Thursday, January 7, 2010

..::Шалгалт::..

Хүйтэнээс зугтан үглэсээр орж ирсэн охинд халуун ус цэсний хамт аваачиж өгөөд -Гадаа хүйтэн байна уу гэж яриа өдсөнд охин гайхасхийн харснаа нүүрэмгий нь аргагүй - Аймаар хүйтэн байна. Сайхан гурилтай шөл идэх гэсэн юм. Хэр удах бол гээд турьхан хүзүүгээ ороосон ноосон ороолтоо тайллаа. -Хийж өгдөг болохоор 20иод минут болно байхаа. Уух юм захиалах уу? гээд зөөгчийг инээмсэглэхэд охин -Сүүтэй цай л ууна шүү дээ гэлээ. Нуугдмал газар байрладаг болохоор хүн бага ордог кафе нь үйлчлүүлэгчтэй болсонд хань татан олзуурхсан Баагий хийх ажилгүйдээ үүрэглэн суусан тогооч авгайг цочтол -Гурилтай шөл нэг гэж хэлэв. Сайхан нойрыг нь үргээсэнд тогооч авгай түүн рүү янзгүйхэн ширвээд хөдөлж ядан цааш эргэлээ. Цайгаа ширээн дээр тавих зуур охиныг сонжин хартал өөрийг нь сонирхон харсан харцтай тулаад барьц алдсандаа аягаа хүчтэй газардуулчихав. -Уучлаарай, өөр юм бодож байгаад гэж булзааруулан хэлэхэд охин түүний өөдөөс доогтойхон жуумалзаад

- Намайг орж ирсэнд уурлаад байгаа юм уу даа

- Өө яалаа гэж дээ, хүнгүй шахам кафед маань ийм хөөрхөн охин саатаж байхад хэн дургүйцэх билээ

- Тийм бол яамай даа гээд халуун цайг барин гараа дулаацуулж суугаа охиныг хараад Баагийд эгдүүрхэн хайрлах сэтгэл төрлөө. Даарснаас болоод улайсан царай нь дулаацан цэвэрхэн бор царайд нь зохисон буржгар хар үсээ үл ялиг хойшлуулахад булцгар хацар нь ил гаран өтгөн хар хөмсгөн доороос давхраагүй жижиг нүд нь гялтганах нь охиныг улам үзэсгэлэнтэй харагдуулна. Тэйкнийхээ ард суухадаа охиныг хажуугаас нь бүр тодорхой харж болох байсанд алгаа үрчин олзуурхав. Буржгар үс нь мөрөн дээр нь сул унаж бариу улаан цамцны цаанаас товойх хөөрхөн хөх нь уйдаж суусан Баагийгийн нүдийг хужирлаж байлаа.

- Зөөгчөө, нэг тамхи өгөөч гэх цангинасан дуу мөрөөдлийн бодлыг нь тасалж охин дахиад л өнөө доогтой харцаараа харлаа. Юм юм үзсэн догь эр хэрнээ энэ жаахан охины өмнө барьц алдан байгаадаа өөрийгөө гайхан инээд алдан толгой сэгсэрнэ. Гал асаан барих зуураа

- Ийм жаахнаасаа тамхи татдаг хэрэг үү?

- Жаахан гэнээ гээд тас тас хөхрөн -Та намайг хэдтэй гэж бодоо вэ? Тавийн талыг насалсан хүн шүү би.

- Хөөх тийм үү? Яасан овор багатай юм бэ? Арван жилийн охин л гэж бодлоо

- Хүмүүс тэгээд байдаг юмаа. Харин та хэдтэй вэ? гээд яриа өдөхөд Баагий боломж олдсон дээр нь өмнөх сандалыг нь татан суугаад

- Би ч чамаас ах л даа. Танилцъя Баагий гээд гараа сунгалаа.

- Зулаа. Танилцахад таатай байна гээд өнөөх л хөгжүүн инээдээрээ инээлээ.

- Хоол болсоон гэх тогооч авгайн дуу гарахад Баагий өөрт нь хамгийн хэрэгтэй энэ авгай энэ удаад байхгүй байсан болоосой гэж бодон босч алхахдаа амандаа хэнд ч сонсогдомгүй сулхан хараал хэллээ.

- Сайхан хооллоорой Зулаа. Нэр шигээ сайхан бүсгүй юмаа.

- Та суу л даа. Би ганцаараа хоол идэх дургүй гэх нь түүнд талтай байгааг нь илтгэнэ. Үүнд урамшсан Баагий тухлан суугаад түүний тухай мэдэхийг хүссэн бүхнээ асууж эхэллээ. Магистрт сурдаг, гэр нь эндээс холгүйхэн байдаг, ганцаараа байдаг болохоор гадуур хооллож байгаа нь энэ гэнэ. Уйдсан хоёр хэн хэнээ сорьж сонжин хэн хэндээ таалагдаж байгаагаа нуулгүй шударга байгаа нь тэднийг хурдан дотносоход дөхөмтэй байлаа. Хаахад 2 цаг үлдсэн байсан ч тогооч авгайг садаа болно гээд өнөөдөр эртхэн харь даа гэхэд дахин нойрмоглож суусан авгай баярласандаа бөгсөө алгадах нь холгүй гарч одлоо. Санаа нь амарсан хархүү хаалгаа түгжээд бүсгүйн дуртай гэсэн улаан дарсыг хоёр хундаганы хамт дуу аялан авч ирэхэд цаана нь -Хайрын бурхан минь хаана байна Хариулж надад хэлээд өгөөч гэсэн хуучны дуу намуухан уянгалж эхэллээ. Задалсан дарс дуусч хоёрын яриа нарийссаар...

Ийм орой болсон хойно би чамайг яаж ганцааранг нь явуулахын. Ядаж гэрийн чинь үүд хүргэж өгнө хэмээн халамцсан аятай аяглах залууд бүсгүй үгүй гэсэнгүй. Холгүй гэсэн гэр хүртэл нь 20иод минут алхаж явахадаа чи ийм хол байсан юм хэлэхгүй машинаа асаадаг байж гэж даарсан залуу үглэнэ. Гэрийх нь үүдэнд ирчихээд орж дулаацаад гаръя л даа гэж царайчлангуй харах хархүүд Зулаа мөн л үгүй гэсэнгүй. Уриалгахан нь аргагүй оруулаад халуун цайгаар дайллаа.

- Чи ийм холоос яаж манайхыг олж очдог байнаа. Үнэхээр бид хоёрыг танилцаг гэж бурхан харжээ өнөөдөр

- За яршиг даа. Танайхыг гоё хоолтой гэж манай нэг найз хэлж байсан болохоор хэрэг болгож очсон юм. Далиманд нь харин нэг давруун залуутай болчихлоо гээд мушилзав.

Хэлэх үг хийх үйлдэл бүхэн нь бүсгүйг өөрт нь хандтай байгааг гэрчилээд байхад залуу яаж зүгээр суусаар байх билээ. Буйдан дээр налайн суугаад ширээ тулан цай оочлох залууг талимааран харж байсан бүсгүй рүү очоод өөр рүүгээ татан босгоод тэвэрлээ. Энэ үед гайтай хаалганы хонх жингэнэн дуугарч жаргалд умбахаар зэхэж байсан хосын уруулын учрааныг тасалдуулчихав.

- Чи сууж бай. Манай найз юм авчирч өгөх ёстой юм гээд тэврээс нь мултарч одсон сайхан бүсгүйн араас Баагий харц салгаж чадалгүй харна. Хүүхнүүдийн ямар нэг зүйл шивнэлдэх сонсдоход ингэс гээд явах биз. Энэ сайхан амьтаныг өнөөдөр өвөртөө оруулдаггүй юм бол хэний хүү болох бол доо гэсэн шүү юм бодон цай оочилж суусан хархүү хүн орж ирэх дуунаар толгой өргөн хартал сүйт бүсгүй Сараа нь зогсож тэр гэхийн тэмдэггүй харцаар цоо ширтэн зогсож байлаа. Угийн юманд уурлаж бухимдаад байдаггүй Сараа түүн рүү тайван хараад

- Сайн уу Баагий. Өнөөдөр би чамтай нэг бол кафед үгүй бол энд уулзана гэж бодож байсан юм. Кафед уулзсан бол би чамд гэрлэх саналыг чинь зөвшөөрч байгаагаа харин энд уулзах юм бол зээллүүлсэн бөгжийг чинь эргүүлж өгнөө гэж бодож байлаа. Энэ чиний 3 жилийн өмнө зээллүүлсэн бөгж. Харин надад миний машины түлхүүр, кафены түлхүүр хоёрыг өг дөө гээд хувиралгүй зогсох бүсгүй түүний хайрлаж дурлаж түүнд эрхэлж туньж явсан Сараа биш мэт санагдана. Хөндий хүйтэн харц захирангуй үгс түүнийг өөрийн зөнгөөр хөдөлгөж түлхүүрүүдийг авсан хойноо одоо чи явж болно. Энэ миний гэр байгаа юм гэхэд шалдаа буусан Баагий сөхрөн унаад Сараагийн хөлийг тэвэрлээ.

- Сараа, хайраа бид яагаачгүй ээ. Чи ийм амархан шийдэж болохгүй ш дээ.

- Би чамд хэлж байсан. Надаас нэг л удаа урвабал хэзээ ч уучлахгүй ээ гэж. Одоо надад чамтай яриад байх юм алга. Гар даа.

Баагийд сонголт байсангүй. Огт танихгүй бүсгүйн хөлд сөхөрөөд сууж байгаа мэт санагдан хэзээ нэг өдөр түүнийг хайраа гээд дуудаж байсан зөөлхөн уруул түүнийг Гар гээд хөөж байна гэдэгт итгэж чадахгүй байсан ч арга буюу хөлөө чирсээр дөнгөж гартал ард нь төмөр хаалганы түгжээ хэд хэд эргэх сонсогдлоо.

0 comments:

Post a Comment