Thursday, January 7, 2010

"Ээдрээ" төгсгөл

Хаалганы бариулд хүрч нэг больж нэг үзсээр арай ядан зориггүйхэн түлхэн орлоо. Эгч нь буйдан дээр элгээ тэврээд хөлөө аччихсан нэлээн бухимдуу сууна. Хажууд нь очоод суух хүртэл юу ч хэлсэнгүй харсан ч үгүй. Хэсэг дуугүй сууснаа гэнэт -Арай гэж босгосон амьдралыг минь үрэн таран хиймээр санагдаа юу чи? Эхнэр байсаар байтал юу дутлаа гэж чи тэр вэ? гээд орилон хаа таарсан газартаа цохиж байв. Эгчийхээ занг мэдэх Зоригоо хөдлөлгүй тэвчээртэй суусаар байсанд -Юу хэлээч чи, ямар гавьяа байгуулсан гээд гөлийчихөөд суугаад байгаа юм. Хүний нэг охин үрийг авч суучихаад нөгөөг нь жирэмсэн болголоо гэнээ чи. Яасан бөх зүрхтэй юм хүн бэ чи гээд бухимдсандаа нүд нь эргэлдэн бүлтэрхэнэ үү гэмээр аймшигтай харагдана. Сүүлдээ арга нь барагдсан байртай буйдан дээр лагхийтэл сууснаа -Одоо яах болж байна? Би Оюунаагийн царайг яаж харна? Магтан магтан танилцуулсан дүү нь араар нь тавиад охиныг маань жирэмсэн болгочихжээ. Уучлаарай гэх үү би? Энэ үед Зоригоо ам нээн -Эгчээ, дүүгээ уучлаарай, би нээрээ үнэхээр муу дүү юмаа. Хэлэх ч үг олдохгүй байна. Тэр орой дүү нь юугаа ч мэдэхгүй болтлоо уучихсан болохоор юу болсныг юу ч санахгүй байгаамаа. Гэхдээ дүү нь өөрийгөө өмөөрч байгаа юм биш шүү. Зуун хувь миний буруу гэдгийг дүү нь мэдэж байгаа. Танд ингэж гай болж байгаад уучлаарай. Уучлаарай эгчээ.

-Надаас уучлал гуйх нь яах вэ. Гэрт байгаа тэр охиныг энд байгаа энэ жирэмсэн охиныг одоо яах билээ? Жаахан бодолтой байхад яана гээд дуу нь зөөлрөн хоолой нь зангирлаа. Энэ үед гаднаас Цацрал аавтайгаа орж ирж таараад Зоригоог хармагц зогтусав. Аав нь хажуугаар нь түрүүлэн орж ирээд Зоригоо руу нэг том харснаа үгийн зөрүүгүй ирээд шанаадаад авлаа. Дотор нь хуримталж байсан бүхнээ бага ч болов хомсолсон бололтой хүндээр амьсгаадан -Алив Цацрал наашаа суу. Та хоёр маргааш эмнэлэг яв. Хүүхдээ гаргахгүйгээ мэдэж байсан юм бол чи эртхэн энэ хар юмтайгаа уулзаад учраа олохгүй энэ болтол явах хэрэг байсан юм уу? Одоо хайран сайхан биеэрээ хохирч хүн болох гэж ядсан бяцхан амьтныг алнаа гээд жишим ч үгүй сууж байдаг. Мөнгө төгрөгийг нь бүгдийг чи гаргана шүү. Ичдэггүй хүү юм даа чи. Гайгүй хүү юм болов уу гэсэн чинь энэ нялх амьтныг чангаагаад явж байдаг даанч дээ гээд савтай усыг нэг амьсгаагаар залгиллаа.

-Хүүе охин минь, 3 сартай хүүхэд авахуулна гэдэг чинь их эрсдэлтэй. Тэр тусмаа анхны хүүхдээ бүр болохгүй гээд аав руу нь хартал -Зөндөө хэлсээн. Орхи цаашаа, өөрсдөө учраа олно биз гээд өрөө рүүгээ орчихов. Ууганаа хойноос нь ороод алга болсон нь Зоригоо Цацрал хоёрыг ярилц гэж буй бололтой. -Ишш, чи надад хэлчихгүй дээ. Би юу ч мэдсэнгүй гээд зэмлэх аястай эхэлсэн яриа нь Цацралын хялайсан харцанд номхорчихов. Охин хэсэг чимээгүй сууснаа -Маргааш ирж аваарай. Өглөө эмнэлэг явъя гэмэгцээ босоод явчихсанд самгардсан Зоригоо хэсэг толгой илж сууснаа хаалга чиглэн алхлаа. Гэртээ ортол хэн ч байсангүй. Оюунаагийн утас руу залгатал дуудаад байгаа атлаа авахгүй байлаа.

=============================

Оюунаа ийн нус нулимс болон байвч найзуудыхаа хэнд ч үүнийгээ харуулсангүй. Хийж өгсөнийг нь уун, түрэх ая гарвал түрээд дуу шуутай өмнөх шигээ л байлаа. Ажигч Уянгаагийн нүдэнд харин бүгд илхэн харагдана. Яасан ийснийг нь асуухыг хүсэвч ямар нэг юм болоход бүгдээ уудлан ярьдаг найз нь ийн тэвчээд байгаа нь нуух шалтгаан байгаа байлгүй гэсэн юм бодогдож ярихыг нь хүлээнэ. Гэвч гунигаа нуун инээхийг хичээж байгаа хүн хамгийн өрөвдөлтэй харагддаг гэдгийг мэдэхгүй найз нь зүрх шимшрэм харагдана.

Найзуудын уулзалт өндөрлөж бүгд гэр гэрийн зүг нэг нэгнээ дуу шуутай үдсээр хоёул үлдээд Оюунаа -Найз нь гэртээ харихгүй ээ. Танайд очоод хонож болох уу? гэхэд Уянга толгой тохилоо. Уянгааг усанд ороод гараад иртэл Оюунаа аль хэдийн унтчихсан байсанд гэрлээ унтраагаад чимээ гаргалгүй хажуугаар нь унтахаар хэвтэв. Оюунаа гэнэт нам гүмийг эвдэн Уянгааг цочтол Зоригоо Цацралыг жирэмсэн болгочижээ гэснээс өөр юм хэлсэнгүйд Уянга ч чимээгүй байх нь дээр гээд унтсан дүр үзүүлэв.

Өглөө Оюунааг унтаж байх хооронд хоол цай бэлдээд найзыгаа сэрээлээ. Уйлж дутуу нойртой хоносноос нүд нь цэлхийтэл хавдаад хоножээ. -Найз минь одоо яая гэж бодож байна? Цаадах чинь над руу залгаад байсан. Би утсаа аваагүй гэхэд Оюунаа утсаа унтраачихснаа гэнэт санан -Яах ийх тухай бодоод бодоод мэдэх юм алга даа. Гэхдээ би салж чадахгүй бололтой гээд санаа алдахад том том нулимс хацрыг даган урслаа. Уянгаа найзыхаа нулимсыг арчаад тэвэрч тайвшруулахаас өөр зүйл хийж чадахгүйдээ өөртөө, найзыг нь ингэтэл зовоосон Зоригоод дургүй нь хүрэхийн дээдээр хүрч байлаа. Оюунаа гэртээ харья даа гээд өндийхөд цаадах чинь ирж авах байлгүй дээ хүлээж байгаач гэвэл -Нэгэнт очих гэрт хүнээр тосуулсан ч яалаа өөрөө ч очсон ч яалаа. Ялгаа алга гээд гадуур хувцасаа өмсөв. -Муу найзыхаа санааг зовоочихлоо. Одоо өнгөрсөн зүйлийг бодоод яах билээ найз нь. Ирээдүй рүүгээ хараад л алхаад үзнэ дээ гэж нүдээ гялалзуулан хэлэхэд энэ удаа тэр огт өрөвдөлтэй харагдсангүй.

Эмнэлэгээс дөнгөж орж иртэл гэр дүүрэн хоолны үнэр гаран сав суулга дуугаран байсанд гайхан галын өрөө рүү харайн ортол Оюунаа юу ч болоогүй мэт хоолоо хийн дуу аялан зогсож байлаа. Зоригоо энэ бүхэнд баярласандаа нулимс нь цийлэгнэн Оюунаагийн араас тэврэн зогсоод дахиж хэзээ ч гомдоохгүй ээ хайраа намайг уучлаарай, үнэхээр уучлаарай гэхэд бүсгүй гэдсэн дээрээ гарыг нь аваачаад бид хүүхэдтэй болсон болохоор чи бүр их хичээх хэрэгтэй болох нь дээ гээд инээмсэглэлээ.

Цацралаас салсандаа өөрийгөө буруутган надаас өмнөх явдал шүү дээ гэж охиныг зөвтгөн бодох Баяраа архиар өөрийгөө тайвшруулах ч хонх адил цангинах цайлган инээд чихэнд нь сонсогдсоор тэвчихээ байгаад Цацрал руу залгалаа. Баярааг залгана гэж зүүдлээ ч үгүй суусан охин утсаа аваад юу ярихыг нь зүрх догдлон хүлээж амьсгаа даран чагнав. Түүнийг уучилж байгаагаа түүнгүйгээр амьдрал нь ямар утгагүй гэдгийг ойлгосон гэх Баяраагийн чин сэтгэлийн яриаг сонсоод охин тэнгэрт хөөрөх мэт баярлана.

Хэдэн сарын дараа Оюунаагийн гэдэс томорч улам хайр хүрмээр эгдүүтэй болсон харагдана. Баяраагийн төрсөн өдөр гэж хоол унд бэлдэн архи зууш засан гүйх дэрсхэн охин -Та сууж бай. Жирэмсэн байж ядарчих гэж байгаан. Би хийчихье гээд өмнүүр нь ороход Оюунаа инээмсэглээд сандал дээр налайв. Гаднаас дуу шуу болон орж ирсэн хоёр хархүү тансаг ширээг хараад дуу алдан ухасхийж өлссөнөө гайхан ам уралдууллаа. -Хайраа баярын мэнд хүргэе гэж хошуу тосон угтах Цацралыг тэврэн аваад үнсэлцэх хосыг харж суусан Зоригоо заваан юмнууд хүүхдийн хажууд битгий нялуураад бай гээд эхнэрийхээ гэдсэнд толгойгоо наалаа.




За надтай хамт байж Ээдрээг учигласан найзууддаа баярлалаа. Дараа улам сонирхолтой зүйл бичихийг хичээнээ. Сайхан баярлаарай. Шинэ оны мэнд хүмүүс минь

0 comments:

Post a Comment