Wednesday, October 28, 2009

БЭХЭРЭ "Мартагдсан мэдрэмж /үргэлжлэл/"

...Ирэхгүй дээ юунд хүлээдэг юм

Ийм орой цэцэг хаанаас олдох вэ дээ

Зүрхэн гал ч яаж асаах юм билээ

Зүггүй ч юм даа би жаахан хүүхэд шиг

Ирэхгүй гэж бодсон хэрнээ гэгэлзээд

Ийш тийшээ холхин цонхоор сэмхэн харна

Арван хоёр цаг тэг тэг минут

Арай ч дэндүүлчихсэн юм бол уу

Их зантай хүүхэн гэж бодож байгаа юм биш байгаа

Илүү маягтай гээд дооглож байгаа болов уу

Утас жингэнэлээ зүрх түг түг

Урьтаар дугаарыг нь хараад

Хэн гэдгийг нь мэдсээр хэрнээ

Хирдхийж цочоод биеэ хураачихав

Дахиад л утас дуугараад эхэллээ

Дуут шуудан ирлээ хөөрхий

Сандарч байгаа ч жигтэйхээн

Салганаж байгаад уншлаа даа гэмтэн шиг

Цонхоороо хар даа гэнээ яанаа

Цохилох зүрх минь амаараа гарахнээ

Сониуч зан маань дийлээд

Сэмхээн цонх руугаа мөлхлөө дөө

Хорь гарсан хүүхэн ингэж хөглөж байх ч гэж дээ

Хүсээгүй юм бол юундаа тэгж аальгүйтлаа даа

За өнгөрсөн хэргийн эзэн би юм чинь

Завсар гаргаад цонхоороо харлаа

Тиймээ сэтгэл хөдөлмөөр уйлмаар

Тэвчээр алдан баярлаад доороо дэвхцлээ

Даарч догдолоод намайг хүлээсэн тэр л залуу

Дэндүү их хайрыхаа илэрхийлэл болгож

Гал улаан сарнайгаар зүрх зулан бэлджээ

Ганцхан ширхэгийг гартаа бариад

Амандаа миний нэрийг аяархан шивнээд нүдээ аньжээ

Аргадсан хайраа авч чадах болов уу гэж зүрх алдан зогсжээ

Тэр их хайранд би юу ч амлаагүй юу ч хэлээгүй

Түүнийхээ зөөлөн уруулыг л амтлан үнссэн дээ



2008-11-17 15:44:43

0 comments:

Post a Comment