Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 10

Оргилын олж ирсэн үнэмлэхний хуулбарын хаягтай утасны эзний хаягийг тулгаж үзтэл таарсангүй. Ямар ч байсан утасны эзэнтэй уулзах хэрэгтэй гэж бодоод мөнөөх дугаар руу залгатал Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин залгана уу гэсэн оператор хүүхний танил дуу гараад тасарлаа. Юу гэж эхлэхээ мэдэхгүй байсан Баяраа ийм хариу сонсоод дотроо хальт баярлах шиг. Оргил руу утасдаж иргэний үнэмлэхэн дээрх хаягийг шалгуулахаар болоод өөрөө утасны эзнийх рүү хөдөллөө. Хороон дээрээс нь очоод лавлатал тодорхой оршин суугаа хаяггүй хүмүүсийг дэнжийн задгай гэж явдаг байсан. Одоо тийм хаяг тийм газар ч байхгүй гээд эрлийг нь мухардуулчихав. Оргил руу залган юу болсныг нь асуутал
-Хаягаар нь очсон. Хашаанд нь байдаг өвгөн эзэн нь гэж нэг бүсгүй байдаг. Саяхан хүүхдээ аваад гадагшаа явсан. Хүү нь их бие муутай болохоор эмчилгээнд явсан гэнэ гэхэд Баяраад холбогдох боломжгүй байсан үл таних утасны дугаар санаанд нь орж дотор нь зарсхийлээ.
-Наад бүсгүйхээ талаар мэдээллийг цуглуулаад ажил дээр хүрээд ир.
-Ойлголоо гээд утас тасарлаа. Баяраа бодол болон хэсэг сууснаа яаравчлан хөдөллөө. Шууд задлангийн эмчтэй уулзан хохирогчдын дотор эрхтэн бүтэн байгаа эсэх, ямар бүлгийн цустай хүмүүс болохыг нь лавлав. Эмч нүдний шилэн дээгүүрээ Баярааг сүрхий харснаа
-Мөрөөр нь орчихоо юу. Гурвуулаа 1р бүлгийн цустай хүмүүс байсан. Би өөрөө задлан хийгээгүй шинээр ирсэн нэг эмч залуу хийсэн. Эрхтэн дутуу энэ тэр гэж юм хэлээгүй дээ. Гэхдээ би лавлаж асуугаад өөрөө нягталж үзье.
-За эмч минь тэгвэл их сайн байна. Маш чухал юм шүү гээд нэг амьсгаагаар хэлчихээд ажил руугаа яарлаа. Хэргийн явц тайлагдах замдаа орсон мэт түүнд санагдана. Оргил ч удсангүй ирж түүнд хэрэгтэй бүх материалыг өглөө.
Урнаа
Урнаа айлын ганц охин. Эцэг, эх нь өөд болоод удаж байгаа. МУИС-ын ЭЗДС-ийг дүүргэсэн боловсролтой бүсгүй. 5 жилийн өмнө гэрлэсэн ч нөхөр болох хүн нь зодож жанчин байнга айлгаж ичээдэг байсан учраас аргагүй салжээ. Одоо бяцхан хүүгийхээ хамт амьдардаг. Хүү нь цусны хавдартай гэсэн онош гарснаас хойш ажлаасаа гаран зөвхөн хүүгээ асрах болжээ. Түүнд найз нөхөд гээд байх хүн бараг байхгүй бөгөөд харин сайхан царай, аятайхан биенд болсон харчуул их эргүүлдэнэ. Орой үдэш харчуул ирээд байхаар нь хань татаж хашаандаа нэг өвгөнийг буулгасан нь эх хүү хоёрт их хань болдог байжээ. Хүүг нь Монголд эмчлэх боломжгүй. Гадагшаа явж эмчлүүлэх хэрэгтэй гэсэн ч ээж хүү хоёрт тэгж явах их мөнгө нь хаанаас байх билээ. Урнаа мэргэн түргэн гэж сонссон бүх хүнээр явж мэдлэгтэй чадалтай гэсэн бүх эмч дээр очжээ.  Лам нарын хэлснээр бол хүү нь аль хэдийн эдгэрчих ёстой. Гэвч харах тусах хүүгийх нь бие улам бүр дордоод байлаа. Аргаа барсан хөөрхий бүсгүйд гуйлга гуйгаад очьё гэсэн ч хүн байсангүй. Харин тусалж магадгүй гээд танилынх нь уулзуулж өгсөн хятад эмч түүнд онцгой санал тавьжээ. Хэрвээ тэр хүсэлтийг нь биелүүлж чадвал түүнд хэрэгтэй байгаа мөнгө төгрөг бүгдийг нь өгч бүр хэрэг болох эмнэлэгт нь хүртэл зуучилж өгөхөө амлан шар шүдээ гарган арсайтал инээж байсан нь Урнаагийн эгдүүцлийг хичнээн төрүүлсэн ч тэр хүүгээ аврахын тулд амиа өгөхөд ч бэлэн байлаа. Хэд хоног бодож үзье гээд эмчийхээс гарч явахадаа энэ хорвоо түүнд ганцхан жаргал амьдралыг өөрөөр харах нар илгээчихээд эргүүлж авах гээд байгаад нь гомдон цурхиртал уйлж явсан юм. Хичнээн бодож үзсэн ч түүнд өөр сонголт байсангүй.

0 comments:

Post a Comment