Tuesday, October 26, 2010

Харь зүрх төгсгөл

Танхуг ухаан орох үед өнөөх чихэнд чийртэй ая бүр чангаар дуугарч галын өрөөнд өнөө үл таних бүсгүй дагаж аялан хоол хийж буй бололтой. Босох гэтэл түүнийг сандалтай хүлчихсан байлаа. Ухаангүй нэлээн удсан бололтой хамаг бие нь хөшөөд сайхан суниамаар санагдана. Хүлээгээ суллах санаатай хөдөлгөтөл цаанаас бүсгүй хоол барьсаар орж орж ирлээ.

-Өлссөн биз дээ хайраа? Би чамайгаа хооллоноо. Томоотой байна шүү.

-Намайг одоохон сулла. Чи шоронд орох гээ юу?

-Чишшш. Хооллож байхдаа юм ярих хэрэггүй.

Хичнээн дургүй нь хүрч байсан ч өлсөхийн эрхэнд халбагадаж өгсөн хоолноос нь идээд аяга тавгаа хураахаар гармагц нь дахин уяаг суллахаар холхигнуулж эхэллээ. Овоо суллаж байтал гэнэтхэн бүсгүй гарч ирээд түүн рүү нүдээ гялалзуулан эрүүл бишээр харахад Танху айсандаа золтой л хойшоо савчихсангүй.

-Чиний төлөө би ямар их өвдөлтийг тэвчин байж энэ царайг олж авсан гэж бодож байна? Хэдэн удаа мэс засалд орсныг мэдэх үү чи?гэснээ гэнэт толгойгоо сэгсрээд

-Хайраа одоо чи миний хажууд байгаа нь миний хувьд хамгийн том бэлэг. Ингээд хүрээд ирсэнд чинь баярлалаа гэх нь эгээ л Чуён гэж андуурмаар харагдана.

-Намайг суллалчих л даа. Би ингэж хүлээтэй байгаад чиний зовлонг яаж мартуулах юм бэ?

-Ингээд байж байсан нь хэн хэнд маань дээр гэж ширүүн хэлснээ дахиад л толгойгоо сэгсрээд Танхугийн өвөр дээр ирж суун

-Хайраа чамгүй өдөр хоногууд ямар аймшигтай байсан гээч

-Миний ам цангаад байна.

-Өө одоохон хайраа

Гарсан хойно нь суларсан гараа сугалж аваад бусад уяагаа тайлах хооронд бүсгүй орж ирэв. Суларсныг нь хараад аягатай усаа түүн рүү шидсэн ч Танху арай гэж бултлаа. Үсрэн очиж бүсгүйн хоёр гарыг хойно нь барьж уяагаар сайтар хүлээд орон дээр хэвтүүлэв. Энэ үед бүсгүй түүн рүү царайчлангуй хараад

-Хайраа чи яагаад надтай ингэж муухай харьцаад байгаа юм бэ? Би чиний Чуён байна шүү дээ.

-Чи үнэхээр адилхан юм. Гэхдээ тэр өөд болсон. Наад жүжгээ дуусга.

-Чиний төлөө хийсэн бүхний минь хариуг чи ингэж хариулж байгаа юм уу? Чи шангаа хүртэнэ дээ гэж хашгичсаар хаалганы цаана дуу нь бүдгэрлээ. Танху цагдаа дуудчихаад дэндүү их санасан бас дэндүү их хүлээлгэсэн тэр хүн рүүгээ яарлаа. Хойноос нь хүн хөөж байгаа юм шиг эргэн эргэн харсаар Юкикогийн хаалган дээр ирсэн хойноо л амьсгаагаа дарах гэж түр амсхийгээд хаалгыг зөөлхөн тогшлоо.

-Хэн бэ? гэх танил хоолой Танхуд ямар их тайтгарал өгснийг хэлж баршгүй.

Цагдаагийхан Шин Хуаг баривчилсан боловч оюун ухаан нь хоёр хуваагдах өвчтэй гэдэг нь байцаалтын үеэр хүчтэй илэрч байсан учраас ар гэрийхэнтэй нь холбоо барьж хятадын сэтгэц мэдрэлийн эмнэлэгт шууд шилжүүлжээ. Дүүгээ өөд болсны дараахан ор сураггүй алга болсон охин нь үе үе хаа нэгтээ байгаагаа мэдэгдэж мөнгө нэхдэг байсан бөгөөд дүүтэйгээ усны дусал шиг адилхан болсон гэдгийг нь эцэг эх нь огт мэдээгүй байжээ. Түүнийг харсан ар гэрийхэн нь маш хүнд цохилтонд орсон гэнэ. Ээж нь хожмоо нэг найздаа “-Миний 2 охин нэг биед ороод бидэнд эргэж ирсэн. Эмнэлэгээс гаргаж авахаар нөхөр бид хоёр шуурхай хөөцөлдөж байгаа. Бүтэх найдлагатай байгаа шүү” гэж ярьжээ.

0 comments:

Post a Comment