Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 9


Хэсэг бодлогоширон зогссноо гараа савчин
-За за би андуурсан бололтой. Бүр нүдэнд тодроод ирэх шиг л болсон чинь ёстой санаанд орж ирдэггүй ээ. Ямар ч байсан хоёулаа нэг барьцтай болсон гэдэг чинь амжилт шүү. Наад зургаа төрөл төрөгсөд найз нөхөд ордог гардаг бүх газраар нь харуулж таних мэдэх хүн байгаа эсэхийг нь асуу. Би бас наадхыг чинь хувилсан зургийг авч яваад нөгөө хохирогчдын ар гэрийхнээс асууя гээд Оргилыг гарч амжихаас өмнө хажуугаар нь шүрхийн гарч одлоо.
Урамтай нь аргагүй гарсан хоёр баатар орой ямар ч амжилтгүй орж ирлээ. Хэн нь огт хараагүй танихгүй хүн байна гээд бүгд ам нийлүүлсэн мэт ижилхэн хариу өгсөн гэж хоёрт биендээ хэлээд хэсэг лаглайн сууснаа Баяраа түрүүлэн
-За дотор аятайхан болох янз огт алга. Хоёулаа гарч нэг солонгос хоол идэх үү? Халуун ногоотой юм идчихвэл гайгүй болоод байх шиг санагддаг юм гэхэд
Оргил дуртай нь аргагүй толгой дохилоо.
Оргил нэг юм ярих гээд байгаа бололтой халгаж ядан байн байн Баяраагийн царай руу харна.
-За яасан Оргил. Гэм хийчихсэн хүүхэд шиг яагаад байна?
-Үгүй дээ. Зүгээр тантай өчигдөрийх шиг чөлөөтэй ярьж чаддаггүй ээ гэхэд Баяраагийн хувьд баахан ичмээр байсан ч
-За ярь л даа. Хоёулаа өнөөдөр анх уулзаж байгаа биш
-Таньд өчигдөр их хэцүү байх шиг байсан. Та болсон явдлыг бүгдийг нь ярьсан л даа. Одоо тэгээд та яая гэж бодож байна? Эхнэрээ уучлахгүй юу? Хэмээн хулмалзан асуулаа.
-Чи бол уучлах уу? гэж хүндээр амьсгаадан асууснаа Оргилд уураа гаргах гээд байгаага анзааран
-Ах нь одоо энэ тухай юу ярих билээ дээ. Бүгд ард өнгөрсөн. Арагшаа харж л амьдармааргүй байна гээд шөлөө ууж эхэлсэн нь энэ яриаг ингээд дуусгая гэсэн үг байлаа.
Баяраа гэр рүүгээ орохдоо эхнэр нь байж байвал яах вэ? Яаж харьцвал дээр вэ гээд наян бодолд дарагдан явсаар нэг мэдэхнээ гэрийхээ үүдэнд хүрээд иржээ. Зориг муутайхан хаалгаа тайлан ороход бүх гэрэл нь унтраастай байлаа. Хувцсаа өлгүүрт өлгөөд тавчикаа чирсээр бүх өрөөнүүдээр шагайн гэрлийг нь асаалаа. Хэн ч байсангүй. Яагаад ч юм дотор нь эзгүйрээд цээжин дээр нь бөөн хар юм даран цурхиртал уйлмаар санагдана. Эхнэр нь хуурч байхыг харсан нь хамгийн аймшигтай хэрэг гэж бодож байсан ч хэдэн жил хамт амьдарсан хань нь ингээд яваад өгчээ гэж бодохоор түүнд тэсвэрлэж болшгүй мэт. Гэхдээ тэр өөрөө буруутай. Тэгээд ч би түүнийг өөрөө хөөсөн. Ингэж бодох бүрдээ бодлоо үргээх гэж шилэн хүзүүтээс хундага хундагаар татсаар...
Шал согтуу тэр хэн нэгэн рүү залгалаа. Түүнтэй их дотно хүн бололтой. Нэлээн хугацааны дараа тэр нэгэн бүсгүйтэй учиргүй янаглан түүний нүдний хөөрхнийг гайхна. Харин өглөө сэрэхэд нь хажууд нь хэн ч байсангүй. Утсаа шалгаад үзтэл ямар ч дуудлага хийгээгүй байлаа. Согтуугийн солиорол их үнэмшилтэй байх юм гэж бодсоор гуйвлан хувцсаа өмсөж байхдаа ажилдаа санаа зовно.
Ажил дээрээ иртэл Оргил бөөн инээмсэглэл цацруулчихсан амьтан тэврэх нь холгүй угтлаа.
-Даргаа. Би иргэний бүртгэл орсон. Бүх иргэний үнэмлэх цахим хуудсанд орчихсон чинь ямар сайхан юм бэ. Нөгөө зургийг чинь бариад Урнаа нэртэй бүх хүүхнүүдийг шөнөжин хайж суулаа. Ашгүй тэнд танил байсан болохоор хэрэг боллоо шүү. Хэд хэдэн хүнийг сэжиглээд аваад ирлээ. Та нэг хар даа.
-За сайн байна. Одоохон хараадахъя гээд цааснуудыг авч ээлж дараалан харснаа нэгэн дээр нь тогтоод таг болчихов.
-Чиний үдэшлэг дээр надтай үнсэлцээд байсан бүсгүйг санаж байна уу?
-Үгүй ээ. Та хүнтэй үнсэлцсэн гэж үү?
-Би мобиком орох хэрэгтэй байна гээд Оргилыг оньсогон дунд үлдээчихээд гараад явчихав.
Сүүлд залгасан бүх дугааруудаа шүүлгэж аваад танихгүй дугаар хэд байгааг бас өчигдөр хэн рүү залгасан байгаагаа нягтлан харвал яах аргагүй шөнө дунд огт танихгүй нэг дугаар руу дуудлага хийн бас түүн рүү ч дуудлага орж ирсэн байлаа.   

0 comments:

Post a Comment