Friday, October 22, 2010

"Түлхүүр" өгүүллэг 3

Гуравдугаар хэсэг

Баяраа нүдээ нээгээд аль хэдийн гэгээ орчихсон байсанд яаран цагаа харвал дөнгөж 6 болж байлаа. Санаа нь амран цагаа цааш тавиад гарыг нь дэрлэн тайван нойрсож байгаа эхнэрээ энхрийлэн харлаа. Төгсөх курсд байхад нь ангийн хэдэн санаачлагатай залуус шиф ангитай болох санал гаргаж МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль хөөрхөн охид олонтой тэндээс нэг анги олъё гэцгээжээ. Санасан хэрэг бүтэж Англи хэлний ангийн охидтой уулзах болзоо тогтоон бөөн хөөрцөг болж билээ. Дуу муутай даруухан Баяраагийн хувьд олон хүний чимээ тийм ч таатай байсангүй. Аргаа барсандаа утсаа оролдон цаг нөхцөөж суутал гэнэт хэн нэгэн түүний хоёр хацраас чимхэж өөр рүүгээ татаад уруул дээр нь үнсчихжээ. Гайхаж балмагдсан Баяраа юу хийхээ мэдэхгүй мэлрэн хартал түүний өмнө сууж байсан том алаг нүдтэй чанга дуутай охин байдгаараа тас тас хөхөрч байлаа. Тэр эхнэртэйгээ ингэж л танилцсан. Баяраад байхгүй бүр мөрөөдөж ч чадахгүй тийм нээлттэй галзуу зангууд Ууганаад байсан нь түүнийг соронзон адил татаж байлаа. Үерхэж эхлээд төдий удалгүй нэг гэрт орж өдий 5 жилийг ардаа үджээ. Одоо эхнэр нь махлан намба суугаад тас тас инээдэг нь ч цөөрсөн юм шиг. Тайван унтаж байгаа эхнэрээ харах зуур өнгөрсөн баларсныг хэсэг бодож хэвтсэн Баяраа гараа сугалан болгоомжтой аваад сэмээрхэн хувцаслан гэтсээр гэрээсээ гарлаа. Замаараа хоолны газраар орж хоёр хоол боолгож аваад ажил дээрээ иртэл үргэлж цагтай уралдан ирдэг Оргил ажлын гадаа машин дотроо унтаж байлаа. Баяраа очиж цонхыг нь тогшвол цочсондоо шилээ мөргөн өвөр дээрээ тавьсан байсан колагаа энгэрээрээ нил асгачихав. Үүнийг нь харсан Баяраа эг маггүй хөхөрч хахаж цацсаар ажил руугаа орлоо.

-Ахлагчаа, өглөөний мэнд

-За Оргил хүү, гэртээ харихгүй яагаа вэ?

-Түлхүүрээ олдоггүй ээ. Хаясан л юм шиг байна.

-За би чамайг мэдсэн юм шиг хоол авчиржээ. Май.

-Баярлалаа ахлагчаа.

-За өчигдөр бас л шоудаа юу?

-Харин төрсөн өдөрт очоод. Ажлын гадаа яаж ирснээ ч мэдэхгүй байна.

-Хммм. Нөхөр минь согтуугаар жолоо бариа юу? Болохгүй шүү.

-Дахиж ийм юм болохгүй ээ ахлагчаа.

-За хохирогч Батсүхийнхээс хэрэгтэй юм олов уу?

-Үгүй ээ, ахлагчаа. Хэрэгт нэмэр болчих юу ч алга. Өнөөдрөөс зурагтаар сэрэмжлүүлэг гарч эхэлнэ. Санчирын эгчийг шалгаж үзсэн. Нэрийг нь Дөлгөөн гэдэг. Хятадад сурч байгаад Монголд ирээд жил хиртэй болж байгаа. Гэрлэлт нь бүтэлгүйтсэн. Одоо нэг Хятад компанид ерөнхий менежерээр ажилладаг. Захирал болох хятадтайгаа явалддаг сурагтай. Энд ирснийхээ дараахан хар тамхитай орооцолдсон хэргээр нэг удаа шалгагдаж байсан ч тэгс гээд өнгөрсөн. Гэрийхнээсээ Санчиртай хамгийн дотно байсан хүн нь. Хятадаас ирснээсээ эхлээд Санчиртай гэрт нь амьдардаг байснаас нь харахад тодорхой байгаа юм. Гэхдээ хөршүүдээс нь мэдүүлэг авахад тэд их маргалддаг байсан гэсэн. Тэгэх бүрдээ ямар нэг хогшлоо гадагш гаргаж шидэн өндөр дуугаар хэрэлддэг байсан байна даа. Бүсгүй нэлээн уудаг гэнэ.

-За өнөөдөр дуудаж гэрчийн мэдүүлэг ав. Нөгөө утасны зургууд юу болов?

-Зургуудыг угаалгаад гэрчүүдээр таниулах ажиллагаа явуулж бүгдийг гэрчээр дуудсан. Нуруугаа авахуулсан бүсгүйг л олсонгүй. Магадгүй бидний хайж байгаа хүн байх.

-За тийм байж. Энэ хэрэгт туслуулахаар дээрээс нэг хүн нэмж өгөх сураг гарсан.

-Яах юм. Бид чадна шүү дээ.

-За тэгэхээр байнаа...Гурвын гурван хүн амиа алдчихаад байна. Хоёулаа хамаг байдлаараа ажиллаад байгаа ч хүч хүрэхгүй. Нэг хүн нэмж өгвөл бидэнд л сайн.

-Мэдлээ, ахлагчаа.

-За хохирогч Доржсүрэнгийн гэрээс гэрчээр хүн ирсэн үү?

-Аав нь гадаадад яваа. Ээж нь ажлаар шалтаглаад ирэхгүй байгаа. Ганц хүү нь амиа алдчихаад байхад бүгд тоосон шинжгүй байх юм. Найз нөхдийх нь ярьж байгаагаар эцэг эхтэйгээ ямар ч холбоогүй байдаг. Хүүгийхээ дансанд сар бүр их хэмжээний мөнгө хийдэг нь л тэдний хувьд эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэсэн хэрэг болдог гэнэ. Хааяа ээж нь хохирогч руу залгадаг ч тэр огт хариулдаггүй байж. Гэрийх нь үйлчлэгчтэй холбоо барьсан. Өнөөдөр тэднийд очно. Хэрэгтэй юм байж юуны магад.

-За ойлгомжтой. Би 4цагт хурандаад хэргийн талаар илтгэх ёстой. Тэрнээс өмнө хэрэгт жаахан ч гэсэн ахиц гаргацгаая. Явж болно.

-Мэдлээ ахлагчаа.

Оргилыг гарсны дараа Баяраа нэрийн хуудас гаргаж ирээд утсаа авлаа.

-Байна уу? Би өчигдөр танайд шинжилгээ өгсөн Баярмөнх гэж хүн байна. Хариуг нь утсаар авч болно гэсэн.

-За та түр хүлээгээрэй.

... –Таны шинжилгээний хариу хэвийн гарсан байна.

-За баярлалаа

Ийм хариу авна гэж санаагүй байсан Баяраа баярламаар ч юм шиг эсвэл сэтгэл дундуур байгаа ч юм шиг. Сэтгэл нь тавгүй байсан болохоор хэсэг ширээ тогшиж сууснаа босч хувцсаа өмсөөд эхнэртэйгээ уулзахаар гарлаа. Ажлын цаг шамшигдуулж Баяраа хэзээ ч ингэж өдрийн цагаар гэрээрээ орж байсангүй. Гэвч энэ удаа заавал эхнэртэй уулзах хэрэгтэй гэж боджээ. Эхнэрээ оройтож босдогийг мэддэг болохоор гэртээ байна уу үгүй юу гэж утасдсангүй шууд яваад иржээ. Хаалгаа онгойлгоод ортол гэрээс нь анхилам үнэр үнэртэн хөгжим дэндүү чанга дуугарч байлаа. Эхнэрийнхээ онцгой зүйлд дуртай мэдэх Баяраа нэг их гайхсангүй. Хаалгаа түгжээд гал тогоогоор шагайтал хэн ч байсангүйд унтлагын өрөөний хаалгыг нээлээ. Яг тэр үед харсан зүйлдээ гайхаж балмагдсан Баяраа анх үнсүүлэхдээ эхнэрээ яаж харж байсан шигээ гөлөрчихөв. Унтлагын өрөөнд нь огт танихгүй хоёр эртэй эхнэр нь нэг оронд байж байлаа. Дэндүү их хайрлаж дээдэлж явсан Ууганаа нь хамаг байдгаа дэлгэчихсэн хямдхан завхай эм шиг хэвтэж байгааг Баяраа удаан харж чадалгүй угаалгын өрөө рүү хар хурдаараа гүйн очиж бөөлжлөө. Хэзээ ч өдрийн цагаар ирдэггүй нөхөр нь гэнэтхэн ороод ирсэнд Ууганаагийн хувьд бүр хүнд цохилт болжээ. Яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй

-Намайг уучлаарай. Миний буруу хайраа. Намайг уучлаарай. Уучлаарай. Би зүгээр л... гээд нуруун дээр нь дарах гэсэнд Баяраа түүн рүү сэжиглэн ярвайгаад

-Наад хоёр новшоо бас өөрийн гэсэн бүх юмаа аваад орой ирэхэд нүднээс далд орчихсон байгаарай. Битгий надад хүрэх гээд бай.

-Арай ч дээ. Миний буруу хайраа. Битгий ингэж түргэн шийд. Яаж ингэж болдог юм бэ?

-Чи ингэж заваарч байхад би үүнээс илүүг ч чадна.

-Тэгж яривал бүгд чиний буруу. Чи намайг хэзээ тоож байсан юм?

-Уучлаарай. Одоо болсон уу? Би явлаа. Чамайг дахиж хармааргүй байна шүү.

-Чи намайг эндээс явна гэж бодож байна уу? Үгүй шүү. Би чамаас тийм амархан салахгүй гээд байдаг чадлаараа хашгичиж эхлэхэд гутлаа өмсөж зогссон Баяраа нүд нь хилэнтэй гялалзан хамаг бие нь салганачихсан түүн рүү дөхөж ирлээ. Ууганаа айсандаа ухарсаар сандалд тулж уналаа.

-Энэнээс илүү намайг яаж доромжлох гэсэн гичий вэ чи. Чамайг харахаас сэжиг хүрч байна. Хийгээгүй хэргээр шоронгийн хадаас болмооргүй байвал одоохон миний гэрээс зайл гэж шүднийхээ завсраар үсчүүлэн хэлсэн балмад залууг Ууганаа таньсангүй. Нэг л эвгүй хөдөлвөл түүнийг хатгачих гэж байгаа хортой могой шиг санагдсан тул гөлийн хөшөөд гаран гартал нь байрандаа байж байгаад хаалга хаагдмагц байдаг чадлаараа хашгиран уйллаа.

-Бид 2 явлаа. Залгаарай гэсээр хоёр залуу гарч одоход Ууганаа хийсэн хэргээ бодож түүнд ямар ч найдваргүй үлдээгүйг мэдрэн ухаан мэдрэл дутуу сэгсийсэн амьтан толины урд суугаад өөрийгөө өрөвдөн уйлсаар л байлаа.

Доржсүрэн

Доржсүрэн бол айлын ганц хүү. Саяхан 27 насны төрсөн өдрөө сүр дуулиантай хийсэн. Түүнд чаддаггүй юм ховор. Сэргэлэн нь дэндсэн болохоор хар багаасаа л өөрийн сонирхсон болгоныг судалж туршиж үздэг байсан боловч учрыг нь олмогцоо дэндүү амархан уйдчихдаг байлаа. Охидод ч яг тэгж хандана. Гэтэл түүнийг тоогоогүй ганц охин болох Уянгаагаас болж хожмоо тэдний гэр бүлийн хооронд гүн ан цав гарна гэж жаалхүү Доржсүрэн хэрхэн таамаглах билээ. Амралтын өдөр бүр хаа нэг тийшээ үзвэр үзэхээр явж зун бүр очоогүй аймаг руугаа явдаг байсан аз жаргалтай гэр бүлд Доржсүрэн өсч торнисон. Сайхан ааштай ээжийх нь хийсэн гарын хоолыг идэх гэж олон ч найзууд нь ирж байсан даа. Доржсүрэн тийм томоотой жаал биш ч хэнд ч төвөг удаад байдаггүй байлаа. Өөрийн үеийнхнээсээ огт өөр нэг зүйл сонирхдог байсан нь уран зурагт ухаангүй дуртай. Энд тэнд үзэсгэлэн болно гэхэд ганцаараа ч хамаагүй очоод үзчихнэ. Магадгүй тэр зурахдаа тийм сүрхий биш байсан болохоор оргилд нь гарахыг хүссэн байх. 8р анги төгсдөг жил нь тэдний ангид нэг хөөрхөн охин ирсэн нь Уянга. Хамгийн арын ширээнд суудаг Доржсүрэн өндийж ирж хараад “Урлагийн бүтээл” гэж дуу алдаж тэр үедээ онигоонд орж байжээ. Бусад охидын аргыг олоод үерхээд байдаг байсан Доржсүрэнг Уянга нэг нүдээрээ ч харсангүй. Хичээл тараад хүргээд өгье гээд шалаад байдаг Доржсүрэнгээс зугтаж Уянга бүр цонхоор гарч харина. Уянгыг харамласандаа нөгөө ангийн хөвгүүдтэй нударга зөрүүлж, хичээлдээ муудах болсонд эцэг эх нь үглэх болж сургуульд нь хүргэж өгөөд тосч авдаг болжээ. Хүүгийхээ өрөөг цэвэрлэж байгаад нэг охиныг их олон янзаар зурсан зургийг олсон ээж нь учрыг даруй ойлгож, удахгүй төгсөх хүүдээ энэ сайн нөлөө үзүүлэхгүй гэж үзээд аавтай нь зөвлөлдөн өөр сургууль руу шилжүүлснээр зөрчилдөөн эхэлжээ. Хүү Уянгыг нэг ч хором мартсангүй. Түүнд хичээл хийх ер нь юу ч хийх сонирхол байсангүй. Өдөр бүр ял юм шиг сургууль орж ирцээ бүртгүүлж ирмэгц өрөөндөө ороод хаалгаа түгжчихнэ. Хийдэг зүйл нь Уянгыг санасан сэтгэлээ тайвшруулж зургийг нь хэдэн мянган янзаар зурах байлаа. Арван жилээ чүү ай төгссөн Доржсүрэн ээж аавдаа конкурсанд орж чадахгүй гэдгээ шалгалтын өмнөх орой хэлсэнд эцэг эх нь бие биенээ буруутган чи л хүүгээ буруу хүмүүжүүлж хэтэрхий эрхлүүлснээс энэ бүхэн боллоо хэмээн хэрэлдэж эхэлсэн нь Доржсүрэнд завшаан болж тэднээс чимээгүйхэн холджээ. Гадаадад сур гээд явуулсан хүү нь тойрон аялал хийж хамаг мөнгөө үрээд байсан болохоор хүчээр шахуу Монголд авчирсан ч наргиж цэнгэхийг дэндүү сайн сурсан Доржсүрэн тэр даруйдаа ганзага нийлэх найзуудаа олжээ. Үүний хажуугаар битүүхэндээ анхны хайраа олоод уулзчих санаатай хайж байлаа. Ээлжит шоуны төсвөө авах санаатай банк ороходоо огт санамсаргүйгээр Уянгааг олж харжээ. Гэдэс нь тэрүүхэндээ хөөрхөн бондойгоод улам ч үзэсгэлэнтэй болчихсон мэт. Ярилцахыг хүссэн ч зугтчихдаг байсныг нь санаад очиж зүрхэлсэнгүй. Орой нь Уянгын зургуудыг бүгдийг нь шатааж бүрмөсөн мартана гэж өөртөө амлав. Гэвч тэр тийм ч шийдэмгий нэгэн байсангүй. Байнга бүсгүйн ажлын гадаа очоод түүнийг орж гарахыг нь хүлээн харуулдах зуур хааяахан ирж авдаг нөхрийх нь халамжгүйд дургүйлхэн хараана. Гэвч юу ч хийж чадахгүйдээ дэмий л бухимдан энд тэндэхийн шоу цэнгээнд алгасахгүй очиж элдэв зодоон үүсгэж тайвширнэ. Уулзаж учирсан охид хүүхнүүд нь ч тоогоо алджээ. Гэвч Уянгын хаана нь ч хүрэхгүй. Шоуны төлөвлөгөө гаргахаар ресторанд найзыгаа хүлээж суугаад өөрийг нь анхааралтай ажиглаж байгаа нэгэн бүсгүйг олж харжээ. Бүсгүй хүн сонирхоод байхад яаж зүгээр суугаад байх билээ. Ширээнд нь очиж суугаад яриа өдөн танилцахыг оролдлоо. Харин бүсгүй огт тоосон шинжгүй хүнтэй андуурчихаж гэж хэлээд босоод явчихсан нь Доржсүрэнгийн анхаарлыг татжээ.

-Сайхан л оролдлого байна гэхдээ хэн нь мэргэжилтэн болохоо үзье л дээ гэж дотроо хэлээд такси хүлээн зогсоо бүсгүй рүү очлоо.

-Хонгор минь, өдийд такси олдохгүй дээ. Харин би жолооч чинь болвол яасан юм бэ?

-Та такси барихад хэтэрхий дэгжин юм. Тэгээд ч би таны хонгор биш.

-Уучилж үзээч дээ. Миний өчүүхэн бие хатагтай таны мэдэлд.

-Сүртэй ч яриатай юм билээ дээ. За яахав.

-Ийшээ явна уу.

-За хатагтай хаашаа явах уу? Ууртай бүсгүй юу үгүй юу?

-Хайлааст. Тэгж санагдуулсан бол уучлаарай. Элдэв хүнтэй танилцаад байх дургүй л дээ.

-Таны зугтаж байгаа чинь нэг хүнийг санагдуулчихлаа

-Танд таалагддаг хүн байх нь ээ?

-Яг таачихлаа. Та ч гэсэн надад таалагдаж байна. Жаахан хүүхдүүд биш танилцацгаая л даа.

-Онцгой тохиолдол гээд болох л юм. Тэгээд ч дахиж уулзах биш.

-Яагаад уулзахгүй гэж? Намайг Доржсүрэн гэдэг.

-Урнаа.

-Бүтэн нэрээ хэлэх нь бас нэг соёл шүү бүсгүй минь хэхэ

-Уранцэцэг. Чи их хөгжилтэй юмаа.

-Дөнгөж эхлэл. Хэдтэй билээ манай Урнаа?

-Эмэгтэй хүний насыг асуух чинь бүдүүлэг хэрэг залуу минь.

-Хаха нээрээ тийм л дээ. Өршөөж үз хатагтай минь.

-Бодолцож үзье.16р хаалган дээр зогсчихоорой.

-Тэгэлгүй яахав. Би өөртэй чинь дахиж уулзмаар байна. Утсаа өгөөч болно биз дээ?

-Утас өгч болноо. Харин уулзах тухай бодож үзье.

-Харж үзээрэй дээ. Баяртай Урнаа.

Тэр орой гэртээ ирсэн хойноо яагаад ч юм тэр бүсгүйг зурмаар санагдан удаан хугацаанд бариагүй бийр цаасаа бэлдлээ. Түүний сээтгэнүүр ч юм шиг даруухан ч юм шиг бор нүдийг яг тэр хэвээр нь цаасан дээр буулгаад харж суумаар санагдана. Дахиад нэг харчихвал бүр сайн зурмаар санагдах ч санаан зоргоор болохгүй. Урнаа түүнтэй уулзахаас цааргалсаар байлаа. Бүсгүйг аргандаа оруулж чадахгүй байгаагаа Сугар найздаа хэлтэл

-Мэргэжилтэнд хүртэл асуудал байдаг л юм байна. Хэзээ ч бүдрэхгүй нь л гэж бодож байлаа шүү гэжээ.

Уянга бүсгүйг өөрийн болгохгүй бол шоу цэнгээн ч хөгжилтэй санагдахаа больж уух ундаа ч амтгүй санагдах болсонд Доржсүрэн Сугарт

-Найз нь хэсэг чөлөө авлаа. Удахгүй уулзъя гэж хэлээд Уянгыг найрах төлөвлөгөөндөө эрс буцалтгүй оржээ.

Өдөр шөнөгүй хайрын мессеж явуулж өглөө үдэшгүй залган жинхэнэ дурласан залуу шиг байв. Сүүлдээ өөрөө толгой нь эргэн жинхэнээсээ дурласан билүү өөрийг нь тоохгүй байгаа болохоор эргүүлээд байгаа билүү гэдгээ ялгахаа байжээ. Бүсгүй түүнтэй уулзах нь битгий хэл сүүлдээ бүр дуудлаганд нь хариулахаа ч больжээ. Доржсүрэн бүр аргаа араад байлаа. Түүний хамгийн сүүлийн арга бол гэрт нь очиж түүнтэй уулзах байв. Очоод залгатал

-Гадуур явж байна. Удахгүй очно гээд утсаа салгачихлаа. Ирэхийг нь хүлээх зуур ФМ-ийн суваг солин анхааралгүй байтал цонх тогших чимээнээр давхийн цочив. Урнааг байсанд баахан эв хавгүй цочсондоо эвгүйрхэн дэмий мушийсан болоод машинаасаа буулаа.

-Ингэж ирээд байхгүй бол сайн байна. Би найз залуутай.

-Чи худлаа хэлж чаддаггүй юм байна

-Үнээн. Итгэх эсэх чинь чиний хэрэг.

-Би бууж өгөхгүй ээ. Чи надад үнэхээр таалагдаад байна шүү дээ.

-Уучлаарай, би ингээд орлоо. Хийх ажил их болохоор дараа намайг залгах хүртэл түр хүлээж болох уу?

-Нээрээ залгана биз?

-Тэгнээ. Баяртай.

Доржсүрэнгийн хувьд тийм амжилттай уулзалт болоогүй ч залгана гэсэн үг үнэн болох нь нүдний харцнаас нь илт байсан. Хүлээх л хэрэгтэй.

Үнэхээр тэр уулзалтаас 5 хоногийн дараа Урнаа залгаад

-Би чамтай уулзмаар байна гэж төсөөлж байгаагүй янаг хоолойгоор дуугарчээ. Энэ хоолой юу гэсэн үг болохыг Доржсүрэн мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ хамгийн хэцүү гэж бодсон даваан дээр гарахад ийм амархан байсан гэж үү?


1 comments:

ЗОРИГТ8 said...

яасан гоё загвартайян

October 23, 2010 at 1:03 AM

Post a Comment