Tuesday, May 13, 2014

"Түлхүүр" өгүүллэг 6

Доржсүрэн
Доржсүрэн бол айлын ганц хүү. Саяхан 27 насны төрсөн өдрөө сүр дуулиантай хийсэн. Түүнд чаддаггүй юм ховор. Сэргэлэн нь дэндсэн болохоор хар багаасаа л өөрийн сонирхсон болгоныг судалж туршиж үздэг байсан боловч учрыг нь олмогцоо дэндүү амархан уйдчихдаг байлаа. Охидод ч яг тэгж хандана. Гэтэл түүнийг тоогоогүй ганц охин болох Уянгаагаас болж хожмоо тэдний гэр бүлийн хооронд гүн ан цав гарна гэж жаалхүү Доржсүрэн хэрхэн таамаглах билээ. Амралтын өдөр бүр хаа нэг тийшээ үзвэр үзэхээр явж зун бүр очоогүй аймаг руугаа явдаг байсан аз жаргалтай гэр бүлд Доржсүрэн өсч торнисон. Сайхан ааштай ээжийх нь хийсэн гарын хоолыг идэх гэж олон ч найзууд нь ирж байсан даа. Доржсүрэн тийм томоотой жаал биш ч хэнд ч төвөг удаад байдаггүй байлаа. Өөрийн үеийнхнээсээ огт өөр нэг зүйл сонирхдог байсан нь уран зурагт ухаангүй дуртай. Энд тэнд үзэсгэлэн болно гэхэд ганцаараа ч хамаагүй очоод үзчихнэ. Магадгүй тэр зурахдаа тийм сүрхий биш байсан болохоор оргилд нь гарахыг хүссэн байх. 8р анги төгсдөг жил нь тэдний ангид нэг хөөрхөн охин ирсэн нь Уянга. Хамгийн арын ширээнд суудаг Доржсүрэн өндийж ирж хараад “Урлагийн бүтээл” гэж дуу алдаж тэр үедээ онигоонд орж байжээ. Бусад охидын аргыг олоод үерхээд байдаг байсан Доржсүрэнг Уянга нэг нүдээрээ ч харсангүй. Хичээл тараад хүргээд өгье гээд шалаад байдаг Доржсүрэнгээс зугтаж Уянга бүр цонхоор гарч харина. Уянгыг харамласандаа нөгөө ангийн хөвгүүдтэй нударга зөрүүлж, хичээлдээ муудах болсонд эцэг эх нь үглэх болж сургуульд нь хүргэж өгөөд тосч авдаг болжээ. Хүүгийхээ өрөөг цэвэрлэж байгаад нэг охиныг их олон янзаар зурсан зургийг олсон ээж нь учрыг даруй ойлгож, удахгүй төгсөх хүүдээ энэ сайн нөлөө үзүүлэхгүй гэж үзээд аавтай нь зөвлөлдөн өөр сургууль руу шилжүүлснээр зөрчилдөөн эхэлжээ. Хүү Уянгыг нэг ч хором мартсангүй. Түүнд хичээл хийх ер нь юу ч хийх сонирхол байсангүй. Өдөр бүр ял юм шиг сургууль орж ирцээ бүртгүүлж ирмэгц өрөөндөө ороод хаалгаа түгжчихнэ. Хийдэг зүйл нь Уянгыг санасан сэтгэлээ тайвшруулж зургийг нь хэдэн мянган янзаар зурах байлаа. Арван жилээ чүү ай төгссөн Доржсүрэн ээж аавдаа конкурсанд орж чадахгүй гэдгээ шалгалтын өмнөх орой хэлсэнд эцэг эх нь бие биенээ буруутган чи л хүүгээ буруу хүмүүжүүлж хэтэрхий эрхлүүлснээс энэ бүхэн боллоо хэмээн хэрэлдэж эхэлсэн нь Доржсүрэнд завшаан болж тэднээс чимээгүйхэн холджээ. Гадаадад сур гээд явуулсан хүү нь тойрон аялал хийж хамаг мөнгөө үрээд байсан болохоор хүчээр шахуу Монголд авчирсан ч наргиж цэнгэхийг дэндүү сайн сурсан Доржсүрэн тэр даруйдаа ганзага нийлэх найзуудаа олжээ. Үүний хажуугаар битүүхэндээ анхны хайраа олоод уулзчих санаатай хайж байлаа. Ээлжит шоуны төсвөө авах санаатай банк ороходоо огт санамсаргүйгээр Уянгааг олж харжээ. Гэдэс нь тэрүүхэндээ хөөрхөн бондойгоод улам ч үзэсгэлэнтэй болчихсон мэт. Ярилцахыг хүссэн ч зугтчихдаг байсныг нь санаад очиж зүрхэлсэнгүй. Орой нь Уянгын зургуудыг бүгдийг нь шатааж бүрмөсөн мартана гэж өөртөө амлав. Гэвч тэр тийм ч шийдэмгий нэгэн байсангүй. Байнга бүсгүйн ажлын гадаа очоод түүнийг орж гарахыг нь хүлээн харуулдах зуур хааяахан ирж авдаг нөхрийх нь халамжгүйд дургүйлхэн хараана. Гэвч юу ч хийж чадахгүйдээ дэмий л бухимдан энд тэндэхийн шоу цэнгээнд алгасахгүй очиж элдэв зодоон үүсгэж тайвширнэ. Уулзаж учирсан охид хүүхнүүд нь ч тоогоо алджээ. Гэвч Уянгын хаана нь ч хүрэхгүй. Шоуны төлөвлөгөө гаргахаар ресторанд найзыгаа хүлээж суугаад өөрийг нь анхааралтай ажиглаж байгаа нэгэн бүсгүйг олж харжээ. Бүсгүй хүн сонирхоод байхад яаж зүгээр суугаад байх билээ. Ширээнд нь очиж суугаад яриа өдөн танилцахыг оролдлоо. Харин бүсгүй огт тоосон шинжгүй хүнтэй андуурчихаж гэж хэлээд босоод явчихсан нь Доржсүрэнгийн анхаарлыг татжээ.
-Сайхан л оролдлого байна гэхдээ хэн нь мэргэжилтэн болохоо үзье л дээ гэж дотроо хэлээд такси хүлээн зогсоо бүсгүй рүү очлоо.
-Хонгор минь, өдийд такси олдохгүй дээ. Харин би жолооч чинь болвол яасан юм бэ?
-Та такси барихад хэтэрхий дэгжин юм. Тэгээд ч би таны хонгор биш.
-Уучилж үзээч дээ. Миний өчүүхэн бие хатагтай таны мэдэлд.
-Сүртэй ч яриатай юм билээ дээ. За яахав.
-Ийшээ явна уу.
-За хатагтай хаашаа явах уу? Ууртай бүсгүй юу үгүй юу?
-Хайлааст. Тэгж санагдуулсан бол уучлаарай. Элдэв хүнтэй танилцаад байх дургүй л дээ.
-Таны зугтаж байгаа чинь нэг хүнийг санагдуулчихлаа
-Танд таалагддаг хүн байх нь ээ?
-Яг таачихлаа. Та ч гэсэн надад таалагдаж байна. Жаахан хүүхдүүд биш танилцацгаая л даа.
-Онцгой тохиолдол гээд болох л юм. Тэгээд ч дахиж уулзах биш.
-Яагаад уулзахгүй гэж? Намайг Доржсүрэн гэдэг.
-Урнаа.
-Бүтэн нэрээ хэлэх нь бас нэг соёл шүү бүсгүй минь хэхэ
-Уранцэцэг. Чи их хөгжилтэй юмаа.
-Дөнгөж эхлэл. Хэдтэй билээ манай Урнаа?
-Эмэгтэй хүний насыг асуух чинь бүдүүлэг хэрэг залуу минь.
-Хаха нээрээ тийм л дээ. Өршөөж үз хатагтай минь.
-Бодолцож үзье.16р хаалган дээр зогсчихоорой.
-Тэгэлгүй яахав. Би өөртэй чинь дахиж уулзмаар байна. Утсаа өгөөч болно биз дээ?
-Утас өгч болноо. Харин уулзах тухай бодож үзье.
-Харж үзээрэй дээ. Баяртай Урнаа.
Тэр орой гэртээ ирсэн хойноо яагаад ч юм тэр бүсгүйг зурмаар санагдан удаан хугацаанд бариагүй бийр цаасаа бэлдлээ. Түүний сээтгэнүүр ч юм шиг даруухан ч юм шиг бор нүдийг яг тэр хэвээр нь цаасан дээр буулгаад харж суумаар санагдана. Дахиад нэг харчихвал бүр сайн зурмаар санагдах ч санаан зоргоор болохгүй. Урнаа түүнтэй уулзахаас цааргалсаар байлаа. Бүсгүйг аргандаа оруулж чадахгүй байгаагаа Сугар найздаа хэлтэл
-Мэргэжилтэнд хүртэл асуудал байдаг л юм байна. Хэзээ ч бүдрэхгүй нь л гэж бодож байлаа шүү гэжээ.
Урнаа бүсгүйг өөрийн болгохгүй бол шоу цэнгээн ч хөгжилтэй санагдахаа больж уух ундаа ч амтгүй санагдах болсонд Доржсүрэн Сугарт
-Найз нь хэсэг чөлөө авлаа. Удахгүй уулзъя гэж хэлээд Урнааг найрах төлөвлөгөөндөө эрс буцалтгүй оржээ.
Өдөр шөнөгүй хайрын мессеж явуулж өглөө үдэшгүй залган жинхэнэ дурласан залуу шиг байв. Сүүлдээ өөрөө толгой нь эргэн жинхэнээсээ дурласан билүү өөрийг нь тоохгүй байгаа болохоор эргүүлээд байгаа билүү гэдгээ ялгахаа байжээ. Бүсгүй түүнтэй уулзах нь битгий хэл сүүлдээ бүр дуудлаганд нь хариулахаа ч больжээ. Доржсүрэн бүр аргаа араад байлаа. Түүний хамгийн сүүлийн арга бол гэрт нь очиж түүнтэй уулзах байв. Очоод залгатал
-Гадуур явж байна. Удахгүй очно гээд утсаа салгачихлаа. Ирэхийг нь хүлээх зуур ФМ-ийн суваг солин анхааралгүй байтал цонх тогших чимээнээр давхийн цочив. Урнаагбайсанд баахан эв хавгүй цочсондоо эвгүйрхэн дэмий мушийсан болоод машинаасаа буулаа.
-Ингэж ирээд байхгүй бол сайн байна. Би найз залуутай.
-Чи худлаа хэлж чаддаггүй юм байна
-Үнээн. Итгэх эсэх чинь чиний хэрэг.
-Би бууж өгөхгүй ээ. Чи надад үнэхээр таалагдаад байна шүү дээ.
-Уучлаарай, би ингээд орлоо. Хийх ажил их болохоор дараа намайг залгах хүртэл түр хүлээж болох уу?
-Нээрээ залгана биз?
-Тэгнээ. Баяртай.
Доржсүрэнгийн хувьд тийм амжилттай уулзалт болоогүй ч залгана гэсэн үг үнэн болох нь нүдний харцнаас нь илт байсан. Хүлээх л хэрэгтэй.
Үнэхээр тэр уулзалтаас 5 хоногийн дараа Урнаа залгаад
-Би чамтай уулзмаар байна гэж төсөөлж байгаагүй янаг хоолойгоор дуугарчээ. Энэ хоолой юу гэсэн үг болохыг Доржсүрэн мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ хамгийн хэцүү гэж бодсон даваан дээр гарахад ийм амархан байсан гэж үү?

0 comments:

Post a Comment