Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 8

Ажил
Дотор нь бэлбэлзаж ам нь татсан Баяраа нүдээ нээлээ. Цагаа харвал өглөөний 8 цаг болж байх юм. Орон дээрээ өндийж суугаад хувцсаа хайтал огт танихгүй айлд байгаагаа анзаарлаа. Өчигдөрийн болсон явдлыг эргэж санах гэж оролдсон ч толгойд нь орж ирэх тоймтой юм үнэндээ байсангүй. Хоолны сайхан үнэр хамар цоргиж хэн нэгэн тогоо шанага хангинуулж байхыг бодоход тэр ганцаараа байгаа биш бололтой. Таавар тааж ядан сайхан хүйтэн ус уухын мөрөөдөл болон толгойгоо базлан сууж байтал хөгжилтэй дуу исгэрсээр Оргил орж ирлээ.
-Өө дарга сэрчихсэн үү? Дотор гайгүй юу? Таныг гэртээ харихгүй гээд байсан болохоор надад гэртээ авчрахаас өөр сонголт байсангүй.
-За зүгээр дээ. Тэр яахуу Оргилоо хоёулаа ажлаас хоцрох нь. Шалавхан хөдлөе.
-Та эхлээд нэг хоол идчих. Тэгээд хөдөлцгөөе.
Ажил руугаа явах замдаа Баяраа Оргилоос өчигдөр би янз бүрийн юм яриагүй биз гэж асуумаар байсан ч цаадах нь ямар ч сэжиг ажиг байсангүйд тэгсхийгээд орхижээ.
Оргил Баярааг ажлын үүдэнд нь буулгаад хохирогч Доржсүрэнгийн рүү яаравчилж харин Баяраа өрөөндөө ороод тэдний дундаас холбоотой байж болох сэжиг таамаг хайн бичиг цаас ухаж эхэллээ.
Оргилыг Доржсүрэнгийн гэрт ирэхэд нүд улайж хавдсан нэгэн бүсгүй үүд тайлж өгсөн нь гэрийн үйлчлэгч ажээ. Үүднээсээ авахуулаад ганц бие залуугийн гэр гэхээргүй гял цал нэлээн хээнцэр тохижуулсан байр байлаа. Оргил гайхан исгэрэх зуураа гэрийн үйлчлэгчтэй байхаас ч аргагүй юм байна даа гэж бодож амжлаа. Хохирогчийн юмыг шалгаж хэрэгтэй юм хайж байх зуур гэрийн үйлчлэгч түүнээс алхам ч холдсонгүй хийж буй үйлдэл бүрийг нь анхааралтай харах нь Оргилд тун тээртэй байв. Хохирогчийн юман дунд сэжигтэй гэх нэг ч юм байсангүй. Хамгийн сүүлд орсон урлан гэх өрөөгөөр нь дүүрэн элдэв янзын зураг, бийр бэх хөглөрнө. Зургийн тавиур дээр зурж байгаад орхисон бололтой нэгэн бүсгүйн зураг Оргилын анхаарлын татлаа. Хохирогч бүсгүйг сэтгэлдээ хүртэл зурж чадаагүй бололтой хаа сайгүй базсан, будаг цацсан зурагнууд харагдана. Тавиур дээр үлдээсэн сүүлийн зургийг гүйцээж амжилгүй орхижээ. Оргилын зөн совин энэ чиний хайж байгаа хүн мөн гэж шивнэнэ. Зургийг эвтэйхэн хуйлж аваад нэг ч гэсэн нотолгоо олсондоо хөл нь газар хүрэхгүй шахам Баяраагийн өрөөнд бараг нисээд орлоо. Царай нь байдгаараа хүрлийчихсэн Баяраа өмнөөс нь муухай харахад Оргил сэхээ орж ёслоод
-Ахмадаа, алуурчин мөн эсэхийг мэдэхгүй ч сүүлийн хохирогчийн зурсан зурган дээрх энэ бүсгүйг хэрэгтэн мөн гэдэгт би 99 % итгэлтэй байна гэж амьсгаа авалгүй дуржиганууллаа.
Баяраагийн царай зөөлрөн шартаж сууснаа ч мартан босон харайлаа.
-За Оргил минь. Даргаар бангадуулж бангадуулж бангадуулаад сууж байлаа. Алив харъя.
Зурмал зураг хэдий ч Баяраад нүд нь нэг л танил. Хаана булснаа мэдээд байгаа хэрнээ олж чадахгүй эрдэнэсээ хайж байгаа эрэлчин шиг бачимдан өрөөн дотуур зургийг барин алхлана. Амандаа
-Хаана хаана хаана хаана гэж үглэнэ. Харин Оргил бөөн горьдлого дүүрэн нүдээр Баярааг харан хүлээсээр...

0 comments:

Post a Comment