Friday, October 22, 2010

"Түлхүүр" өгүүллэг 2

Хоёрдугаар хэсэг

-За Оргилоо юутай ирэв?

Ахлагчийнх нь асуулт бүрээ ЗА гэж эхэлдэг нь Оргилд их инээдтэй санагдана.

-Ахлагчаа таны шалга гэсэн зүйлүүдийг шалгалаа. Яг сарын өмнө эхний хохирогч болох Санчир мөнөөх үл таних бүсгүйтэй анхны болзоогоо Тэнгис кино театрт хийсэн гэдэг нь гэрч Баатарын мэдүүлэгээс тодорхой болсон. Кино театр азаар видео камертай байж. Бичлэгийг шалгатал оройн 20цагаас үнэхээр нэг бүсгүйтэй хамт кино үзсэн байна. Танд үзүүлэх гээд аваад ирлээ. Харамсалтай нь саравчтай малгай дарж өмсөн байсан учраас царайг нь харах ямар ч боломжгүй. Кино театрын ажилчид сайн програмист байвал найдвар байж болох ч тэгтлээ найдах хэрэггүй гэсэн. Тэгэхээр алуурчин бас программистын эрэлд хатах нь дээ ахлагчаа.

-За бусад хохирогчдын талаар юу байна?

-Одоогоор тэр талаар мэдэх хүн гарч ирээгүй байна. Хайж байгаа.

-За ойлгомжтой. Хохирогчидын царайнд айдасын ул мөр ч байгаагүйгээс харахад ойр дотны таньдаг хүн нь байж таараад байна. Эндээс л бид сэжүүр олох хэрэгтэй.

-Зүгээр нэг янхан байж ч болох юм. Гавтай алуурчны хэргийг та сана л даа.

-За тийм байж ч болох юм. Юутай ч тэр хохирогч Санчирын бүсгүйг даруйхан олцгооё. Хохирогчдын эцэг эх байнга энүүгээр эргэлдээд бүр ярих юм биш. Одоо ярьж суух цаг биш. Явж болно.

-Мэдлээ

Оргилыг гарсны дараа Баяраа тамхи асаагаад нүдээ сүүмийлгэн утааг нь тааз руу үлээлээ. Ингэж тайван суугаад байж болохгүй л юмсан. Ажил дээр бөөн асуудал гэрт бөөн асуудал. Хаачдаг ч юм билээ дээ?Ууганаа маань уг нь гайгүй л байдагсан. Нас нь явах тусам л янших нь ихэсээд халамж шаардаад байх болж. Арга ч үгүй биз дээ. Шөнө дөлөөр ороод үүрээр гараад явчихдаг нөхрийг ямар хань хүсэх вэ дээ. Ядаж хүүхэдтэй болохсон гээд үглээд байсан. Хэнд маань асуудал байдаг юм бол доо? Уг нь бусад л шиг л байх юм. Нэг эмнэлэг оръё байз. Удахгүй 30 хүрлээ. Хүүхэд хэнздэнэ гэгч болох нь. Ажил ажил гэсээр би ер нь энэ амьдралаа юу болгож байна даа? Ер нь хойшлуулаад яахав. Оргилыг хэргийн материал цуглуулаад ирэхээс өмнө амжаад ирж л таараа. Ингэж бодоод ухасхийн босч сандалын түшлэгт өлгөсөн гадуур хувцасаа өмслөө. Эрэгтэйчүүдийн эмнэлэгийн гадаа ирээд хэсэг харзанатал хүмүүс нэлээн орж гарч байгааг бодвол үйлчлүүлэгч ихтэй бололтой. Гүнзгий амьсгаа аваад машинаасаа буун дотогш орвол хүлээн авагч бүсгүй эелдэг инээмсэглэн

-Та ямар хэргээр явна?

-За ах нь үзүүлэх гээд...

-Та мөнгөө тушаагаад хүлээлгийн өрөөнд сууж бай. Таныг дуудна

-Аа за...

-Баярмөнх ороорой.

-Аа за...

-Шинжилгээний хариу маргааш гарна. Залуу хүн юундаа санаа зовох вэ дээ. Гайгүй байхаа. Утсаар яриад хариугаа авчихаж болно. Энэ манай нэрийн хуудас.

-За баярлалаа. Баяртай.

Баярааг ажил дээрээ ирэх үед Оргил аль хэдийн ирчихсэн хүлээж байлаа.

-Ахлагчаа хэдэн программист оллоо. Хохирогчдын амиа алдахын өмнөх оройн гадагш хийсэн утасны дуудлагуудыг шалгаж үзтэл 996678.. гэсэн дугаар руу ойр ойрхон залгаж байсан байна. Тэр дугаар нь 6 сарын өмнө алдагдсан боловч эзэн нь хаалгалгүй тэр чигт нь орхисон гэнэ. Дугаарын эзнийг одоо сэжигтнээр шалгаж байгаа. 4р курсын оюутан залуу. Би төгсөх анги хийх зүйл их байна гээд уйлах нь холгүй байгаа. Өмнө нь ямар нэг хэрэгт сэжиглэгдэж байгаагүй. Хөдөөний жирийн л нэг оюутан. Тэр дугаарыг хэрэглээгүй 6 сар болж байгаа нь батлагдсан болохоор залууг хэрэг гарвал дуудна гээд явуулсан. Бас нэг мэдсэн зүйл гэвэл 996678.. нь гадагшаа огт дуудлага хийдэггүй зөвхөн гурван хохирогчоос л дуудлага хүлээж авч байсан байна. Харилцаж байсан мэссэжүүдээс нь харахад бүсгүйг Урнаа гэдэг байж. Энэ мэдээллийг хэвлэлийхэнд өгч ард түмэнд сэрэмжлүүлэх нь зөв үү? Та юу гэж бодож байна?

-За харин ээ. Ингэснээр алуурчныг бүр ичээнд нь оруулчихаж ч болох юм. Гэхдээ сэрэмжлүүлэх хэрэгтэй. Дугаар болон нэрийг нь олон нийтийн бүх сувгаар цацуул.

-Мэдлээ.

-За өөр юу байна?

-Энэ дугаар нь одоо холбогдох боломжгүй байгаад байгаа. Хэрвээ нээгдвэл Мобикомоос шууд бидэнд мэдэгдэнэ гэсэн. Алуурчин бүх юманд их хянамгай хандаж байна. Ямар ч ул мөр үлдээхгүй. Сургуулийг нь дүүргэчихсэн л гэмээр.

-За, дэмий юм ярих гэж. Ул мөр байж л байгаа. Бид л анзаарахгүй байгаа хэрэг. 5аас хохирогч Батсүхийн ээж ирнэ гэсэн. Чи гаралгүй байж байгаад уулзана шүү. Асууж тодруулах зүйлсээ бүгдийг асуу. Би Санчирын гэрт очиж харах юм байна.

-Мэдлээ ахлагчаа.

Санчирын гэр гэдэг нь зайсанд байдаг 2давхар хувийн сууц байлаа. Чинээтэй нэгэн гэдэг нь гаднаасаа илт. Эгч нь түүнийг хаалган дээр тосч дотогш оруулаад цай бэлдэхээр галын өрөө рүү явлаа. Баяраа ч цаг алдахгүйн тулд Санчирын өрөөнд орж хэрэг болчих зүйл нүдээрээ хайн ийш тийш хялмалзана. Өрөө нь цэвэрхэн юмнууд нь цэгцтэй ширээн дээгүүр баахан ном өрснийг хараад Баяраа жаахан гайхасхийн шургуулгыг нээлээ. Тэнд ч бас бүх зүйл эмх цэгцтэй анхаарал татчих зүйл байсангүй. Энэ үед эгч нь орж ирэн цай өгөөд туслах зүйл байгаа эсэхийг намуухан асуугаад явахдаа дуудаарай гээд орж ирсэн шигээ чимээгүйхэн гараад явчихав. Ширээн доор байсан хайрцагтай зүйлсийг онгичиж байтал нэг гар утас гарч ирэв. Баяраагийн нүд сэргэн утсыг яаран асаатал царайлаг залуугийн хурц нүд өмнөөс харж байсан нь Санчирын зураг байлаа. Утасны мэссэж рүү ортол юу байсангүй. Зургийн хэсэг рүү ортол нэлээн хэдэн бүсгүйчүүдийн зураг байсны дотор нэгэн бүсгүйн нурууны хэсэг байв. Утсыг уутанд хийж тавиад эрлээ үргэлжлүүлсэн ч олигтой үр дүн гарсангүйд өрөөнөөс гарч эгчид нь мэдэгдээд бүсгүйгээр үдүүлэн явж одлоо. Дүү нь өөд болоод 49 ч хоноогүй байхад царайд нь ямар ч гунигийн ул мөр байхгүй хачирхалтай бүсгүй жирийн өдөр ажлаа хийж байгаа мэт байсан нь Баяраад сэжиг төрүүлэв. Гэр бүлийхэнээс эхлэх ёстой гэж яагаад бодсонгүй вэ? Ямар нэг байдлаар холбоотой байж болох юм. Оргилд хэлж шалгуулдаг хэрэг. Цагаа харвал аль хэдийн 7 болж байв. Ажлаараа очмоор байсан ч эхнэрийх нь гомдолтой царай харагдаад байсанд замаараа цэцэг, дарс аваад гэр рүүгээ жолоогоо эргүүллээ. Хөршийн хаалгаараа ортол сайхан хоолны үнэр хамар цоргин байсанд эхнэрийх нь хоол хийж буй төрх санаанд нь бууж инээд алдсаар хаалгаа түлхүүрдлээ.

-За Оргилоо энэ утсыг сайтар шалгаж үзээд дээр нь байгаа бүсгүйчүүдийг олж гэрчээр дууд. Өчигдөр хохирогч Санчирын гэрээс оллоо. Бага эгч нь их сонин бүсгүй байна лээ шүү. Нэг л сэжигтэй. Үхэл хагацал үзсэн ямар ч шинжгүй. Яг л ажлаа хийж байгаа юм шиг. Тэгээд ер нь хэтэрхий холоос хайгаад байгаа юм биш биз? Тэр бүсгүйг шалгаарай. Хохирогч Батсүхийн ээжтэй уулзсан уу?

-Уулзсаан ахлагчаа. Нулимсаа арайхийн л барьж байна лээ. Тийм хүнтэй ярилцах ямар байдгийг мэднэ дээ. Ээжийх нь ярианаас харахад Батсүх гэрийхэнтэйгээ тийм сайн харилцаатай байгаагүй бололтой. Тусдаа амьдардаг гэнэ. Ээжтэйгээ уулзаагүй зөвхөн утсаар яриад 3 сарын болсон. Гадуур дотуур нэлээн явдаг ч ажилдаа чамгүй амжилттай явсан нэгэн. Алуурчин бүсгүйд амжилттай яваа эрчүүд таалагддаггүй юм шиг байна даа.

-За юу нь таалагддаггүй байсныг хэрэгтэнг олоод тухтай асуунаа. Чи өнөөдөр Батсүхийнд очиж нэгжлэг хийгээд хэвлэлийхэнд өнөө мэдээллүүдээ өгөх хэрэгтэй байна.

-Мэдлээ ахлагчаа.

Батсүх

Батсүх бол том хүү бөгөөд 27настай. Дороо нэг эмэгтэй дүүтэй. Түүний амьдрал үргэлж одоогийх шиг баян байгаагүй. Архинд донтсон эцэг нь ээжийг нь өдөр бүр хөх няц болтол зодож хөөрхий жаал өдөр бүр архинд гүйдэг байжээ. Хаяахан ирэх төрөл төрөгсөд нь түүнд авралын бурхан шиг санагдаж тэр өдөр л хүү бүтэн нойртой хононо. Хүүг 9 хүрдэг жил ээж нь амьдралдаа өөрчлөлт хийж архичин нөхрөө хаяад хүүгээ аван хот барааджээ. Удсангүй ээжид нь аз таарч сэхээтэн залуугийн хайрыг татсанаар Батсүх тэр хоёрын хувьд сугалаанд хожсонтой ижил хэрэг болжээ. Хойд эцэг нь түүнд төгс сайн эцэг байгаагүй ч төрсөн эцгээс нь хувь илүү байсан болохоор Батсүх хойд эцэгтээ тийм ч муу байсангүй. Ээжийгээ заавал жаргаана гэж шүд зуун боддог байсан шазруун жаал хэнээр заалгахгүй хичээлээ өөрөө давтаж, давтлага сонгоноо өөрөө сонгон бие даасан байдалтай байсныг нь хойд эцэг нь ихэд ойшооно. Тиймдээ ч жил ирэх бүр тушаал ахин нэлээд монцойсон тэр дагавар хүүдээ мөнгө хайрлахгүй. Батсүхийг 12той байхад төрсөн охин дүү нь хөрч хөндийрөөд байсан гэрийн уур амьсгалыг дулаацуулж амин эрдэнэ нь болжээ. Арван жилээ онц дүнтэй төгсөж сургуулийн шилдэг сурагч болсон Батсүхэд МУИС-ын Банкны ангид орох ч тийм хэцүү байсангүй. Ээж нь хүүгээрээ бахархахын дээдээр бахархаж байлаа. Энэ үед нийслэл рүү орхиод одсон эхнэр, хүү хоёр нь баян чинээлэг сайхан амьдарч байгаа сураг сонссон архичин эцэг нь би ч гэсэн жаргалаас нь хуваалцах эрхтэй гэж үзээд хотын зүг жолоо залсныг эх хүү хоёрын хэн ч мэдээгүй. МУИС-ын Эдийн засгийн сургуульд ихэвчлэн чинээтэй гайгүй айлын хүүхдүүд суралцдаг. Бас олон ч оюутантай. Хичээл завсарлаад хоол идэхээр ангийн хэдэн нөхөдтэйгөө шат уруудан явсан Батсүхийн чихэнд согтуурхан хашгичих хэн нэгний хоолой багын аймшгийг нь сэрээж зогстуслаа.

-Би хүүгээ хайж байна. Миний хүүг Батсүх гэдэг. Энэ сургуульд сурдаг. Пүрэвочирын Батсүх гэж таних хүн байна уу?

-Та гар. Энд тийм хүн байхгүй. Үгүй бол цагдаа дуудлаа шүү гэсэн хамгаалагчийн үгнээс согтуу ч гэсэн сохор ухаантны үлгэрээр эмээсэн эцэг нь гуйвлан гарч явахыг Батсүх хөдөлж чадахгүй харсаар хоцорлоо. Зэвхий царайлсан түүнийг найзууд нь гайхан харснаа

-Чамтай ижилхэн нэртэй юм байна даа хүү нь. Азаар овог нь өөр юм даа. Ямар азгүй хүү байгаа бол. Шараа болголоо доо. Би ийм байдалд орсон бол амиа хорлох байсан юм хаха гээд шоолон инээлдэж байхад Батсүх хэвийн байдалдаа орж чадалгүй дэмий л тэднийг даган гэлдэрч байлаа.

Тэр болсон явдлыг ээждээ цухуйлгасангүй. Аав ирлээ гэх сургаар зэвхий цайн биеэ хураадаг байсан ээжийхээ өрөвдөлтэй царайг Батсүх одоо ч мартаагүй. Толинд өөрийгөө хэр өөрчлөгдснийг харж зогссон Батсүх хэд хоног хайгаад архины мөнгөгүй болохоороо харих байлгүй. Тэгээд ч ингэтлээ өөрчлөгдсөн намайг яаж таних юм? Би эцгийг Пүрэвочир биш Сундуй гэдэг гэж өөртөө шивнэн хэлээд үсээ хойш нь толийлгон дарлаа. Хамгаалагчийн үгнээс айсан уу архины мөнгөгүй болсон уу алин болохыг мэдэхгүй ч эцэг нь дахиж тэдний сургуулиар харагдсангүй. Харин тэр нэг өдрөөс хойш Батсүх шал өөр хүн болж хувирсан юм. Шилдэг гэдэг үгийг овог адил дагуулсан ээжийн даруухан хүү эрс өөрчлөгдөн сургуулийн хамгийн шоучин партичин гэсэн болгонтой нөхөрлөх болжээ. Түүнд тэр амьдрал таалагдаж байсан нь эцгийн цуснаас болсон ч байж болох. Ямартаа ч тэр хичээлдээ ч мундаг шоундаа ч мундаг болж гэртээ тогтохоо байсан нь ээжийх нь санааг их зовоож байлаа. Ингээд эцэст нь их сургууль төгсөж сайн банканд ажиллах санал хүлээн авч өндөр цалинтай болсон Батсүх үүрээ орхин нисчээ. Ээж нь хаяа ирж гэрийг нь цэвэрлэж өгөх бүрдээ эхнэр авч ачийг нь харуулахыг шавдуулах ч хүү нь ирж үнсээд танаас өөр эмэгтэй хүн миний амьдралд хэрэггүй гэж амыг нь таглана. Эцэгтэйгээ хэзээ ч адилхан болохгүй гэж боддог байсан хүү алхам бүрдээ төрсөн эцгийнхээ замналаар замнаж байгаагаа анзаарсангүй. Их хуралд сонгогдсон хойд эцэг нь түүнийг төрийн ордонд ажилла гэх ч Батсүхд хүний дэмжлэгээр ахих бодол байсангүй. Тэгж хэлэх бүрд нь аавдаа

-Би бодож үзнээ гэхээс өөр юм хэлэхгүй.

Хэдхэн жилийн дотор тэр салбар хариуцсан захирлаар томилогдсон болохоор аав нь дахиж тиймэрхүү юм ярьсангүй. Эхлээд ээжийхээ санааг зовоохгүй гэсэндээ өдөр бүр ажлаа тараад гэрээрээ ордог байсан хүү сүүлдээ утсаар ярьдаг болж үзэгдэх нь ховорджээ. Түүнд зав байсангүй. Өдөр нь нүдээ чилтэл цаас харж тархиа гашилтал тоо бодсоор орой нь залгуулаад элдэв төрсөн өдөр, Баасан гараг, найр, шоунд очно. Үүнийгээ тэр амралт гэж нэрлэжээ. Охид хүүхнүүд амжилттай яваа залууг эргүүлж тойрох нь их ч өдий 27 насалтал түүний анхаарлыг татсан хүн гарч ирээгүй л байлаа. Харин тэр дөнгөж дэлбээлж байгаа сарнайнуудад мөнгө хайрлах дургүй. Тэгтлээ царайлаг биш ч цэвэрхэн царайтай дэгжин хувцасласан уран үгтэй залууд татагдахгүй хэн байх билээ. Гэвч тэр үдэшлэгээс бүсгүй хайхгүй. Бүр ойшоох ч үгүй. Уншигдсаар байгаад навсайчихсан ном шиг санагддаг юм гэж Өнөрөө найзаа хэлснийг сонсоод элгээ хөштөл инээж байсан ч энэ нь гашуун үнэн байсан. Шинэ ном унших дуртай Батсүх зурагтын чатаас оройн зоогоо олчихно. Амархан аргаар мөнгө олохыг санаархсан охид тэнд дүүрэн. Сонгоод авахад л хангалттай. Хэдэн төгрөг зарлагадах нь түүнд сонин биш. Чатнаас царайлаг охин хайлтгүй гэж хэлдэг хүмүүс их том андуурдаг. Мөнгөний хэрэг болсон шүлс гоожмоор амьтад дүүрэн шүү дээ. Батсүх анх зурагтын чат үзэж суугаад

-Ээж маань хагалгаанд орох гээд байна. Надад туслаач гэсэн зар хараад үнэхээр тусалъя гэсэн бодолтой залгажээ. Мэссэж бичсэн утас руу залгаад хэдэн төгрөг хэрэгтэй байгааг нь асуухад

-Яаратай 500000 төгрөг хэрэгтэй гэсэн . Та надад туслаач. Би таны бүх хүслийг биелүүлэхэд бэлэн байна гэж охин зоримог хариулжээ. Юугаа өгөх гэсэн юм бол доо гэж бодсон Батсүх 500 доллар аваад охины хэлсэн газар руу очжээ. Нүүр амаа тэгтлээ будаагүй даржин хувцасласн 17,18 орчим насны сэргэлэн охин түүнийг тосч аван уулзаад машинд нь суухад Батсүх түүнийг анхааралтай ажиглангаа

-Ээж нь өвдсөн нь үнэн юм уу?

-Тиймээ. Хавдартай гэсэн. Та надад туслах уу? Надад ээжээс минь өөр хүн байхгүй.

-Тэгьеэ би чамд тусалъя. Чи харин надад яаж туслах юм?

-Би онгон. Надад өөр өгөх юм үнэндээ алга даа ахаа.

-Тийм байж. Чи итгэлтэй байвал надад татгалзах юм алга.

-Ээж минь л амьд байвал...

Охиныг онгон гэдэгт Батсүх тийм ч итгэлтэй байсангүй. Сүүлийн үеийн охидууд айхтар болсон гэсэн. Өнөрөө 15тай охинтой унтсан чинь онгон биш байсан гэсэн юм бодсоор охиныг шүршүүрээс гарч ирэхийг нь хүлээжээ. Охин онгон байлаа. Юу ч үзээгүй түүнийг хайрлах сэтгэл төрж байсан ч эр хүн гэдэг нэгэнт оргилсон хүслээ дарж чадалгүй охиныг уйлуулсаар бүсгүй болгочихож байж билээ. Тэд дахин хоёр гурав уулзсан ч анхных шиг амттай байгаагүй болохоор Батсүх охиныг тэгсгээд орхижээ. Энэ жаргалдаа мансууран хэд хэдэн охиныг бүсгүй болгоод амжсан.

Тэр нэг орой гэртээ харих зам зуур дэл сул охин байгаа эсэхийг харан алгуурхан явсан Батсүхийн нүдэнд хавтас сугавчилсан салаа гэзэгтэй охин өртжээ. Уруулаа шилэмдээд замын хажуу руу очиж зогсоход охин арын суудалд нь суугаад

–Хайлааст

-Нэлээн хол юм аа

-Харин тиймээ

-Оюутан уу?

-Тиймээ.

-Аль аймгийх уу?

-Намайг яаж хөдөөнийх гэж мэдээ вэ?

-Хотод ийм хөөрхөн охин байдаггүй юмаа

-За арай ч дээ. Намайг хүмүүс царай муутай гэдэг ш дээ.

-Сохор хүмүүс байна даа

-Тийм гэж үү?гээд баясгалантайгаар инээд алдлаа.

-Хэн гэдэг вэ?

-Урнаа

-Намайг Сүхээ.

-Надаас ах байх тийм ээ?

-Яасан ах залууст дургүй юм уу?

-Хэхэ яалаа гэж дээ. Эгч ах хүмүүс халамжтай байдаг гэж байна лээ. Нөхөр нь эгчээс 5 ах.

-Тэр тэгэлгүй яахав. Найз залуутай юу?

-Үгүй ээ.

-Тэгвэл надад боломж байгаа л юм байна гээд толиндоо харан нүдээ ирмэхэд охин ичингүйрэн доош тонгойлоо. Тэд ингэж уулзаж эхэлжээ. Урнааг өвөртөө хийчих тохиромжтой нөхцөл бүрдэхгүй л байлаа. Амтлаагүй жимсээ хаячих сонирхол бүр ч байсангүй. Түр зуур зарим нэг шоунаас татгалзаж охинд цаг гаргах хэрэгтэй болжээ. Нэлээн хэд уулзсны дараа Урнаа түүнд бусдаас арай өөр санагдана.

-Би мундаг байна уу? гээд байнга асуудаг асуулт нь эгдүүтэй сонсогдож үнсэх гэхээр чих хүртлээ улайчихдаг нь түүний хайрыг татаж эхэлжээ. Тэр ийм хайраас татгалзаж чадсангүй.

-Хотын ойр байдаг хамаатных руугаа хөдөө явах хэрэгтэй болчихлоо. Хамт явах уу?

-Тэгэлгүй яахав. Ажлаа тараад нисээд очъё

Батсүхийг ирэхэд Урнаа үүдэн дээрээ хүлээж байлаа. Туфль өмсөж хар цув өмсөөд нүдээ тод будаж үсээ гельдсэн охиныг хөдөө явна гэхэд жаахан гайхмаар.

-Миний гүнж хөдөө явна гэснээ яасан зохимжгүй хувцаслаа вэ?

-Өнөөдөр ямар өдрийг мартаа юу?

-За байз бодъё...

-Бид уулзаад яг нэг сар болж байна.

-Аа золиг гэж... Мартсан байна шүү. Уучил гүнж минь.

-Би чамд бэлэг бэлдсэн гээд цуваа тайлахад богинохон улаан даашинз тал нь бултайсан хөх зэрэг нь харагдахуйд

-Чамайг ингэнэ гэж санасангүй шүү гээд Батсүх уруулаа шилэмдэн хурдаа нэмлээ.


0 comments:

Post a Comment