алагдлаа гэж сонсмооргүй байна шүү. Даруйхан хэргийн учрыг ол. Энэ юу гэсэн үг болохыг чи ойлгож байгаа биз?

-Мэдлээ хурандаа.

-Гарч болно.

Баяраа өрөөнөөс гартлаа сүртэй нь аргагүй алхаж байснаа хаалга хаагдмагц ямар нэг юманд цохиулсан аятай сулбайн гэлдрэв. Өрөөний хаалгаа арай ядан онгойлгон ороод сандал дээр тэнхээгээрээ уналаа. Чанартай сандал хэдий ч лагс биеийг арай ядан дааж чахран дуугарна. Ширээгээр нь дүүрэн хэргийн газрын зураг, хохирогчийн зураг, холбогдох материал зэрэг харагдавч өдөр болгон харсаар нүдээ анимагц нь ээлж дараалан харагдсаар шөнө ч унтаж чадахаа байжээ.

Сүүлийн арван тав хугацаанд 3 залуу амиа алджээ. Залуусын цээжин дээр нь А үсгийг ямар нэг иртэй зүйлээр сийлсэн мөн бүгд амиа алдахынхаа өмнө бэлгийн ажил хийсэн гэсэн шинжээчдийн дүгнэлт нь уг алуурчинг нэг хүн болохыг гэрчилнэ. Эхний аллага гарснаас дөнгөж 3 хоногийн дараа хоёрдох хохирогчийг олжээ. Харин удаах хэргээс арав хоёр хоногийн дараа хотын нөгөө захад машин дотроо хордож үхсэн гуравдах хохирогч олдож хэвлэл мэдээлэл, ард иргэд шуугиж эхэлсэн. Хэргийн газраас олддог зүйлс нь алуурчны зэвсэг болох ямар ч хурууны хээгүй хутга, цээжин дээрх А үсэг л байлаа. Гэмт хэрэгт мэргэшсэн хүн л үүнийг хийж байж таарна. Энгийн хүн бол ямар нэг алдаа гаргах л ёстой гэсэн бодолдоо бат итгэсэн мөрдөгч Баяраа шоронгоос суллагдсан бүсгүйчүүдийн хавтаст хэргүүдийг нээж харсан ч жирийн халаасны хулгайч, залилагчид л байлаа. “Алуурчин А” хавтаст хэрэгт сэжигтэн гэх хүн байсангүй. Энэ нь Баяраагийн толгойны өвчин болоод байв.

Баяраа толгойгоо салаавчлан нүдээ аньж сандал дээрээ хэсэг тухалснаа урамгүйхэн суниаж ширээ рүүгээ тонгойлоо. Утсаа ойртуулаад хэдэн дугаар хийв. Хэсэг дуудуулж байгаад нэг эрийн залхуутай янцаглах чимээ гарснаа

-Хэргийн газар яг ирж байна. Хэдэн зураг аваад очлоо.

-Зураг авах хэрэггүй. Шууд ажил руу ир

-Мэдлээ

Баяраад ганцаараа харж уншиж суусаар ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг мэдэх учраас хэн нэгэнтэй зөвлөж ярилцах хэрэгтэй байлаа. Түүний туслахыг Оргил гэнэ. Ганц бие залуу болохоор байнга гадуур дотуур явж бүсгүйчүүдтэй зугаацан үргэлжийн ядаргаанд орсон залхуутай царайтай ямар нэг бүжгийн түргэн аяыг үргэлж исгэрч явна. Гэвч хэрэг мөрдөх үед түүний сэргэлэн зан Баяраад нэг биш удаа тус болж байсан. Гэвч энэ удаа тэдний хамтын ажиллагаанаас олигтой үр дүн гарахгүй Баяраа өдөр бүр даргадаа бангадуулж байгаа нь энэ.

-Орох уу?

-Ор

-За наашаа суучих Оргилоо. Ярилцах гэж дуудсан юм.

Өчигдөр оройжин уусан шар айраг нь гүйцэд гараагүй улаан нүдэлсэн Оргил сайхан хүйтэн ундаа уумар байсан ч ахлахынхаа занг мэдэхийн хувьд томоотой гэгч нь суугаад юу гэхийг нь чих тавилаа.

-За тэгэхээр Оргилоо. Хэргийн талаар дэвшүүлж байгаа таамгаасаа хуваалцнаа одоо. Хорин таваас хорин долоон насны энэ гурван залууд ижил төстэй зүйл юу байна? Бас сүүлд уулзаж байсан бүсгүйчүүдийх нь тухай тодруул гэсэн юу болсон?

-Хохирогчид бүгд ганц бие. Танилын ямар ч холбоо байхгүй. Нийгэмд эзлэх байр суурь нь харилцан адилгүй ч чинээлэг эцэг эхтэй. Гадуур наргиж цэнгэх нэлээн дуртай найзууд ч их олонтой байж. Найзуудых нь ярьж байгаагаар бараг 7 хоног бүр бүсгүй сольдог нэлээн явдалтай залуус байсан бололтой. Харин бүгд амиа алдахынхаа өмнөхөн сайхан бүсгүйтэй танилцснаа гайхуулж удахгүй танилцуулна гэж байсан гэнэ. Бүсгүйг 3 хохирогчийн найзуудын хэн нь ч хараагүй байгаа нь алуурчин мөн байж магадгүй гэсэн таамаг байна. Хохирогчид мөнгөндөө хайр гамгүй хандаж гадуур дотуур их зугаацдаг байсан ч муу хүн байгаагүй гэж ойр дотныхон нь ам нэгтэй байгаа. А бүсгүй тэдний аминд хүрэх болсон шалтгаан нь тодорхойгүй. Одоохондоо иймэрхүү л байна даа ахлахаа.

-За тийм байж. Уулздаг байсан бүсгүйг нь нэг ч хүн хараагүй гэдэг чинь их муу байна. Өмнө уулзаж байсан бүсгүйчүүдийг нь шалгах хэрэгтэй. Хэн нэгэн нь ойр дотны хүнээр нь тоглосны хариуг авч байж болох юм. Нэлээн урт дараалал гарах нь тодорхой. Гэхдээ өөр арга алга.

-Мэдлээ.

-Яаралтай энэ хэргийн учрыг олохгүй бол хурандаа толгой хяргах гэж байна. Ингэхэд хохирогчид ихэвчлэн ямар газар ордог байсан гэнэ? Нөгөө үл таних бүсгүйтэйгээ орсон газар алга уу?

-Хохирогчид хоорондоо харилцан адилгүй нэлээн хэдэн газраар ордог байж. Бүгдийг нь шалгасан боловч их олон бүсгүйтэй ирдэг болохоор царайг нь тогтоож байгаагүй ижилхэн мэдүүлэг өгсөн. Ингээд л мухардуулчихаад байх юм.

-Ойлгож байна. Гэвч бид дараагийн цогцсыг олохоосоо урьтаж хэрэгтэнг илрүүлэх хэрэгтэй. Алуурчин ингээд зогсчихно гэж байхгүй.

-Мэдлээ. Явж болох уу?

-Мартах шахлаа. Чи энэ А үсгийн талаар юу гэж бодож байна?

-Алуурчны нэрийн эхний үсэг эсвэл нэг хүн хийж байгаа гэдгээ батлах гэсэн тэмдэг ч байж болох юм. Ямар ч байсан алуурчин эмэгтэй хүн гэдэг нь гарцаагүй.

-Хэргийг илэртэл аливаад тийм итгэлтэй байх хэрэггүй. Явж болно.

-Мэдлээ ахлагчаа.

Санчир

Санчир сэхээтэн айлын бага хүү. Дээрээ 3 эгчтэй. Албан тушаал хөөсөн эцэг, амрах завгүй ээж нь түүнд багаас нь гэрийн багш авч өгөн өөрсдийн хайр халамжийг эцэс төгсгөлгүй хичээлээр нөхдөг байжээ. Эгч нар нь ч гэсэн түүнтэй ижилхэн байсан болохоор биесээ харах нь ховор. Дунд сургуулийн долдугаар анги хүртэл аав ээжийн сайн хүү байсан Санчирын амьдрал баячуудын сургууль гэгдэх төлбөрт сургуульд орсноор эрс өөрчлөгдөн жинхэнэ амьдралтай танилцаж эхэлжээ. Түүнийг өөрчлөгдөж байгааг ч анзаарах хүн байсангүй. Хуучин сургуульдаа толгой цохидог байсан сурлагатай жаал хичээл харахаас дургүй нь хүрдэг болж хэтэвч нийлэх нөхөдтэйгөө гадуур зугаалан архи тамхийг шүтэх боллоо. Энэ бүхэн аравдугаар анги төгстөл нь үргэлжилжээ. Конкурсны шалгалтаар мундаг сургууль авна гэж итгэж байсан хүү нь сургууль авах нь битгий хэл шал согтуу шалгалтанд ороод хөөгдөж гарсан гэсэн сураг л эцэг эхийх нь анхаарлыг татжээ. Оройтож ирэхэд нь унтаж байдаг, эсвэл нэг том найзых нь хүүтэй нийлж хичээлээ хийгээд тэднийд хонож байгаа, найз охинтой болсон мөнгө ахиухан хэрэгтэй байна. Ингэж байнга хэлдэг хүүдээ тэд итгээд мөнгө л байхад хүүхдэд өөр юу хэрэг байна гэж боддог байж. Гэтэл үр дүн нь юу болов? Энэ бүхнийг ярилцахаар эцэг эх нь зав гарган эртлэн иржээ. Хүү нь халамцуу байна. Ээж нь гомдсондоо цурхиран уйлж

-Арай ч дээ. Чи юугаар дутлаа гэж ингэдэг байнаа? Эцэг эхийнхээ ачийг ингэж хариулдаг юм уу?

-Хахаха ээж минь больж үз. Шал худлаа жүжиг тоглох гэж. Таныг аргадаж чадахгүй нь дээ уучлаарай.Намайг уйлж байхад та хэзээ ч аргадаж байгаагүй. Дандаа л асрагч, гэрийн багш л миний хажууд байдаг байсан. Та нар намайг хэзээ тоож байсан юм? 18жилийн дараа гэнэтхэн эцэг эх гэдгээ ухаарч гэнэ. Ээж минь өрөөндөө орж ажлаа хийж үз. Тэр чинь танд илүү зохино. Харин ааваа та ажилтай гэж ээжид худлаа хэлээд өнөөх залуухан амрагийх руугаа явсан нь дээр. Би одоо мөнгөөр хуурагддаг жаахан хүү чинь биш. Өмнөх шигээ миний амьдралд оролцохгүй байвал сайн байна. Би ирэхгүй шүү гээд гуйвлан гарч яваа хүүгээ зогсоож тэд чадсангүй. Хүүгийхээ араас аав нь гарч ээж нь өрөөндөө орж сая болсон бүхнийг мартахын тулд ажлаа барьж авлаа.

Хэдхэн хоногийн дараа Санчирын Америкт сурах виз гарч удирдлагаас гарсан хүүгээ өөрсдөөсөө холдуулж өөрчлөгдөнө байх гэсэн найдвар л эцэг эхэд нь үлджээ. Таван жил Америкт сурсан зүйлгүй дэмий тэнэн үхэхээс бусдыг үзэж нэлээд хэрсүүжсэн Санчир аав руугаа залган сурах зүйлээ дууссан учраас гэртээ харимаар байгаагаа гэрийхнээ ч их санаж байгаагаа хэлэн уярааж чаджээ. Хүний нутагт эцэг эхээсээ мөнгө гуйхгүй гэсэндээ хар ажил хийн амьдрах гэж аль байдгаараа хичээсэн ч түүн шиг цагаан гартанд энэ тохирох зүйл биш байлаа. Ингээд эх орондоо эцэг эхтэйгээ эв найрамдалтай ирсэн баян залуугийн хийх ажил бол зугаа цэнгэл. Мөнгө байхад бүсгүйчүүд ёоз ёозоороо олдноо гээд шазайтал инээж байсан Баатар найзых нь зөв. Өмнө анзаардаггүй байсан уу эсвэл охид бүсгүйчүүд ингэтлээ өөрчлөгдсөн үү мэдэх юм алга. Ямартаа ч тэд мөнгөтэй хүнд өөрсдөөд наалдаад ирдэг гэдгийг нь л сайн мэднэ. Нэг хэвэнд цутгачихсан мэт царайнаас цаашгүй тэд мөнгөний төлөө бүтээгдчихсэн хүүхэлдэй ч юм шиг. Жаахан царай өгчихөөр хайртай дуртай гээд салахгүй наалдчихна. Эсвэл хүүхэдтэй болчихсон гээд мөнгө нэхнэ. Уйтгартай нэг шоунаас гарч яваад нэлээн орой замын хажууд нимгэн хувцастай такси хүлээн дагжин зогсоо бүсгүйд тус болох санаатай дэргэд нь зогслоо. Түүний мэддэг бүсгүйчүүд бол тансаг машин хараад нүд нь гэрэлтэн инээд алдсаар урд суудалд нь залрах ёстой. Гэтэл өнөө бүсгүй түүн рүү айдас дүүрэн харцаар харахад нь Санчир нүүр дүүрэн инээмсэглээд

-Хүйтэн байна. Дөхүүлээд өгье. Айлтгүй ээ.

-Та км-ыг нь хэдээр явах вэ? Манайх жаахан хол.

-Байгаа мөнгөнд чинь л хүргээд өгье

-Ашгүй дээ. Яана даа гэж бодож байлаа гээд гэнэн итгэмтгий инээмсэглэсээр арын суудалд нь бишүүрхэнгүй суулаа. Шинэ соргог ногоо Санчирт их соньхон. Азаар гэр нь хол байсан болохоор сайн залуугийн дүр эсгэн элдэв зүйл тойруулан асууна. Бүсгүй ч сүүлдээ түүнийг сайн хүн гэдэгт бүрэн итгээд бүх юмаа ярьж явлаа.

-Найзынхаа төрсөн өдөрт очоод...Тэгсэн ирчихээд яарлаа гээд явуулдаггүй ээ. Арай гэж гарч иртэл мөнгө муутай таксины ахаас гуйж байгаад очоод мөнгийг нь өгье гэж бодож байтал ашгүй чи таарлаа.

-Шөнө орой эмэгтэй хүн болгоомжтой явах хэрэгтэй. Одоо цаг үе хэцүү болж...

-Харин тиймээ. Ядаж байхад манай найз заавал даашинз өмсөж ир гээд...

-Сүрхий найз бололтой. Чамайг хэн гэдэг вэ?

-Урнаа.

-Намайг Санчир гэдэг. Үеийх бололтой. Хэдтэй вэ?

-23тай.

-Надаас хоёр дүү юм байна. Юу хийдэг вэ?

-Байцаалтанд орж байгаа юм шиг санагдчихлаа гээд инээмсэглэхэд хацарт нь гарсан хоёр хонхорхой түүнийг улам хөөрхөн болгоно.

-Тэгж санагдуулсан бол уучлаарай. Өөрт таалагдсан эмэгтэй хүнийхээ тухай ихийг мэдэх гэдэг нь эр хүний зан шүү дээ.

-Одоохондоо гэр зуур л байна. Англи хэл сурах гээд л үзэж тараад байна.

-Өө тийм үү? Би Америкт 5 жил амьдарсан. Асуух юм байвал дуртайяа тусална шүү. Монголдоо ирээд хоёр жил болчихлоо. Одоо нэг компанид менежер хийдэг гээд хуудлаа залчихав. Иймэрхүү бүсгүйтэй таарч байгаагүй болохоор тэр их болгоомжтой харьцаж байлаа. Урьд өмнө уулзаж байсан бүсгүйчүүд өөрсдөө энэ бүхнийг асуугаад хариулаад явчихдаг болохоор түүнд бараг хийх зүйл байдаггүй байв.

-Энэ гудамжаар эргээд тэр харагдаж байгаа ногоон хаалга.

-Аа энд юм уу? Урнаа, битгий буруугаар ойлгоорой. Чи надад их таалагдлаа. Дараа дахиад уулзаж болох болов уу?

Бүсгүй нүдээ эргэлдүүлэн өнөөх өхөөрдмөөр инээмсэглэлээрээ инээмсэглээд толгой дохилоо. Санчир үгүй гэх болов уу гээд түгшиж байснаа үүнийг нь хараад сүүлийн хэдэн сар баярлаагүйгээрээ баярлаж

-Баярлалаа. Чи надад дугаараа өгөөч.

-996678.. их орой битгий залгаарай. Аав дургүйцээд байдаг юм

-Okay. Тийм асуудал гаргахгүй ээ. За сайхан амраарай. Ор доо

-Баярлалаа.

-Өө нээрээ таксины мөнгөө мартаж байна гээд баахан зуут сарвайв.

-Чи намайг гомдоож байна шүү. Сэтгэлээрээ л дөхүүлж өгье гэж бодсон юм. Өөртөө үлдээ дээ гээд хөдөлгүүрээ асаатал бүсгүй машины цонхоор өвөр дээр нь мөнгөө тавьчихаад орчихов. Залуу мөнгийг хайнгахан авч цааш чулуудаад ая исгэрсээр машинаа зугуйхан эргүүллээ.

Маргааш өглөө нь цоглог босоод өглөөний ундаа уух зуур Урнаа руу message бичин өнөөдөр хэдээс завтайг нь лавлав. Эгчийхээ кафед зөөгч хийж байгаа 8 гээд завтай гэхэд нь сайн гэгч сунайгаад машинаа асаан Тэнгисийн зүг хөдөллөө. Аятайхан байх гэж бодсон киноныхоо тасалбарыг аваад шатаар уруудаж явахдаа найз Баатартайгаа тааран өчигдөрийн сонин сайхнаа буу халан удахгүй хөөрхөн найз охиноо танилцуулна гэж амлаад салжээ. Шоу элдэв наргиан цэнгээнээс буцдаггүй Санчир яаж ийм зав гаргаад өдөр бүр Урнаатай уулзна. Урнаад Санчир их татагдаж байлаа. Хайр уу дурлал уу мэдэхгүй ч найзууддаа үргэлж түүний талаар ярих болсонд найзууд нь найз охинтойгоо бушуу танилцуулахыг ятгаж тэр бүрд Санчир Урнааг шална. Урнаа хайр татам хөөрхөн инээмсэглээд

-Дараа дараа гэж хойшлуулна.

Уулзаад яг сар болсон тэр өдөр Урнаа Санчирт гэнэтийн бэлэг байгаа гэдгээ хэлээд орой наймын үед ирээд аваарай гэжээ. Болзсон цагтаа байдгаараа гоёчихсон Санчир Урнааг тэсч ядан хүлээж байлаа. Хашааны хаалга онгойход Урнаа урд өмнөхөөсөө тэс өөр бүр танигдахын аргагүй болчихсон гарч ирэв. Богино улаан даашинз өмсөж үсээ гөлчийтөл гельдэж шуугаад нүдээ тас хараар будчихсан шөнийн цэнгээний газрын хүүхэн шиг л харагдаж байлаа. Энэ өөрчлөлт Санчирт тэгтлээ таалагдаагүй ч түүнд зориулж гоёсон шүү дээ гэж бодоод инээмсэглэн үнслээ. Машиндаа суугаад

-Хатагтай хаашаа явах уу?

-Хотоос гарцгаая.

Машины хүчит мотор асах тэр үед хашааны завсраар нэг бяцхан нүд тэднийг харж байгааг Санчир анзаарсангүй.

-Энэ орой би чинийх. Чи минийх байх болно гээд Урнаа жолоо барьж явсан Санчирын хоёр хөлний хооронд урт хар бээлийтэй гараа зугуйхан оруулахад

-Чи их өөр байна шүү. Гэхдээ таалагдаж байнаа гээд амьсгаа нь давхцаж байлаа.


Үргэлжлүүлнээ...


0 comments:

Post a Comment