Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 7

Баярааг цагаа нэг харахад оройн 7 цаг дөхөж байлаа. Эхнэрээ үглэнэ гэж яаран хувцаслаж боссоноо ажилд дарагдан мартагдсан өглөөний балиар зураг нүдэнд нь дахин үзэгдэхэд утсаа шүүрч аваад Оргил руу залгалаа.
-Байна уу ахлагчаа
-За Оргил хүү хаагуур байна?
-Гадуур л явж байна. Даалгах хэрэг гараа юу?
-За үгүй дээ. Өнөө орой ах нь жаахан ууж суумаар байна. Хань болно биз дээ?
-Тэгэлгүй яахав би таныг очоод авъя гэх дэндүү уриалгахан дуу гараад тасарлаа. Баяраад өөр залгах гээд ч хүн байсангүй. Ажил гэр гэж явсаар оюутан цагийн хэдэн нөхдөөсөө холбоо тасран хөндийрч одоо бүр үгүйлэхээ ч байж. Ийм л үед хүнд найзын нөмөр ямар их үгүйлэгддэгийг Баяраа яс махандаа шингэтэл ухаарч суулаа. Тамхи асаан утааг нь адар руу үлээн суугаа Баяраад Ууганааг гэрийхэнтэйгээ танилцуулахаар аваачсан орой ээжийх нь үглэж байсан өчигдөр юм шиг тодхон.
-Миний хүү, залуу хүмүүс аль үерхэж найзлахыг тэр гэх вэ. Гэхдээ хүнээ таних нь чухал юм шүү дээ. Чи ямар өнөө маргаашийн жаргалын тухай ярьж байгаа биш энэ насаараа хамт амьдрах хүнээ сонгох гэж байж ингэж яарч адгах хэрэг байна уу? Хүн жаргаах хүүхэд биш шиг л байна даа. Нүдний харц нь тогтворгүй. Хүний өөдөөс эгцэлж харахгүй дальдчаад сайн хүний шинж биш дээ. Сайн л бодож байж шийдээрэй. Миний хүү ухаантайсан. Ээж нь өөр юу хэлэх вэ гээд чихгүй толгой царайлан буруу харж хэвтээ Баяраагийн үсийг нь илж сууснаа гүнзгий санаа алдаад гутлаа чимээтэй чирэн гарсан ээжийх нь үг юутай үнэн байгаа вэ. Тэр үед Баяраа хэний ч үгийг сонсоогүй. Хайр сэтгэл байхад амьдралын саад бэрхшээл юу ч биш би бүгдийг чадна гэсэн гал халуун насаар жигүүрлэсэн. Ээж нь хичнээн хориод үгийг нь сонсохгүй хүүгээ мөрөөр нь орхиж хурим найрыг нь гэр бүлийн хүрээнд даруухан хийж өгөөд өөрийн байраа суллан гэр хороололд гарчээ. Баяраа ээжийгээ хамт амьдаръя гэж хичнээн ятгасан ч
-Залуу хүмүүсийн амьдралд ээж аавын хошуу дэмий. Та нартай би үүрд хамт байх биш өөрсдөө шийдсэн улс. Өөрсдөө амьдралаа чиглүүлцгээ гээд ээж нь огт халгаагаагүй. Ээж нь бэрээ үнэлээгүйн адилаар Ууганаа ч хадамдаа ээлтэй байсангүй. Тусдаа амьдрах болсонд нь бараг гуяа алгадах нь холгүй баяртай байжээ. Хааяахан нэг ээжийгээ эргэж очъё гэж гуйхаар элдэв найз нөхдийн уулзалтаар далимдуулан аль болох хойш сууж үлдээд Баяраа ганцаараа л очно. Тэгэх бүрд ээж нь бэрийхээ тухай яасан ийсэн яагаад ирээгүйг нэг ч асууж байсангүй. Одоо Баяраа ээждээ Ууганаагаас салах тухай дуулгавал толгой түрийгүй загнуулна гэдгээ л сайтар ухаарч суулаа. Ээж нь тийм л зантай хүн.
Оргил Баяраагийн өрөөнд сүр сархийн орж ирснээ даргыхаа сэтгэл тавгүй байгааг хараад ойлгосон болохоор элдэв юм шалгааж асуусангүй. Хаашаа явах уу яах уу ч гэж гэсэнгүй. Болзоотой улс шиг л машинд дуу шуугүй суугаад нэг тийшээ давхичихлаа. Очсон газар нь нэлээн чимээтэй хүн ихтэй газар байв. Бүгд Оргилыг таньж байхыг бодоход анх удаа ирж байгаа хэрэг биш бололтой. Чимээ ихтэй газар, өөрийхөө дүү шиг хүнтэй юу ярьж суух билээ. Баяраа бүгдийг мартагдтал уухыг л хүсч байлаа. Тэр зөөгчийг дуудан захиалга өгч байснаа бас хэтэрхий шунан ууж байснаа санана. Нэлээн согтсон хойноо хальт ухаан ороход нь нэг бүсгүй наалинхайтан өвөр түрийгээр нь гараа явуулж хэзээ язааны юм шиг эрхэлж нялуурч байсан нь бүүр түүрхэн санагдана.
                                                                                     Үргэлжлэл удна нтр хэхэ                                       

0 comments:

Post a Comment