Thursday, October 29, 2009

БЭХЭРЭ "Эжийдээ"

Ижий, би яг одоо танийгаа дэндүү их санаж байна


Ирээч миний хүү гэхэд тань ажилтай гэж шалтаглаад

Ижий таныхаа өтөлснийг сануулах гэсэн шиг төрсөн өдрөөр нь яриад


Инээлгэж баярлуулсан нь эргээд бодохнээ цөөхөн юм даа би муу хүн юм өршөө үрээ

Цалин буулаа гээд таньдаа алчуур бэлэглэсэн билүү

Цаг алга зав алга дараа ярья гэж гомдоогоод

Цалгисан халгисан залуу насыг нь тамгалж мэндэлчихээд

Цайгий нь чанаад өгсөн нь хичнээн юм бол доо тэнэг үрээ уучил

Хаяахан нэг баяраар ял юм шиг очиход

Хөл алдан угтаад явуулах дургүй урванагахад тань

Хариуцсан ажлаар далимдуулж буцахыг урьтал болгохдоо

Хөөрхий танийгаа бодоод хэд хонох ухаангүй хонгор үрээ уучил

Алсын алс хүний нутагт ирчихээд

Аятайхан загнасан нэгнээс танийгаа олж харахдаа

Айлгаж туньж дандаа гоморхдог байснаа бодохоор

Айдаа ижий минь танийхаа өмнө сөгдөн суугаад өршөөл эрье

Үйлэнд урнаа өвлүүлэх гэж аргадан хажуудаа суулгахад тань

Үүрэглэж өвдгийг нь дэрлээд сурсан юмгүй тэнэг

Үрийн минь нойр нь хүрж явж унт даа гэхийн оронд ижий минь

Өндийлгөж суулгаад загнаж байхгүй дээ мунхаг намайгаа

Тэнтэр тунтар алхад минь унах вий гэж түшсэн дэлхий та

Тэнэглэж хаяахан туньхад минь уйлах вий гэж аргадсан хорвоо та

Төрхгүйтэж гадуур оройтоход минь нойроо хугасласан ертөнц та

Тэвэрт минь багтахаа байжээ гээд үнэрлэж суудаг миний сайхан ээжий

Ээжээ

Сүүгээр тань өсөж өдий зэрэгт хүрсэн сэн

Ээжээ

Сэрэмгүй нойрыг тань хугаслаж шөнө уйлдаг байсансан өршөө

Ээжээ

Сүүлдэж босоод чанасан цайг нь уудаг байсансан уучил

Ээжээ

Санасан сэтгэлийн үзүүрээр шүлэг болгон таньдаа барья



2009-07-12 23:21:41

0 comments:

Post a Comment