Thursday, January 7, 2010

..::Харь зүрх::.. эхлэл

Юкико Танхугийн тухай хэсэг бодолгоширсноо толгой сэгсрэн бодлоо үргээгээд угаасаа бүтэхгүй юм чинь бодоод ч яах юм билээ гэж санаа алдаад хичээлээ хийхээр дэвтэрээ дэлгэн суулаа. Танху түүнд хайртай дуртай гэж гүйж байгаагүй. Гүйх гээд ч одоо л учраа олон солонгос хэлээр ярьж сурцгааж буй тэдний хувьд салаад одохоосоо өмнө сэтгэл зүрхээ нээлцэх цаг. -Чи надад таалагддаг. Надтай үерхээч гэснээс өөр үггүй зурвас авсан Юкико баярлахаасаа илүү сандарсан. Хар багаасаа охидын сургуульд сурч бусад япон охидын адил зай завсаргүй элдэв дугуйлан, дамжаа гэж явсаар хөвгүүдтэй уулзах болзох цаг түүнд хомсхон. Хичээл сурлагаараа бусдаасаа ялгарч солонгос улсад солилцоогоор сурах болсон нь ээж ааваасаа хол явах болсон анхны тохиолдол байлаа. Ээж нь хоол ундыг нь бэлдэж хувцас хунарыг нь угаагаад Юкиког элдэв зүйлд хүргэдэггүй байсны гор гарч харь оронд очсон охин гэрээсээ хүнсээ бага багаар зөөнө. Өөрийгөө яая даа гэж байсан охины сэтгэлд сайн хятад залуу нэмэгдчихлээ. Үнэндээ Юкико сүүлийн хэдэн сар хичээлийн бус цагаар тэр залуутай харц тулгарах нь ихэсээд жирийн сайхан найзууд байсан хоёр хэн хэнтэйгээ үг солилгүй зөвхөн харцаар ярилцаад өнгөрдөг болсон. Гэтэл өнөөдөр энэ бүхэнд цэг тавьсан зурвас хүрээд иржээ. Хичээлээ хийе гэж хичнээн хичээвч утсаа байн байн гаргаж ирсэн зурвасыг цээжилтлээ уншсаар сүүлдээ утсаа урдаа тавиад цаашид яахаа мөрөөдөн хоёр хацраа тулан мөрөөдөлд умбалаа.

Танху харин хариу зурвас хүлээн утсаа хэдэн удаа нээж хаасан нь тоогоо алджээ. Байж ядан ус уух нэрээр гал тогооны өрөө рүү гүйгээд утсаа унтрааж асаагаад байсанд 2 найз нь чимээгүйхэн инээлдэн шоолцгооно . Дөрвөн цаг тасралтгүй хүлээгээд сүүлдээ утсаа өөрөөсөө холдуулаад тааз ширтэн бодолд дарагдсан Танху зурвас ирэх чимээ гараа үгүй юу даргаасаа тушаал авсан цэрэг адил үсрэн босоод том том харайн очоод утсаа нээлээ. Хоёр найз нь хэрэгт дурлан гүйн очиход ОК гэснээс өөр үг байсангүйд -Ямар урамгүй охин бэ гээд гараа савчин одоцгооход Танху л ганцаараа хөл нь газар хүрэхгүй баярлан ямар нэг сайхан юм хиймээр гараад гүймээр дуу дуулмаар хоёр найзыгаа тэврээд үнсмээр санагдан сэтгэл нь хөөрч байлаа.

Багшийхаа дуунаас цочин яахаа мэдэхгүй самгардан хийсэн үйлдэлдээ өөрөө бантан улайж суудаг хүүхдээрээ зантай энэ охиныг Танху удаан ажигласан. Найзууддаа япон охинд сэтгэл алдсан тухайгаа хэлэхэд инээлдэн яаж ойлголцохын бүтэхгүй юм ярьж байхаар хятад охинтой үерх гэхчилэн дэмжих нэг ч хүн байгаагүй ч Танхугийн дурлал цаг өнгөрөх бүр дүрэлзэн асаж байжээ. Сэтгэл дагаад ч тэр үү хааяахан харц тулгараад байх шиг санагдан тэр өдөржин аз жаргалтай нүүр дүүрэн инээмсэглэлтэй явдаг байсансан. Гэтэл олон шөнө мөрөөдөж зүүдэлсэн дурлал нь түүнд хаалгаа нээгээд өгчихлөө гэж бодохоос унтаж чадахгүй хөрвөөн хоёр найзыгаа ундууцуулж байлаа. Та нар дурлахаараа намайг ойлгоноо гэж сэтгэл дүүрэн инээмсэглээд хөдлөлгүй хэвтье гэвч чадалгүй хөрвөөн маргааш яаж уулзах хойшид яахаа бодохоос одоо босоод бүгдийг бичсэн төлөвлөгөө гаргахгүй бол болохгүй мэт санагдан ухасхийн босоод ширээний гэрлээ асаан бал цаас барилаа.

Хичээл эхэлж багш нэг зүйлийг тайлбарлан байх ч Танху, Юкико хоёр үүнийг сонсох сөхөө байсангүй. Ичиж улайсан Юкико ширээ мөргөх шахан тонгойж ном уншиж байгаа царайлах ч үнэндээ бодол санаа нь огт өөр зүгт өөрийг нь хараад байгаа харцыг зөнгөөрөө мэдрэн бүр ширээн доогуураа орчихвол амар санагдана. Танху охиныг ойлгон бодлоо хичээл дээр төвлөрүүлэх хичнээн оролдовч зөрүүд харц нь охиныг ээрээд байлаа. Жаргал зовлон ичих хайрлах зэрэгцсэн хичээлийн 4цаг бусад өдрүүдээс урт үргэлжлэн багш даалгавараа тоочин байхтай зэрэгцэн Юкико сандчин хувцаслаж гарахаар яарлаа. Түрүүлээд зугтах гээд байгаад нь сандарсан Танху ч хам хум гадуур хувцасаа хэдрэглээд хаалганы зүг тэмцэв. Хүн бүхэн доог дүүрэн нүдээр хараад байгаа мэт санагдаад давчдаж байсан ангиас гүйх шахуу гараад хүйтэн агаар цээж дүүрэн амьсгалж тайвширсан охин зам даган ганцаар алхлаа. Танху түүний тайван байдлыг үргээхийг хүссэнгүй хэдэн алхмын хойно алхсан мөр бүрийг нь дуурайн даган алхаж байлаа. Гэрлэн дохио хүлээн өнөөдөр болсон бүхнийг эрэгцүүлэн зогссон охины гарт хэн нэгний гар хүрэхэд дуу алдан хойш харайв. Танху цочоохгүй гэж хэрэндээ хичээсэн ч ингэтэл нь цочоочихсондоо гэмшингүй инээмсэглэн толгой илэн зогсоно. Хэн хэн нь юм ярьсангүй ард урдаа орж явсаар Юкико баяртай гээд үг хэлэхийн завдалгүй гүйгээд орчихлоо.

Амралтын хоёр өдөр уулзаагүй хэл мэдэхгүйн гайгаар хэдхэн зурвас бичилцэхээс хэтрээгүй хоёрт хичээлийн эхний өдөр бусад оюутнуудтай адил тээртэй байсангүй. Атгаж амжаагүй гарс харцаар хөтлөлцөж, тэвэрч амжаагүй энгэрс харцаар учралцаж хэмжээгүй жаргалтай байлаа. Танхуд улам дасаад байгаагаа мэдэрсэн Юкикод цаг хугацааг гүйлгэчихсэн мэт хурдан өнгөрөх нь улам айдас нэмнэ. Буцах ёстой 3 сар нь дөхөж хатуу аавых нь царай харагдах бүрд Танхутай байх ямар ч ирээдүйгүй гэдгээ мэдэрсээр... Харин дурлалаар жигүүр хийсэн Танху охины нүдэнд өдөр өдрөөр ихсэх гунигийн сүүдрийг анзааралгүй Японд очиж сурахаар мөрөөдөж байлаа.

0 comments:

Post a Comment