Thursday, January 7, 2010

"Ээдрээ" үргэлжлэл 7

Эмнэлэг бүх өдөр сартай нь гаргаад ирдэг гэж төсөөлөө ч үгүй явсан Цацрал охин учраа олохгүй сандарч байлаа. Тэвчээр нь барагдсан Баяраа замын хажуу руу машинаа огцом тоормослон зогсооход хэлэх үгээ бодон анхаарлаа төвлөрүүлсэн Цацрал урд шилээ мөргөн алдав. -Юм дуугараачээ чи, чи онгон гээд байгаагүй билүү? Гэтэл яахаараа бүр хүүхэдтэй байж байдгийн. Хэний хүүхдийн эцэг нь хаана байна? Чи хүүхэдтэй гэдгээ мэдэж байсан байж яах гэж намайг эмнэлэг рүү дагуулж явсын. Надаас салмаар санагдсымуу? Юм хэлээч гээд үг бүрээс нь дагжаад зугтмаар хүйтэн хөндий бас биеэ барин асуулаа. -Одоо нэгэнт ийм юм болсон болохоор худлаа хэлээд хэрэггүй шүү. Үнэнээ л хэл. Дараа нь яахаа ярилцъя гэхэд Цацрал охинд бяцхан найдварын оч гялсхийж намайг үнэнээ хэлчихвэл Баяраа надад хайртай юм чинь уучлах байх гэж бодоод бүх болсон явдлыг нэгд нэгэнгүй ярилаа. Ярьж байхад нь яриаг нь огт таслалгүй гарынхаа үеийг цагаартал базалахаас өөр үйлдэл хийлгүй суусан Баяраа -Бүгдийг нь ойлголоо. Зоригоогийн хүүхэд гэдэг нь үнэн юм биз дээ? гэж лавлан асуув. Цацрал дуугүй толгой дохин доош нугдайгаад ямар шийтгэл хүлээхээ зүрх алдан хүлээж буй жаал шиг өрөвдөлтэй суулаа. Баяраа өөр юм хэлсэнгүй машинаа асаагаад зам руу гарахад ингээд л бүх зүйл ард хоцорчихож байгаан байх даа гэсэн гэнэхэн бодол Цацралын түгшүүрийг багасгаж байв. Яван явсаар гэр рүү нь явдаг танил зам харагдахад намайг ингээд аваачиж өгөөд л хаях байх даа гэсэн айдас дахин нөмөрлөө. Үг дуугарвал бүх зүйл үгүй болчих гээд байгаа мэт бүлтэгнэн зам руу нэг Баяраа руу нэг харсаар явлаа. Гэрийх нь гадаа зогсоход машинаас буух эсэхээ шийдэж ядан суутал Баяраа түрүүлж гараад хаалгыг нь онгойлгон -Орцгооё гэж түрэмгий дуугарав. Манайд орж яах гэж байгаа юм бол гэж бодсон ч аавтай нь ирж танилцаж байсан болохоор орж мэндлэх гэсэн юм болов уу гэсэн юм бодоод үг дуугүй дагалдлаа. Баярааг ирсэнд гэрийхэн нь дуу шуу болон цай цүү болоход Цацрал дэмий л Баяраагийн царайг харан учраа олохгүй сууна. -Би танд охиныг тань хүлээлгэж өгөхөөр ирлээ гэхэд аавых нь царай хүрлийн -Юу гэсэн үг вэ? гэсээр Цацрал руу харахад охин нь өмөлзөн нулимс нь юу юугүй мэлтэлзээд иржээ. -Та намайг ийм юм ярьж байгаад уучлаарай, би үнэхээр танай охинд хайртай сууна гэж шийдсэн учраас таньтай ирж танилцсан. Гэтэл өнөөдөр л 3 сартай хүний хүүхэд тээж явааг нь мэдлээ. Хүүхдийх нь эцэг миний найз, танай эхнэрийн дүү болж таардаг юм байна. Нэгэнт тантай танилцаад аав хүү гэж явсны хувьд энэ бүхнийг тайлбарлаж охиныг тань хүргэж ирэх ёстой гэж бодлоо. Миний хэлэх юм гэвэл энэ л байна. За баяртай гээд Цацрал руу харсан ч үгүй шурхийн гарч одлоо. Баярааг гарсны дараа хэн ч ам нээж зүрхлэхгүй чимээгүй байдал хэдэн минут хэртэй үргэлжлэв. Хойд ээж нь гэнэт Зоригоогийн хүүхэд гэдэг нь үнэн юм уу? гэхэд Цацрал юу ч хэлсэнгүй дахин юу ч сонсохыг хүссэнгүй өрөө рүүгээ хөлөө чирэн алхлаа. Аав нь охиноосоо хол удсан болохоор өөрийн охин гэдэг нэрээс цаашгүй болсон гэдгийг сая л гүнзгий ойлголоо. Учир явдлыг нь мэдээгүй байж дотносож ядаж байгаа охиноо бүр цааш түлхчих вий гээд аав нь дэмий л араас нь харсаар үлдэв. Цурхиртал уйлаад уйлаад тайвширч чадахгүй юу болоод энэ бүхэн гэнэт эсрэгээрээ эргэчихэв зүүд л байгаасай гэсэн горьдлогоос цаашгүй өрөвдөлтэй нэгэн болжээ. Баярааг үл тоож зугаагаа гаргаж байна гэж боддог байсан охин салаад одсон түүнд ямар их хайртай болсноо одоо л ойлгож байлаа.

Баяраа гэрээс зугтах шахам гараад хойноос нь хэн нэгэн гүйцээд ирэх гэж байгаа мэт гүйсээр машиндаа суугаад хөдөлсөн хойноо жаахан тайвшрав. Өөрийхөө зөв гэж бодсон бүгдийг хийсэн болохоор одоо харамсаад ч хэтэрхий оройтчихсон байлаа. Гэнэт нэг зүйл санасан мэт утсаа шүүрэн аваад залгатал Зоригоогийн тоглоомондоо улайраад тээршаасан танил дуу гарав. Оюунаа хажууд чинь байна уу? Хөгшөөн ярих юм байна. Оюунаагийн хажууд яриад хэрэггүй шүү гээд утсаа хэсэг чимээгүй чагнасны эцэст -Би Цацралыг аавд нь хүлээлгэж өгөөд явж байна. Чиний хүүхдийг тээж байгаан байна лээ. Би өнөөдөр л эмнэлэг орж мэдлээ. Гэрийхэнд нь та хоёрын явдлыг бүгдийг хэлсэн болохоор удахгүй тэднийхэн залгах байх шүү. Найзын хувьд чамд түрүүлээд хэлчихье гэж бодоод залгаж байна гэж нэг амьсгаагаар дуржиганатал ярьчихаад утасны цаана найзых нь хэржигнэх хоолойноос өөр ямар ч дуу гарахгүй байсанд утсаа салгаад санаа алдлаа.

Оюунааг тайвшруулж ядаж байтал утас жингэнэх дуу түгшүүртэй хангиналаа. Харвал эгчийх нь дугаар байв. Ямар хэргээр залгаж юу гэхийг нь бүгдийг нь мэдэж байгаа болохоор Зоригоо утсаа аваад -За эгчээ, би одоо очлоо. Түр хүлээж байгаарай гээд хариу хэлэхийг нь сонсолгүй утсаа унтраалаа. -Хайраа, найз нь эгчийнд очоод бүх учрыг тайлбарлаад ирье. Миний хайр хаашаа ч гаралгүй байж байгаарай. Уянгааг хань болооч гээд дуудах? гээд арга барагдсан өнгөөр царайчлангуй асуухад нулимсандаа халтартсан Оюунаа юу ч дуугарсангүй гараа савчлаа. Эгчийх рүүгээ явах замдаа Уянгааг гэртээ очихыг гуйгаад санаа нь жаахан амарсан ч түүнийг юу хүлээж байгаа бол гэхээс зүрх алдана.

Энэ замаар өмнө нь эгчийндээ очихдоо монгол хоол гэж бодохоос тэсэж ядан яардаг байж билээ. Гэтэл танил нэгэн гэр ойртох тусам таксины жолооч хурд нэмээд байгаа мэт санагдан суудал дээрээ займчин байж ядаж байлаа.

0 comments:

Post a Comment