Friday, October 22, 2010

"Харь зүрх" үргэлжлэл 6

Уулздаг кафегаа хаатал хүлээсэн Юкико урамгүйхэн гарч ирлээ. Ирэхгүй байсан юм бол хэлчихгүй ингэж хүлээлгэдэг нь яаж байгаа юм бол доо? Залгаад утас нь холбогдохгүй хаачдаг байнаа? Маргааш сургууль дээр л уулзахаас даа.

Маргааш, нөгөөдөр гээд долоон хоногийн турш Танху таг чиг. Найзуудаас нь асуух санаатай ойртохоор бүгд ярилцсан мэт Юкикогоос дөлөөд байлаа. Түүнд хүлээхээс өөр сонголт байсангүй. Гэтэл түүний нутаг буцах дөхөөд байдаг.

Танху , Чуён хоёр хамт байж чадаагүй хугацаагаа нөхөх гэж салж чадахгүй хэд хонов. Гэвч олон жил өнгөрсний дараа уулзсан болоод ч тэр үү Чуён танигдахааргүй болжээ. Танхуг харах бүрд Чуёны урсгал зөөлөн харц тайвшруулдаг байсан бол одоо төрөлхийн ширүүн харцыг хүчээр зөөллөөд өөрийгөө албадаад байх шиг түүнд санагдана. Өвчтэй байх үедээ хүчтэй эм тариа ихээр хэрэглэснээс болж ярьж чадахгүй болсон гэнэ. Байнга бичиж ярилцах нь нэг бодлын туйлын төвөгтэй.

Би чамайг их санасан. Намайг нүдээ нээх үед чамайг дэргэд байгаагүйд чинь их гомдсон. Чамтай авхуулсан зурагнуудаа л харж тайвширдаг байсан. Нэг номтой хүний хэлснээр оршуулга үйлдэж хараалыг зайлуулах ёстой болсон гэж аав хэлсэн. Чамд тайлбарлаж хэлээгүй нь учиртай байсан гэсээн. Би бараг жилийн дараа дөнгөж явж чаддаг болсон. Эмчилгээг гадаадад хийлгэж байсан болохоор ирээд чамтай уулзана даа гэж бодтол солонгос руу сурахаар явсан гэсэн сураг сонсоод хойноос чинь иртэл чи найз охинтой болчихсон байсан гэж цаасан дээр бичээд Танху руу асуусан байртай харлаа.

Танху хэлэх үг нь олдохгүй хэсэг ээрснээ

-Би чамайг алдчихлаа л гэж бодсон. Мартах гэж ямар их шаналсныг миний чи мэдэхгүй. Нэг хэсэг би бараг амьд үхдэл шиг л байсан. Харин энд ирээд жаахан мартагнаж олон хүмүүс дунд орж эхэлсэн дээ.

-Би чамайг сайн ойлгож байна. Өөрийгөө буруутгах хэрэггүй ээ. Би ч гэсэн чиний оронд байсан бол ингэх л байсан.

-Одоо бид бие биенээ олчихлоо. Бүгдийг мартаад шинээр эхлэе гэж хэлэхдээ Танху нэг л өөртөө итгэлгүй хөндий дуугарчихсандаа сандран харвал цаадах нь юу ч анзаарсан шинжгүй дараагийн үгсээ бичиж байлаа. Огт танихгүй хүн шиг болчихсон хуучин хайр, өөрийг нь хүлээж буй хайртай бүсгүй хоёроо яахаа шийдэж чадахгүй тээнэгэлзсэн Танху ийм байдалтай болчихсон Чуёныг орхиод явчихаж чадахгүй гэдгээ л сайн мэдэж байлаа.

Хичээлдээ дуртай дургүй явсан Танху, Юкикотой уулзаад бүгдийг тайлбарлаж хэллээ. Юкико маш тэвчээртэй сонсож дуусаад түүн рүү гомдол дүүрэн хараад

-Бүгдийг ойлголоо гэхээс өөр үг хэлсэнгүй.

Танихгүй хүн шиг болсон хайрдаа очих гэж яараагүй Танху найзуудтайгаа архины мухлагт орж хэдэн шил сөжү уугаад Чуёных руу алхлаа. Амандаа хятад дуу аялан шатаар өгсөж явахдаа Чуён руу залгатал утас нь яриад байлаа. Гайхасхийн мөрөө хавчаад хаалга тогштол өмнөөс нь онгойв. Үүдний өрөөд гутлаа тайлах зуур нь нэг эмэгтэй хүн чанга дуугаар хүн загнах нь сонсогдоход хэн ирсэн юм бол доо гэж бодон хэсэг зогстол

-Тэр охин чинь үхчихсэн. Та нар намайг бас үхээсэй гэж бодоод байгаа юм уу? Би хятад руу очиж чадахгүй. Өөрсдөө учраа олцгоо гэж хашгичаад түр тархийх чимээ гарахад нь Танху харайн орвол балмагдаж сандарсан Чуёноос өөр хүн байсангүй.

-Сая хэн яриад байсан бэ? Энд чамаас өөр хүн байгаа юм уу? Чи ярьж чаддаг юм уу? Саяных чиний хоолой биш байсан шүү дээ. Хэн юм бэ? Үгүй ээ, чи хэн юм бэ?

-Би юу?Би бол Чуён. Чи танихгүй байгаа юм уу?гэж огт сонсож байгаа хоолойгоор яриад өнөөх дарж ядаад байдаг ширүүн харцаа Танхуг сүлбэх мэт харлаа.

-Чи чи...чи Чуён биш байна шүү дээ. Наад хоолой бас нүд чинь... Чи Чуён биш байна.

Чуён түүн рүү гэтэх мэт ойртон ирээд эгцлэн харснаа Танхугийн айсан царайг ажиглаад гэнэт тас тас хөхрөн

-Тэгээд би хэн болж таарах билээ?Намайг сайн хар л даа. Би чиний хайрладаг бүсгүй чинь байна. Сайн хар

-Үгүй ээ үгүй. Надад битгий ойрт. Чи биш байна. Би явлаа

-Үгүй шүү. Чи хаашаа ч явахгүй. Чиний төлөө миний юу хийснийг сонсоогүй байж чи хаашаа ч явахгүй.

Чуён хаанаасаа ч юм тамхи гаргаж ирэн асаагаад гүнзгий соров.

-Намайг Шин Хуа гэдэг. Чуёны төрсөн эгч. Чуён өвчиндөө шаналж байх тэр үед ганцхан чиний тухай бодол яриагаар тэжээгдэн өдөр хоног өнгөрөөдөг байсан. Өдөр бүр чиний тухай ярина. Ямар сайхан залуу болох, түүнд ямар их хайртай, чамтай байхдаа ямар их аз жаргалтай байдгаа ухаантай байх мөч бүхэндээ ярьдаг байсан. Бүр жаахан байхдаа гал өртөөд хүн харшгүй царайтай болчихсон миний хувьд энэ бүхэн үлгэр шиг л санагддаг байлаа. Өдөрт нь чиний тухай сонсоод орой бүр харж байгаагүй чамайг зүүдлэн хоносоор би чамд Чуёноос дутахгүй хайртай болчихсон. Чи ойлгохгүй л дээ. Хүн харшгүй муухай царай байх ямар аймшигтай болохыг... Хаяахан Чуёнтой гадуур явдаг ч бүх хүн намайг өрөвдсөн харцаар харж хүүхдүүд дооглодог байсан. Энэ бүрд энхийн цагаан тагтаа шиг миний хажууд намайг халамжлан явдаг Чуёныг би ямар их үзэн яддаг байсан гээч... Намайг ойлгож байгаа царай гаргадаг ч үнэндээ хэзээ ч ойлгож байгаагүй. Өвчиндөө шаналаад миний асаргаанд байхад нь л би түүнээс өөрийгөө нэг ч гэсэн зүйлээр илүү байгаагаа мэдэрсэн. Үхэх шахаад халуундаа дэмийрч байхдаа чиний нэрийг дуудаж байхад нь би аль хэдийн чамд хайртай болчихоод чамайг харамлаж байсан. Би чамайг анх Чуёны оршуулган дээр харсан. Би чамайг огт хайгаагүй. Харж байгаагүй хайртай чи минь миний дэргэд яг л зүүдэнд ирдэг тэр төрхөөрөө зогсож байсан. Хар гивлүүрээр аймшигтай царайгаа нуучихсан байсан болохоор би чамайг ичиж нэрэлхэлгүйгээр сайтар харж авсан. Тэр үед би Чуён шиг царайтай болноо гэж өөртөө амалсан юм даа. Тэр амлалтандаа ч хүрчихсэн байгааг минь чи харж байна. Нэг л зүйлийг би өөрчилж чадаагүй. Чуён шиг болох гэж дэндүү хичээж байхдаа Чуёныг ямар хоолойтой билээ гэдгийг мартчихсан. Тийм болохоороо чиний өмнө хэлгүй болж жүжиглэсэн юм. Ийм хурдан баригдчихна гэж санасангүй. Эцэг эх маань надад тус болохоосоо илүү гай болох юм даа. Яг санасандаа хүрч чамайг өөрийн болгоод байтал гэнэтхэн ээжийн чинь бие муудлаа ирэх хэрэгтэй байна гэж залгаад. Би ч гэсэн жаргамаар байна гэж хэлээд хөгжмөө асаатал уйтгартай хоолойгоор

-Чамайг би хайртай байсан

Чи алсад очоод намайг мартсан гээд гинших хятад хүүхний хоолой дотор зарсхиймээр сонсогдлоо. Дууг дагаж дуулсаар тэрүүхэндээ биеэ ганхуулан Танху руу дөхөж ирээд мөрөнд толгойгоо наагаад

-Би чамд дэндүү их хайртай. Тэр муу япон охинд алдана гэж байхгүй шүү. Миний дуудлага түүнийг тэгтлээ айлгана гэж бодоогүй шүү. Өрөвдөлтэй амьтан.

-Юкикогоор оролдох хэрэггүй шүү. Наад солиорлоо дуусга гээд хаалга руу алхтал тархи руу нь хүчтэй зүйлээр цохих мэдрэгдэж ухаан алдан уналаа.



Удаасанд уучлаарай. Одоо удаахгүйг хичээнээ.


0 comments:

Post a Comment